Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр арилжааны найман банкнаас зээл авч өрөө дарна

Н.БАТ

Төр 286 аж ахуйн нэгжид өртэй байсан. Өөрөөр хэлбэл, 2008-2014 оны төсвийн тухай хуульдаа тусгасан ч тухайн жилдээ бүрэн санхүүжээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 235 төсөл арга хэмжээг вексель буюу өрийн бичгээр баталгаажуулаад байсан юм. Хэдийгээр УИХ, Засгийн газрын тогтоолоор 286 аж ахуйн нэгжид 235 төслийн мөнгийг нь гүйцээж өгнө гэсэн ч хэзээ мөнгөө өгөх вэ гэдэг нь тодорхойгүй байсан учраас эхнээсээ аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд байдалд ороод буйгаа төсөл захиалагч яам тамгын газар болоод Сангийн яаманд уламжилсаар байв. Сангийн сайдын зүгээс аж ахуйн нэгжүүдэд түр хүлээ, төр мөнгөтэй болонгуутаа өгнө, эдийн засгийн хямралтай үед бие биенээ ойлгоё хэмээн хүсэлт тавьсаар энэ зунтай золгосон. Ашгүй өнгөрсөн долдугаар сарын 30-нд Сангийн яамнаас хэвлэлийн хурал зарлан байж, 286 аж ахуйн нэгжид 160 тэрбум төгрөг олгох болсон гэв. Энэ нь төрөөс авлагатай бүхий л аж ахуйн нэгжийн өрийг барагдуулахад хүрэлцэхгүй учраас эхний ээлжинд сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн чанартай ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийг барагдуулна гэж байлаа.


“МSC”, “Алтай трейд”, “Очир төв”-ийн 70 гаруй тэрбумын векселийг хойшлуулжээ

Улс ийм хэмжээний өр барагдуулах дайтай эдийн засгийн чадвартай болчихсон гэж үү гэвэл үгүй. Арилжааны найман банкаас жилийн таван хувийн хүүтэй зээл авч, эхний ээлжинд аж ахуйн нэгжүүддээ дэм болно гэж байсан юм. Гэвч наймдугаар сарын 3-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Төсвийн байнгын хорооноос вексель бичих ажлыг зогсоож, ажлын хэсэг томилон шалгалт хийж дүгнэлт гаргана хэмээн шийдвэрлэж, Засгийн газрыг векселиэр мөнгө гаргахыг хориглосон.

Ажлын хэсгийн дүгнэлт наймдугаар сарын 21-нд гарч, гурван компаниас бусад аж ахуйн нэгж векселиэ бичүүлж санхүүжилтээ авах эрхтэй болсон аж. Сангийн яам УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ирсэн бичгийн дагуу бэлтгэл ажлаа хангаж дуусаад өчигдрөөс аж ахуйн нэгжүүдэд векселиэр мөнгийг нь олгож эхэлсэн гэдгээ мэдээллээ. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “ Өнөөдрөөс аж ахуйн нэгжүүд Сангийн яаман дээр векселиэ бичүүлээд арилжааны банкуудад хандан мөнгөө авах боломжтой. 286 аж ахуйн нэгжийн 176,1 тэрбум төгрөгийн векселиэр гар­гахаар шийдвэрлэсэн. Гурван аж ахуйн нэгж дээр шүүхээс санхүүжилт олго гэсэн шийдвэр гарч, вексель нь бичигдсэн ч УИХ-ын төсвийн байнгын хорооноос ахин нягталж байж гарга гэсэн бичиг ирсэн учраас хойшлуулсан. Бусад нь мар­гааш­­наас мөнгөө авч болно” гэв.
Гурван аж ахуйн нэгж ямар шалтгаанаар ийн мөнгөө авч чадахгүй болоод байгаа тухай яамнаас тодорхой тайлбар өгөөгүй ч “МSC”, “Алтай трейд”, “Очир төв” гэсэн гурван компани дээр асуудал үүссэн гэдгийг нуусангүй. Эдгээр гурван компанид нийт 70 тэрбум төгрөгийн санхүүжилт бий гэнэ. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр дүнтэй санхүүжилттэй компаниудыг дахин шалгах болсон бололтой.

Энэ талаар УИХ-ын Төс­вийн байнгын хороо­ны шал­­­галтын хэсгийг ахал­сан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг “Шалгалтын явцад тэр дотор Шүүхийн шийдвэр гүй­цэтгэлийн газраас ирсэн нэлээн томоохон дүндтэй векселиүд байгаа. Төсөвт суугаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр ирсэн тухайн ажлыг 2016 оны төсөвт суулгаж байж олгох ёстой гэсэн хуулийн зохицуулалт байдаг юм билээ” хэмээн ярьсан байдаг. 280-аад аж ахуйн нэгжид 170 –аад тэрбум төгрөгийн вексель гаргана гэж байснаас үзвэл нийт мөнгөний бараг 40 хувь нь гуравхан аж ахуйн нэгжид ногдож буй бололтой.

Хэрвээ дээрх аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийд­вэр­лээд мөнгийг нь олговол 2012 оноос хойш төсвийн захиал­гаар хийгдсэн аж­лын аж ахуйн нэгжид олгож чадаагүй байгаа бүх санхүү­жилтийг үндсэнд нь хамруулж чадна гэсэн үг хэмээн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга хэлэв.

Түүнээс төсвийн тодотголын талаар лавлахад “Эхний таван сарын байдлаар нийт 530 орчим тэрбум төгрөгийн орлого тасарч байна. Үүнтэй холбоотойгоор нэлээд хэмжээний зардал танах зайлшгүй шаардлага үүсч байгаа. 

Эхний ээлжинд төсөвт байгууллагуудын хасч болох бүх зардлыг танана. Нэн чухал хэрэгцээтэй биш гадаад дотоод томилолт, хурал цуглаан хийх зардлыг танана. Ажил нь эхлээгүй зарим хөрөнгө оруулалтын ажил, тендер нь зарлагдаагүй, газрын асуудалтай гэх мэт ажил нь хийгдэхээргүй болсон хөрөнгө оруулалтыг хасахаар төлөвлөж байгаа. Цалин тэтгэвэр хоол унааны мөнгөнд хүрэхгүй” гэсэн хариулт өгөв.

Гар дээрээ мөнгө тавьж үзэх аж ахуйн нэгж ховор

Төрөөс өрөө авах компанийн захирлуудтай уул­заад ингэж бодоход хүрэв. Сангийн яамны үүдэнд “Векселиэ бичүүлж мөнгөө авах болсондоо Засгийн га­зар­­таа талархаж байна аа” гэх хоёр компанийн захи­ралтай таарч зарим нэг зүй­лийг тодруулж лавласан юм.

“ПГС” компанийн захи­рал Ж.Цэрэндорж “Манай ком­пани ЭМШУИС-ийн өргөт­­гө­­лийн барилгыг барьж захиалагч БСШУЯ-нд 2013 оны арванхоёрдугаар сард хүлээлгэж өгсөн. 1,97 тэрбум төгрөгийн ажил. 1,7 тэрбумыг нь аваад 270,3 сая төгрөг авах гээд бараг хоёр жил болчихлоо. БСШУЯ, БХБ-ын яам гээд холбогдох бүхий л газраар нотлогдсон гүйцэтгэл байгаа. Энэ гүйцэтгэлээ өнөөдөр авахаар болж, векселиэ бичүүлсэндээ сэтгэл жаахан уужирлаа. Манайх 100-гаад хүн ажилладаг. Монголчууд маань өөрсдөө л хийхгүй бол өөр хэн хийх билээ. Манай компани жилдээ 2-3 тэрбум төгрөгийн ажил хийдэг. Хийсэн ажлын санхүүжилт орохгүйгээс болж хүмүүсийнхээ цалин хөлсийг бүрэн олгож, машин техникээ ашиглаж чадахгүй байх явдал байнга давтагдаж л байна. Өнөөдөр бид банк болон банк бус санхүүгийн байгууллагад 300 гаруй сая төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл кран, урт ачааны машинуудаа банк, банк бус санхүүгийн байгууллагад тавьчихаад өөр газраас кран машин түрээсэлж, дараагийн ажлаа явуулах маягаар амьдарч байна. Энэ хугацаанд зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагын хүүнд л 50-60 сая төгрөгийн алдагдал хүлээлээ. Гэрээгээ ажлаа дуусгаад мөнгөө гүйцэт авахаар хийсэн учраас дуусгахын тулд банкнаас зээл авсан. Захиалагчийн зүгээс ч дуусга, дуусгахгүй бол гэрээний торгуульд орно гэж шахсаар байгаад барилгаа ашиглалтад хүлээгээд авчихдаг. Эцэст нь гүйцэтгэгч байгууллага л хохироод үлдсэн.  Том аж ахуйн нэгжүүд  шүүхийн шийдвэр гаргуулаад асуудлаа шийдсэн ч мань мэтийн жижиг аж ахуйн нэгжийн хувьд маш их хүлээцтэй хандаж байна. Алдагдлаа хаанаас яаж нөхөх вэ гэдгээ дотооддоо шийдэх гэж хичээж байгаа. Манай компанийн хувьд ХАС банкнаас векселиэ авахаар хуваарилагдсан байсан. Тийш нь хуваарилдаг нь бид ХАС банкнаас 300-гаад сая төгрөгийн зээл авчихсан. Ямар ч байсан өр төлбөргүй болоод хоцрох нь гэж л бодож байна”.

“Мон Марс холдинг” компа­нийн захирал Ё.Энхээ “ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 200 хүүхдийн дотуур байрны барилга барьж ашиглалтад өгсөн. Хоёр тэрбум 238 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил. Тэрнээс 570 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэнийг 2014 онд 50 хувийг нь аваад гэрээ ёсоор 2014 оныхоо намар нь барилгаа хүлээлгэж өгсөн.

Сүүлийн хоёр жил барилгын компаниуд маань ашиг гэхээсээ илүүтэй аль бо­лох ажилчдынхаа цалинг өгөөд, машин техникээ хө­дөл­­гөх төдийгөөр л үйл ажил­лагаа явуулж байна. Аль болох хаалгаа хаачихгүй л амь­дарч байна. 56 хүнийг тогт­мол ажлын байраар хан­гаж байгаа” хэмээн ярьсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан