Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Гомбосүрэн: энгэрээ гоёсон одон медалиуд минь хүч хөдөлмөр, нэр төрийг минь илтгэнэ

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдаас цөөн хүн үлдсэний нэг нь Сандагийн Гомбосүрэн. Өдгөө нас сүүдэр 90 хол гарсан тэрээр дайны дараа Зэвсэт хүчин, төмөр замд ажиллаж байгаад гавьяандаа гарсан нэгэн. Нэгэн зууны түүхийг хүүрнэн өгүүлж чадах амьд хууч болсон түүнийг чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тохиулдуулж урьж ярилцлаа.

-Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайч­даас гарын арван хуруунд тоологдох хэдхэн хүн үлдэж. Энэ хүмүүсийн нэг болохын хувьд таныг өнгөрсөн 70 жи­лийн түүх, дайны он жи­лүүдийг өгүүлж чадах амьд хууч гэж болно?
-Нарийн сайн мэдэхгүй ч ёстой л гарын арван хуруунд тоологдох цөөн хэдэн хөгшин үлдээ биз. Бүгд 90 гарсан хөгшчүүл байгаа байх. Чөлөөлөх дайн өчигдөрхөн болсон мэт санагдавч үнэндээ 70 жил өнгөрчихөж. Цаг хугацаа яасан ч хурдан юм.

-Таныг Монгол Улсын баатар, хурандаа Д.Нянтай­сүрэнгийн ангид хуягтын жолооч байсан гэж сонссон?
-Яг ч жолооч биш л дээ. Би салаан дарга байсан юм. Одоогийн Замын-Үүд Эрээний чиглэлд манай анги давшихад танкийн баталионы гуравдугаар ротын гуравдугаар салаан даргаар явж байлаа.

-Аль нутаг усны хүн бэ, хэдэн онд цэрэгт татагдав?
-Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул. 1941 онд Улаанбаатарт, хуучин Модны хоёрдугаар үйлдвэрийн тэнд Сүхбаатарын сургууль гэж байхад цэргийн ерөнхий сургуульд элсч төгсөөд Лхаг­васүрэн генералын ту­шаа­­лаар 1945 оны намар Нян­тай­сүрэн генералын ангид ху­ваа­рилагдсан юм. Ингэж л анх цэрэгт татагдаж байлаа. Ер нь, миний амьдралын гараа ар­ми, зэвсэгт хүчнээс эхэлсэн гэж болно.

-Дайны үеийн тухай дурсаач. Таны дурсамжид ер нь яаж үлдсэн байх юм. Тухайн үеийн нийгэм, монголчуудын аж амьдрал ямар байв?
-Тэр үед Япон, Монгол руу их довтолж байсан юм. Тиймдээ ч цаг үе хааш эргэх тухай элдэв таамаглал их байв. Дайн самуунтай цөөнгүй жил өн­гөрсөн болохоор тогтуун тай­ван байхгүй нь мэдээж шүү дээ.
Намайг тулалдааны тал­барт очиход нөхцөл байдал хүнд байлаа. Япон үе үе гэ­нэ­тийн дайралт хийнэ. Жанч­хүүгийн давааны тэнд Японы нэг айхтар бэхлэлт байж билээ. Тэр ямар учиртай бэхлэлт вэ гэвэл манай талын давшилтыг оруулахгүй байх үндсэн үүрэг чиглэлтэй, дайс­ны чухал байрлалуудын нэг.

-Гол тулалдаанууд ихэвч­лэн намар болсон шүү дээ. Таны хувьд хуягтын са­лаа ахалж явж. Халуун на­ранд, говьд хуягт машинд сууж явна гэдэг зууханд сууж байгаатай адил байна биз?
-Танк ямар байдгийг мэдэхгүй юм. Ямартай ч хуягт машин арван см орчим зузаан төмрөөр хуяглагдсан байдаг. Тиймдээ ч хэчнээн халуун нар шатаад нэвт халааж чадахгүй. Халсан ч өнгөн хэсэг нь л хална.

-Манай зэвсэглэл, тех­ник, хүн хүч хэр байв?
-Тийм ч сайн байгаагүй. Хуягт машин л голдуу байсан даа. Хуягт машин гэдэг нь ачааны машин дээр зэвсэглэсэн хуяг нөмөргөөд тавьчихсан гэсэн үг. Нэг ёсны байлдааны зориулалт бүхий ачааны тэрэг. 45 мм-ийн хөнгөн их буу, пулмёттой. Тухайн үеийн Оросын зэвсэг л дээ. Дайны жилүүдэд хамгийн ихээр үйлдвэрлэгдэж байсан, үр ашиг ихтэй, хурдтай хамгийн шалгарсан өөрөө явагч техник байсан гэж болно.
Ер нь, дэлхийн нэгдүгээр дайнаас ч өмнө Англи, Франц зэрэг улс анх цэргийн зэвсэг­лэлээр танк бүтээж эхэлсэн. Тухайн үед герман, оросууд нүсэр том төмрийг нэг их ойшоогоогүй юм гэдэг.  Гэтэл явж явж нэгдүгээр дайны үед танк шинэ үеийн зэвсэг болох нь нотлогдож герман, оросууд ч танк үйлдвэрлэх болсон. Мэдээж эхэн үедээ гадны танкнаас санаа авч шууд хуулбарлаж байсан ч гэж болно. Жишээ нь, оросууд Францын танкнаас санаа авч анхны танкаа үйлдвэрлэсэн гэдэг. Гэвч оросуудын танк, хуягт үйлдвэрлэлийн хөгжлийн хурд удаан байсан. Тиймдээ ч Т-34 хожуу гарч ирсэн болов уу. Харин Германы хувьд танк үйлдвэрлэлд хурдацтай байлаа. Япон, Герман хоёр холбоотон байсан болоод тэр үү Японы зэвсэглэл тухайд үед илүү байсан. Онгоц ч тэр ялгаагүй. Хурд, тооны хувьд хамаагүй илүү байсан гэж ойлгодог.

-Та хуягт танкиндаа л үүрэг гүйцэтгэж явсан уу?
-Тийм, гурван хуягт нийлж нэг бригад, салаа болно. Түүнийг нэг хүн ахалдаг. Миний хувьд салаан дарга байсан болохоор өөрийнхөө хуягт дээр дагуул хоёрыг тулалдааны үед удирдан чиглүүлэх үүрэгтэй. Нийт 20 орчим хүн ахална гэсэн үг.

-Нэг хуягт хэдэн хүний бүрэлдэхүүн, экипажтай байв?
-Нэг хуягтад танкийн дарга, буудагч, сумлагч, механик, пулемётчин гээд таван хүний бүрэлдэхүүн багтана.

-Дайны дараа хаана ямар ажил алба эрхэлж байв?
-Дайны дараа армидаа арав гаруй жил ажилласан. Нөгөө л танктай холбоотой ажил албаа хийж байгаад орон тоо нь цомхотголоор халагд­сан юм. Дараа нь төмөр замд вагоны машинист хийх болсон доо. 25 жил машинист хийгээд тэтгэвэрт суусан.

-Одоо амьдарч буй орон сууц чинь төмөр замын саарал байрнуудын нэг шүү дээ. Энэ байрандаа төмөр замд ажиллаж байхдаа орсон уу?
-Тийм, 25 жил ган зам дагаж явсан хөдөлмөрийг минь үнэлсэн хэрэг.

-Чөлөөлөх дайнд орол­цож мөн 25 жил төмөр замд ажиллаж. Энэ их гавьяа, хүч хөдөлмөрийг тань төр хэрхэн үнэлэв?
-Энийг л өгсөн дөө. /энгэрээ заав/ Одон медаль л өгөөд байдаг шүү. /инээв/ Гэхдээ алт биш ч энгэрээ гоёсон энэ медалиуд хүч хөдөлмөр, нэр төрийг минь гэрчилдэг гэж боддог. Эх орноо хамгаалж явсан гээд хэнээс ч юу ч нэхээгүй. Гагцхүү хийх ёстой зүйлээ хийж, хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж боддог.

-Та байлдааны гавьяаны одонтой мөн гурван ч таван жилийн гавшгайч болж байсан юм байна. Бид ялав медаль ч харагдаж байна. Энэ олон медалийн хамгийн их үнэ цэнээр олдсон нь аль нь вэ?
-Бид ялав мөн Хүндэт төмөр замчин хоёр надад хөлс хүчээ урсгаж байж олдсон гэж болно. 25 жил төмөр замд ажиллана гэдэг урт хугацаа. Төмөр замын ажил тийм ч амар хялбар биш. Тиймдээ ч энэ хоёр одондоо хайртай.

-Та тэгэхээр Зэвсэгт хүчин, төмөр зам гээд хоёр том салбарт л зүтгэжээ?
-Төмөр замд суудал, ачаа тээвэр гээд аль алинд нь ажиллаж байлаа. Ихэвчлэн ачаанд явж байсан даа. А цэгээс Б цэг хүртэл 20 минут яв гэвэл илүү дутуугүй 20 минут л явах ёстой. Хэрэв хугацаандаа хүрэхгүй хоцорчихвол асуудалд орно, шуурхай зөвлөлгөөнөөр авч хэлэлцэнэ.Түүнчлэн дээр үед мал их дайруулдаг байлаа. Ялангуяа тэмээ, үхэр их дайруулна. Үдэш орой вагоны гэрэл бараадаад ирчихдэг юмуу зам дээр зогсч байна. Тухайн үед төмөр зам дөнгөж тавигдаад тусгаарлах хашаа хороо гэхээр юмгүй байсан биз. Тэмээ дайруулах аюултай. Хэрэв зам төмөр, дугуй хоёрын хороонд орвол вагон замаас гарах ч аюултай. Тиймээс тэмээ, үхэр дайруулбал зогсохоос өөр аргагүй.

-Нэг нь бууддаггүй л болохоос вагон, танк хоёр техник талаасаа нэг их ялгаагүй байх. Тиймдээ ч та төмөр замд орсон хэрэг үү?
-Ер нь тийм. Хуягт танк дизель хөдөлгүүртэй, вагон ч мөн адил дизелиэр ажиллана. Энийг нь бодож армиас халагдаад төмөр замын зүтгүүрийн депод орсон юм.

-Хоёулаа эргээд дайны тухай яриндаа ороё. Таны оролцсон хамгийн том тулалдаан хаана, хэдийд болж байв?
-Намайг Нянтайсүрэн ху­ран­даагийн ангид хуваа­ри­лагдан очиход оросууд хил дагуу байсан юм. Ер нь хамгийн чухал хийгээд том тулаан болсон газар бол нөгөөх Жанчхүүгийн даваанд байрлаж байсан Японы бэхлэлт. Тэр бэхлэлт рүү давшиж байхад өмнөөс жижигхэн нүхээр их буу, пулемёт гаргачихсан галлаад байдаг. Манайхан тэр нүх рүү нь дэлбэрдэг сум, гар бөмбөг оруулах гээд ойртож чадахгүй. Харин дайсан бол алган дээр дэлгэсэн мэт харж байгаа учир сайн буудна.

-Мэдээж тулалдааны гол цэг, дайсны хамгийн чухал байрлалуудын нэг байсны хувьд нүсэр том байгууламж байсан байх?
-Тийм шүү, миний мэдэхээр 400 хүн дөрвөн жил орчим барьж босгосон гэдэг юм билээ. Тэр хүмүүсийг дараа бүгдийг нь устгасан гэдэг. Бодвол цэргийн нууц болоод тэр биз. Хэмжээ дамжааны хувьд өргөөшөө 60 гаруй метр байсан гэхээр том байгаа биз. Тэгээд голдоо дүүрэн шавартай. Шавар руу нь хуягт яваад орчихвол наашаа ч үгүй цаашаа ч үгүй. Угтаа тэр шаврыг гаталж байж дайсны бэхлэлт рүү ойртох юм. Би бүх л үед хуягтайгаа явж байсан. Яахав, барааны газар дөхөж очсон ч явганаар тийш нэвтрээгүй юм. Манай хуягтын урд явган цэрэг давшиж орсон болохоор араас нь галаар хамгаалах үүрэгтэй тэр тулаанд орж байлаа.

-Бэхлэлт рүү хэрхэн нэвтэрсэн юм бол. Нөгөө шаврыг яаж гаталсан бэ?
-Хуягтуудаа шууд оруулчихаагүй л дээ. Хэрэв шаварт ороод суучихсан бол хэдэн талаас галаар бөмбөгдөх байсан. Харин явган цэргүүд нөгөө шаврыг зузаан материалтай даавуу шиг юмаар гүүр маягийн зүйл хийж байж давж гарсан юм. Шавартай хонхорын хоёр талд нөгөө даавуугаа бэхэлж татаад цэргүүд өнхрөөд гарч байсныг би санаж байна. Тэгэж байж сая нэг бэхлэлтийг нь сэтэлж орсон доо.

-Тэндээс багагүй зэвсэг техник олзолсон байх. Мөн амьд хэл?
-Хуягт танкийн бүхэл бүтэн бригад олзолсон юм. Хүн амьтан яасныг сайн мэдэхгүй ээ. Ямартай ч зэр зэвсэг их байсан гэдэг юм билээ.

-Хэрэв Япончууд манайд ороод ирчихсэн бол яах бай­сан бол гэж бодогддог уу?
-Одоо үед бол ашигтай тусах байсан биз. /инээв/ Анзаараад байхад дайн тулаан болж ард түмэн нь зовж, өлсч үзсэн улс орон хурдан хөгжиж дэвждэг юм шиг. Колони байсан улсууд ч өнөөдөр өндөр хөгжил цэцэглэлттэй байна. Яахав, чиний хэлдгээр Япон орж ирээд суучихсан бол монгол хүн үгүй болчихоогүй байхад өдийд өндөр хөгжсөн орон байх биз. Гэвч хөгжил дэвшлээс илүү үнэ цэнэтэй зүйл бол тусгаар тогтнол.

-Тийм шүү. Та бүхний тэмцэж, байлдаж олж авсан энэ тусгаар тогтнол, нийгэм цаг үеийг одоо харахад ямар санагдах юм?
-Одоо хамгаалах л хэрэгтэй. Хамгаална гэхээр хэн нэгнийг чичлээд байх биш. Тэгээд ч одоо дайн болдгоосоо өнгөрсөн. Зэр зэвсгээр дэлхийг эзлэнэ, байлдана гэдэг ард хоцорсон зүйл. Хэн хийж, бүтээж үйлдвэрлэж байгаа нь өнөөгийн өлсгөлөн ертөнцийн судсыг атгаж байгаа юм шиг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан