Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жил бүр 100-аас доошгүй оюутныг дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах санхүүжилтийг төсөвт тусгана

Дэлхийн шилдэг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилээс суралцахаар шалгарсан оюутны сургалтын төлбөрт нэмж шаардагдах зардлын тухай асуудлыг хэлэлцээд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүр шинээр 100-аас доошгүй иргэнийг суралцуулахад шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.

  Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн суралцуулах шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр шаардлага хангасан 86 оюутан 2014 онд гэрээ хийж, холбогдох журмын дагуу төлбөрөө шилжүүлэн авсан байна. Эдгээр оюутнуудын 60 хувь нь тэргүүлэх чиглэл болох инженер, технологи, 25 хувь нь анагаах ухаан, байгаль орчны аюулгүй байдал, экологийн чиглэлээр суралцаж байгаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилттой уялдаж байгаа юм. Сонгон шалгаруулалтад хамрагдсан оюутнуудын 35 хувь нь дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд суралцах эрх авсан нь монгол оюутан залуусын оюуны их нөөц, өндөр чадавхийг харуулж байгаа үзүүлэлт гэж үзэж байна. 2015 оны сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд нийт бүртгүүлсэн иргэдийн 40 хувь нь шилдэг сургуулийн эхний 20-д эрэмбэлэгдсэн сургуульд тэнцэж, суралцах эрх авсан болон суралцаж байгаа оюутнууд байна. Уг сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35 оюутныг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэр гарчээ. Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцах оюутнууд тус байгууллагатай үл хөдлөх хөрөнгө барьцаалан гэрээ хийдэг бөгөөд сургуулиа төгсөн эх орондоо ирж ажиллан, гэрээний хэрэгжилтийг хангасны дараа зээлээс Засгийн газрын болон сайдын шийдвэрээр чөлөөлдөг журамтай. Сонгон шалгаруулалтад тэнцэж, 36-80 дугаарт жагссан оюутнуудыг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах 4.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2015 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэлээ. Дэлхийн шилдэг их сургуульд суралцах эрхээ авсан оюутны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг тухайн улсын Засгийн газарт тавих талаар санал боловсруулахыг Гадаад хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан