Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зах зээл хийгээд төмөр замын сүлжээ

Монголын ашигт малтмалын олборлолт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа. Урд хөршийн нүүрсний хэрэглээ хоёр жилийн дараа хоёр тэрбум тоннд хүрэх таамаг байдаг. Энэтхэгийнх жилд 200 орчим сая тонноор нэмэгдэх төсөөлөл ч гарч. Мөн Японы нүүрсний импорт 68, Өмнөд Солонгосынх 23 сая тонноор нэмэгдэх төлөвтэй ажээ. Энэ бүх зах зээлд хүрэх, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхэд төмөр зам яах аргагүй чухал болоод буй. Манай ашигт малтмалын экспорт ч нэмэгдсээр буй. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, цайрын баяжмалынх тэргүүлэх болсон. Тухайлбал, газрын тос, цайрын баяжмал Дорнод аймгийн Баян-Өвдөг, Хавирга-Ар хашаатын боомтоор гардаг. Мөн Говь-Алтай аймгийн Бургастай-Лаемо боомтоор цайр, төмрийн хүдэр экспортолж буй. Нүүрсний экспортын дийлэнх нь Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ боомтоор экспортолдог.

Гэвч ашигт малтмалаа боловсруулах асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүний тулд Сайншанд, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар зэрэг аймагт ашигт малтмал боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөө бий. ТЭЗҮ-ийг нь ч боловсруулаад буй. Жишээлбэл, Сайншандад газрын тос боловсруулах, зэс хайлах, гангийн үйлдвэр барина.

Харин Эрдэнэтэд зэс хайлах, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх төлөвлөгөө байгаа. Баруун бүс нутагт Таян нуурын төмрийн хүдрийн уурхай нээх, төмөр зам тавих, авто зам барих төлөв байдаг. Зүүн бүс нутагт нефть боловсруулах үйлдвэрийн судалгаа ч хийж байгаа. Гэвч энэ бүгдэд цахилгаан хангамж, түүхий эд бүтээгдэхүүнээ зөөвөрлөх зам харилцаа чухал. Сүүлийн үед төмөр замын шинэ сүлжээ байгуулах ажил эхэлж ар араасаа шав тавилаа. Ингээд төмөр замын талаар төрөөс баримталж буй бодлогын талаар дор өгүүлье.
УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсан. Энэ баримт бичигт 5600 км төмөр зам гурван үе шаттай тавихаар тусгасан юм. Эхний ээлжинд Даланзадгад-Таван толгой-Цагаан суварга-Зүүн баян чиглэлд 400 км, Сайншанд-Баруун уртад 350, Баруун урт-Хөөт 140 км, Хөөт-Чойбалсан 150 км зам тавина. Дараа нь, Нарийн сухайт-Шивээхүрэн 45.5 км, Ухаа худаг-Гашуунсухайт 267 км, Хөөт-Тамсаг булаг-Нөмрөгт 380 км, Хөөт-Бичигт 200 км зам тавих төлөвлөгөөтэй.

Энэ сүлжээг 2012-2015 оны хооронд хийж гүйцэтгэх юм. АНУ-ын “Мак Кинзи” компанийн хийсэн судалгаагаар дээрх төмөр замын сүлжээ нийт 1766 км байх тооцоо бий. Гуравдугаар шатанд нийт 3600 км зам тавина. Тэгэхдээ баруун бүс нутгийн томоохон орд газрууд, тэдний байршлыг харгалзан үзэх ажээ.
Өнөөгийн байдлаар эхний ээлжинд барих Даланзадгад-Чойбалсан чиг­лэлийн 1100 км төмөр зам барих эрхийг 2010 оны арваннэгдүгээр сард Засгийн газар “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгосон.  Тус компани зөвлөхөөр “McKinsey and Company”, “BNP Paribas”, “Pillsbury” , “Liberty partners LLC” сонгон ажиллуулж,  ТЭЗҮ боловсруулаад төмөр зам барих ажлаа эхлүүлжээ. Гэвч хөрөнгө мөнгөний гачлантай буй тул ажлаа үргэлжлүүлж чадахгүй байгаа.  Уг нь, Хөгжлийн банкаар дамжуулж  55 сая ам.долларын санхүүжилт хийх шийдвэр өнгөрсөн онд гарсан. Гэвч уг санхүүжилт хийгдээгүй байгаа аж.
Сайншанд-Таван толгойн чиглэлд тавих төмөр замыг хувийн хэвшлийнхэн концессын гэрээгээр хийх болсон. Уг төмөр замын урт нь 225 км.Үүний нэг км замыг нь 2.5 тэрбум төгрөгөөр барих тооцоо гарчээ. Барилгын ажлаа ч саяхан эхлүүллээ.  Энэ замыг “Дорнын төмөр зам” болон “Монголиан транс лайн” ХХК барих юм.

Мөн Ухаахудаг-Гашуунсухайт  чиглэлийн төмөр замыг “Энержи Ресурс” болон  “Энержи Ресурс Рейл” ХХК концессын гэрээгээр барихаар болж ажлаа эхлүүлэн шав тавиад байна. Шинээр баригдах эдгээр төмөр зам концессын гэрээний хугацаа дуустал хувийн хэвшлийн мэдэлд байна. Гэрээ дууссаны дараа төр 51 хувийг нь мэдэлдээ авах юм. Ийнхүү төмөр зам барих ажил хаа сайгүй л эхэллээ. 

Харин 2015 он гэхэд бүгд ашиглалтад орох эсэх нь хариулт нэхсээр. Шинэ төмөр замын сүлжээ төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж чадвал урд хөршид экспортлох ашигт малтмалын хэмжээ эрс нэмэгдэнэ. Эдийн засагчдын тооцоолсноор төмөр замын шинэ сүлжээ ашиглалтад орсноор манай ачаа эргэлт 3.5 дахин өсч, 15 сая тоннд хүрэх судалгаа бий.  Манай экспорт нэмэгдэж бараа эргэлт ийнхүү өссөнөөр 2020 он гэхэд ДНБ 40 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо ч байдаг. Эдүгээ хэрүүлийн алим болсон нүүрсний тээвэр ч цэгцэрч өмний говийн хөрс амрах нь. Мөн манай ашигт малтмал, түүхий эд хойд, урд хөршөөр дамжин далайн тээврээр маш олон зах зээлд хүрэх юм.

Эдүгээ ОХУ, Япон зэрэг улс шинэ төмөр замын төсөлд хөрөнгө оруулах сонирхол бий гэдэг. Гагцхүү манай Засгийн газрын шийдвэрийг хүлээзэнэж байгаа аж. Өөрөөр хэлбэл шинэ төмөр замын сүлжээгээр манай  ашигт малтмал тээвэрлэгдэж ганц урд хөршийн зах зээлд биш Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос гээд Азийн хэмжээнд гарч чадна. Эдийн засагчид далайн тээвэр маш хямд тул боомтод л хүрчихвэл аль ч зах зээлд борлуулах боломжтой хэмээдэг. Гэвч төмөр замын баримт бичгийн хэрэгжилт анх гарснаараа бус хоёр тийш зэрэг тавиад эхэлсэн энэ үед дээрх улсууд хөрөнгө оруулах болов уу яах бол гэдэг эргэлзээ төрүүлэх болжээ. Зарим эдийн засагч хойш, урагш чиглэсэн төмөр зам зэрэг ашиглалтад орсноор далайн боомт зорих ашигт малтмалын хэмжээ багасч магадгүй хэмээн үздэг. Ямартай ч Монголын эрдэс баялаг үнэ хүрэх боломж зөвхөн төмөр замын сүлжээ, түүнийг байгуулах цаг хугацаанаас хамаарах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан