Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ энэ эрчээрээ хэр удаан шааригдах вэ

Б.БИЛГҮҮН

Ирэх жил УИХ-ын ээлжит сонгууль болно. Бас АСЕМ. Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн 10 улс. Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Норвеги, ОХУ… гээд өмнө нь хэзээ ч зохион байгуулж байгаагүй том уулзалтыг хийж спортоор бол олимп зохион байгуулна. Гэвч үүнээс урьтаж Сонгуулийн тухай, Намуудын тухай, Эрүүгийн, Зөрчлийн… эцэст нь Үндсэн хууль гэсэн чухал шаардлагатай бас хариуцлагатай хуулийн төслүүд хүлээгдэж байна. Гэхдээ, Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үр дүнгээс харвал дээрх хуулийн төслүүд хамгийн том хэрүүлийн алим болж хувирах ч магадлалтай. Уг нь, УИХ-ыг АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, гурван бие даагч гэсэн таван хүчин бүрдүүлж байгаа ч өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг хэлж байх шиг. Товчхондоо, эрх баригчдыг УИХ гэсэн нэр л нийлүүлж байгаагаас өдгөө 76 мини парламент үйл ажиллагаа явуулж эхлээд байгааг дээр дооргүй шүүмжлэх нь ихсэв. Ингэх шалтгаан ч байгаа юм. Сүүлд өрнөсөн томоохон үйл явдлаас харвал, Өршөөлийн хууль, сайд нарын томилгоог жишээлж болох юм.  

1.Өршөөлийн хууль

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Өршөөлийн хуулийг баталж чадсан ч энэ нь эргээд УИХ-ыг ороов. Ерөнхийлөгч хориг тавиагүй бол албан тушаалтны хэргүүд уучлагдаж, Монгол Улс авлигачдаа өршөөдөг бараг анхны улс болох байв. Улсад учруулсан хохирлоо барагдуулж, гэм буруугаа ухаарсан бол өөр хэрэг. Гэвч мөрдөн байцаалтад байгаагаас эхлээд шүүхийн шатанд яваа олон хэргийг хэрэг биш болгож, хохирлыг иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн нэг дэх шалтгаан байв. Харин хамгийн чухал нь УИХ хууль сахиулагчидтай орооцолдож, барьцаанд орсон гэх өөрсдийнх нь үг. Асуудал энэ хүртлээ хурцадсан гэдгийг АН-ын бүлгийн дэд дарга М.Батчимэг хэлснээр буухиа цааш үргэлжилсэн юм. Ээлжит бус чуулганы үеэр “амь нэгтэй” байхыг намынхандаа сануулж, Өршөөлийн хуулийг ч дэмжинэ гэж байсан тэрээр хууль төрсний дараагаар УИХ тарах хэрэгтэй гэсэн санааг гаргасан. Үүний адилаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч энэ хуулийн үзэл санаа өөрчлөгдөн батлагдсанд гайхшралаа бараад байгаа тухай ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн үзэл санаа нь хэлэлцүүлгийн явцад үндсээрээ өөрчлөгдөж байхад хууль санаачлагч хуулийн төслөө буцаан таталгүй байсаар УИХ-аар батлуулахад хүрсэн гэж байгаа юм. Товчхондоо, ашиг сонирхлын бүлэглэл УИХ-аас илүү эрх үүрэг эдэлсэн гэх утгатай.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын авлигалын индекс болоод улстөрчдийн үйл хөдлөлийг байнга шахуу ажиглаж байдаг хөрөнгө оруулагчдад Өршөөлийн хуулийн маргаан мэдээж таалагдахгүй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “дэлхий даяар Монгол Улс авлигалд бууж өглөө гэж зарла” гэсэн бол ИЗНН ч хөрөнгө оруулалтын орчинд муугаар нөлөөлөхийг хэлж байгаа юм. Тэгвэл олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийн банк”, “Дэлхийн эдийн засгийн форум”, “Bertelsmann” сан, “Африкийн хөгжлийн банк” зэрэг 13 байгууллагын долоо нь манай улсад үйл ажиллагаа явуулж, оноо өгснөөр биднийг авлигын индексээр 80 дугаар байрт жагсаасан юм. Тэднийг оноог нийлүүлж дүгнэдэг “Транспаренси интернэшнл” нь авлигын судалгаагаар дэлхийд тэргүүлдэг, нөлөө бүхий байгууллага. Гэтэл тус байгууллагын зүгээс ч Өршөөлийн хууль батлагдсан явдлыг сайшаахгүй байна.

Тухайлбал, “Авлигыг өршөөх хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой гэж тус байгууллага мэдэгдэл гаргасан нь өчигдрөөс олон нийтэд ил болсон юм. Мэдэгдэлд, Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын хэргээр мөрдөгдөж байгаа этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай шинэ хуульд хориг тавих ёстой гэж Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага үзэж байна.

2.Сайд нарын томилгоо

Сайд нарын нэрс УИХ-ын гэхээс илүү Засгийн газрын тэргүүний шууд эрхтэй хамаатай. Гэвч, Засгийн газрын тэргүүн нь УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэгтэй тохиролцож чадахгүйн улмаас сайд нарын нэрсийг тодруулж чадаагүй гэв. Үүнээс болж ирэх аравдугаар сард эхлэх ээлжит чуулганаар нэрсийг өргөн барина гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд үүнийг эсэргүүцэж, ирэх сарын 6-ны дотор шинэ сайдын нэрсийг өргөн барихыг сануулсан юм. Яадаг ч байсан энэ нь АН доторх хагарал, ашиг сонирхлын зөрчилдөөнийг илтгэж байна. Тухайлбал, АН-д олдсон гурван квотыг АН-ын фракцууд хувааж авахаар зөрчилдөж эхэлсэн. МҮДН, Алтангадас, МоАХ гээд. МҮДН-ыг эс тооцвол Зам тээврийн салбар Алтангадас, МоАХ хоёрын ашиг сонирхлыг илэрхийлнэ. Тухайлбал, Алтангадасын Г.Батхүү Тавантолгойн ордыг ашиглах сонирхолтой “Энержи Ресурт” хувь эзэмшдэг бол одоогийн Тавантолгойн төслийг эсэргүүцдэг МоАХ-ноос Л.Эрдэнэчимэг гишүүний нэр сайдад яригдаж байгаа юм. Тиймээс одоогийн УИХ-д талцал, хэрүүл, эрх ашгаараа хуваагдаж, хагарахын даваанд тулсан гэдгийг иргэд шүүмжилж байна.

Мөн “Популизмгүй уул уурхайн төлөө” гэдэг уриа УИХ-ын эсрэг чиглэв. Хэдийгээр “Дисковер Монголиа” нь гадны голцуу хөрөнгө оруулагчдын байр суурийг төвийлгөдөг ч энэ удаад үнэний ортой уриа дэвшүүлсэн нь “Популизмгүй уул уурхайн төлөө” аж. Бүхэлдээ өнөөгийн парламент болоод Тавантолгой, Оюутолгой гэсэн асуудлыг өөртөө багтааж байгаа энэ уриа эрх баригчид руу шууд чиглэх нь. Арга ч үгүй. Тавантолгойн асуудлаас үүдэн өнөөдрийн сайд нарын томилгоо хүртэл чагтлагдаад байгаа хойно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан