Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн

Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон юм.  Улмаар шүүх хурал хойшлогдсоны дараа шүүгдэгч Л.Гансүх нарыг цагдан хорихоор авч явлаа. Энэ үеэр гэрчээр оролцохоор ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.

-Шүүх хурал хойшилж, шүүгдэгчдийг хорих шийдвэр гаргалаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Дөнгөж сая шүүх хурал нь хойшиллоо. Энэхүү зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь алга болчихсон байна. Гурван удаа шүүхээс ир гэсэн ч ирээгүй гэж байна.
Мөн Багануурын уурхай хохирсон гэх зүйл ярьсан хүн нь ирсэнгүй.  Эдгээр хүмүүс байхгүй учир өнөөдрийн шүүх хурал хойшилж байна.
Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харуулж байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөр өнөөдөр ийм асуудал үүсгэхэд хүргэлээ. Таны хувьд “Нүүрс” хөтөлбөр үнэхээр алдаатай байсан уу?
Шинэчлэлийн Засгийн газар 2 жил 3 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд гурван том зорилт дэвшүүлсэн.
Нэгдүгээрт, ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлж, тэднийхээ халаасанд үлддэг мөнгийг нэмэгдүүлье, ажилтай орлоготой болоход нь туслая гэсэн чухал хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилгаж, хээл хахууль, хүнд суртлыг зогсооё гэж маш идэвхтэй ажилласан. Гэтэл энэнийхээ горыг өнөөдөр амсаж байна.
Гуравдугаарт, том бүтээн байгуулалт хийе гэсэн. Маш олон хүний хүчин зүтгэл дэмжлэгээр үүнийг хангалттай сайхан хийж чадсан.
Тэгвэл ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлж, гарч байгаа зарлагыг нь багасгах зорилттой ажлын нэг бол “Нүүрс хөтөлбөр” шүү дээ.
Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн зүйл хийсэн.
Эхний ээлжинд бензин шатахууны үнэ тогтвортой байлгах ажил. Манай Засгийн газрын үед бид 50 төгрөг болтол буулгаж үзсэн.  Өмнө нь намайг тэргүүн шадар сайд байхад 2-5 жил өөрчлөгдөж байсан бензиний үнэ тогтворжиж байсан.
Цемент арматур зэрэг барилгын гол материалын үнийг бид харьцангуй тогтворжуулж чадсан. Цаашлаад бүр гаднаас биш Монголдоо бүтээх ажлыг эрчимжүүлсэн.
Гуравдугаарт, 8 хувийн хүүтэй зээл байгаа. Хуучин сардаа 700 гаруй мянган төгрөгний зээлийн хүү төлдөг байсныг бид багасгаад 300 гаруй мянган төгрөг төлдөг болгосон.
Энэ мэтээр бид ард түмнийхээ амжиргаанд нэмэр болохуйц үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг амжилттай явуулсан.
Үүний дөрөвдэх чиглэл бол “Нүүрс” хөтөлбөр.  Одоо ажил хийсэн хүн хэрэгтэн болдог зүйл бий боллоо. Энэ бол захиалгатай, зохиомол хэрэг юм.

-Нүүрс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрүүлэхгүй юу?
-2012 оны арваннэгдүгээр сард буюу өвлийн хүйтэн болж байх үед хэрэгжсэн хөтөлбөр. Хэрэглэгчийн 1111 утсанд иргэдээс маш их санал ирсэн. Тодруулбал, иргэдээс өвөл болж хүйтрэхээр нүйрсний үнэ огцом өсч, дийлдэхээ болилоо. Үүнд Засгийн газар арга хэмжээ аваачээ гэдэг саналууд ирсэн.
Бид энэ асуудлыг судлаад М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ярилцлаж үзээд 200 мянган төгрөгний үнэтэй нүүрснийг 80-100 мянга болгох боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очих нүүрсний үнийг 2 дахин багасгаж болох юм байна гэсэн судалгааг гаргасан.

Таван тонн нүүрсийг 200 мянгаар авахаар сая төгрөг болж байгаа. Сая төгрөгийг хоёр дахин багасгаж 500 мянган төгрөгөөр машин нүүрс авах боломжийг л бид бүрдүүлсэн. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил. Мөнгө гаргаж хийдэг ажил биш” гэх лоозонгийнхоо дагуу сэтгэл, зүтгэл гаргаж хийсэн.
Үүнийг нүүрсний уурхай, төмөр зам, ачиж буулгадаг хүмүүс, портерийн жолооч, хорооны иргэд гээд  маш олон хүнээс хамаарсан ажил байсан учир Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхээр удирдуулаад зохион байгуулуулсан. Гансүх бол гарын үсэг зурж мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэрийг Н.Алтанхуяг, Засгийн газрын гаргасан шийдвэр.
Нүүрс хөтөлбөр маш амжилттай 2 жил гаруйн хугацаанд хэрэгжсэн.  Ард иргэд 200 мянгын нүүрсээ 80 мянгаар авдаг болсон нь амжилт шүү дээ.

-Багануурын нүүрсний уурхай ашиггүй ажиллаж, алдагдалд орсон зүйл яригдаж байсан. Энэ талаар?
-Багануурын нүүрсний уурхай ашигтай ажиллаж, зах зээлд шилжсэнээс хойш анх удаа энэ нүүрсний уурхай ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгч байсан.
Бид уг уурхайд 18 тэрбум төгрөний зээл олгож дэмжсэн. Мөн Багануурын нүүрсний уурхайг тойруулж хууль бусаар өмчлөөд авчихсан олон газрыг хүчингүй болгож байсан.  Ингэснээр тус нүүрсний уурхайн нөөц нэмэгдсэн.  Хүчингүй болгосон лицензийг нь сэргээж тусалсан.
Ингэснээр Багануурын нүүрсний уурхай ашигтай ажилласан. Тэгэхээр энэ Нүүрс хөтөлбөр ард иргэдэд, Багануурын нүүрсний уурхайд ч ашигтай байсан гэж хэлж болно.
Багануурын нүүрсний уурхайн тухайн үеийн удирдлага нүүрсээ гэр хороололд 27500 төгрөгөөр борлуулснаараа жилдээ тэрбум төгрөгийн ашиг олноо гэдгээ нотолж байсан бичлэг ч надад байгаа шүү.
Ийм асуудал болсоны дараа шүүх хурал болоод явж байгаа нь эмгэлэнтэй.

-Бүгд сэтгэл хангалуун, хохирогч байхад яагаад Гансүх ийм хэрэгт холбогдов?
-Цэвэр улс төрийн  зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг. Ер нь иргэд мэдэж байгаа байх. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Яахав бид чөмгөө дундартал зүтгэсэн.
Гэтэл ерөөсөө л Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс байсан. Би ард түмний ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ би анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртсөн. Манай охин дээр хүртэл хэрэг үүсгэж байсан. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн. Ийм л байна.

Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй 6 сар шоронд сууж байна. Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа.Тэднийг ч бас зургаан сар хорьсон. Гэвч өнөөдөр тэднийг гэм буруугүй, Нүүрсний хэрэгт холбоогүй гээд сууж байна. Залуу хүүхдийг аваачиж шоронд 5-6 сар хорьчихоод шоронгоос гаргахдаа холбогдолгүй юм байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Тэгснээ бүр болоогүй ахиад татварын гээд өөр хэрэг үүсгэчихэж. Энэ бол ерөөсөө улс төрийн зорилготой.
Н.Алтанхуяг ба түүнийг төөрсөн хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцое гэж шийдсэн.

-Дараагийн шүүх хуралд мөн гэрчээр оролцоно биз дээ?
-Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй.  Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170 мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй. Монголынхоо төлөө юм хийж болдоггүй, нам дамнасан хэдэн хүний төлөө ажиллах хэрэгтэй болж байгаа юм уу?
Нүүрс хөтөлбөр хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерийн жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан.
Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж энэ хэрэг цагаадна гэдэгт эргэлзэхгүй байна.  Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгний зүйлийг 80 мянган төгрөг болгосон хүн  цагаатгагдахгүй бол байж болохгүй зүйл. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх.

-Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарладаг зүйл сүүлийн үед их ажиглагдах болж?
-Монгол ардчилсан хувьсгал гарч ирж байхад хууль хяналтын байгууллага тусдаа үйл ажиллагаа явуулах, хууль тогтоодог байгууллага нь тусдаа, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллага нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ байдал замбараагаа алдаж байна.
Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж зохиомол хэлс хэрэг их хийдэг болж.
Гансүхийг бараг бариагүй байхдаа л мөнгө идсэн гэж ярьж байсан. Хүний гэм буруутай нь огт тогтоогдоогүй байхад хүнийг гэм буруутай мэтээр төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Төрийн байгууллага цөөн хүний гарт байна. Авлигын асуудлаар том акулуудтайгаа ноцолддоггүй. Тэгсэн хэрнээ авлига байна гээд өөр бусад хүмүүсийг шоронд хийдэг.
Би бол үнэхээр харамсч байна. Дахиад л Гансүх зөвлөхийг шоронд аваачаад хийнэ гэдэг Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсоныг харуулж байна.
АТГ анхнаасаа энэ хүнийг хэрэгтэн болгох гэж олон түмэнд мэдээлэл тараасан.

-Улс төрийн зорилготой гэдгийг та ямар үндэслэлээр хэлж байна?
-Улс төрийн зорилготой гэж би улайм цайм хэлээд байгаагийн учир манай Засгийн газар 11 сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл 11 сарын 4-ний өдөр АТГ-ынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх маш их хэмжээний хохирол учруулсан гэж албан ёсоор ард түмэнд хэлсэн.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд Давхар дээл гаргаж ирж, энэ нь уначихаар  Гансүх асуудлыг босгож ирсэн.
Улмаар Гансүхийг гурван сар хорьж тарчлаан тамалсан. Гансүхтэй холбоотойгоор таван хүүхдийг 6 сар шоронд тамалсан. Шорон гэдэг амралт биш. Хүнийг сэтгэл санаа бие махбодь бүх зүйлээр нь даралдаг. Үүнээс болж Гансүх хуруугаа хүртэл тайруулсан.  Одоо бол Монголд юм хэрээс хэтэрч байна.
“Даварсаар даварсаар давгийн оронд” гэгчээр гадаадын байгууллагыг хүртэл энэ будлиандаа оруулж Монгол улсын их хурал, гишүүний үйл ажиллагааг шүүмжлүүлдэг болж байна. Би үүнийг эсэргүүцэж бичиг өгсөн. Ер нь их хурлын хууль тогтоож байгаа үйл ажиллагаанд гадны байгууллага оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчид нөлөөлөх гэсэн нь буруу гэсэн. Тэгсэн бид буруу зүйл хийж хэмээн уулчлал хүсч байсан.

0 Сэтгэгдэл
chi bas yawah yostoigoo martaagui biz!
Хамгийн их уншсан