Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батдорж: Саажилттай хүүхдүүд удаан хөдөлгөөнтэй л болохоос IQ өндөртэй

Б.ЦЭДЭВСҮРЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгодог ганц газар бол Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Боловсролын сэргээн засалтын газар. Уг төв 39 дэх жилдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч хичээлийн шинэ  жилийн нээлтээ хийлээ. Хэдийгээр жирийн иргэдийн адил нийгэмд эзлэх байр суурь нь дутуу ч өөрсдийн онцлогт тохирсон мэргэжил эзэмшиж, нийгэмд хөл тавих нь тухайн хүний амьдралд баяр жаргалыг өгдөг. Тиймээс тус төв нь өнөө жил талх нарийн боов үйлдвэрлэлийн технологи, тогооч, модон эдлэлийн мужаан, гар урлалын ажилтан зэрэг ангидаа 50 гаруй оюутан элсүүлээд байгаа бөгөөд анги дэвшиж байгаа вэб техникч, хэвлэлийн дизайн, оёмол бүтээгдэхүүний оёдолчин зэрэг ангидаа 36 хүүхэд сургаж байгаа аж. Эдгээр үйл ажиллагааны талаар Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Боловсролын сэргээн засалтын газрын дарга Б.Батдоржтой ярилцлаа.

-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэхэн элсэгчдээ авлаа. Өнөө жил 50 гаруй оюутан шинээр элсүүлсэн гэсэн. Түвшингээр нь ялгаж элсэлт авдаг уу?
-Манай төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгодог цор ганц байгууллага. Жил бүр 90 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Өнөө жил компюьтерийн нэг анги, оёдлын нэг ангиа 2.5 жил болгосон. Нэг жилээр сургалт явуулдаг ангиуддаа дийлэнх элсэлтээ аваад 100 гаруй оюутантай болох зорилт тавьсан. Гэсэн ч 65 оюутныг эмчийн оношлогоонд оруулсан. Ингэснээр тэдэнд тохирох мэргэжлийн чиглэлийг нь санал болгож байгаа юм. Унадаг татдаг хүүхдийг тогоочийн ангид оруулж болохгүй.
Халуун зуухан дээр унах аюултай. Тиймээс гар урлал тэдэнд илүү тохирдог. Багш нарын хяналттай сургалт явуу­лахад болдог. Саажилттай хүүх­дүүдийн хувьд удаан хө­дөл­гөөнтэй л болохоос IQ өн­дөртэй, компюьтерийн ангид суралцах боломжтой. Хөнгөн саажилттай хүүхдүүд оёдол, тогоочийн ангид сурч болно. Сургаж байсан жишээ бий.

-Өнөө жил элссэн 65 хүүхдийн цаана танай төвд суралцах боломжгүй үлдсэн хэр олон хүн байгаа бол?
-Олон бий. Хөдөө орон нутагт, хол сумдад санхүүгийн байдлаасаа болоод ирж чадахгүй хүмүүс байна. Үүн­тэй холбоотойгоор өн­гөр­сөн жил Ховд аймагт ма­най төвөөс оёдлын нэг анги нээж хичээллүүлсэн. Хэл, сонс­голгүй хүүхдүүд маш ам­жилттай сурсан. Энэ мая­гаар бүс нутгуудад сур­гагч багш бэлтгээд сургалт явуу­лах шаардлага зайлшгүй бай­на. Багшийн мэргэжил эзэмш­сэн хүн шууд хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдэд сургалт явуулах боломжгүй. Тиймээс тэднийг ч гэсэн сургах хэрэгцээ бий.

-Эмчийн оношлогоонд оруулдаг гэж дээр хэлсэн. Энэ оношлогоогоор үнэхээр сурах чадваргүй гэсэн хүмүүс илэрдэг үү. Тэднийг яадаг юм бэ?
-Байна. Уучлаарай л гэж хэлэх болдог. Манайх чинь мэргэжлийн боловсрол олгож байгаа учраас ажлын байран дээр гараад ажиллаж чадах эсэхийг нь харгалзана. Гэхдээ БНСУ, Японы жишээн дээр харж байхад үнэхээр тийм хүнд хүмүүсийг цөөн тоогоор аваад сургадаг юм билээ. Бидэнд ч гэсэн цөөн тоогоор тэднийг сургахад боломжгүй гэх газаргүй. Гэтэл манай байгууллагын орон тоо 13. Одоогоор надтай нийлээд 11 хүн ажиллаж байна. Гадаадын жишгээр тийм хүнд хүүхдэд доод тал нь дөрвөн багш хичээл заах болдог. Гэтэл жирийн ангид маань л гэхэд хоёр багш байх ёстой тоондоо хүрэхгүй байна. Ингэхээр боловсон хүчний дутагдал байгаа юм. Багш нараа гадаадад сургах шаардлага ч байна. Материаллаг баазаа сайжруулах хэрэгцээ ч мөн бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л нийгмээс тусгаар­лагдчихсан хүмүүс байдаг. Сургалтад хамруулахад хүндрэл гардаг уу?
-Одоо тийм хандлага өөрчлөгдөж байна. Хүн ам нийгмийн хамгааллын яам байгуулагдаад хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн орол­цоог бодит болгох бүтэн жилийн аян явуулсан. Тэрний үр дүнд яам, албан газрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг их сайн ойлгодог болсон.

-Танай төвд сурсан хү­мүүс ажлын байраар хан­гаг­­дах тал дээр хэр бо­ломж­той вэ?
-Төгсөгчдийн маань 60-аас дээш хувь нь ажлын байраар хангагддаг. Өнгөрсөн онд л гэхэд тогоочийн анги, мужааны анги төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдсан. Талх нарийн боовчид маань 60 хувь, байшин арчлагч нар маань 40 хувь ажлын байраар хангагдсан. Бид ажил олгогч нарт ч гэсэн сургалт явуулдаг. Хууль эрхзүйн орчин ч мундаг болсон. Хөгж­лийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулбал татварынх нь хэдэн хувийг хөнгөлнө гээд заа­чихсан. Бид ажил олгогч нарт санал тавина. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу тал байдаг. Тэрийг нь танилцуулна. Дадлага хийлгэх явцдаа баталж харуулна. Тэргэнцэртэй хүмүүс сайн оператор болдог. Хэл сонсголын бэрхшээлтэй хүмүүс мужааны ажил сайн хийдэг. Яагаад гэхээр суурь машиныхаа дууг сонсохгүй учраас ядралт багатай. Оюуны бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд цэвэрлэгээ сайн хийдэг. Ажил олгогчид маань ч үүнийг ойлгодог болсон учраас эртнээс танай төгсөлт болохоор хэдэн хүүхэд ажилд авна гээд тоогоо өгдөг болсон. Төгсөгчдийн 60-аас дээш хувь нь ажлын байртай болж байгаа их, дээд сургууль байхгүй л болов уу.
 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сургуульд яваад, мэргэжил эзэмшээд ирэхээр сэтгэл санаа, биеийн байдал нь ч өөрчлөгддөг байх?
-Тэгнэ. Говь-Алтайгаас ирсэн Борхүү гэж охин байсан. Нэг гар нь жаахан саажилттай. Компюьтерийн ангид элссэн ч саажилттай гараа нуугаад юм аа хийхгүй байсан. Тэгэхээр нь өрөөндөө оруулж ирээд хоёр гар нь саажилттай хүүг дуудаж “Чамаас бие муутай хүүхэд ийм сайн сурч байхад чи яагаад сурах хүсэлгүй байгаа юм” гээд хэлж ойлгуулсан. Тэр охин амжилттай сурч төгсөөд дахин тогоочийн ангид сурсан. Одоо мундаг тогооч болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамт олон дунд ороод ирэхээр өөрчлөгддөг. Тэр хүүхдүүдээс гадна эцэг эхчүүд гэж дайсан байна. Миний хүүхэд угаасаа л хөгжлийн бэрхшээлтэй гээд тусгаарлаад хэн ч биш болгочихдог. Тиймээс эцэг, эхчүүдэд ч гэсэн сургалт явуулах шаардлага гардаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан