Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ тангараг хэмээс хэтэрлээ, биелүүлэхгүй юм бол больсон нь дээр

Оюутнууд тангараг өргөжээ. Нийслэлийнхээ төв талбайд эгнэн зогсч байгаад, баруун гараа цээжиндээ барьж байгаад л  эрдэм мэдлэгт шамдан суралцах, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа тангарагласан юм байх.

Хэдэн оюутан ингэж тангарагласан юм бол, өнөө 99 их, дээд сургууль, коллежид суралцах 169,000 мянган оюутан бүгдээрээ юу. Бүгд биш юм бол энд очиж тангараг өргөөгүй нь яах юм бол.
Тангараг өргөөгүй юм чинь гээд энд өгүүлсэн зүйлсээс няцвал яах юм бол.
Урьд цагт пионер, цэрэг, эмч нар л тангараг өргөдөг байв. Цэргийн танагарагт “...Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ...” гэсэн үг байдагсан.
Харин эмчийн тангарагт хариуцлагын тухай үг үсэг байхгүй.
Ер нь хариуцлага гэдэг өнөөдөр огт байхгүй болж харин тангараг гэдэг ёслол газар авсан гэвэл нэг их ташаа болохгүй болов уу.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс эхлээд сурагч,  цэрэг цагдаа, оюутан эмч, шүүгч, прокурор, төрийн албан хаагч, гаальчид гээд тангараг өргөдөг хүмүүсийг тоолсноос тангараг өргөдөггүй хүмүүсийг тоолсон нь бараг амар болсон.
За тангараг өргөсөн оюутан хичээлээ таслаад, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахгүй хэсч тэнээд, төгсөөд ажил хийхгүй байх ч бага хэрэг гэхэд ард түмний өмнө өчнөөн амлалт өгч өөрийгөө магтаад, төрд тангараг өргөчихсөн УИХ-ын гишүүд нь худал хэлж, хулгай хийгээд байгааг юу гэж ойлгох вэ.

  “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эрх чөлөө, үндсэн хуулийн эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гээд Төрийн  тэргүүний тангараг өргөсөн Н.Энхбаяр хууль зөрчөөд ял авчихсныг хэн бүхэн мэднэ.
За УИХ-ын гишүүдийн тухайд бол бүр ярих юмгүй. Төрийнхөө хуулийг зөрчөөд гэмт хэрэг өдүүлчихсэн, түүнийгээ УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр халхавчлан яваа түшээдийг юу гэхэв. Эдний тоонд сонгууль будлиулж хуулиар хориглосон бараа бүтээгдхүүн тараасан луйварчид ч байж л байна, төрийн мнөгө завшиж луйвардсан, хүн дарамталж зодуулсан, авлига хахууль нэхсэн гээд эгэл хүнээс ч гарамгүй үйлдэлтэй хүмүүс өнөөдөр их мэдэгч болоод ард иргэдийнхээ толгой дээрээс нулимаад сууж л байна.

Хариуцлага хүлээх эсэхээ тангарагтаа өгүүлээгүй хүмүүс ч яахав ингэж туйлж тонгочиж болдог юм байж. Нээрээ ч тэд ямар тангаргаа зөрчвөл ингэнэ тэгнэ гэж хэлсэн биш, зүгээр л ёс төдий уншсан хэрэг...Тэгээд ч УИХ-ын гишүүд гэдэг өөрсдийгөө Монгол Улсын хуулиас дээгүүр гэдэгт бүр итгэчихсэн луйварчид юм чинь.
Гэтэл дээр өгүүлсэн “...өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ...” гээд хэлчихсэн цэргийн хүмүүсээс тангаргаасаа няцсан хүн бас нэг бишээ. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан. Энэ хүн бол жирийн нэгэн цэрэг биш, генерал, төрөл мэргэжлийн цэргийн  командлагч хүн. Өнөө өргөсөн тангаргаа мэдэхийн цаагуур мэдэж, сахихын дээдээд сахих ёстой хүн.

Хилийн цэргийн командлагч асан генерал Х.Жекей байна. Өдгөө тэрээр эх орноосоо сураггүй алга болоод Казахстанд бүр тагнуулын албанд ажиллаж байгаа гэсэн цуу ярианаас хэтрэхгүй байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Хавлааш болоод эгэл иргэдийг бол юу гэхэв. Тэд хэнд ч ямар ч тангараг өргөөгүй, театр, айл аймгийнхнаасаа өөр нэг их мэдээлэлгүй хүмүүс. Гэтэл УИХ-ын гишүүн асан, Хил хамгаалах ерөнхий газарт өндөр алба хашиж явсан Жекей гэгч хүн гадаад оронд урваж очоод тагнуулын албанд нь ажиллаж байгааг юу гэхэв. Өнөөх өргөсөн тангараг юу болов. Өнөөх “төрийн хууль ёсны хатуу цээрлэл” хаана явна вэ. Төрийн нууцыг мэддэг энэ хүнийг хаан явааг нь алдчихаад монголын төр ч, өнөө алдарт МАН ч өнөөдөр таг чиг....

Ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаална гэж тангараг өргөчихөөд зүгээр нэг жагссан ард иргэдээ буудаад эхэлсэн цагдаагийн генерал Ч.Амарболд, түүний гар хөл болсон хурандаа нарыг бас юу гэхэв.......Тэдний буруутай болохыг шүүх хэдийнээ тогтоод зохих ялыг нь өгчихсөн.
Төрийн албаны тангараг өргөчихөөд Монгол Улсын хуулийг гууль болгон идэж ууж, завшиж ял авсан хийгээд, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг бол энд дурдаад цаг, цаас хүрэлцэхгүй.
Чухамдаа өнөөдөр УИХ, төрийн алба гэдэг амар хялбар аргаар төрийн хөрөнгө мөнгөнөөс завшиж, хар амиа бөөцийлөн баяжих ганц хэрэгсэл болсон болохоос биш, энэ улс орон, төр, ард түмний гэсэн сэтгэлээр тангараг өргөөд чардайтал зүтгэж байгаа хүн нь хэд юм бол. Ёстой юун улс эх орон, ард түмэн, төр засаг.....

Энэ тангараг гэж юу юм бэ. Нэрт эрдэмтэн, их гүүш  Бямбын Ренчин “Монголын андгай за буй заа” гэсэн байдаг. Энэ бол тангаргийн тухай хамгийн товч агаад, хамгийн гүн утга буюу.
Монголчууд бас за гэвэл ёогүй ч гэдэг. Энэ бол зүгээр л нэг “ЗА” гэсэн үг.
Гэтэл за гэчихээд ёогүй биелүүлдэг монголчууд өнөөдөр ямар болж вэ. Төрийн өмнө, төрийн далбааны өмнө, ард түмнийхээ өмнө тангараг өргөчихөөд юун тэр тангаргаа байтугай хүн чанараа   улан дороо гишгиж яваа хүмүүсийг  юу гэх вэ.
Монголчууд цөөн хэлбэл билэг, олон хэлбэл улиг гэдэг. Үнэхээр өнөөдөр Улаан чулуутад  хог түүж яваа хүмүүсээс бараг бусад нь тангараг өргөнө хэмээн сүржигнэж, үүнийгээ ёслол энэ тэр хэмээн ууж идэх, найрлаж наргих шалтаг болгоод байгаад л хамаг хэрэг байгаа юм биш байгаа.
Хадаг гэдэг ховор байхдаа ямар эрхмийн дээд эрхэм зүйл байлаа. Гэтэл одоо элбэг болоод ирэхээрээ энд тэндэхийн мод, гүүрийн  хашлага, жаахан гүдгэр газар гээд ер хаа л бол хаа хог хаягдал мэт хийсч байдаг болж.
Тангараг гэдэг яг л энэ хадаг шиг хэн дуртай хүний, үхэн хатан зүтгэж байж нэг салбарын дарга болсон хүний шоудах хэрэгсэл болон цаас бүхэн дээр бичүүлэн, уншиж байдаг зүйл болоод үнэ цэн нь улам унасаар байгаа юм биш биз.
Жинхэнэ хүнээ олж томилоод, сонгоод тэр нь чин сэтгэлээсээ ажиллах юм бол заавал тангараг өргөсөн өргөөгүй ажиллах л баймаар.
Сахини биелүүлэхгүй, мөрдөхгүй юм бол тангараг энэ тэр гэж шоудаад юу хийх юм., больсон нь дээр дээ.

0 Сэтгэгдэл
TANGARAGNII SHOU MANAIHNII GANTS HIIJ CHADAH YUM NI SHOU TSENGEEN NAIR NAADAM YUM DAA
САНАЛ НЭГ БАЙНА.
Хамгийн их уншсан