Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уруудсан өсөлт

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар судлаач, эдийн засагчид  байр сууриа илэрхийлэхдээ байнга өөдрөг биш төсөөлөл ярьж буй. Тэд эдийн засгийн уналт үргэлжилж хүндэрч буйг дуу нэгтэй батлаж байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд ямар байх таамаглалыг олон улсын банк, санхүүгийн байгууллага, судлаачид  ч янз бүрээр гаргаж байна. Тухайлбал, Дэлхийн банк болон  ОУВС 4.4, Азийн хөгжлийн банк гурав,  Монголбанк 6.1, Сангийн яам 5.3 хувийн эдийн засгийн өсөлт гарна гэх тооцоо хийж буй. Тэгвэл Монголын банкны холбоо манай улсын эдийн засгийн өсөлт 4.5 хувь байна гэсэн төсөөлөл хийжээ. Учир нь ашигт малтмалын  эрэлт сэргэж үнэ өсөхгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурна,  төсвийн орлого тасалдсан хэвээр байх тул  зардал танагдах зэрэг  шалтгаанд үндэслэж дээрх тооцоог хийжээ.  Энэ оны улсын төсөвт эдийн засгийн өсөлт  энэ 7.1 хувь байна хэ­мээн тусгасан ч одоогоор  5.3 хувийн өсөлт гараад байгаа.   

Монгол Улсын ДНБ өнгөрсөн онд 15.4 их наяд төгрөг болж,  7.8 хувийн өссөн дүнтэй гарчээ.  Уг  өсөлтийн 4.9 хувийг уул уурхай, 1.7 хувийг хөдөө аж ахуй, 1.6 хувийг үйлчилгээний салбар тус тус бүрдүүлсэн. Урд нь  2011 онд хамгийн өндөр буюу 17.3 хувиар өсч 19 их наяд төгрөгт хүрсэн удаатай. Энэ өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхайн салбар байв. Гэвч дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдал, үнийн уналтаас үүдэн манай уул уурхайн салбар зогсонги байдалд ороод буй. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнийгээ дагаад манай эдийн засгийн өсөлт огцом уруудсан билээ. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан, гадаадын шууд хөрөнгө оруулалт  буурч валютын дотогшлох урсгал нэмэгдэхгүй байгаа тул  төгрөгийн ханш суларч эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлэх болсон. Харин экспорт өсч, импорт  буурсан нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлөв.  Гэвч манай экспортын гол бүтээгдэхүүн ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр сэргэхгүй, хэрэглээ нэмэгдэхгүй байгаа нь ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлсөн хэвээр. Эдийн засгийн үзүүлэл­түүд таагүй байгаа тул Засгийн газар төсвөө танах, төв банк мөнгөний хатуу бод­лого явуулж буй. Цаашид мөнгө, сангийн хувьд хумих бодлого баримтлах төлөвтэй. Энэ нь эдийн засаг  тогтвортой өсө­хөд чөдөр тушаа болох юм. 

Манай улсын ДНБ-ийг зуун хувь хэмээн тооцвол дөрөвний нэг буюу 23 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэгвэл бөөний болон жижиглэн худалдаа 13, хөдөө аж ахуйн салбар 12 хувийг тус тус бүрдүүлж буй судалгаа бий. Үлдсэн хувийг нь санхүү, барилга, боловсрол, мэдээлэл холбоо, тээвэр гээд эдийн засгийн бусад салбар дүүргэнэ. Сүүлийн таван жилд уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувь өссөн. Эдүгээ уг салбараас манай эдийн засаг шалтгаалдаг болсон. Үүнийг өнөөгийн нөхцөл байдал тод харуулж буй юм. Гэхдээ ДНБ-нд боловсруулах үйлдвэрлэл төдийлөн өсөхгүй байгаа нь манай улсыг НӨАТ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бус түүхий эд экспортлогч эдийн засагтай гэдгийг илтгэдэг. 

Эдийн засгийн салбаруу­дын өсөлтийг аваад үзвэл хөдөө аж ахуй, боловсруулах, жижиглэн худалдаа, мэдээлэл холбоо, санхүүгийн салбарын өсөлт аажмаар буурав. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудаж байгааг илэрхийлж буй үзүүлэлт. Харин уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа юм. Экспортын гол бүтээгдэхүүн зэсийн баяжмал, газрын тосны олборлолт нэмэгдсэнтэй энэ нь холбоотой.  Монголын банкуудын холбооноос хийсэн судалгаагаар  энэ онд  барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл  үргэлжлэн буурах төлөв ажиглагдаж буй аж. Хэрэв орон сууцны зээлийн нөхцөл суларвал барилгын салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх нь. Тухайлбал,  орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь,  хугацааг нь 30 жил болгох талаар Засгийн газар судалгаа хийж ажиллаж буй юм. Үүнээс гадна Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ, Таван толгойн төсөл эхлэвэл хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт бодит өсөлт авч ирнэ гэсэн хүлээлт байна.  Манай улс мөнгөө бариад ирэх хөрөнгө оруулагчид цөөрсөн нь хууль эрх зүйн орчин, улс төрийн тогтворгүй байдлаас улбаатай. Учир нь тэдний оруулсан хөрөнгө эрсдэлгүй, найдвартай байх итгэл төрүүлэхгүй байна. Уг нь манай уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн салбар хөрөнгө оруулагчдын сонирхох талбар хэвээр гэдгийг эдийн засагчид хэлдэг. Иймд төр засаг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх бодлого хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа юм. Энэ бүгдээс үзэхэд эдийн засгийн өсөлт хүлээж буй үзүүлэлтээс ч бага гарах нь тодорхой болоод байна.  Ирэх онд ч манай эдийн засгийн өсөлт уруудсан төлөвтэй байх төсөөлөл бий. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхгүй гэдгийг судлаачид баталж буй. Иймд манай улсад орж ирэх мөнгө бага, эдийн засгийн үзүүлэлтүүд доогуур байх нэг шалтгаан болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан