Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ган-Өлзий: Намайг хөтлөгч ганцхан зүйл нь хүсэл сонирхол

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Уншигч та одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу. Өглөө гараад үдэш ирдэг ажилдаа дуртай эсэх, цалингаас цалингийн хооронд үргэлжлэх зав чөлөөгүй өдөр хоногууд, хотын чимээ шуугиан, замын түгжрэл, утаа униар гээд энэ бүхэн таны сонголт мөн үү. Энэ тухай өөрөөсөө нэг асуугаад үз. Товчхондоо, туулж өнгөрүүлэх амьдралдаа хожим харамсахгүй байж чадах уу. Надад энэ асуултыг гэрэл зурагчин Г.Ган-Өлзий тавьсан юм. Би хариулж зүрхэлсэнгүй, зүрхэлсэнгүй ч гэж дээ, хариулт олдсонгүй. Харин аяллын гэрэл зурагчин тэрээр өөрийн хийж буй зүйл, өдөр тутмын амьдралдаа 100 хувь сэтгэл хангалуун байж чаддаг нэгэн. Жилийн 200 гаруй хоногийг аялж зураг авахад зориулдаг тэрээр “Хүслээрээ амьдарч чадаагүй хүнд хожим амьдрал ахархан санагддаг юм гэсэн” хэмээн ярилцлагадаа онцолсон юм.
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан цуврал ярилцлагынхаа ээлжит зочноор гэрэл зурагчин Г.Ган-Өлзийг онцоллоо, хүлээн авна уу.

-Манайд сүүлийн хэдэн жил гэрэл зураг асар хурд­тай хөгжиж байна. Байгаль, ан амьтан, шөнийн гээд олон төрөл жанраар зураг авч байгаагаас хамгийн со­нир­холтой төрлийг нь сон­го­сон хүн бол та. “Travel photography” буюу аяллын гэ­рэл зургийн төрлөөр даг­­наж буй цөөн хүний нэг болохын тань хувьд онцол­лоо?
-Хүүхэд байхаасаа л гэрэл зураг сонирхож, авч эхэлсэн ч хэсэг хугацаанд орхиод хожим 2008 оноос эргэн зурагт татагдаж, дурлаж эхэлсэн л дээ. Гэрэл зурагт дижитал төхөөрөмж нэвтэрсэн нь илүү хялбар болгосон гэж боддог. Тиймдээ ч би ийм хожуу зурагт татагдаж, хүүхэд байхад хүсч мөрөөддөг байсан зүйл маань сэргэсэн гэж боддог. Аяллын гэрэл зураг авч эхэлсэн маань ч багын хүсэл мөрөөдөлтэй холбоотой.

Аав маань хилийн цэргийн хурандаа хүн. Бага байхад зуны амралт болов уу, үгүй юу аавыгаа дагаад явж өгнө. Хилийн заставуудаар мөн ч их аялсан даа. Ер нь багадаа эх орныхоо хилийг тойрчихсон. Ямар сайндаа л аав Ховд аймгийн Булган сумын отрядад улс төрийн ажилтан байхад нэгдүгээр ангид орж байсан бол арван жилийг аавыг Өмнөговийн ангийн захирагчаар ажиллаж байхад төгсч байлаа. Тэгсэн хэр нь би Дорноговь аймгийн Сулинхээр, Таянгийн заставт төрсөн байх жишээтэй. Энэ мэт цэргийн хүний хүүхэд болохоор хаа сайгүй л аялж явдаг байлаа. Гэрэл зураг, аялал хоёр хүүхэд байхад сэтгэлд хоногшчихсон, хүсэл мөрөөдөл юм даа. Сүүлд гэрэл зургаа барьж аваад эхэлтэл дагаад аялал гэдэг нь сэргэж аялангаа гэрэл зураг авах болсон хэрэг. Салгаж яавч болохгүй учир гэрэл зургийн энэ төрлийг онцолсон хэрэг.

-Сонирхол гэхээс илүү хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа юм байна. Уулзаж ярилцаж байсан гэрэл зурагчид бусдыг дагаад ч юм уу эсвэл зүгээр гоё санагдаад зураг авч эхэлсэн гэдэг. Хүсэл мөрөөдөл байсан гэж хэлсэн нь үгүй шүү?
-Тийм тийм, хүүхэд насны хүсэл мөрөөдөл юм уу даа. Сэтгэл зүрхний гүнд нуугдаж байсан зүйл сэргэсэн.

-Анхны кадраа санадаг уу?
-Өмнөговьд байсан юм. Анх арван жилийн хүүхэд байхдаа зураг сонирхож эхлээд дугуйланд явав. Говь цөл газар болохоор гол горхи гэхээр юмгүй. Харин аймгийн төвөөс холгүй нэгэн цөөрөм байлаа. Одоо нүүдлийн шувууд зам зуур тэр цөөрөмд саатдаг юм билээ. Тэр үед цөөрөмд шувуу олж харна гэж байхгүй. Нэг өдөр аппарат барьчихсан гүйж явтал нөгөө цөөрөмд маань гурван усны шувуу харагдлаа. Цөөрмийн намагт шигдэх шахан байж ганц хоёр зураг дарж байсан ч харамсалтай нь одоо байдаггүй юм. Хальс нь ч тэр угааж авсан нь ч адил. Гэхдээ огт ор мөргүй болчихоогүй, толгойд минь байж л байдаг. Мандалд хөвж буй гурван шувуу, цаанаас тусах жаргаж буй нарны туяанд цөөрмийн усны долгио шаталж харагдаад л одоо ч толгойд минь байна. Галуу байсан уу, ангир байсан уу, ямартай ч наанаас нь зургийг нь авах гэсэн жаахан холдоод цөөрөм тойрч гүйж байж хажуу талд нь гарсан юм. Өндөр далангаас нь уначих гээд л тойрч гүйж байж нөгөө талд нь гарч хальсаар авсан болохоор ганц, хоёрхон кадр дарж байсан даа.

-Сүүлд 2008 оноос зураг авч эхэлсэн гэлээ. Гэрэл зурагчид таныг “сайн явдаг” гэж ярьдаг. Жилийн хэд хоног нь аялж, зураг авч байгаа бол?
-Ер нь, замбараагаа алдаж байх шиг байна. Эхнэр маань “Чи бүтэн жилийн бараг 360 хоногт нь явж байна” гэсэн юм ярьж байсан. Гэхдээ яг ч 360 нь хаашаа юм ямартай ч талаас илүү хувьд нь буюу 200 гаруй хоногийг хөдөө гадаа явахад зарцуулж байгаа шүү. Үүний шалтгаан нь юу гэхээр Монголын аялал жуулчлалыг бид зөвхөн зунаар төсөөлөөд байдаг. Тиймдээ ч урин дулаан цагт л зураг авах гэдэг. Би бодохдоо гэрэл зураг гэгч зүйлийг сонгож ажил амьдралаа болгосон бол жилийн дөрвөн улирал, Монголын байгалийн бүх бүсийн зураг байх ёстой гэж боддог. Тиймдээ ч өвөл, хавар, зун, намар, цас бороо, шуургатайд гээд юу ч болж байсан байгалийн бүх л үзэгдлийн зургийг авахыг хүсдэг.

Ерөнхийдөө зургийг нь авах дуртай зүйл гэвэл сайхан байгалийн тогтоц, нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл мөн түүх соёлын дурсгалт газрууд. Эд яг нэг шугам дээр байж болдог зүйлс. Отгонтэнгэр хайрхны зургийг авахаар явахад замд таарах Балдан, Дорж гээд малчин айлуудаар дайрч өнгөрнө. Тэр айлуудын хаяанд хадны сүг зураг, хүн чулуун хөшөө нь байж байна. Хайрхныхаа зургийг авчихаад буцахдаа Сүхээ, Болдоогийнх гээд малчны хотоор саатна. Ингээд бодохоор аяллын гэрэл зураг гэдэг сэдвийн хувьд өргөн хүрээтэй.

-Сая баруун аймгуудаар яваад ирсэн. Ганзага дүүрэн ирэв үү?
-Өө яахав, сайхан яваад ирлээ. Ер нь аялал болгон маань хүслээ биелүүлж яваа хэрэг. Уураг тархиа компьютер гэж ойлгодог юм. Энэ дотор чинь янз бүрийн зохиомж байж байна. Дотор нь нэг дэлгэц бий, тэр дэлгэцээ би зургаа дахь мэдрэхүйгээрээ харж байдаг гэж болно. Айлын хонь ийшээ бэлчихэд нар тэр талд, наад айлын яндангаас утаа суунаглаж байхад шилбүүр унасан жаал ийшээ гүйж таарвал мөн гоёоо гээд бодож, нөгөө дэлгэцээрээ харж явна. Эсвэл орой нар жаргах үед айлын өвгөн морио хөтөлчихсөн аргамжаа руугаа явж байтал араас нь даага нь дагачихсан явж байдаг ч юм уу.

-Мөн ач нь жижигхэн эмээл тэвэрчихсэн..?
-Яг зөв, тэр нь силуэт байгаасай ч гэдэг юм уу олон талаас нь бодонгуут тархин дотор чик чик гээд зураг дараад эхэлдэг. Яг л үүн шиг толгойдоо эхлээд буулгасан зургаа камераар харах гэж хайж явдаг. Тэр зураг нөгөө компьютерын маань харданд хадгалагдаад үлдчихдэг.

-Тэгээд л нөгөө зургаа дарахаар гараад явчихна?
-Тэгнэ, ерөөсөө л зорилго бол ийм маршрутаар явж, Алтай таван богд орчихоод ирнэ. Ингэж явахдаа ийм л зураг авчихаад ирэхсэн гээд гарч өгнө. Тэр дундаа би ганцаараа явдаг болохоор зам зуур хүнтэй таарахад ийшээ явбал тийм ч сайхан байгальтай, тийшээ явбал ийм ийм зүйл харчихна гээд зам заана. Ганцаараа явдгийн хэрэг юу билээ, төлөвлөсөн замаасаа жаахан хазайгаад өөр олон сайхан зурагтай болчихно.

-Хэнтэй ч зам булаалдахгүй?
-Тэгэлгүй яахав, “Би хоёр хоногийн дараа ажилтай, хот орохгүй бол болохгүй” гэх мэт хэн ч зөрөхгүй. Үнэхээр хоолой дээр тулаагүй л бол аяллаа хоёр, гурав байтугай арав, хорь хоногоор ч хойшлуулна.

-Нээрээ та дандаа ганцаараа явдаг. Нэг талаар эрсдэл ихтэй ч дээр хэлсэнчлэн ганцаараа явахад цаг хугацаа, бусдаас үл хамаарна. Яагаад ганцаараа явахыг илүүд үздэг юм?
-Нэгдүгээрт, хамт яваа хүмүүстэйгээ цаг хугацаа, хүсэл сонирхлын хувьд зөрчил үүсгэхгүй байх давуу талтай. Хоёрдугаарт, өөрийнхөө зохиосон төлөвлөгөөг хүссэнээрээ өөрчилж болдог. Өнөөдөр өглөө нарны зураг авалгүй сайхан амаръя гэвэл 11, 12 хүртэл унтсан ч болно. Гэтэл хүнтэй явахад өглөө босохоос эхлээд зөрчил ихтэй. Нөгөө талаас ганцаараа явах нь хамт яваа хүнээ өөрийнхөө дайны эрсдэлд оруулдаггүй. Муугаар бодоход машин тэрэг эвдрэх, осол аваарт орохоос аваад юу ч тохиолдож болно. Үнэхээр л дурлаж, санаачилж явсан бол энэ эрсдэл ганц над дээр л ирэх ёстой. Тэгээд хамгийн том давуу тал нь өөртэйгөө хамт байх, бодол сэтгэлээ цэгцлэх, орчлон хорвоо, юмс үзэгдлийн тухай, амьдралын тухай тунгаах, эргэцүүлэх маш том боломж юм.

-Нэг ёсны бясалгаж байна гэж болохоор?
-/инээв/ Учиргүй бясалгаад байх ч юу байхав. Ер нь, өөртэйгөө байх маш том боломж байхгүй юу. Бид бусдыг ойлгодог ч өөрийгөө, санаа бодлоо ойлгох нь ховор. Тиймдээ ч ганцаараа явахад ганцаарддаггүй. Ер нь тэгээд амьдрал, хүн, хүний мөн чанар, дотоод сэтгэл, бодол гээд олон зүйлийн тухай өдөр тутам эргэцүүлж байх нь чухал санагддаг.
Отгонтэнгэр хайрхны оройд гарч зураг авах гэтэл үүл суугаад болдоггүй ээ. Үүл жаахан ч гэсэн нүүчихвэл би зураг авчихмаар байдаг. Тэгээд хүлээнэ дээ. Хүлээж байгаа хүн өөрөө өөртэйгөө шатар тоглох уу, чулуу таалцах уу, ганцаараа ярих уу. Үгүй биз. Тиймээс тэр хугацаанд сайхан байгаль харж халуун кофе ууж суунгаа хийх ажлуудаа төлөвлөж болно, ном уншиж байна. Энэ мэт ганцаараа байх, ганцаардах тийм ч муу зүйл биш. Тэр тусмаа гэрэл зурагчин хүнд.

-Баруун аймгуудаар хэд хоног явав?
-Сар орчим яваад ирсэн. 25, 26 хоног Алтай Таван богд, Ховд, Баян-Өлгий, Увс аймгаар явж зураг авч байгаад ирлээ.

-Уншигчид гайхах нь дамжиггүй. Энэ Ган-Өлзий гэж нөхөр жилийн 200 гаруй хоног яваад байдаг. Үнэтэй тоног төхөөрөмж, аппарат, машин техниктэй гээд энэ хүн ер нь ямар ажил мэргэжлийн хүн юм бол, захирал юм уу гээд. Мэдээж аялж зугаалж зураг авна гэдэг чамгүй хөрөнгө шаардана шүү дээ. Хувийн санхүү рүү тань хэт халдсан асуулт тавьсан бол уучлаарай?
-Зүгээр зүгээр, хүмүүс асуудаг л даа. “Чи заавал ганцаараа явах хэрэг байна уу, нэг хүнтэй нийлж аваад явбал мөнгө төгрөгт ч тустай  биш үү” гэдэг. Санхүүгийн хувьд жижиг сажиг бизнес эрхэлж байна. Жишээ нь, утасны кейс хийдэг ч юм уу эсвэл зурагнуудаа хэвлэж зарна. Ил захидал, хуанли, сурталчилгааны зорилгоор гээд компаниудад борлуулчихна. Гэх мэт тодорхой хэмжээнд өөрийн гэсэн орлоготой. Нөгөө талаас гэр бүлийн дэмжлэг ч бий. Бололцоотой үедээ мөнгө хуримтлуулж чаддаг, шаардлагатай бол харамлахгүй зарж үрж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Манай гэр бүл ийм л гэр бүл. Эцэст нь хамгийн том туслалцаа бол найз нөхдийн тус дэм. Камер үүрээд л тэнээд байдаг гэж харалгүй тодорхой хэмжээнд үнэлдэг хүмүүс байна л даа. “Энэ хүний хүчээр би байгалийн сайхныг харж таашаадаг” шүү гэх мэт найз нөхөд, дэмжигч байгууллагуудын тусалцаа их.

-Долоон жил аялж зураг авсны хувьд аяллын гэрэл зураг сонирхож байгаа залууст зөвлөвөл. Зураг талаас нь аяллын аюулгүй байдал, бэлтгэл ажил гээд?
-Ер нь намайг, чамайг ч юм уу өөр хэн нэгнийг хөтлөгч ганц л хүчин зүйл байдаг. Тэр нь хүсэл сонирхол. Өөрийгөө сонс, хүсэл сонирхлоо ол, тань. Түүндээ тохируулж ахуй амьдрал, ажил төрлөө зохицуулж сурах ёстой. Ер нь хүсэл мөрөөдлөө л дага. Чи үнэхээр аялмаар байгаа бол зарим зүйлийг золиослох л хэрэгтэй. Аргамжаатай юм шиг уягдаад байх хэрэггүй. Хүслээрээ амьдарч чадаагүй хүнд эргээд бодоход амьдрал дэндүү ахархан санагддаг юм гэсэн.
Би анх эх орноо бүтэн тойрно гэж зорьсон юм. Тухайн үед надад бүтэн тойроод явах мөнгө санхүү нь ч байсангүй машин техник ч байгаагүй. Тэгээд бодлоо, юуны өмнө машинтай болох хэрэгтэй. Гэхдээ машин гэхээр л УАЗ-469, фургон байх албагүй. Аяллаа тав тухтай, эрсдэлгүй, тасралтгүй явуулах тийм унаатай болох хэрэгтэй гээд найзуудтайгаа ярьж байгаад КИА-гийн “Мохави” гэгч тэрэг анх авч байв. КИА-гаас надад үнийн хувьд маш гоё хөнгөлөлт олгосон. За машинтай болчихлоо, гэвч бүхэл бүтэн дөрвөн сарын хугацаанд Монголыг тойрход шатахуун, хоол хүнс гээд янз бүрийн зардал хэрэгтэй. Тэгээд л би JCI-ийн найз нартаа хандаж нэг орой эвент зохиож аяллаа танилцууллаа. Нөгөөдүүл маань ч надад их бага гэлтгүй хүн бүр боломжоороо дэмжлэг үзүүлсэн юм. Ингээд л машинтай, машиндаа хийх шатахууны мөнгөтэй болов оо. Гэсэн ч бусад зардал дутагдсаар л байв. Улмаар “АПУ”, “Мобиком” тэргүүтэй компаниар орж ийм аялал хийх гэж байна, намайг энэ байгууллагууд дэмжиж байгаа гээд танилцуулав. Надад дэмжигч байнаа даа. Огт хоосон хэн нэгэн дээр очоогүй. Улмаар “АПУ” Боргио брэндээрээ надад маш том ивээн тэтгэгч болсон. “Мобиком” иридиум утас, 3G сүлжээгээ ашиглуулах болзлоор ивээн тэтгэсэн гэх мэт эхний аяллаа ийн хийж байлаа. Би хүнээс юм гуйна гэж ичээгүй, болохгүй бүтэхгүй гэж шантраагүй. Энэ эхний аялалд бууж өгсөн бол хойшхи нь бүтэхгүй байсан. Эхнэр хүүхдүүд, найз нөхөд, ивээн тэтгэгч байгууллагууд гээд намайг дэмжсэн учир анхны аяллаа хийж чадсан.

-Дараа дараагийнхыг нь ч чадна гэсэн итгэлтэй болж?
-Тийм. Угтаа би зөвхөн өөрийгөө баярлуулах гэж биш бусдын нүдийг бага ч болов нээхсэн, эх орноо сурталчлахсан гэж зорьсон хэрэг. Энэ аялал надад аяллын гэрэл зураг гэгч төрөл дээр оршин тогтнох боломж олгож, суурь нь болсон. Хүсэл сонирхол байгаа бол түүнийгээ л дага, хоосон байсан ч болгоё гэвэл болдог л юм.

-Аяллын гэрэл зурагт ганц кадрын төлөө үхэл амьдралын зааг хүртэл явах үе бий?
-Тоймгүй, ганцаараа явахад энэ тал дээр эрсдэл их. Алтайн уулс, Хөвсгөлийн тайга, говь цөл гээд амь өрссөн аялал их. Гэвч яг эрсдэл ихтэй тухайн мөчид маш зоригтой байдаг. Зорьсон зүйлээ хийх гэж байгаа үедээ зоригтой болчихдог. Өглөө, үүр цайгаагүй байхад уулын бэлд машинаа түгжиж орхичихоод ой дундуур уул өөд алхана. “Би барах уу даа” гэж бодсон ч зүтгэсээр байгаад гараад ирдэг. Бууж ирээд хөлийн уланд цэврүү үүссэнийг харж суухдаа л өөрийн тэнэгийг гайхна. Сая Баян-Өлгийд явж байхдаа буруу зам заалгасан уу өөрөө буруу ойлгосон уу уулын эгц уруу хөмөг рүү яваад орчихлоо. Буцаж хэчнээн зүтгүүлээд машин гарч чадахгүй, доошоо буух гэхээр явах замгүй, цул хад. Харж харж “За за шийдсэн газар, буцах газаргүй” гээд л зүтгэлээ. Уулын уруу асга хад, сул чулуутай хамт машин урсч байгаа юм. Тухайн үед хөлс урсаад бүхэл бие нойтон шахуу болчихсон, жолоогоо тас зуурчихсан. Буугаад ирсэн хойноо л сая ухаан орно доо. /инээв/

-Зарим хүнд хялбархан санагдах байх. Сайн машин уначихаад сайхан байгальд зураг аваад явахыг нэг талаар жаргал гэж ойлгож болно. Угтаа дөрвөн сарын аялал гэдэг асар урт хугацааны аялал шүү дээ. Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөөр 80 жилийн ойтойгоо золгож байна. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд гэрэл зураг хурдтай хөгжиж байна. Тиймдээ ч зурагчдын ажил мэргэжлийг ойлгох хүмүүс олширч байх шиг. Та ч мөн адил 80 жилийн түүхтэй энэ албанд хүчин зүтгэж буйн хувьд Монголын гэрэл зургийн ертөнцийг тухай?
-Бид их азтай. Гэрэл зураг гэгч зүйл байгаагүй бол бид ямар харанхуй амьдрах бол. Тольгүйтэй адил биз. Ээж аавынхаа зургийг гаргаад харж сууж чадахгүй гээд төсөөл дөө. Тиймдээ ч гэрэл зураг гэгч зүйл бидний үед үүсч хөгжиж, өндөр түвшинд хүрсэн нь аз завшаан. Хоёрдугаарт, энэ зүйлийг Монголд орж ирэхэд нь өлгийдөн авч өдий хүртэл хөгжүүлсэн ахмадуудыг үнэхээр хүндлэхээс өөр аргагүй. Мундаг улс. Тэр хүмүүс гэрэл зургийг өдий дайны аваад ирэх мэдрэмж, хүсэл сонирхол байгаагүй бол яах вэ. Монгол оронд үүнийг боож цагдах дарангуйлал, дарангуйлагч байсан бол ямар вэ. Тиймээс бид ахмадуудаа хүндлэх ёстой. Тэгээд ч тэр хүмүүс одооны бидэн шиг дижитал төхөөрөмж, гар утсаар авч байсангүй. Нэг зургийг нэг юм уу хоёрхон кадр л дарна. Нөгөөхөө хоёр, гурван хоронд угаана. Магадгүй жаахан алдаа гаргахад л наалдаад юу ч үгүй болж болно. Хальсаар зураг авч боловсруулна гэдэг олон шат дамжлагатай хүнд ажил. Энэ бүхнийг өдий зэрэгтэй хийгээд ирсэн хүмүүсийг хүндлэх нь зүйн хэрэг. 80 жил гэдэг эл өндөр босгон дээрээс ирээдүйг харах нь зөв ч өнгөрсөн 80 жилийг бий болгосон хүмүүсийг дурсах, дурдах нь зүйтэй.

-Хоёулаа сэдвээ бага зэрэг өөрчилж таны зургууд руу оръё. Хараад байхад сайхан байгалиас гадна үндэстэн ястны зураг их харагддаг. Тэдний дунд бараг л амьдарч байгаад иржээ гэх бодол ч төрдөг.
-1990 оноос шилжилтийн үед орж бид маш их зүйлээ алдсан. Одоо ч бид алдаж байна. Тоомжиргүйгээсээ болоод үнэт зүйлсээ гээж байна. Эсвэл үнэт зүйлээ гэж эрхэмлэж чадалгүй мартаж байна. Тэрний маш том хэсэг нь нүүдлийн соёл юм. Нүүдэлчин соёл, монголчуудын амьдралын хэв маяг, ахуй гэдэг зүйл арчигдаж байна. Мотоциклиор малаа хариулж жинсэн өмд, кеттэй хүүхдүүд морь унаад уралдаж байна. Урьд нь байсныг бид маш богино хугацаанд байхгүй болгочихсон.

-Ердөө 20 гаруйхан жилд?
-Тийм, 20 жил гэдэг нэг хүний хувьд урт хугацаа ч хэдэн мянган жилээр өвлөгдөж ирсэн соёл, ахуй үгүй болоход хэтэрхий богино, эгшин зуурын хугацаа. Одоо хөдөөгүүр явж байхад мориор мал маллаж буй хүн тун ховор харагдана. Уурга бариад уртын дуугаа дуулаад морьтой давхиж яваа хүн харвал аз. Үнэхээр байгалийн хүнд нөхцөлтэй газар л юу юм гэхээс тун ховор.
Гэвч би өнөөдөр Жийп Вранглер унаад давхиад байхад тэр хүн яагаад мотоцикль унаж болохгүй гэж. Заавал мориор мал хариулна гэсэн дүрэм байхгүй. Нийгэм өөрчлөгдөж байна, тэр хүн ч гэсэн өөртөө хялбар амьдрал бий болгомоор байна. Тиймээс хэнийг ч буруутгаж болохгүй. Дээл өмсөлгүй морь унаж байна гэж хөдөөний хүүхдийг буруутгаж болохгүй. Тийм л юм бол би өөрөө хүүхэддээ дээл өмсгөх ёстой биз дээ. Хэн ч хөдөөнийхнийг буруутгах эрхгүй. Гагцхүү яаж авч үлдэх вэ гэдэгт л учир бий. Үүний төлөө миний хийж чадах ганц зүйл юу вэ гэхээр одоо байгаа зүйлийг дүрс болгон үлдээх.

-Дахиад 20 жилийн да­раа бүр л хомс болох байх?
-Таван жилийн өмнө үндэсний хувцастай хүмүүсийн зураг цуглуулах надад илүү хялбар байсан. Таван хүн тутмын нэг нь ч юм уу үндэстэн, ястныхаа дээлийг өмсдөг байж. Одоо бол хэцүү, бүхэл бүтэн сумын төвийг нэгжээд нэгжээд захчин гэдэг дээл гарч ирэхгүй. Өөлд, хотон гэдэг дээл байхгүй. Байлаа ч ёстой жинхэнэ ухаан заасан ганц нэгхэн хүнд байвал байна. Эсвэл сумын соёлын төвд. Тэгэхээр энэ зүйлсийн ядаж нэг нь байгаа дээр зургийг нь авах гэж би үхэн хатан явдаг юм. Намайг ийм бодолтой явдгийг хүмүүс мэдэхгүй. Би сумын төвд очоод Засаг даргатай нь уулзаж ийм дээл хувцастай, тийм ч ахуй амьдралтай хүн хаанаас олох вэ гэдэг. Зөвхөн дээлний тухай ярихад ийм том асуудал гарч байна. За больё, ааруул бяслаг яаж хийдэг вэ. Бяслагийг цагаа буцалгаад марланд ороож чулуугаар дарж шар усыг нь шахаж хатаагаад хийнэ гэх мэт дэс дараатай байсан бол одоо огт өөр болсон. Эсвэл айраг яаж исгэдэг вэ. Хамгийн сайн үхрийн ширээр хийсэн хөхүүрэнд саамаа хийж модон бүлүүрээр бүлдэг. Одоо бол хужаа спиртний цэнхэр хуванцар саванд хийгээд бараг л кноп дараад цахилгаан бүлүүрээр эргүүлчих гээд байна. Гэтэл хөхүүр, андуутай айраг цэнхэр савны айраг хоёрын амтны ялгаа ямар гэж санана.

-Эл ахуй соёлоо авч үлдэхийн төлөө зурагчдын хийж чадах ажил бол таны хэлсэнчлэн баримтжуулах. Гэвч дан зургийг нь аваад хүчин мөхөс болов уу. Тиймдээ ч үүнд төрөөс анхаарч, бодлогын түвшинд ажил хийж байж авч үлдэх болов уу гэж ойлгох юм?
-Харин тийм, гэвч манайхан арай өөр юманд анхаараад хэдэн уулаа яаж ухах уу, хэнд ухуулах вэ гээд жинхэнэ үнэт зүйлээ анзаарахгүй байна. Газар доорх баялгаас дээр нь байгаа нь илүү үнэ цэнэтэй тухай хамгийн энгийн жишээ хэлье. Бид Хөвсгөл далайгаа цувж очоод л үздэг. Гэтэл Хөвсгөл далай шиг далай дэлхийн өнцөг булан бүрт бий. Бүр Хөвсгөлөөс ч гоё сайхан байгаль зөндөө бий. Гэвч тэр далай тэнгисийн эргээр хэн ч үхэр тэрэг, тэмээн жингээр нүүхгүй. Ердөө л энэ. Өнөөдөр гадныхны хэлдгээр адууны сүүг бүлж, исгэж ууж хэрэглэдэг нэг ч нүүдэлчин Монголоос өөр газар байхгүй. Монгол гэдэг зүйл угтаа энэ л нүүдлийн соёл, ахуй юм. Түүнээс Монгол гэж тойруулаад босгочихсон хилийн хэдэн багана биш. Тусгаар тогтнолын л баталгаа болохоос Монгол биш.

-Та мундаг ярьдаг, зөв үзэл бодолтой явдаг хүн юм?
-/инээв/ Хүн хөөргөөд л. Яахав, хаа хаанаа бодох л ёстой зүйл. Тэр дундаа шийдвэр гаргах түвшний хүмүүс, залуус хүүхдүүд.

-Бид бага багаар хийгээд байгаа ч хүссэн хүсээгүй даяаршил гэгч зүйлийн давалгаанд ниргүүлэх ёстой ч юм шиг?
-Даяаршил, даяаршил. Хэн байх вэ гэдгээс л болно шүү дээ. Чи түмний нэг байх уу цорын ганц байх уу. Би Монголоороо байх ёстой гэдэг бодол тээж чадвал даяаршил асуудал биш шүү дээ. Бид хүссэн хүсээгүй хөл нийлүүлэх ёстой. Интернэт гээд хүний хэрэгцээг хөнгөвчлөх асар их зүйлийг бид ч мөн хэрэглэх л ёстой. Гагцхүү нөгөө интернэт, фэйсбүүктээ монгол дээлтэй зургаа хий л дээ. Ёс заншил, өв соёлоо түгээ л дээ. Интернэт үздэг хүн заавал жинсэн хүрэмтэй суух албагүй. Хэн байх вэ гэдгээ л бод. Бидэнд байх ёстой зүйлсээ авч үлдээд даяаршлын тавцан дээр өөрийн гэсэн онцлогтой л зогсч байх хэрэгтэй. Түүнээс бид хавтгай ертөнцөд хамт байна гээд адилхан байх албагүй. Уусгаж болно уусч болохгүй.

-Эргээд зургийн ту­хай яриандаа ороё. Та Канон брэн­дийн хэрэглэгч. Сая­хан гараад удаагүй “5D sr” загварын камерыг зурагч­даас анх удаа авлаа. Тех­но­логи хэр хөгжиж байна, шинэ аппарат ямар байна. Зурагч­дад сонирхолтой байгаа байх?
-Сайхан байдаг юм. Шинэ юм авч, хэрэглэж дотрохыг нь ухаж суух сайхан. Би “5D sr” загварт маш сэтгэл хангалуун байгаа. Пиксел сайтай, зургийн чанар мундаг болсон. Зургийн нарийн деталь элементүүд, өнгө ч сайжирсан. Ер нь маш сэтгэл хангалуун байгаа шүү. Шинэ технологи бүхий камер хэрэгсэл авч дар­сан зургаа дараа нь харж, үр дүнг нь үзэж суух кайф шүү.

-Канон, Никон гэдэг өн­дөг тахианы үлгэр шиг зүйл зурагчдын дунд бай­саар л байна. Таны хувьд анх­­наасаа Канон хэрэглэсэн үү?
-Тийм, анх л канон барьж байлаа.

-Технологи хөгжихийн хэрээр хэн хүнгүй зурагчин болж. Тиймдээ ч ойлголтын зөрүү гарч байна л даа. Хэнийг зурагчин гэх вэ, сайн камертай хүн л сайн зураг авдаг. Эсвэл зураг л бол зураг утас камерын ялгаагүй гэхчлэн. Энэ тухайд таны бодол?
-Зураг сонирхох, авах гоё. Гоо зүйн мэдрэмж, төлөвшилд маш их нөлөөтэй зүйл. Ялангуяа дижитал төхөөрөмж гарсан нь зураг дараад шууд үр дүнг нь үзэх боломжтой болгосон. Ер нь хүн гэдэг аливаа юмны үр дүнг үзэж баясах дуртай шүү дээ. Зургаа хараад арай болоогүй бол өөрөөр үзнэ, өнцгөө өөрчилнө. Энэ мэт дижитал төхөөрөмж бол авсан зурагтаа уран бүтээлчээр хандах, гэрэл зурагт дурлах маш том өдөөлт болдог. Хальсны аппарат харин маш нямбай, няхуур болгодог. Ер нь, өнөөдрийн нөхцөлд хэн ч зураг авч болно, дурлаж татагдаж болно. Гэхдээ гэрэл зургийн маш сайхан мэдрэмжтэй шүдний эмч яагаад байж болохгүй гэж. Яагаад зураг сонирхож, зураг авч түүнээс сэтгэл ханамж авдаг балетчин байж болохгүй гэж. Гэтэл камертай болгон зурагчин болох гээд, зарим нь хоёр, гурван зураг авчихаад “би зурагчин” гээд явж байна. Би ч өөрийгөө зурагчин гэж хэлэхээс айдаг. Гэхдээ олон зурагчин байлаа гээд надад асуудал биш л дээ. Олон цөөний хамаагүй ялгарах нэг нь ялгараад гараад л ирнэ. Дахиад л чи хэн байх вэ гэдэг асуудал шүү дээ. Хамгийн гол нь хэдэн зураг дарсан өнгөцхөн үр дүндээ хууртаад шилдэг эдийн засагч байх боломжоо алдсан байх вий. Энэ тухай л эргэцүүлэх хэрэгтэй.

-Ингэхэд та ямар ажил мэргэжлийн хүн бэ?
-Би Цагдаагийн дээд сургууль төгссөн хуульч, улстөрч хүн. Хожуу гэрэл зурагт орсон. Миний хувьд хууль, улс төрөөр явах боломжийг алдсан гэж харамсдаггүй. Гэхдээ би ганц нэг удаа зураг аваад “Болж байна, чадаж байна” гээд зураг руу орчихсон юм биш л дээ. Өмнө нь “G” энтертайнментад ажиллаж байлаа. Цөөнгүй реклам, кино клипний зураг авалт гээд маш их юм хийлгэж явсан. Тэгэж явахдаа уран бүтээлчдэд их атаархдаг байв. Зураач нь зураад, барималч нь шавраар урлагийн бүтээл урлахыг харж суух таашаалтай байсан. Оргүй хоосноос бүтээл төрж байна шүү дээ. Тиймдээ ч би бүтээлч байх ёстойг ойлгож гэрэл зурагт орсон. Улмаар 2005 онд Монголын урлагийн зөвлөлд орж “Хүүхэд ба дуран” гэж гэрэл зургийн төслийн удирдагчаар ажиллаж байлаа. Тэгэхэд би аппаратчгүй амьтан байхдаа хүүхдүүдийг сургах гэж зурагчдын нэрлэдгээр Герман Туяа багштай одоогийн “Гамма” агентлагийн зурагчин Инжинааш, Давааням тэргүүтэй хүүхдүүдийг авч явдаг байлаа. Зургийн тухай нарийн ойлголтгүй ч тухайн үед надад бүтээл хийх хүсэл мөрөөдөл, атаархал байсан. Тиймдээ ч хоёр жилийн дараа өөрөө зураг авч эхэлсэн дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан