Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнд хүн л хэрэгтэйг тунхагласан “Босуул”

Б.ЦЭДЭВСҮРЭН

1930-аад он. Энэ бол Монгол Улсын түүхэнд хараар тэмдэглэгдсэн түүхэн он жилүүд. Хүнд хүн л хэрэгтэй. Гэтэл улсын бодлого нь хүнээ хүүр болгосон тийм л эмгэнэлтэй он жилүүд байсан юм. Хувь заяа, хайр дурлал, эрх чөлөө, гэр бүл, эх орон энэ бүгд их хэлмэгдүүлэлтэд өртсөн 20 гаруй мянган хүнд байсан. Гэвч тэднээс булаачихсан...

“Их хэлмэгдүүлэлтийн хар он жилүүд эхлэхээс өмнө Хүдэр цэрэгт татагдана. Нэгэнт эх орныхоо төлөө тангараг өргөсөн болохоор тэрээр даалгавар бүрийг биелүүлнэ.

Гэхдээ тэр гэмгүй иргэдийн хувь заяаг булааж буйгаа үл анзаарна. Цэргийн алба дуусч нутагтаа очиход нь түүнийг сайн нүдээрээ байтугай муу нүдээрээ ч харах хүн үлдээгүй аж. Хавчигдаж, гадуурхагдсан тэрээр тайгад ганцаараа амьдрах боловч нутгийн бүсгүй Хорлоо түүнийг ойр ойрхон эргэж ирэх нь сэтгэлийг нь дэвтээх ч энэ үйлдэл нь өөрөө хэлгүй төрсөн Хорлоод тусгүй гэдгийг Хүдэр мэднэ. Тиймээс Хорлоог өөрөөсөө үргэлж түлхэнэ.

... Хүдэр энэ удаа цэргийн дарга нарт хэрэг болжээ. Учир нь, эх орноосоо урвагсад тайгад нуугдсан учраас тэднийг барихад тайгыг сайн мэдэх хүн чухал хэрэгтэй. Гэхдээ Хүдэрт дахин гэмгүй хүмүүсийн өмнөөс буу шагайх зориг үлдээгүй учир цэргийн дарга нарын гуйлтаас татгалзана.

Нутгийн ахан дүүс эх орноосоо дүрвэх болсон талаар Хүдэр олж сонсоод хэтэрхий хүнд шийдвэрийг нь зогсоох гэсэн боловч нэгэнт дарга цэргийн гар хөл хэмээх нэр зүүсэн Хүдэрийн үгэнд орох хэн ч үлдээгүй аж. Харин энэ үед эсэргүү нарыг устгах нэр зүүсэн армийнхан ардуудын дүрвэж явааг сонсоод тэднийг толгой дараалан хядна. Харин хайрт залуудаа хоргодож, нүүдлийн дундаас буцсан Хорлоо л амьд үлдэх аж. Хүдэр энэ аллагыг хараад тэвчээгүй учир цэргүүдийн эсрэг тэмцэнэ. Ингэснээр тэрээр “Босуул” болох нь тэр. Хэлгүй ч өөрийг нь гэх Хорлоог дагуулан тайга дундуур зугтсаар тэрээр өнөөх армийнхны толгойны өвчин болсон эх орноосоо урвагсадтай таарна. Тэд бол хайртай бүхнээ алдсан ч амьд үлдсэн элэг нэгтнүүдээ аврахаар нэгдсэн сайн эрс байв...” найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Босуул” уран сайхны кино ийн үргэлжилнэ. Эх орон, элэг нэгтнүүдийнхээ төлөө босох эрсийн талаар өгүүлсэн тус кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.

“Тэнгис” кино театрт болсон нээлтэд киноны уран бүтээлчид хүрэлцэн ирж, тайзнаас үзэгчидтэйгээ мэндчилсэн. Тэдэн дунд хоёр л эмэгтэй уран бүтээлч байсан нь гол дүр болох Хорлоогийн дүрийг амилуулсан жүжигчин Р.Хишигдэлгэр болон тус киноны продюсерийн багт ажилласан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш нар байв. Чөлөөт уран бүтээлч гэх нэрээр овоглогдож уран бүтээлээ туйрваж, Монголын кино урлагт өөрийн уран бүтээлээрээ нэгэн өнгийг нэмсэн найруулагч Ж.Сэнгэдорж болон “ТВ Коктейль” хамтлагийнхан, залуу уран бүтээлчид хамтран “SUN pictures”-ийг байгуулсан байна. Монгол киног дэлхийд гаргах зорилго агуулсан залуусын эхний уран бүтээл даацтай болсныг кино судлаачид, ахмад уран бүтээлчид хэлж байсан юм.  Түүхэн үйл явдлыг экшн төрөлтэй хослуулсан нь өнөөгийн үзэгчдийг татаж чадахуйц бүтээл болсон талаар мөн онцолж байв.

“Босуул” киноны хийц, ахуй, жүжиглэлт гээд ер нь монгол ахуйг шингээж чаджээ. Гол дүрийн жүжигчин А.Баттүшиг, Сайн эр Намжилын дүрийг бүтээсэн Б.Батмэнд, Гарьдын дүрд тоглосон Н.Ялалт гээд дуу хоолой, байгаа чанараараа жинхэнэ монгол эрийг харуулж чадаж. Бүлтгэрийн дүрийг бүтээсэн жүжигчин А.Өнөржаргал энэ киног чимсэн байв. Харин үзэгчид киноны төгсгөлд жүжигчин С.Ариунбямбыг үзэн ядаад гарна билээ. Учир нь, тэрээр Цэргийн комиссарын дүрийг бүтээсэн юм. Ямар ч уран бүтээлийг үзэгчдэд хүргэх нэгэн гүүр нь дуу байдаг. Тэгвэл киноны хөгжим дээр хөгжмийн зохиолч Г.Онон ажиллажээ. Харин киноны дуу нь О.Дашбалбарын “Хүнээс аваагүй Монгол” шүлгэнд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав ая зохиож “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн дуулсан юм билээ.

“Тэр хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг харгисаар үзүүлэхийг хичээсэн” хэмээн тус киноны зохиолыг бичиж найруулсан Ж.Сэнгэдорж ярьсан.  Хэлсэндээ ч хүрсэн болов уу хэмээн киног үзээд гарч явахдаа бодов. Үнэхээр монголчууд яагаад нэгэндээ тийм хайргүй юм бэ, яагаад хүнд хүн л хэрэгтэй гэдгийг өнөө хэр нь ухаараагүй яваа юм бэ хэмээх асуулттай буцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан