Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуримтлал ба иргэдийн оролцоо” чуулганд Ерөнхийлөгч илгээлт хүргүүлэв

Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы сангийн (ЯБЯС) санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготой “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 27-28-нд Blue Sky цогцолборт зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд зориулан илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уншиж сонордуулав. Ерөнхийлөгчийн илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Иргэний оролцоотой хөгжил бол хамгийн ирээдүйтэй хөгжил. Үүний нэг сайн жишээ бол Монгол Улсад иргэдийн оролцоонд тулгуурласан хуримтлалын бүлгүүдийн үйл ажиллагаа юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бага хэмжээний мөнгийг сайн дураараа дундаа хуримтлуулан, орчин тойрон, амьдрал ахуйгаа сайжруулах чиглэлээр хүчээ нэгтгэн ажиллаж, үр дүнд хүрч байгааг хуримтлалын бүлгийн гишүүд Та бүхэн харуулж байна. Энэ нь иргэдийн санал, оролцоонд тулгуурласан сайн туршлага юм. Тиймээс ч 2010 онд Олон нийтийн оролцоот хөгжил-“Хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 215 дугаар зарлиг гаргасан билээ.

Хуримтлалын бүлэг бол зөвхөн мөнгө бус, хүмүүсийн итгэлийг хуримтлуулдаг. Хуримтлалын бүлгүүдийг хөршүүд нэгдэн байгуулснаар амьдрах орчноо сайжруулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлж байна. Иргэд бие биеэсээ бүтээлч, хамтач байх олон сайн талыг суралцаж байгаа бол хүүхэд багачууд Та бүхнээс суралцан хөдөлмөрч, бүтээлч иргэн болон төлөвшиж байгаа юм.

Олон нийтийн оролцоотой үйл ажиллагааны хамгийн чухал нь тулгамдаж буй аливаа асуудлаа тодорхойлох, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих үйл явц юм. Төр засаг, орон нутгийн удирдлагууд, иргэдийн шинэ санал санаачилгыг дэмжин ажиллавал уг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж, иргэдийн урам зоригийг бадраах болно.

Хуримтлалын бүлгийн гишүүн бүр олон нийтийн оролцоот бүтээлч үйл ажиллагаандаа иргэдийг татан оролцуулахад идэвх санаачилга гарган ажилласнаар баг, хороо, сум, дүүрэг, улс орон даяар энэхүү санаачилга өргөжин тэлж, улс орны хөгжилд томоохон түлхэц болох нь гарцаагүй юм.

Иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв болон хуримтлалын бүлгийн гишүүд Та бүхний эхлүүлсэн хийгээд амжилттай хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа цаашид улам дэлгэрч, хуримтлалын олон бүлэг шинээр байгуулагдан, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээлч ажлуудыг өрнүүлэхийг хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

0 Сэтгэгдэл
bas agsan tavihgvi yasan yum.
Хамгийн их уншсан