Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгой ба хүлээлт

Т.ЖАНЦАН

Манай макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжих хандлагтай байгаа хэмээн Сангийн яам, Монголбанкны эдийн засагчид хэлж буй. Тухайлбал, гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн долдугаар сард 604 сая ам.долларын ашигтай гарсан.  Импортын бууралт экспортынхоос илүү өндөр байгаа. Жишээ нь, экспорт энэ оны эхний долоон сарын байдлаар 4.3 хувиар буурсан байхад импорт 29.8 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, манай улсаас гадагшлах мөнгөн урсгал энэ хэмжээгээр буурсан гэсэн үг. Гадаад валютын албан нөөц 1.5 тэрбум ам.доллар байна. Энэ нь манай улсын импортын 4-5 сарын хэрэгцээг хангана. Манайх шиг жижиг нээлттэй эдийн засагтай улсад дээрх хэмжээний нөөц хангалттай түвшинд байна гэсэн үг хэмээн эдийн засагчид хэлдэг. Мөн инфляц буурч оны төгсгөлд нэг оронтой тоонд орж ирэх төлөв бий. Гэвч эдийн засгийн байдал сул, хүнд хэвээр байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн орлого 535 тэрбум төгрөгөөр дутсан. Сангийн яамны мэдээллээр улсын төсвийн зарлага, санхүүжилт  75.2 хувьтай гарч буй. Өөрөөр хэлбэл, төсвөөс хийх санхүүжилт 1.2 их наяд төгрөгөөр дутуу юм. Ийнхүү эдийн засгийн нөхцөл байдал төсөөлж байсан хэмжээнд хүрч чадахгүй болсон тул төсөвт тодотгол хийх нь. Энэ оны эхний хагас жилд манай улсад 44 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өнгөрсөн жилийнхээс 88 хувиар буурсан тооцоо гарлаа. Сүүлийн гурван жилд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурсан, хятадын эдийн засгийн өсөлтын хурд саарсан, манай улсын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал зэрэг нь өнөөгийн нөхцөл байдалд орход гол нөлөө үзүүлсэн. Манай улсын экспортын орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 4.3 хувь буюу 128 сая ам.доллараар буурав. Өнгөрсөн онд уул уурхайн салбар манай улсын төсвийн орлогын 20, экспортын 90 хувийг бүрдүүлжээ. Хэдийгээр сүүлийн хоёр жилд уул уурхайн салбарын орлогын хэмжээ буурч ирсэн ч ДНБ-ий өсөлтөд гол нөлөө үзүүлэгч хэвээр байна. Энэ оны хагас жилд манай эдийн засгийн өсөлт гурван хувьтай гарлаа. Уг өсөлтөд газрын тосны экспорт 15, зэсийн баяжмалынх 23.4, алтных 22.3 хувиар өссөн явдал нөлөөлөв. Гэвч дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хэлбэлзэл ихтэй хэвээр. Үнийн хэлбэлзлээс шалтгаалж зардал өндөртэй уурхайнууд зогсонги байдалд ороод буй.

Тухайлбал, төмрийн хүд­рийн олборлолт 50 хувиар буурав. Мөн “Эрдэнэс Таван толгой” компанийг хасч тооцвол нүүрсний  олборлолт 14 хувиар буурлаа. Ашигт малтмалын газрын мэдээллээр хятадын нүүрсний импорт долдугаар сард импортолсон нүүрсний хэмжээ 28 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн сард тус улс 21.2 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь зургадугаар сарын импортын хэмжээнээс 4.6 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэвч өнгөрсөн оны долдугаар сарынхаас  2.4 сая тонноор буурсан юм. Хятад он гарснаас хойш нийт 121 сая тонн болов. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 61.7 сая тонноор багасчээ. Иймд нүүрсний үнэ хямд хэвээр байгаа аж. Хятад долдугаар сард 1.3 тэрбум ам.долларын үнэтэй нүүрс худалдан авсан байна. Ингээд нэг тонн нүүрсний дундаж үнэ 61.1 ам.доллар болж 1.6 ам.доллараар хямдарчээ. Гэвч Уул уурхайн яамнаас мэдээлснээр нүүрсний татварын орлого 93.8 хувьтай байна. Тэгээд энэ онд нүүрснээс 132.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ хэмээн тооцлоо. Манай экспортын гол бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ ч хэлбэлзэх ихтэй байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Лондонгийн металын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 5200 орчим ам.доллараас 4886  болж буурсан билээ. Үнийн энэ огцом бууралт сүүлийн таван жилд хамгийн доод үзүүлэлт болов. Цаашид ингэж унахгүй гэх газаргүйг харуулсан явдал юм. Манай улс эдийн засгийн хүндрэлээс гарах нэг гарц нь  орж ирэх гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэх. Оюутол­гойн далд уурхайн хөрөнгө оруу­лал­тын асуудлыг шийдэх нь манай улсад орж ирэх валютын түгжээг мултална гэдэг. Одоо тус уурхайн ТЭЗҮ-ийг батлах асуудал үлдээд байгаа. Тэгвэл далд уурхайн төсөлд шаардлагатай зургаан тэрбум хүртэлх ам.долларыг ирэх арванхоёрдугаар сард босгох мэдээлэл бий. Ингээд ирэх  оны зургадугаар сар гэхэд Оюутолгойн далд уурхайн  бүтээн байгуулалт  хэвийн үргэлжилж эхлэх нь. Тэгэхээр ирэх оны хагас жил хүртэл тэсч хөрөнгө оруулалт, орж ирэх валютын урсгал нэмэгдэх хүлээлт байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан