Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орхон аймгийн тариаланчид га-гаас 20 цн-ээс багагүй ургац авахаар тооцжээ

Жаргалант сум бол Эрдэнэт хотыг хүнсний ногоогоор хангах сангийн аж ахуйн зориулалтаар анх байгуулагдаж байсан аж. Үр тариан 5000 гаруй, төмс хүнсний ногооны  658 га эргэлтийн талбайтай. Ургацын урьдчилсан балансаар  га-гаас 9,3 цн ургац авна гэсэн тооцоо хийсэн байна.  Энэ жил гангийн улмаас нэг га-гаас авах ургацын хэмжээ нь 4,4 дахин буурсан гэнэ. ХХАА-н сайд болон томилолтын багийнхан Орхон аймгийн Жаргалант сумын тэргүүлэх гурван компанийн тариан талбайд очив. Эхлээд “Алтан тошлой” ХХК-аар орлоо. Тус компанийн төв байр нь тариан талбайтайгаа ойрхон байрладаг бөгөөд тун тохилог орчинг бүрдүүлжээ.


Булган, Хөвсгөл, Орхон аймаг хамтран үүлэнд нөлөөлж хур оруулсан гэв

Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн биднийг угтан, тус аймгийн тариалалт болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

-Аймгийн хэмжээнд улаан­буудайн хувьд ургац алдах нь харьцангуй гайгүй байгаа харагдлаа?
-Монгол Улсын хэмжээнд энэ жил хур багатай байсан. Тиймээс үүлэнд нөлөөлөх нэлээн олон арга хэмжээ авсан.
Булган, Хөвсгөл аймгууд­тайгаа хамтарч үүлэнд нөлөө­лөх ажил зохион байгуулсан. Улсын төсвөөс ч зохих хэмжээний дэмжлэг үзүүлж, Орхон аймгийн төсвийн тодотголоор таван сая төгрөгийг үүлэнд нөлөөлөх сум авахад тавьж өгсөн. Үүний ачаар Жаргалант сум маань харьцангуй гайгүй ургац авах нь. Гол гурван компани маань ургацаа гайгүй авах төлөв гарсан. “Бүтлийн ундарга” компани Буриадын Сэлэнгэ сортын үр оруулж ирсэн. “Орхон тариа” ч энэ үрээр тариалсан. Харин Алтан тошлой компанийн хувьд Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гаргаж авсан “Дархан 34” сортын үрээр тариаллаа. Аймгийн дундаж га-гаас 16 цн орчим байна. Үүнээс дээш авах байх. “Алтан тошлой”-гийн хувьд  уриншилсан талбайд тарьсан ургац нь га-гаас 20 цн дээш авах тооцоо гарсан.

-Хүнсний ногооны хувьд ямар байна. Ер нь газар тариалангийн салбарт орон нутагт хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Төмс хүнсий ногооны хувьд манайх 600 га-д тариалдаг. Ургац дажгүй байгаа. 2013 оны ул­сын төсвөөр хиймэл нуур хий­сэн. Энэ нь нэлээн ач тусаа өгч байна. Энэ жилдээ байцааны 550 тоннын багтаамжтай зоорь ашиг­­лалтанд оруулья гэж ажил­ласан. Нийт 1000 орчим айл өрх хүнсний ногоо тариалж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл хан­­гаж хадлан тэжээлээ хэр базаав?
 -Хадлан өвлийн бэлтгэлийн хувьд яамнаас хоёр суманд тус бүр 100 тонн гэсэн чиглэл өгсөн. Бид аймагтаа 30 тонныг бэлтгэнэ. Өвс хадлан тэжээлд нийтдээ 80 гаруй сая төгрөг тавьсан. Манайх газар нутаг багатай учраас 100 гаруй мянган толгой малтай. Өвөлжилтийн бэлтгэл үндсэндээ хангагдсан.


Л.Батсүх: Царцаа хорхой шавжтай маш их тэмцлээ

Бүсэлхий даван ургасан тариан түрүү ургац боллоо гэх шиг нахилзан бөхөлзөж, үдийн халуунд гялалзан шаргалтана. Га-гаас 13 цн ургац авчихаад ханасан ургац хэмээн ярьдаг байсан жилүүд аль хэдийнэ ард хоцорчээ. Га-гаас 15-20 цн ургац авч байгаагаа гантай жилд ургац алдаад бага авлаа хэмээн хэлдэг болж. Тариаланчид техникийн шинэчлэлийг жил бүр хийж байгаагийн ачаар технологи нь ч шинэчлэгджээ. Үндсэндээ байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тариаланчид ямар ч байсан даваад гарах тэнхээтэй болжээ гэдэг нь илт. Мэдээж газар ээжийг аргадаж, газар ээжээс үр шимийг нь хүртэж байгаа юм хойно жил бүр ихийг горьдоно гэж юу байх билээ. Өнгөрсөн жил га-гаас 43 цн ургац авч байсан Жаргалантын тариаланчид энэ жил ямар ч байсан 20 цн –ээс буухгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Жаргалант сумын “Бүтлийн ундарга” ХХК бол гурван жил “Улсын тэргүүний тариаланч хамт олон” өргөмжлөл хүртсэн байгууллага. Өөдлөх айл үүднээсээ гэж ажил үйлс нь өөдрөг байгаа нь илт. Компанийн хашаандаа тариа хураалтдаа бэлтгээд бүх техникийнхээ засвар үйлчилгээг дуусгаад бэлэн болгоод сойсон харагдав. Тус компанийг Хөдөлмөрийн баатар, гавьяат механикч Лхагва гуай үүсгэн байгуулаад өнөөдөр хүү Батсүх нь удирдаж байгаа аж. Өнгөрсөн жил га-гаас 43 цн ургац авч улсдаа тэргүүлжээ. Энэ жил 1000 гаруй га-д сэлэнгийн супер үрээр тариалалт хийсэн бөгөөд техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. “Бүтлийн ундарга” ХХК-ийн захирал Л.Батсүхтэй уулзаж зарим зүйлийг лавлав.

-Ургацын урьдчилсан баланс гайгүй гарсан гэж сонслоо?
-Олон талын чармайлт зүтгэлийн ачаар ямар ч байсан боломжийн ургац авах төлөвтэй. Манайх цом­хот­госон технологиор ажил­ладаг. Механик уринш боловсруулалт хий­­­­­дэг. Ме­ханик уринш боловс­руу­лал­­­тад зориулан Оросын шил­дэг 100 бүтээгдэхүүнээр гурван жил дараалан шал­гар­­сан культбаторыг манайх оруулж ирдэг. Дээр нь Оро­сын үрээр тариалалт хийдэг. Бид энэ салбартаа 20-иод жил ажиллаж байгаа боло­хоор янз бүрийн л юм үзлээ.

-Гантай жилд ургац алдах­гүйн тулд хамгийн тү­рүүнд ямар арга хэмжээ авч ажиллав?
-Гантай жил бидний тооцоо­лоогүй их зардал гардаг. Бид анхны жилдээ тариалж байгаа биш. 1996 онд байгуулагдаад 20-иод жил ажиллаж байна. Янз бүрийн л юм үзлээ. Боломжийн ургац авах боломж байна. Есөн сарын ихээр орсон борооны дараа хураалалтын ажилдаа орно. Гантай үед урьдчилан тооцоогүй зардал их гардаг. Энэ жил царцаа, хорхой шавьтай маш их тэмцлээ. Үндсэндээ 40-өөд сая төгрөгийн ургамал хамгаалах бодис цацсан. Тэгэхээр элдэв төрлийн хорхой шавьжнаас урьдчилсан сэргийлсний хүчинд будаа маань өдий зэрэгтэй байна.

-Ажилчдынхаа нийг­мийн асуудалд маш сайн анхаар­даг компани гэж сайд багтаж байсан?
-Манайх үндсэн 25 ажил­тантай. Тэднийхээ амьд­рал ахуй нийгмийн асуудлыг шийдэх тал дээр нэлээн сайн ажилладаг. Орон сууц барьж өгсөн. Машин техникээр хангадаг. Өвөлжин зунжин цалинждаг. Тариаланч хүн ар тал руугаа санаа зовох зүйлгүй байж чадвал хөдөлмө­рийн бүтээмж өндөр байдаг.

-Гантай жил тариалан­чид маань зээлээ аль бо­лох хугацааг нь сунгах хойшлуулах тал дээр төрөөс дэмжлэг хүсч байна. Та бүх­ний хувьд зээлийн асууд­­лаа хэрхэн шийдвэрлэж байна?
-Төр засгаас авч байгаа олон талын арга хэмжээний үндсэн дээр л тариаланч бид чинь хөл дээрээ тогтож байна. Атрын 3 дугаар аянаас эхлээд авсан зээлүүд бий. Та бүхэн 825 сая төгрөгөөр авсан комбайн харсан. Энэ маань ч зээл. Ноднин ургац сайн авсан ч гурилын үйлдвэрүүд маань одоо хүртэл зарим нь мөнгөө өгөөгүй байна. Үүнээс болоод зөвхөн манай  компани гэхэд 80-90 сая төгрөгийн алдагдалд орлоо. Бид сардаа 12-13 сая төгрөгийн хүү төлдөг. Өдий хүртэл мөнгөө авч чадахгүй болохоор  зээлээ төлж чадалгүй хүү нь яваад л байдаг. Ургац ч авч чаддаггүй. Үндсэндээ хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгч л хаа сайгүй байна.

-Урамшууллын хувьд ямар бодолтой байгаа вэ. Танай компанийн хувьд урам­шууллын мөнгөө юунд зарцуулж байна вэ?
-Урамшуулал бидний ажилд эергээр нөлөөлж байгаа нь тодорхой. Үнэндээ ургацаа нэмэг­дүүлж урамшуулал завшдаг ч компани байгааг үгүйсгэхгүй. Манайхан гурилын үйлдвэрүүдэд будаагаа хүргэж өгөхөд тээврийн зардал маш их гардаг. Тэрэндээ л урамшууллаа зарцуулдаг.

-Энэ жил буудайн үнэ дунд­жаар хэдэн төгрөг байвал балансаа барих нь гэж тооцоолж байгаа вэ?
-Тооцоолоогүй зардал маш их гарлаа. Зөвхөн  царцааны делекаци хийхэд л 80-90 сая төгрөг зарцуулсан. Будааны өртөг л өсөөд байна гэсэн үг. Ноднин манайх га-гаас 43 цн ургац авч байхад будааны өртөг 220 мянган төгрөг байсан. Тэгэхээр га-гаас 20 цн авч байгаа айлын будааны өртөг ямар гарах билээ. Буудайны өртөг компани бүрт өөр гарна. Гадуур яриад байгаа 350 мянган төгрөг гэдэг бол газраа хагалаад үрээ булаад өөр зардал гаргаагүй компанид л яригдах үнэ байх. Түүнээс технологио барьж ажиллаж байгаа аж ахуйн нэгж дээр зардал өндөр гарна. Манай компанийн хувьд  тон нь 500-600 мянган төгрөг орчим байвал боломжийн байх тооцоо гарсан. Ноднин гурилын үйлдвэрүүдэд 550 мянган төгрөг гэж жишиг үнэ тогтоосон ч манай компанийн хувьд 450 мянган төгрөгөөр л борлуулсан.
Жаргалант сумын “Орхон тариа” компанийн талбайд бид­нийг тус компанийн  захи­рал  Л.Отгонбат, агрон­о­мич Б.Цогт-Очирын хамт угтав. Тус компани 2002 онд байгуу­лагдсанаасаа хойш 2008 оноос хойш га-гаас авах ургацаа тогтмол нэмэгдүүлсээр өнгөрсөн жил 40 цн ургац авчээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, техникээ шинэчилжээ. Бүс нутагтаа зохицсан Сэлэнгэ сортын үрээр 1000 га-д тариалалт хийж, га-гаас 20цн-ээс багагүй ургац авах тооцоо гарсан гэнэ. Технологио нарийн чанд мөрдөж ажилладаг тус компани тариаланчдынхаа ая тухтай байдлыг хангахын тулд бяцхан суу­рин байгуулж, халуун ус, саун биллиард гээд амралт чөлөөт цагаа ч сайхан өнгөрөөх боломж олгосон байна. Мөн ком­­панийнхаа дотоодын хэрэг­цээг хангах хүлэмж байгуулж, шу­вууны аж ахуй эрхэлж байгаа аж.
ХХАА-н сайд “Орхон тариа” компанийн ажилтай танилцаад тус компанийн агрономич Б.Цогт-Очирыг салбарын тэргүүний ажилтнаар шагнав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан