Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орлого хөөхгүй жолооч нар хотын хөдөлгөөнд соёлтой оролцдог болжээ

Н.ТҮВШИНБАТ

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлтэй холбогдуулан сэтгүүлчдэд бодит мэдээллийг өгөх зорилгоор “Офицеруудын ордноос-Таван шар” хүртэл угсраа автобусаар холбогдох албаныхантай хамт өчигдөр аялалд гарав. Энэ үеэр нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшиг, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Галбадрах, “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Ц.Ариунболд нар сэтгүүлчдэд нийтийн тээврийн шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Өмнө нь 81 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг байсан нийтийн тээврийнхэн шинэ төлөвлөлтөөр 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл  үйлчилгээнд гаргаж эхлээд сар болж байна. Хэдийгээр нийслэлийн иргэд шинэ чиглэл, үйлчилгээнд дасаж амжаагүй ч хотын хөдөлгөөн эмх цэгцтэй болж буй нь илт мэдрэгдэж эхэлсэн гэнэ. Тэр дундаа Энхтайвны өргөн чөлөө.

Наймдугаар сарын 15-ныг хүртэл Энхтайвны өргөн чөлөөгөөр 19 чиглэлд 350 орчим автобус явж байсан бол давхацсан чиглэлүүдийг хасч 11 чиглэлийн автобус явдаг болжээ. Тэр дундаа баруунаас зүүн дөрвөн зам хүртэлх маршрутын чиглэл давхацлын 80 орчим хувийг арилгасан байна. Гэхдээ автобусны тоо цөөрөөгүй. Дээр нь Таван шараас Офицеруудын ордон хүртэл шууд шугамаар хоёр минутын зайтай автобус үйлчилдэг болоод байгаа юм. Автобус ойр ойрхон ирж, удаан зогсохгүй шуурхай үйлчилдэг болсон нь жолооч кондуктор орлогын хойноос хөөцөлдөхөө больсонтой холбоотой аж. Орлого хөөхгүй болсон жолооч нар хотын хөдөлгөөнд ч саад болох нь багасчээ. Өмнө нь жолооч нар орлогоо бодож хэт удаан зогсох, хоорондоо зорчигчдоо булаалдан уралдахаас эхлээд хотын хөдөлгөөнд багагүй хүндрэл учруулдаг байв. Наймдугаар сарын 15-наас орлогын асуудлыг аж ахуйн нэгж байгууллагуудаас салгаснаар жолооч нарт ч амар болж. Түүнээс гадна GPS-ээр хянадаг учир тухайн оператор компанийн автобус шугаманд явахгүй байгааг хянаж болдог аж. Хэрэв автобус нь шугаманд явахгүй, удаан хугацаагаар зогсоод байгаа бол орлого хувиарлалтаар бага мөнгө авна гэсэн үг.

Гэхдээ аливаа шинэ ажлын хажуугаар алдаа дутагдал бас бий. Учир нь чиглэлийг богино эргэлттэй болгосноор иргэдийн дунд 500 төгрөгөөр явдаг байсан газар 1000 төгрөг зарцуулдаг боллоо гэх бухимдал үүсээд байгаа. Тиймээс нийтийн тээврийнхэн судалгаа хийж эхэлсэн гэв. Тухайлбал хэдэн иргэн сэлгэж сууж байна, хаана сэлгэц хамгийн их байна гэдгийг судалж буй аж. Харамсалтай нь судалгааны ажил смарт карттай иргэдийн дунд л хийгдэж буй учраас хүн бүр аль болох смарт картаар үйлчлүүлдэг болчихвол судалгаа төдий чинээ хурдан болж, сэлгээ хугацааг 30 минут, нэг цагаар байхыг тогтох аж.

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа бас нэг гол ажил нь “U money” буюу смарт карт. Улаанбаатар хотын хэмжээнд 700 мянган карт тараахаар төлөвлөсөн ч одоогоор 242 мянган иргэн картаа авсан гэнэ. Гэхдээ шинэчлэлийн энэ шилжилтийн хугацаа тийм ч урт байхгүй болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Монголчуудын хувьд харьцангуй богино хугацаанд шинэчлэлд дасч автобусны урд хаалгаар орж, картаа уншуулж сураад байгаа тухай албаныхан хэлж байв. Ер нь бусад оронд ч нийтийн тээврийн энэ шинэчлэлд багагүй хугацаа зарцуулдаг. Сөүл хот л гэхэд цахим картыг хэрэгжүүлэх хугацаа нь хоёр жил үргэлжилж байсан гэнэ.

Смарт картыг тойрсон бас нэгэн асуудал бол оюутны хөнгөлөлт. Хэдийгээр МОХ-ноос хуучин журмаараа оюутнууд үнэгүй зорчдог байсныг хэвээр үлдээхийг хүсч байгаа ч зах зээлийн шударга зарчмын дагуу оюутнуудад смарт картаар үйлчлэхээр болоод байна. Өнөөдөр 113 мянган иргэн хөнгөлөлттэй үнээр зорчихоор төсөвлөжээ. Тэдний багагүй хувь нь оюутан. Оюутнуудын хувьд зайлшгүй хичээлдээ очих буцах зардлаар нь картыг нь цэнэглэж өгөх аж. Харин өөрсдийн үнэгүй зорчих мөнгөн дүн нь дууссан тохиолдолд хувиасаа төлбөр гарган зорчих аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан