Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.АНАР: ”Симфони кино” манай тайзнаа тавигдах анхны рок симфони гэж ойлгож болно

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 4-нд сонгодог урлагийн соруудын нэг, нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденко манай үзэгч, сонсогчдод уран бүтээлээ дээжлэн хүргэх гэж байна. Эл эрхэм хүндтэй хүнийг “Гранат” мюзик продакшны уран бүтээлчид урьсан бөгөөд тоглолтын зохион байгуулалтын бүхий л ажлыг хариуцаж байгаа аж. Уг продакшнаас цаашид ч дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг эх орондоо авчирч сонгодог урлагийн бүтээлүүдийг сорчлон хүргэхээр төлөвлөж. Энэ тухай болоод тун удахгүй тохиох Вадим Холоденкогийн тоглолтын тухай “Гранат” мюзик продакшны уран бүтээлч, төгөлдөр хуурч Б.Анартай ярилцлаа.

-Тоглолтод Улсын филарамони бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох байх?
-Тэгэлгүй яахав, 80 хүний бүрэлдэхүүнтэй тоглоно. Харин удирдаачаар миний бие ажиллана. Тоглолтын эхний хэсэг буюу 40 минутад хөгжимчин маань дан соло бүтээлээ хүргэх бол хоёрдугаар хэсэгт симфони оркестртой тоглох юм.

-Анх урьж тоглуулах тухай хэзээнээс яригдсан юм бэ?
-Миний хувьд Холоденког 2013 оноос л мэднэ. Тухайн үед “Энэ хүн надад олдохгүй байх” гэж бодож байтал манай продакшны Мөнх-Эрдэнэ бид хоёр санаандгүй Москвагийн филармонийн нэгэн хүлээн авалтан дээр таарч анх Монголд тоглуулах тухай санаагаа цухуйлгасан юм. “Болж байна, гэхдээ миний тоглолтын төлөвлөгөө жилийн өмнө гардаг учир эртнээс төлөвлөх хэрэгтэй” гэсэн. Нэг ёсондоо жил арван сарын өмнөөс энэ тоглолтыг товлосон гэж болно. Тиймдээ ч бэлтгэл байдал тун сайн хангагдсан.

-Уран бүтээлчийн тухай товч танилцуулбал. Хаана, ямар боловсрол эзэмшсэн гээд?
-Украйн гаралтай залуу. Өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг. Багадаа Украйны нийслэл Киев хотод хөгжмийн дунд сургуульд сурч байгаад дараа нь Москвагийн дэлхийд урдаа барьдаг Чайковскийн консерватурт найман жил сурч төгссөн гэдэг. Эхний таван жил бакалавр, магистрын зэргээ хамгаалсан бол сүүлийн гуравт нь докторын зэрэг хамгаалсан юм билээ. Улмаар сургуулиас нь багшаар үлдэхийг урьсан ч хэсэг ажиллаж байгаад хувийн уран бүтээлдээ анхаарах болсон.
Түүнчлэн, Америкийн Вен Клиберны конкурс гэж болдог. Вен Клибрен гэгч хүн 1958 онд буюу ид хүйтэн дайны үед Чайковскийн нэрэмжит хамгийн анхны конкурс Орост болоход түрүүлснээр сонгодог хөгжмийн ертөнцөд хоёр орны эв найрамдлын бэлгэ тэмдэг болж байсан түүхтэй. Эл түүхт хүний нэрэмжит конкурсыг хөгжмийн сонгодог ертөнцийн нэг номерын шалгуур, хөгжимчдийн олимп гэж үздэг. Холоденкогийн хувьд 2013 онд эл конкурст түрүүлсэн.

-Орчин цагийн, дэлхийн сонгодогуудын төлөөллийг эх орондоо авчирч буй танай продакшны үйл ажиллагааг сонирхох нь зүйтэй байх?
-“Гранат” мюзик продакшн энэ оны эхээр, таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Мюзик продакшн гэдэг утгаараа хөгжмийн тэр дундаа сонгодог, джаз зэрэг мэргэжлийн хөгжмийн хүрээнд гадаад харилцаагаа өргөжүүлэх, Монголынхоо уран бүтээлчдийг таниулах үндсэн зорилго, чиглэлийн дагуу үүсгэн байгуулагдсан. Парис, Санктпетрбург, Москва, Улаанбаатарт ажиллаж, амьдардаг таван хүний бүтэц, оролцоотой үйл ажиллагаа явуулж байна.

-Нууц биш бол Холоденкогоос хойш уригдах уран бүтээлчдийг сонирхож болох болов уу?
-Ерөнхийдөө концертын арга хэмжээнүүд есдүгээр сараас эхэлж байна. Продакшны албан ёсны үйл ажиллагаа Вадим Холоденкогийн соло концертоор эхэлж буй юм. Энэ тоглолтын дараа дэлхийн хэмжээний, мэргэжлийн хөгжимчдийг авчирч эх орондоо тоглуулахаар төлөвлөж, товлож байна. Жишээ нь, гэрээ хэлцлийн түвшинд яригдаж буй уран бүтээлч гэвэл ирэх арваннэгдүгээр сард дэлхийн номер нэг джаз трубач Крис Боттиг урьсан. Тэрээр Брайн Адамс, Майкл Бубле нарын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Түүнчлэн, ирэх жилийн зургадугаар сард Оросын алдарт дуучин Виктор Цойгийн байгуулалцаж байсан Оросын рокын эцэг гэгддэг алдарт “Кино” хамтлагаас үлдсэн ганц гишүүн, гитарчин Юрий Каспаряныг урьж тоглуулах бодол бий. Энэ хүн хоёр жилийн өмнөөс Цойгийн дурсгалд зориулж “Симфони Кино” нэртэй рок симфони аялан тоглолт хийж яваа юм. Монголынхоо үзэгч, сонсогчдод хүргэхээр ирэх зургадугаар сарын 21-нд буюу Виктор Цойн төрсөн өдрөөр тоглуулах бодолтой байна. Энэ бол манай тайзнаа тавигдах анхны рок симфони гэж ойлгож болно.

-Манай 1980, 1990-ээд оныхон “Кино”, “Аквариум” тэргүүтэй хамтлагуудаас гадна Цойгийн дуунуудаар амьсгалж өссөн шүү дээ. Тэгэхээр энэ тоглолт чамгүй хүлээлт үүсгэх байх?
-Тэгэлгүй яахав. Бид энэ тухай Юрий Каспарянтай уулзаж ярилцахад үнэхээр найрсаг хүлээн авсан. Цой, “Кино” зэрэг хамтлагийн дуунуудыг одоо ч сонсч, эргэн дурсч байдаг хүн цөөнгүй. Тиймдээ ч Каспарян эл тоглолтыг газар газрын сонсогч, фэнүүдтэй нь хуваалцах нь зүйн хэрэг гэж үзсэн. Ер нь гэрээ хэлцлийн эхний шат амжилттай хийгдсэн. Тиймээс ирэх зургадугаар сард Виктор Цойн дурсгалын тоглолт Монголд болно гэж амлах байна. Мөн энэ сард Холоденкотой адил сонгодог хөгжмийн соруудын нэг, Италийн хийлч Паул Миликовыг урьж авчирахаар болсон. Энэ хүн бол Москвагийн филармонийн гоцлол, Италийн Николо Паганинийн сэлэмт бүжгийн хөгжмийн зохиолчийн нэрэмжит конкурсын нэгдүгээр байрын шагналт уран бүтээлч.

-Чамгүй ажил төлөвлөчихсөн байгаа юм байна?
-Тийм, манай продакшны залуучууд байнгын сонгодог хөгжим өндөр хөгжсөн улс орнууд рүү ирэн очдог болохоор гадаад харилцааны тухайд холбоо сүлбээ сайн байдаг. Энэ бүхний ард Монголынхоо сонгодог хөгжмийн хөгжлийг шат ахиулахсан, үзэгч, сонсогчдод шинэ соргог зүйл сонсгож, мэдрүүлж дэлхий дахины хөгжмийн хөгжлөөс хоцроохгүй юмсан гэсэн урлагийн хүмүүсийн сэтгэл байгаа.

-Продакшныхаа уран бүтээлчдийг танилцуулаач?
-Бат-Эрдэнэ гэж ах маань байна. Одоо Парисын төв телевизийн найруулагчаар ажилладаг. Тэнд кино найруулагчаар төгсч байсан юм. Анх “UBS” телевизийг үүсгэн байгуулахад хувь нэмэр оруулж, нэрийг нь хүртэл өгч явсан хүн. Энэ хүн маань Парисаас Патриса Кассыг авчрах ажлыг хариуцаж эхний байдлаар тохиролцсон. Мөн одоо ирэх Вадим Холоденког холбож өгөхөд гол үүрэг гүйцэтгэж буй Москвагийн филорамонийн хийлч, “Мюзык Вива” хэмээх оркестрын гоцлол Мөнх-Эрдэнэ гэж залуу байна. Тэндээ ажиллаж амьдардаг. Харин миний хувьд Санктпетрбург хотын консерватурт удирдаач, симфони оркестр, дуурийн чиглэлээр сурч байгаа.

-Эндэх ажлыг хэн нь амжуулдаг нь сонин байна?
-“Никитон” хамтлагийн Батчулуун ахын төрсөн дүү Тэмүүлэн гэж бүсгүй эндэх ажлаа амжуулдаг. Мөн та бүхний сайн мэдэх “Лемонс” хамтлагийн гитарчин Тулгаа маань реклам сурталчилгаа, олон нийттэй харилцах ажлаа даадаг гэх үү дээ.

-Таныг нэг үе “Никитон” хамтлагт төгөлдөр хуурч байсныг мэдэх юм байна?
-Тийм, би өөрөө ч Монголын рок попын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хамтлаг ч байгуулж явсан. Одоогоос 12, 13 жилийн өмнө “Никитон” хамтлагт хоёр, гурван жил тоглож байгаад 2005 онд “Лемонс” хамтлагийг байгуулсан юм. Яг мэргэжлийн чиглэлээрээ буюу төгөлдөр хуурч, удирдаачаар 2007 оноос уран бүтээл туурвиж, Улсын филармонийн хөгжмийн найруулагчаар 2013 оныг хүртэл ажилласан. Одоо ОХУ-ын Санктпетрбург хотын хөгжмийн дээд сургуулийн симфони оркестр, удирдаачийн ангид сурч байна. Ер нь бол миний мэргэжил төгөлдөр хуурч. Багагүй хугацаанд сонгодог хөгжмийн ертөнцөд хүчин зүтгэж буйн хувьд сонгодог хөгжмийн гарцыг харж, манайханд ямар хөгжим сонирхолтой хийгээд сонсголонтой, мэргэжлийнхэнд үр өгөөжтэйг харж, урьж авчирч байгаа юм. Ер нь энэ чиглэлийг ард түмэнд илүү таниулах зорилготой. Гэхдээ учир зүггүй ойлгохгүй хөгжим гэсэн үг биш л дээ. Таньж мэддэг, хүний сэтгэлд хоногшсон дуу хуур, бүтээл гэж байдаг даа тэдгээрийг юуны өмнө сонсгох бодол байгаа. Түүнээс учир зүггүй Бах, Моцарт гэвэл манайхан тэр бүр таашаах нь цөөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан