Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурт хүний гараар баянбүрд бүтээлээ

Дэлхийд тоотой хэдхэн байх хот улсын нэг Сингапур дэд бүтэц, хотын тохижолт, барилга байгууламжаараа дэлхийд гайхагддаг улс. Аялал жуулчлалаас улсынхаа нэлээдгүй хувийг бүрдүүлдэг тус улс гадаадын жуулчдыг татахын тулд хүний нүд, сэтгэл татах олон шинэ үзвэр үйлчилгээ нээсээр байна. Үүний нэг нь энэ сарын эцсээр жуулчдын өмнө үүдээ нээх баянбүрд юм. Ердөө 710 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай тус улсад байгалийн баянбүрд байхгүй ч дэлхийд анх удаа хүний гараар хиймэл баянбүрд бүтээжээ. 250 акр газар эзлэх уг баянбүрдийн цогцолборт аварга том 18 хиймэл мод “тарьсан” байна. Мод шиг хэлбэртэй, үнэн хэрэгтээ төмөр утас, гэрлийн холболтоор бүтээсэн аварга моднууд өдөр нь нарны энергийг хуримтлуулаад шөнөдөө гэрэлтэн асдаг ажээ. 25-50 метр өндөртэй моднуудын ид шид үүгээр дуусахгүй, тухайн өдрийнхөө температураас шалтгаалан хэт халуун байвал агааржуулагчийн үүрэг гүйцэтгэж, орчин тойрондоо яваа хүмүүсийг нөмөрлөн сэрүүцүүлэх юм байна. Эдгээр аварга моднуудын заримыг нь дүүжин гүүрээр холбосон учир амарч зугаалж яваа хүмүүс өндөр дээрээс цэцэрлэгт хүрээлэнг тэр чигээр нь харах боломжтой ажээ.

Хүний гараар бүтээсэн бүтээсэн баянбүрдэд зөвхөн хиймэл модод суулгасан юм биш, дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан 220 мянган мод, ургамал, бут сөөг, цэцэг зэргийг багтаасан асар том цэцэрлэгт хүрээлэн бий гэнэ.  Зургаан жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн Сингапурын үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн уг төсөл энэ сарын 29 гэхэд дуусч, зочдоо хүлээн авч эхлэх юм байна. Уг цэцэрлэгт хүрээлэн, баянбүрдээр зугаалахыг хүсвэл дотоодын зочид 16 ам.доллар, гадаадын жуулчид 22 ам.долларын төлбөртэй аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан