Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Популизмгүй уул уурхай” л хөрөнгө оруулалт даллана

Л.БАТБААТАР

Улс орны эдийн засгийн хөгжилд, гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц найдвартай орчинг бүрдүүлэх нь чухал. Үүнд Төр засгийн тогтвортой байдал, хууль эрх зүйн таатай орчин, харилцагч байгууллагын найдвартай хамтын ажиллагаа зэрэг нь гол нөлөө үзүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг  шинэ технологи, өндөр ур чадвартай мэргэжилтэн, санхүүгийн нөөц зэрэг буурай орны эдийн засагт чухал хөшүүрэг болох хүчин зүйлс дагалддаг. Монгол Улсад 1992 оноос гадаадын хөрөнгө оруулалт тогтмол өссөн статистик бий. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хямрал болон улстөрчдийн популизмаас шалтгаалан, гадаадын хөрөнгө оруулалт бараг зогссон. Үүнээс үүдэн ажилгүйдэл, төгрөгийн ханшийн уналт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлт зэрэг нь төсөрхөн эдийн засагт маш хүнд дарамт болсоор. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчинг сурталчлах зорилгоор “Монголын уул уурхайн ассоциаци”-аас “ДИСКОВЕР МОНГОЛИА 2015 ПОПУЛИЗМГҮЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨ” чуулган зохион байгууллаа. Өчигдөр эхэлсэн чуулга уулзалтад гадаад, дотоодын 500 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна. Хоёр өдрийн турш гадаадын хөрөнгө оруулагчид Монголын компаниудын үйл ажиллагаатай танилцан, түнш сонгох, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаарх мэдээлэл авах юм.

Чуулганы  ач холбогдлын талаар ”Монголын уул уурхайн үндэсний ассо­циаци”-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг нэг  удаа  хийснээр эдийн засагт сайн нөлөө үзүүлдэггүй. Тодорхой давтамжтай зохион байгуулснаар үр дүнд хүрдэг. Олон жил амжилттай хэрэгжиж буй “Эрдэнэ ресурс”, “Анато майнз” зэрэг хайгуулын компанийн төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Эдгээр компани нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Ийм учраас хөрөнгө оруулагчид маш их сонирхож байгаа. Мөн дотоодын “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн өргөтгөлийн, “Эрдэнэс Таван толгой”-н метаны хийн төслүүдийг танилцууллаа. Хөрөнгө оруулагчдыг дотор нь хоёр хуваадаг. Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан болон, хөрөнгө оруулахаар судалгаа хийж буй гэж. Таван жил гаруй хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ жилээс  олгож эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ боллоо. Энэ чуулга уулзалт болсноор дотоодын компаниудын хувьцааны өсөлтөд нөлөөлөх боломж олгоно” гэв. Салбарын яамны зүгээс баримтлах бодлогын талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Уул уурхайн салбар бол маш эрсдэлтэй гэдгийг бүгд ойлгож байгаа. Хятадын зах зээлд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн үнэ буурч, төсөвт хүндрэл үзүүлж эхэллээ. Уул уурхайн яаманд хүндрэлтэй байдлыг хэрхэн давах талаар бодлого боловсруулж байна. Тодруулбал, “Төсвийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, хөдөө орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн төсөвт оруулсан татварын тодорхой хувийг орон нутгийн төсөвт шилжүүлэх болсон. Алт олборлогчдыг дэмжих тодорхой бод­лого боловсруулж байна. Хайгуулын тусгай зөвшөөр­лийг олгож эхэлснээр энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэн” гэлээ. Чуулга уулзалтад  уул уурхайн чиглэлийн олон байгууллага оролцон, санал бодлоо илэрхийлж байсан. Эдгээр байгууллагын нэг болох “Геологи уул уурхайн мэр­гэжлийн институт”-ын Ерөн­хийлөгч Д.Дамба “Хө­рөн­гө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн, бизнес эрх­лэг­чийн талд ашигтай байдлаар гарсан. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин эрх зүйн талаас эерэг. “Урт нэртэй хууль”-ийг эс тооцвол. Хуулийг хэрэгжүүлэх талаар, Төр засгийн зүгээс хангалтгүй ажиллаж байна. Саяхан  УИХ нөөц ашигласны болон лицензийн төлбөрийн тодорхой хувийг орон нутагт үлдээх шийдвэр гаргасан. Үүнийг хурдан хэрэгжүүлээсэй. Тэгвэл  орон нутгийн иргэдийн зүгээс  уул уурхайн салбарыг ад үзэж, эсэргүүцэхгүй. Өмнө нь 1990-ээд оны үед нөөц ашигласны төлбөрийг 100 хувь сумдад  өгдөг  байсан. Энэ үед уул уурхайг орон нутаг дэмжиж, ард түмэн ойлгодог байв. Өнөөдөр улсын төсөв бүрдүүлнэ гэж бүх орлого төлбөрийг хурааж аван, төсвийн цөөн төгрөгийн татаас өгч байна. Энэ нь  орон нутгаа ухуулж, байгаль орчноо сүйтгүүлсэн иргэдэд ямарч ашиггүй болохоор эсэргүүцэх нь аргагүй” гэлээ. Мөн тэрээр төр, засгийн тогтворгүй байдал нь гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхгүй байна. Ялангуяа хүчтэй популизм нөлөөлж байгаа үед. Бизнесийг  дэмжихгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Төрийн аппарат томрох тусам эдийн засаг хэврэг болдог” гэлээ.

Чуулга уулзалтад оролцож буй дотоодын компаниуд, үйл ажиллагаагаа сурталчлах, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор үзэсгэлэн гаргасан байв. Нийт 50 орчим аж ахуйн нэгж байгууллагын танилцуулгыг гадаадын хөрөнгө оруулагчид сонир­хон үзсэн гэж зохион байгуу­лагчдын зүгээс хэлж байсан. Уул уурхайн тэсэлгээний бодисыг гадаадаас өндөр үнээр худалдан авдаг. Тэгвэл энэхүү импортын бүтээгдэхүүнийг дотоодын “Мера” компани үйлдвэрлэдэг аж. Энэ талаар “Мера” компанийн Худалдаа маркетингийн газрын менежер С.Ундрам “Өрөмдлөг, тэсэлгээ, худалдаа үйлчилгээний Мера” компанийг 2001 онд байгуулсан. Олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж байна. “Энержи ресурс”, “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг аж ахуйн нэгжид тэсрэх бодис нийлүүлж, дотоодын зах зээлийн 30-40 хувийг ханган ажиллаж байна. Компанийн борлуулалтын оргил үе нь 2013 он байсан. Үүнээс хойш эдийн засгийн хямралд нэрвэгдэн борлуулалт тодорхой хувиар буурсан. Хямралын үед орон тоог цомхотгоогүй. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүд­нээс техник, технологио шинэчилж байна” гэв. Зэргэлдээх павилонд  далд уурхайн олборолт эрхэлдэг үндэсний “UNS” компани үйл ажиллагаагаа сурталчлан үзэсгэлэн гаргасан байв.  “UNS”-ийн Гүйцэтгэх захирал А.Тулгаа “ӨАБНУ-ын “Master drilling” компани нь Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгаа.  Манай далд уурхайн олборолт, инженерингийн үйл ажиллагаа эрхэлдэг “UNS” компани нь “Master drilling”-тай уул уурхайн салбарт хамтран ажиллах гэрээ хийнэ. Тус компани нь уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Зах зээлийн судалгаа хийн, хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчинтой танилцаж байна. Урьдчилсан байдлаар туршилтын журмаар 5-6 төрлийн техник оруулж ирэхээр урьдчилсан тохирол­цоонд хүрсэн. Монголын компаниуд 300 метрийн гүн хүртэл өрөмдөх хүчин чадалтай байдаг.  Тэгвэл “Master drilling” компани нь 1000 метрийн гүн хүртэл өрөмдөх чадвартай” гэв. Хөрөнгө оруулагч болох ӨАБНУ-ын “Master drilling”  компанийн Захирал Андрей Зелеы “Монгол Улсын эдийн засаг, өндөр өсөлтийн дараахь  бууралтын үедээ  байна. Төр, засгийн зүгээс  гадны хөрөнгө  татах, шинэ технологи нэвтрүүлэх, эдийн засгийн өсөлтийг буцаан сэргээх талаар хүч тавин ажиллаж буй нь анзаарагдсан.  Хууль эрх зүйн орчны талаар нарийвчилсан судалгаа хийнэ” гэлээ. Ямартай ч гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол бол буураагүй. Төрийн тогтворгүй байдлаас болгоомжлон хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайтар судлах зорилготой байгаа нь дээрх ярианаас харагдсан. Чуулга уулзалтад ач холбогдол өгөн, санхүүгийн салбараас “ХААН” банк оролцож байв. Тэрээр банкны зээлийн багц, хөнгөлөлт, журам зэрэг танилцуулгыг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Энэ тухай “ХААН” банкны Байгууллагын банкны газрын харилцааны менежер Б.Эрдэнэсүрэн “Бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, харилцагчдыг татах зорилгоор энэ чуулга уулзалтад оролцож байна. Манай байгууллагын банк нь уул уурхайн компаниудтай  харилцаатай ажилладаг. Томоохон харилцагч нарт, бага хэмжээний  хүүтэй зээл олгодог. Банкны зүгээс алт олборлогчдод зориулж хөнгөлөлттэй зээл гаргасан. Банкны хувьд эдийн засаг хүндрэхэд, харилцагч цөөрдөггүй. Харин зээлийн хугацааг сунгуулах тохиолдол их гарч байна” гэлээ. Эдийн засгийн хямралтай үед хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон үйл явдал болсон. Энэ боломжийг ашиглан хөрөнгө оруулалтыг хэрхэн татах нь бодлого боловсруулагчид болон бизнесийн салбарынхны мэдлэг чадвар, овсгоо самбаанаас хамаарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан