Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн гэв

“Иргэний танхим”-д авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, судлаач шинжээчид Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг боловсруулахын тулд 75 удаагийн хэлэлцүүлэг хийж, 3300 гаруй хүний нийт 4000 гаруй саналыг хамруулжээ. Үндэсний судлаачдаас гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны болоод Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөх, шинжээчдийн саналыг төсөлд тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад авлига системийн шинж чанартай болж буйг судлаачид онцоллоо. Өөрөөр хэлбэл, авлига нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаас эхлээд хэвлэл мэдээллийн салбарт ч ихэссэн гэв. Тиймээс цогц зорилготой, хөшүүрэг, арга хэрэгсэлтэй, эргэн тайлагнах тогтолцоотой үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлах шаардлагатай гэв.

МУИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, доктор профессор О.Мөнхбат “Авлига үндэсний аюул­гүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн” хэмээн тэмдэглэсэн. Авли­га төгс төгөлдөр хэлбэр рүүгээ “хөгжиж”, хяналтаас гарах шатанд хүрээд байгаа учир хазаарлахын тулд энэ хөтөлбөрийг яаралтай бат­лах шаардлагатайг уг төс­лийг боловсруулалцсан АТГ-ын Урьд­чилан сэргийлэх, соён гэгээ­рүү­лэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон хэллээ.

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ирэх намрын чуулганаар дахин өргөн барих юм. Өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьсан ч УИХ-ын гишүүдийн олонхи нь хэлэлцэхгүй хэмээн санал өгснөөр санаачлагчдаа буцаад байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан