Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хонгилын үзүүрт гэрэл харагдана

Л.БАТБААТАР

Төв цэвэрлэх байгууламжийг (ТЦБ)  тойрсон асуудал  нийслэлчүүдийн толгойны өвчин болсоор удаж байна. Өнгөрсөн зургадугаар сард хэрэглээний усыг гурав хоног хааж, “тэг зогсолт хийнэ” хэмээн Улаанбаатарын иргэдийг багагүй сандаргасан.

Анх 1969 онд  600 мянган хүн амтай хотод зориулж, байгуулсан цэвэрлэх байгууламж, өнөөдрийн  ачааллыг  даахгүй  нь ойлгомжтой. Сүүлийн үед эвдрэл, гэмтэл гарах нь ихэссэн гэнэ. Албан бус тоогоор нэг сая 300 мянган хүн амтай хотын бохирын  ачааллыг, хуучин хүчин чадлаар цэвэршүүлж дийлэхгүй нь тодорхой болсон. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ус сувгийн удирдах газрын (УСУГ)  дарга С.Үнэн, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Бат-Эрдэнэ нар ТЦБ-ын өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай  газар дээр нь танилцав.

ТЦБ-ын Ашиглалтын албаны дарга Н.Одхүү “Зах зээлийн системд шилжсэн 1990 оноос хойш тоног төхөөрөмжийн ихэнх хувь нь элэгдэлд орж, ашиглалтын хугацаа дууссан. Энэ асуудалд УСУГ-аас анхаарал тавьсны үр дүнд, 1998 оноос эхлэн, Олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Үүнд  Дани улсын тусламжаар Туул голын бохирдлыг бууруулах зорилгоор, хоёр насос суурилуулсан.

Мөн 2003-2009 онд Испани улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, хоёр үе шаттай, тоног төхөөрөмж шинэчлэн сайжруулах төсөл хэрэгжсэн. Эдгээр төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа тодорхой хэмжээнд хангагдсан. Харин технологийн шинэчлэл хийж чадаагүй.
Хуучин Зөвлөлтийн үеийн 1960-1980-аад оны технологиор ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг тодорхой хэмжээнд хийсэн.

Лагийн асуудал хүнд байдаг. Одоо хэрэглэж байгаа “Оросын технологи”-оор лагийг задгай талбайд байгалийн аргаар хатаадаг. Цэвэршүүлж буй усыг хлороор халдваргүйжүүлдэг. Эдгээр технологийг өөрчлөн, лагийг усгүйжүүлэн, шууд хуурай хаягдал болгох,  бохир усыг хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх гэсэн технологийн горимд шилжих боломж бий. Үүний  тулд их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Хоногт 155-165 мянган шоо метр бохир  усыг хүлээн авч, механик болон биологийн  цэвэршүүлэлт хийдэг. Мөн Улаанбаатар хотын 168 км бохир ус дамжуулах хоолойг хариуцдаг” гэв.

Мөн тэрээр “ТЦБ бохир усыг дутуу цэвэршүүлэн, Туул голд цутгадаг. Ингэснээр голын усыг ихээр бохирдуулж байна гэсэн шүүмжлэл бий. Туул голыг ТЦБ бохирдуулдаггүй. Туул голыг Улаанбаатар хот бохирдуулдаг юм. Учир нь хотоос ирж буй бохир усны бохирдлын хэмжээ  өндөр байдаг. Өнгөрсөн онд нийслэлийн 370 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжээс гарч буй бохирдолд,  түүврийн аргаар, шинжилгээ хийсэн. Стандарт нормоос 20 дахин их бохирдолтой гэсэн хариу гарсан. Энэ бол гадны нөлөөлөл. Дотоод нөлөөлөл гэж бий. Гадны хөрөнгөөр тоног төхөөрөмжөө шинэчилсэн боловч, технологио өөрчилж чадаагүй. Хоногийн 24 цагийн турш усан дотор байснаар, бетонон хийцийн хана ихээр элэгдэж гэмтдэг. Цаашид энэ байгууламж Улаанбаатар хотын ачааллыг дийлэхгүй нь тодорхой. Сүүлийн үеийн техник, технологитой шинэ цэвэрлэх байгууламж байгуулах нь зайлшгүй боллоо. Шинэ цэвэрлэх байгууламжийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах компани шалгарч судалгааны ажил хийгдэж байна. ТЭЗҮ батлагдвал, ирэх жилээс тендер зарлах байх. Ямартай ч, хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Нэмж хэлэхэд ирж буй бохирдлын хэмжээ ийм их байхад, цэвэрлэх байгууламж шинээр бариад ч нэмэргүй. “Усны сав газрыг бохирдуулсны төлбөр тогтоох тухай “хууль гарсан. Хэрэгжүүлэх журам нь батлагдаагүй. Энэ журмыг яаралтай батлан, үйлдвэр аж ахуйн газруудад мөрдүүлэх нь чухал” гэлээ.

Цэвэрлэх байгууламжаас гарах үнэр, иргэдийг  ихээхэн бухимдуулдаг. Энэ тухай ТЦБ-ын Ашиглалтын албаны технологич инже­нер Ю.Эрдэнжаргал “Ши­нээр комьпресс аван, ла­гийг тодорхой хэмжээнд  усгүй­жүүлж байгаа бо­ловч, үнэргүйжүүлэх бо­ломж­гүй байна. Иймээс техно­логийн шинэч­лэл зайлшгүй хийж байж, үнэ­рийн асуудал шийдэг­дэнэ. Өндөр температурт ха­лаан үнэргүйжүүлэх ёстой. Ма­найд зөвхөн нягтруулах, үсгүй­жүүлдэг байгууламж бий. Шинэ цэвэрлэх бай­гуу­ламж­тай болсноор  лагийн асуудлыг бүрэн шийд­вэр­лэнэ. Хүний биенд бохирын үнэр хэрхэн хортой нөлөөлдөгийг мэргэжлийн байгууллага судлах байх. Үнэргүйжүүлэхийн тулд байгууллагын зүгээс ургамал тарих, үртэс асгах зэрэг арга хэмжээ авдаг ч төгс шийдэлд  хүрээгүй” гэв.

Тулгамдсан асуудалтай танилцаад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Сонгино­хайрхан дүүргийн 80 орчим мянган иргэн цэвэрлэх байгууламжаас гарсан үнэрээр амьсгалж амьдардаг. Цэвэрлэх байгууламжийн үнэр сүүлийн үед эрс нэмэгдсэн. Туул голын дагуу орших Нисэх, Био комбинат, Шувуун фабрикийг нийслэлийн төвлөрлийг бууруулах бүс гэж зарласан. Гэтэл Туул голоос гарч буй үнэр нь эдгээр төвлөрлийн бүст суурьшиж буй иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байна. Сонгино хайрхан дүүргээс сонгогдсон гишүүд, Засгийн газарт байнга шаардлага тавьдаг. Шинэ цэвэрлэх байгууламж байгуулах шаардлагатай нь ойлгомжтой зүйл. Мөн хууль эрх зүйн орчинг сайжруулах нь чухал. Өөрөөр хэлбэл, бохирдуулагчтай хариуцлага тооцдог механизм байх шаардлагатай. Нэгэнт хууль гарсан тохиолдолд, хэрэгжүүлэх журмыг яаралтай гаргах ажилд хяналт тавин ажиллах болно” гэлээ.
УСУГ-ы дарга С.Үнэн “Одоогийн байдлаар ТЦБ-ыг шинэчлэх, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажил хийх тендер шалгаруулсан. Үүнд Францын “Артелла Вил” гэдэг компани шалгаран, ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ оны арваннэг дүгээр сарын эхээр, зураг төсөл боловсруулж, танилцуул гэсэн чиглэл өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гарган, ТЭЗҮ боловсруулах ажил ид хийгдэж байна. Хөрсний болон гидрогеологийн судалгаа хийгдэж дууслаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, УСУГ, Францын “Артелла Вил” команитай  арваннэгдүгээр сарын эхээр, ТЭЗҮ-ийг нь хийж дуусгах тухай гурвалсан гэрээ байгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламж байгуулахад 5-6 жилийн хугацаа зарцуулна. Энэ хугацаанд ТЦБ нь маш хүнд байдалд  байх юм. Энэ хугацааг даах, үгүй хоёрыг хэлэхэд хэцүү. Иймээс шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй” гэлээ. Мөн тэрээр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ асуудалд анхаарал хандуулж, тодорхой хэмжээний хөрөнгө шийдэж өглөө. Тухайлбал, ТЭЗҮ боловсруулах ажилд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийслэл хотын хөгжил, иргэдийн эрүүл мэндийн асуудалд ТЦБ-ын техник технологийн хоцрогдол ихээхэн нөлөөлж байна” гэв.
 Франц улсаас дэмжлэг үзүүлж хөрөнгө мөнгө гарган, цэвэрлэх байгууламж байгуулахад туслах болно гэдгээ илэрхийлсэн. Францын талтай хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулахын тулд Засгийн газар хоорондын гэрээ байгуулдаг. Гэрээг УИХ-аас батлан соёрхдог. Засгийн газарт хүсэлт илгээн, Францын талаас хөнгөлөлттэй зээл авч, цэвэрлэх байгууламж барих ажлыг түргэвчлэхийн тулд ажиллана гэдгээ эрхэм гишүүн онцлон хэлсэн. Монгол хүн амны билгээр гэдэг. Дээр дурдагдсан төслүүд хэрэгжвэл, хэдэн жилийн дараа нийслэлчүүд шинэ цэвэрлэх байгууламжтай болж, “үнэр”-ийг үүрд мартах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан