Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Энэ парламент Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй”

Б.ШИРНЭН

МАН-ынхан “Үндэсний зөвшилцөл” нэртэй улс төрийн намуудын дарга болоод Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) нарын нээлттэй уулзалтыг зохион байгууллаа. Энэ уулзалтад УИХ-д суудалгүй 17 намаас гадна УИХ-д суудалтай АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН гээд бие даагчдаас бусад төлөөлөл ирсэн байв. МАН-ын зүгээс уулзалтыг хаалттай буюу сэтгүүлчгүйгээр явуулахыг хүссэн ч зарим нам эрс эсэргүүцэж түүнийг нь 22 намуудын төлөөлөл алга нижигнүүлэн дэмжсэнээр уулзалт сэтгүүлчдэд нээлттэй эхлэв. Ингээд сайн муу, сайхан муухайгаараа дуудалцсан уулзалт гурван цаг гаруй үргэлжиллээ. Энэ хугацаанд уулзалтад оролцсон 22 намын 19 нь ямар нэг байдлаар санал бодлоо хуваалцаж, эцэст нь эрх баригчид шүүрэн шанага шиг болж хоцров. Эрх баригч намын зангараг, уулзалт зохион байгуулж байгаа сөрөг хүчний байр суурь гээд аль нь ч ялгаагүй, УИХ-д суудалгүй намуудын шүүмжлэлийг чихээ халууцуулан сонслоо. Ганц хоёр ч биш цугласан 17 сөрөг хүчин тэр чигтээ өнөөгийн эрх баригчдыг шүүмжилж, буруутгаж, хуруугаараа чичилж байгаа нь энэ парламентын нэр хүнд шалдаа буусны бас нэг жишээ ч байж болох юм.

Хэдийгээр УИХ-д суудалгүй намуудын дунд хэвлэлийнхний өмнө ярих, амбийцлах сонирхолтой нь дийлэнх ч асуудлын цөм рүү орж, чухал асуудал дэвшүүлэх нь ч байсан. Ингээд бодохоор УИХ-д суудалгүй гэдэг нийтлэг шинжээрээ шүүмжилсэн бус үнэхээр энэ парламентын нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдарч байгааг үгүйсгэх боломж олдсонгүй. Одоогийн засаглалын хаанаас л бол хаанаас өө харж, хэн дуртай нь шүүмжилж болох түвшинд чадамжаа алдсан гэдгийг ойлгуулсан УИХ-д суудалгүй намууд хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг эрх баригчдад харин ч нэг сануулах шиг болов. Ингээд гурван цаг гаруйн дараа ганцхан асуудал тодорхой болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламентаар хийлгэхгүй байх нэгдсэн сонирхол байв. Учир нь тэд энэ удаагийн парламент чадамжгүй гэж үзжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн талаар ярилцсан юм.


МҮАН-ын дарга М.Энхсайхан

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарсан нь төрийн дээр нам гарсантай холбоотой. Төрийн дээр нам гарах үндсэн нөхцөл нь ганц танхимтай парламентаар дамжсан явдал. Тиймээс хоёр танхимтай парламентгүйгээр төрийн дээр нам гарсан явдал арилахгүй. Хоёрдугаарт, төр эзэнтэй байх ёстой. Бид завсрын байж болохгүй байна. Тиймээс энэ асуудлаар санал солилцоход манай нам бэлэн байна. Гэхдээ энэ УИХ, өөрийнх нь цаг хугацаа, чадамжийг харвал Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадваргүй байгаа. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүтэхгүй гэж харж байна.

АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр

Бид хоорондоо ингэж ярилцаж байгаагүй учраас нэлээн ширүүн дориун байна. Монголынхоо хилийг гараад явахаар АН-ын Эрхэмбаяр, МАН-ын Энхболд гэхгүй шүү дээ. Нэг л улс оронтой, нэг л зүйлийн төлөө явж байгаа гэдэг нь хамгийн том философи гэж би ойлгодог. Ер нь бол, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж ихэнх гишүүн үзэж байгаа. Учир нь, үнэхээр Засгийн газрын сайдыг 77 хүн огцруулах бүрэн боломжтой, ажлыг нь хийлгэхгүй байна. Ямар нэг хурал дээр “Чи намайг ингэсэн. Би чамайг огцруулах тогтоол өргөнө барина” гэж сонсогдож л байна. Гэхдээ энэ хувь хүнээс биш тогтолцооноос үүдэлтэй гэж би харж байгаа. 76 хүн бүгдээрээ сайдыг өргөн барих эрхтэй. Учир нь, үндсэн ажлаа хийхээс илүү өөрийн гэсэн сайдтай болох гээд байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үндсэн ажлаа хийдэг УИХ-тай болох нь зөв. Үндсэн хуульд байгаа эрх нь тэр. Засгийн газар өөрийн эрх мэдлийн дагуу ажиллаж чадахгүй байгаа учраас эргэж харах ёстой. Хоёрдугаарт, орон нутагт хэтэрхий их улстөржиж байна. Тиймээс манай нам орон нутгийн сонгуульд буюу иргэдийн хуралд намууд нэр дэвшихийг дэмжихгүй байр суурьтай байгаа. Гэхдээ энэ асуудлыг Үндсэн хуульд гар хүрч байж л шийднэ.
Сонгуулийн тухай хуулийн тухайд зайлшгүй хийх шаардлагатай зүйл байгаа нь нэгдсэн Сонгуулийн хуультай болох тухай. Дотроо орон нутаг, Ерөнхийлөгчийн зэрэг бүлэгтэй байхаар бодож байгаа. Мөн энэ Сонгуулийн тухай хуулиар орон нутагт улстөрждөг байдлыг зогсоох хэрэгтэй. Юун тулд Иргэдийн төлөөлөгч гэдэг билээ. Намуудын төлөөлөгч биш шүү, уг нь.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг

Монгол Улс засаглалын гүн гүнзгий хямралд орсон гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс гарах гол арга нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал. 1990 оноос өмнө нам төвтэй төрийн тогтолцоотой байсан. Гэтэл сүүлийн үед бүлэглэл төвтэй тогтолцоо руу улс орон явж байна. Улс төрийн нам дотор бүлэглэл байрлаж байгаа мөртлөө бодлогын хувьд дээр нь байна. УИХ Монгол төрийн эрх барих дээд байгууллага гэснээс болж гишүүд хүртэл би төр гэж ярьдаг болсон. Тиймээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэртэй байдал алдагдаж байна. Энэ асуудлыг шийдэхгүйгээр зөв засаглал бий болгох боломжгүй.

Эх орон намын ЕНБД И.Эрдэнэбаатар

Сүүлийн хэдэн жил гайгүй боллоо гэж хэлж чадахгүй байгаа зүйл нь улс төр, улстөрчдийн төлөвшилтэй холбогдсон Улс төрийн намын тухай хууль. Сонгуулийн маргаан дараагийн сонгууль хүртэл яригдаж байна. МАН өөрсдөө төрийн эрх барьж байх үедээ энэ асуудлыг яриад явсан бол гол цөм нь болох байсан. Гэхдээ одоо ч хожигдсон юм алга. Манай нам сонгуулийн пропорциональ тогтолцоотой байх ёстой гэж үздэг. Харин одоогийн улстөрчдийн байгаа байдал, парламентын чадамжийг харвал, холимог тогтолцоогоо яваа яваандаа  пропорциональ болгох ёстой гэж үзэж байна. Мажоритар систем нь маш өндөр зардалтай байдаг. Шүүхдэж байгаад УИХ-д орж ирдэг байж болохгүй.

Хамуг Монгол хөдөлмөрийн намын ЕНБД Б.Одсүрэн

Монголын ирээдүйн сайн сайхны төлөө гэхээс илүү өөрсдийн эрх ашгийг хамгаалсан хуульд УИХ хамаг цагаа үрж байна. Хөндлөнгөөс харахад дэндүү байна. Хэдийгээр УИХ гишүүнд намаас нэр дэвшдэг ч ард түмний төлөөлөл гэдгээ бас санаж байх ёстой. Тиймээс одоогийн парламент Үндсэн хуульд оруулсан 2000 оны долоон өөрчлөлтийг л болиулах хэрэгтэй. Тэгээд үлдсэн асуудлаа дараагийн парламентад үлдээж, хэлэлцүүлэх ёстой.

Иргэний хөдөлгөөний намын ЕНБД Д.Сүхжаргалмаа

Хоёр, гуравхан цагт Үндсэн хуулийг ярьдаггүй. Тийм юм байхгүй, байх ч үгүй. Хоёр том нам нь луйвардаж, өөрийн эрх ашгаа хамгаалж, сонгууль зохион байгуулж ирсэн. Засаг төр болохоо больсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Олон улсын ойлголтод хуучнаар нурсан төр гэж ярьдаг байсан. Одоо хэврэг төр гэдэг болсон. Манай Монголд хэврэг төрийн шинж илэрч эхэлсэн. Манай улсад ёс суртахуун гэдгийг ч авч хэлэлцэхээ больсон. Тиймээс одоогийн УИХ-д Үндсэн хуулийг 1992 оных шиг нь өөрчилж өгөхийг  зөвшөөрч байна. Харин Үндсэн хуульд байдаг янз бүрийн ойлголт, үзэл баримтлалын асуудлыг дараагийн арай цэвэр УИХ-д үлдээх ёстой.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан

Олон хууль ярьж болно. Зарим хаа хамаагүй өвөлжилт яриад байгаа нөхрийг Шадар сайдаар тавих хэрэгтэй. Энэ хэд чинь сайдаа тавьж чадахгүй байгаа биз дээ. Сүүлийн хоёр сонгуульд би Сонгинорхайрханд нэр дэвшиж байсан. Тэнд юу болж байсныг би харж л байсан. Бүгд найрамдах намын дарга сонгуулиар нэр дэвшээд гараад ирэх юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм байна, ямар ч хамаагүй үнэ цэнээр Оюуныг оймс, бандааш тараалгаж байгаад гаргачих гээд гаргаж байсан, Баяр гэдэг хүн. Өнгөрсөн сонгуулиар Ц.Элбэгдоржид гай болж магадгүй гээд Эрдэнэчимэг гээд аналгин, аспирин зардаг хүүхнийг гаргачихсан. Одоо сонгуулийг ингээд л хүслээрээ шийддэг болсон. Гэтэл бид энд том, том философи яриад байна. Үнэндээ хоёр дурак хоорондоо яриад л шийдэж байгаа. Гэхдээ одоо иргэд тийм биш болсон. Шинэ эрин үе ирсэн байна. Улстөрчид хоцрогдсон. АН-аас ч МАН-аас мөнгө хөрөнгөтэй болсон нь тэрийгээ үрээд явах хэрэгтэй. Би саяхан баруун аймгуудаар яваад ирсэн. Ажилгүй байна залуучууд. Тэр чигээрээ ажилгүй. Засаг дарга нар нь найр наадам хийсэн, торгон дээл, том чулуу өвөртөлсөн нөхдүүд л байна. Өөр болж байгаа юм алга даа. Намууд иргэдэд боловсрол олгоогүй байна. Хамгийн буруу зүйл бол энэ. Ядаж Сонгуулийн хуулийг ил тод, шударга болгох ёстой. Тиймээс энэ хуулийг ил тод нээлттэй болгоод өгчих. Дараа нь улс нийгмээ гоё болгох асуудлыг шинэ улс төрийн хүчнүүд бид хийнэ.   

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ

2012 оны Сонгуулийн дараа байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт би бүлгээ төлөөлж орсон. Энэ хуулийн төсөл гэхдээ урагшаа яваагүй, зогсонги байдалтай байгаа. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ч гэсэн манай бүлгээс төлөөлөл орсон. Намрын ээлжит чуулганы хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж чадах эсэхэд би эргэлзэж байгаа. Манай “Шударга ёс” эвслийн байр суурь ард түмнээсээ асууж сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт ч ялгаагүй. Ард түмний санал асуулгаар шийдэх хэрэгтэй. Хэрвээ өөрчлөлт оруулна гэвэл цаашид энэ асуудлыг ярих хэрэгтэй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан