Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

3000 хүүхдийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй сургахаар боллоо

Б.ЦЭДЭВ


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Алдар нар өчигдөр 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэгүй хамруулах “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Аяны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн цэцэрлэгүүд 2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхдүүдийг үнэ төлбөргүй сурган хөгжүүлэх юм.

Уг аяны талаар БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Нэг цэцэрлэгт 100 хүүхэд сурна гэж бодоход 3000 хүүхдэд 30 цэцэрлэг хэрэгтэй. Нэг цэцэрлэгийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол 30 тэрбум төгрөг хэрэг болно. Тэгэхээр манай хувийн хэвшлийн цэцэрлэгүүд 3000 хүүхдийг үнэ төлбөргүй цэцэрлэгтээ хамруулснаар энэ салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед ачааны хүндийг үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхэндээ маш их талархаж байна. Энэ 3000 хүүхэд дотор манай ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүүхдүүд дийлэнх хувийг эзэлнэ. Өнгөрсөн жилүүдэд боловсролын чанарын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл гээд багш нар маань үнэхээр завгүй, амралтгүй ажиллаж байгаа. Бусдын хүүхдийн төлөө амралтгүй зүтгэж байгаа багш нарт маань ийм боломж нээгдэж байгаад үнэхээр баяртай байна” гэсэн юм. 

Уг аянд хувийн хэвшлийн 300 гаруй цэцэрлэг оролцож байгаа бөгөөд цэцэрлэгүүд хэдэн хүүхэд сургах боломжтой тоогоо гаргаж Нийслэлийн боловсролын газарт өгөх аж. Харин Нийслэлийн боловсролын газраас ЕБС-иудад квот олгох гэнэ. Харин ЕБС-ийн зүгээс ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж буй залуу багш нараа голчлон хамруулах аж. Хүүхдүүдийн суралцах хугацааны зардлыг тухайн цэцэрлэгүүд нь хариуцахаар болжээ.

Өнөө жил нийслэлд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 насны 116500 хүүхэд байгаа бол тэдний 88 мянгыг нь л төрийн өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой. Тэгвэл үлдсэн 30 мянга гаруй хүүхэд нь нэг сарын 250-500 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт хамрагдах эсвэл гэртээ цоожлуулах сонголттой тулгарна. Энэ хүнд байдлыг харгалзан үзээд Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооноос дээрх санаачилгыг гаргаж, салбар яамтай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
үнэгүй юм гэж хаа ч байхгүй. БҮҮ ХУДЛАА ЯРЬ ДАА.
Хамгийн их уншсан