Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

21 мянган залуу эрсээс өдгөө 350 гаруй нь л үлдэж

Б.ЦЭДЭВ

Тэртээ 70 жилийн өмнө эх орныхоо нэрийн өмнөөс буу мөрлөн дарийн утаа үнэрлэхээр Чөлөөлөх дайны талбарыг 21 мянган монгол залуу зорьж байж. Ардын армид алба хашиж явсан тэдгээр эрээс өдгөө 350 гаруйхан нь л амьд сэрүүн үлдэж. 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байна.

Тэгвэл тэр дайчдын төлөөлөл болгож 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан өдгөө 94 настай Ундрахын Доржпалам гуайнд өчигдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон зочилж хүндэтгэл үзүүллээ. Ц.Цолмон сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга хурандаа Ц.Анхбаяр нарын албаныхан хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Улсынхаа бүрэн байдлыг амиараа хамгаалсан гавьяагаар зогсохгүй улсдаа 60 жил хөдөлмөрлөсөн У.Доржпалам гуай амьдралынхаа 17 жилийг цэргийн албанд зориулсан байна. Тэрээр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй албаныхан хүндэтгэл үзүүлэн гэрт нь зочилсонд талархаж сэтгэгдлээ харамгүй хэлж, баяр хөөрөө илэрхийлсэн юм. “1945 онд Өвөрмонгол, Хятадын ард түмнийг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөх дайнд Зөвлөлтийн арми, Монгол ардын хувьсгалт цэргийн арми хамтран оролцсон. Тэр үед би Замын-Үүдийн хил хамгаалах 12 дугаар отрядад Тусгай офицероор ажиллаж байсан. Тусгай алба бол дайсны үйл хөдлөлийг тандан мэдэж, тэдний довтолгооноос өмнө дээд командлал, отрядад мэдээлэл хүргэдэг чухал үүрэг байсан. Чөлөөлөх дайнд ялснаас хойш 70 жил өнгөрчээ. Энэ дайнд оролцсон 21 мянган цэрэг эрсээс өнөөдөр 300 гаруйхан үлдлээ. Тэдний хичээл зүтгэл, эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг нь Монгол төр хэзээ ч мартах учиргүй. Үүний илрэл болж өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон манай гэрт зочилж буйд нийт ахмад дайчдынхаа өмнөөс төр, засагтаа талархаж байна. Эх орныхоо төлөө дайтаж явсан үеийг үр хойч минь хэзээ ч битгий мартаарай" хэмээн У.Доржпалам гуай хэлсэн.

Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон түүнд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль болон бэлэг дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулан өгөөд “Танд болон нийт ахмад дайчдадаа Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн мэнд хүргэе. Та бүхний зүтгэлээр өнөөдөр Монгол төр энх тайван оршиж байна. Тиймээс Чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, ахмадуудынхаа гавьяа зүтгэлийг залуу хойч үедээ таниулах нь маш чухал. Та бүхэн амь биеэ үл хайрлан тэмцэж, бидэнд тусгаар тогтносон улс хүлээлгэж өгсөн. Та бүхэнд урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе. Та маргааш 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн баярын хуралдаа очоорой” хэмээн хүндэтгэн урьсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан