Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүх хурал хойшилж, Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгч чадсангүй

Б.ШИРНЭН

Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгчээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцлоо.

Харин гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж оролцсон юм. Гэвч, шүүх хурлын явцад зайлшгүй байж мэдүүлэг өгөх ёстой гэгдэж байсан “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нар ирсэнгүй. Тиймээс шүүгдэгч болон тэдний өмгөөлч шүүх бүрэлдэхүүнд Ш.Ичинхорлоо, М.Отгонбаяр нарыг шүүх хуралд зайлшгүй байлцуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 10-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гарлаа. Мөн шүүгдэгч нарыг шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд дараагийн хурлыг Шүүхий шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд явуулахаар болсон юм.


Л.Гансүх: Гэрчийг байлцуулах шаардлагатай

Шүүх хурлын үеэр Л.Гансүх ““Багануур” компанийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлтэй байна. Учир нь, Ш.Ичинхорлоо шинжээчийн гаргасан дүгнэлт маш их зөрчилтэй. Тэр хүн өөрөө байж үүнийхээ учрыг олох хэрэгтэй. Отгонбаярын хувьд гүйцэтгэх удирдлага. Бүгдийг хариуцах ёстой байтал гэрчээр байцаахдаа чиглүүлэн тодорхой хэмжээнд удирдаж байсан асуулт байдаг. Тиймээс  түүнийг мөн гэрчээр байлцуулах хүсэлтэй байна” гэлээ.


Ц.Баасандорж: Шүүх бүрэлдэхүүнд харамсч байна

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарыг цагдан хорих шийдвэр гаргасны дараа өмгөөлөгч Ц.Баасандорж “Хэрэгт саад учруулсан, оргон зайлж болзошгүй үндэслэлээр хүнийг цагдан хорьдог.
Гэтэл өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцъя гэсний төлөө, шүүх өөрийнхөө дуудаж авчрах ёстой гэрчээ авчирч чадаагүйн төлөө хүнийг цагдан хорьж байна. Бид цаашид үүнийг асуудал болгон, дэвшүүлнэ. Шүүх бүрэлдэхүүнд маш их харамсаж байна” гэж мэдэгдсэн юм.


Н.АЛТАНХУЯГ: Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсныг харуулж байна

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шүүх хурал хойшилж, шүүгдэгчдийг хорих шийдвэр гаргалаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Дөнгөж сая шүүх хурал нь хойшиллоо. Энэ зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь алга болчихсон байна. Гурван удаа шүүхээс дуудахад ирээгүй байна. Мөн Багануурын уурхай хохирсон гэх зүйл ярьсан хүн нь ирсэнгүй.  Энэ хүмүүс байхгүй учир өнөөдрийн шүүх хурал хойшилж байна. Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харуулж байгаа.

-Шинэчлэлийн Зас­гийн газрын хүрээнд хэрэг­жүүлсэн хөтөлбөр өнөөдөр ийм асуудал үүсгэхэд хүр­гэлээ. Таны бодлоор “Нүүрс” хөтөлбөр үнэхээр алдаатай байсан уу?
-Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гурван сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд гурван том зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлж, тэднийхээ халаа­санд үлддэг мөнгийг нэмэг­дүүлье, ажилтай орлоготой болоход нь тусалъя гэсэн чухал хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилгаж, хээл хахууль, хүнд суртлыг зогсооё гэж маш идэвхтэй ажилласан. Гэтэл үүнийхээ горыг өнөөдөр амсч байна. Гуравдугаарт, том бүтээн байгуулалт хийе гэсэн. Маш олон хүний хүчин зүтгэл дэмжлэгээр үүнийг хангалттай сайхан хийж чадсан. Тэгвэл ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлж, гарч байгаа зарлагыг нь багасгах зорилттой ажлын нэг бол “Нүүрс” хөтөлбөр шүү дээ. Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн зүйл хийсэн.

-”Нүүрс” хөтөлбөрийн талаар илүү дэлгэрүүлэхгүй юу?
-2012 оны арваннэгдүгээр сард буюу өвлийн хүйтэн болж байх үед хэрэгжсэн хөтөлбөр. Хэрэглэгчийн “11-11” утсанд иргэдээс маш их санал ирсэн. Тодруулбал, иргэдээс өвөл болж хүйтрэхээр нүүрсний үнэ огцом өсч, дийлдэхээ болилоо. Үүнд Засгийн газар арга хэмжээ аваач ээ, гэдэг саналууд зонхилсон. Бид энэ асуудлыг судлаад М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ярилцаж үзээд 200 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 80-100 мянган төгрөг болгох боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очих нүүрсний үнийг хоёр дахин багасгаж болох юм байна гэсэн судалгааг гаргасан. Жишээлбэл, таван тонн нүүрсийг 200 мянгаар авахаар сая төгрөг болж байгаа. Сая төгрөгийг хоёр дахин багасгаж 500 мянган төгрөгөөр машин нүүрс авах боломжийг л бид бүрдүүлсэн. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил. Мөнгө гаргаж хийдэг ажил биш” гэх лоозонгийнхоо дагуу сэтгэл, зүтгэл гаргаж хийсэн ажил байсан. Нүүрсний уурхай, төмөр зам, ачиж буулгадаг хүмүүс, портерын жолооч, хорооны иргэд гээд маш олон хүнээс хамаарсан ажил байсан учир Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхээр удирдуулаад зохион байгуулсан. Гансүх бол гарын үсэг зурж мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэр Н.Алтанхуяг, Засгийн газрын гаргасан шийдвэр.

-Багануурын нүүрсний уурхай ашиггүй ажиллаж, алдагдалд орсон гэх зүйл яригдаж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Багануурын нүүрсний уурхай ашигтай ажиллаж, зах зээлд шилжсэнээс хойш анх удаа ажилчдадаа таван сарын урамшуулал цалин өгч байсан. Бид уг уурхайд 18 тэрбум төгрөгийн зээл олгож дэмжсэн. Мөн Багануурын нүүрсний уурхайг тойруулж хууль бусаар өмчлөөд авчихсан олон газрыг хүчингүй болгож байсан. Ингэснээр тус нүүрсний уурхайн нөөц нэмэгдсэн. Хүчингүй болгосон лицензийг нь сэргээж тусалсан. Ингэснээр Багануурын нүүрсний уурхай ашигтай ажилласан. Тэгэхээр энэ “Нүүрс” хөтөлбөр ард иргэдэд, Багануурын нүүрсний уурхайд ч ашигтай байсан гэж хэлж болно. Багануурын нүүрсний уурхайн тухайн үеийн удирдлага нүүрсээ гэр хороололд 27500 төгрөгөөр борлуулснаараа жилдээ тэрбум төгрөгийн ашиг олноо гэдгээ нотолж байсан бичлэг ч надад байгаа шүү.

-Бүгд сэтгэл хангалуун, хохирогчгүй байхад яагаад Л.Гансүх ийм хэрэгт холбогдсон гэж та бодож байна?
-Цэвэр улс төрийн  зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг. Ер нь, иргэд мэдэж байгаа байх. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Яахав, бид чөмгөө дундартал зүтгэсэн. Гэтэл ерөөсөө л Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс байсан. Би ард түмний ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртсөн. Манай охинд хүртэл хэрэг үүсгэж байсан. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн. Ийм л байна. Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй зургаан сар шоронд сууж байна. Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа. Тэднийг ч бас зургаан сар хорьсон. Гэвч өнөөдөр тэднийг гэм буруугүй, нүүрсний хэрэгт холбоогүй гээд сууж байна. Залуу хүүхдийг аваачиж шоронд 5-6 сар хорьчихоод шоронгоос гаргахдаа холбогдолгүй юм байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Тэгснээ бүр болоогүй дахиад татварын гээд өөр хэрэг үүсгэчихэж. Энэ бол ерөөсөө улс төрийн зорилготой. Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцъё гэж шийдсэн.

-Дараагийн шүүх хуралд мөн гэрчээр оролцоно биз дээ?
-Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170 мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй. Монголынхоо төлөө юм хийж болдоггүй, нам дамнасан хэдэн хүний төлөө ажиллах хэрэгтэй болж байгаа юм уу. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерын жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан. Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж цагаадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгийн нүүрсийг 80 мянган төгрөг болгосон хүн  цагаатгагдахгүй бол байж болохгүй зүйл. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх.

-Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарладаг зүйл сүүлийн үед их ажиглагдах болж?
-Монголд ардчилсан хувьсгал гарч ирж байхад хууль хяналтын байгууллага тусдаа үйл ажиллагаа явуулах, хууль тогтоодог байгууллага нь тусдаа, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллага нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ байдал замбараагаа алдаж байна. Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж зохиомол хилс хэрэг их хийдэг болж. Гансүхийг бараг бариагүй байхдаа л мөнгө идсэн гэж ярьж байсан. Хүний гэм буруутай нь огт тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Төрийн байгууллага цөөн хүний гарт байна. Авлигын асуудлаар том акулуудтайгаа ноцолддоггүй. Тэгсэн хэрнээ авлига байна гээд өөр бусад хүмүүсийг шоронд хийдэг. Үнэхээр харамсч байна. Дахиад л Гансүхийг шоронд аваачаад хийнэ гэдэг Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсныг харуулж байна. АТГ анхнаасаа энэ хүнийг хэрэгтэн болгох гэж олон түмэнд мэдээлэл тараасан.

-Улс төрийн зорилготой гэдгийг та ямар үндэслэлээр хэлж байна?
-Улс төрийн зорилготой гэж би улайм цайм хэлээд байгаагийн учир манай Засгийн газар арваннэгдүгээр сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл өмнөх өдөр нь АТГ-ынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх маш их хэмжээний хохирол учруулсан гэж албан ёсоор ард түмэнд хэлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд давхар дээл гаргаж ирж, энэ нь уначихаар  Гансүхийн асуудлыг босгож ирсэн. Улмаар Гансүхийг гурван сар хорьж тарчлаан тамалсан. Гансүхтэй холбоотойгоор таван хүүхдийг зургаан сар шоронд тамалсан. Шорон гэдэг амралт биш. Хүнийг сэтгэл санаа бие махбодь бүх зүйлээр нь дарладаг. Үүнээс болж Гансүх хуруугаа хүртэл тайруулсан. Одоо бол Монголд юм хэрээс хэтэрч байна. “Даварсаар даварсаар давгийн оронд” гэгчээр гадаадын байгууллагыг хүртэл энэ будлиандаа оруулж УИХ, гишүүний үйл ажиллагааг шүүмжлүүлдэг болж байна. Би үүнийг эсэргүүцэж бичиг өгсөн. Ер нь УИХ-ын хууль тогтоож байгаа үйл ажиллагаанд гадны байгууллага оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчид нөлөөлөх гэсэн нь буруу гэж би хэлсэн. Тэгсэн тэд “Бид буруу зүйл хийжээ” гээд уучлал хүссэн.

0 Сэтгэгдэл
Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харуулж байгаа.
Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харуулж байгаа.
Хамгийн их уншсан