Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Баатардорж: Хийн түлшний хэрэглээтэй холбоотой хууль эрх зүйн орчин манайд алга

Т.ЖАНЦАН

Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн Н.Баатардоржтой хийн түлшний хэрэглээ,  хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа.

-Манай улс жилд хэдий хэмжээний хийн түлш  хэрэглэж байна вэ?
-Монгол Улс хоёр жилийн өмнө 38 мянган тонн хийн түлш хэрэглэж байсан. Өнгөрсөн онд 42 мянган тонн боллоо. Эндээс харахад хэрэглээ жилээс жилд өсч буй юм. Гэхдээ хэрэгцээгээ импортоор хангадаг.

-Сүүлийн үед хийн түлштэй холбоотой осол, гал түймэр нэмэгдэх болсон. Үүний гол шалтгаан нь юунд байна. Иргэд аюулгүй ажиллагааны дүрэм журам хэр мөрддөг гэж та үзэж байна вэ?
-Ер нь, нэг талыг хэтэрхий барьсан мэдээлэл их түгэж байгаа. Үүний цаана хууль эрх зүйн орчин, стандарт, норм дүрмийг тодорхой болгох ёстой гэсэн асуудал гарч ирж буй юм. Иймд хийн түлшний салбарт манай  мөрдөгдөж байгаа норм дүрэм, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр бизнесийн таатай эрүүл орчин бий болно.  Өнөөдрийн байдлаар хийн түлшний хангалт борлуулалтай хол­боотой гурав, түүнийг хадгалах барилгатай холбоотой хоёр дүрэм л мөрддөг.

 Бие даасан хууль, төрөөс баримтлах бодлого алга. Эдгээр норм дүрэм 2000-2002 онд батлагдсан. Тэгэхдээ ОХУ-аас шууд хуулбарлан орчуулсан. Өнөөдрийг хүртэл ямар ч өөрчлөлт шинэчлэлт ороогүй. Хийн түлшнээс шалтгаалсан осол гараад байгаа нь норм дүрмийн хоцрогдлоос болж байгаа юм. Уг нь хэрэглэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн хяналтын байгууллагуудын хоорондох харилцаа тодорхой байх ёстой. Тэнд хийн түлштэй сав дэлбэрлээ гэдэг. Гэтэл тэр осол нь цахилгаан, эсвэл тоног төхөөрөмжийн буруу ашиглалтаас гал гарч хийн түлш түүнийг өдөөсөн тохиолдол байдаг. Барилга, орон сууцанд хийн түлш хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Тэгэхээр иргэд зусланд хэрэглэнэ гэж худал хаягаар авах тохиолдол бий. Ингээд өөрсдөө угсарч осол гаргах явдал гардаг. Манайхан хэнэггүй гэхээс илүү өөрсдийн техник сэтгэлгээнд найдаж мэргэжлийн хүнээр хийн түлшний тоног төхөөрөмжөө суурилуулахгүй байх тохиолдол мэр сэр гардаг л даа. Тоног төхөөрөмж угсарч байхдаа нэг жижигхэн жийргэвч резин санамсаргүй унгачихвал л хий алдах аюултай.

-Хийн түлш борлуулдаг хэдэн аж ахуйн нэгж байна. Тэд хадгалалт, борлуулалт, түгээлтийн, аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?
-ОХУ-аас дөрөв, таван компани хийн түлш импортолж байгаа. Ахуйн хэрэгцээ буюу 220 граммаар савласан хийн түлшийг гурав, дөрвөн компани оруулж ирдэг. Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу МХЕГ хяналт тавина. Чанарт нь Газрын тосны газар хяналт тавьж шалгадаг.

-Улаанбаатарын утааг арилгах нэг гарц нь хийн түлш гэдэг. Үүнийг түгээх дэд бүтцийг байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө зардал гарах бол. Тийм боломж ойрын үед бий юу?
-Хийн түлш түгээх дэд бүтэц байгуулахад асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Учир нь хийн түлштэй холбоотой тоног төхөөрөмжийг бусад шатахуун түгээх, цахилгаан, дулааны үйлдвэрийнхтэй харьцуулахад өндөр өртөгтэй байдаг. Үүнээс гадна өнөөдөр хэн хаагуур ямар дэд бүтэц байгуулах тооцоо, судалгаа, төлөвлөлт хийгээгүй байна. Бид өнөөдөр зам тавьсан, барилга байгууламж барьсан. Гэхдээ цаашдаа хаагуур ямар зам сэтлэх, барилга нураах вэ гэх зэргээр алдагдал гарах л байх. Ингээд бодохоор Улаанбаатарыг нэгдсэн шугам хоолойгоор хийн түлшээр хангахад зовлон их бий. 

-Улаанбаатарын хоёр хэсэгт хийн түлш ашиглах систем нэвтрүүлнэ гэж байсан. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Нийслэлээс баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” байдаг. Үүний дагуу Улаанбаатарыг таван бүст хуваасан. Тэгээд Баруун бүст үйлдвэрлэлийн хэсэгт нь хийн түлшний хангамжийн систем нэвтрүүлэх юм. Манай холбоо ОХУ, Өмнөд Солонгосын зөвлөх инженерүүдтэй хам­тарч хийн түлшний хангам­жийн систем байгуулах төсөл хийж өгсөн. Одоо НИТХ-аар хэлэлцэн батлах байх. Амгалан дулааны станцыг 40,50 сая ам.доллараар байгуулсан гэдэг. Үүнээс арай хямд өртгөөр энэ системийг байгуулах боломжтой.

-Дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, түүхий эдийн үнэ савалгаа ихтэй байна. Тэгвэл хийн түлшний үнэ ханшид ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Монголд борлуулж буй хийн түлшний үнэ олон улсын зах зээлийн зарчмыг дагаж байгаа.  Тухайлбал, ОХУ-аас импортлох хилийн үнэ гэж бий. Хийн түлш импортлохдоо ам.доллараар авна. Иймээс хилийн үнийн хэлбэлзэл, ам.долларын хан­шийн өөрчлөлтөөс манайд бор­луулах үнэ хамаардаг. Энэ онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэлээд уна­лаа. Үүнтэй холбоотойгоор хийн түлшний үнэ бас огцом буур­сан. Жишээ нь, авто машины хийн түлш нэг литр нь 1400 төгрөгөөс 1100 болж хямдраад байна. Ер нь 1000 төгрөг бараг болох гэж буй юм.
-Авто машины хийн түлш түгээх станцын хүрэлцээ муу байдаг. Үүний тоог нэмэгдүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?
-Сүүлийн хоёр жилд хийн түлшээр ажилладаг авто машины тоо өссөн. Үүний зэрэгцээ авто машин хийгээр цэнэглэх станцын тоо эрс нэмэгдэж байгаа юм. Жишээ нь, 2013 онд улсын хэмжээнд ийм станц 20 байлаа. Одоогоор улсын хэмжээнд 50 станцтай болсон. Хийн түлш түгээх нэг станц 700 сая төгрөгийн өртгөөр босдог. Иймд нэг дор ойролцоо хоёр гурван компани хийн түлшээр цэнэглэх станц байгуулах нь үр ашиггүй. Ингээд манай холбоо компаниуд хийн түлшний станцаа байгуулах нутаг дэвсгэрийн хуваарлалт хийсэн. Тухайлбал, энд “Дашваанжил”, тэнд “Юни газ”, тэр аймагт “Гор газ” компани станцаа байгуулна гэж бид ярилцаад тогтсон юм.

-Хийн түлшний салбарт татварын таатай орчин бүрдүүлнэ гэлээ. Ямар өөрчлөлт гарах юм бол?
-Үүнд ганц л зүйл бий. Бид Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж өгөөч гэж хүсч байгаа. Ингэвэл эдийн засаг хүндэрсэн энэ үед боловсон хүчнээ авч үлдэх, хийн түлшний үнийг бууруулах боломжтой. Тухайлбал, хийн түлшний хэрэглээний өртөг зардал нүүрс, цахилгааны үнэтэй ойролцоо түвшинд очно. Хэрэглэгчид ч нүүрснээс илүү хийн түлшийг сонирхоно. Энэ нь гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирд­лыг бууруулна гэж бодож байна.
-Нүүрс хийжүүлэх, метан хий олборлох талаар сүүлийн үед их ярих болсон. Иймд ойрын хугацаанд ашиглалтад орох, хэрэгжиж эхлэх ямар ямар төсөл байгаа вэ?
-Одоогоор ойрын үед ашиглалтад орох үйлдвэр, хэ­рэгжих төсөл алга. Сүүлийн үед авсан мэдээллээр Таван толгойн нүүрсний уурхайд Солонгосын “Корей газ” компани метан хийн анхан шатны хайгуул хийж тодорхой нөөц илрүүлсэн. Гэвч баталгаажсан нөөц тогтоог­доогүй. Гэхдээ хайгуулын үр дүнд Монгол Улс хийн түлшний чамгүй нөөцтэй гэж олон улсад хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Мөн “МСS” компанийн хэрэгжүүлж буй төсөл зогссон гэсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан