Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадагш урсах Усны нөөцийг ашигласнаар дэлхийн дулаарлыг давна

Л.БАТБААТАР

Дэлхийн нийтэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, ядаж хурдыг нь  сааруулах асуудал хурцаар тавигдаж байна. Уур амьсгал ноцтой өөрчлөгдвөл, түүнийг даган ургамлын бүрхэвч, амьтны аймаг, хөрсний үржил шим, усны нөөц зэрэг байгалийн тэнцвэр алдагдаж, улмаар нөхөж болшгүй аюул учрах магадлалтай гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч буй. Төв Азийн өндөрлөгт оршдог Монгол орон нь уур амьсгалын өөрчлөлтөд тун эмзэг экосистемтэй гэж эрдэмтэд үздэг. Учир нь дэлхийн дулаарлаас үүдэн, хуурайшилт маш хүчтэй явагдснаар нутгийн ихэнх хэсэг цөлжилтөд нэрвэгдсэн. Зарим мэдээллээр Монгол Улсын бэлчээрийн 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий.  Сүүлийн 40-өөд жилийн дотор бэлчээрийн ургац 20-30 хувиар буурсан, байнга өсөн нэмэгдэж буй цөлжилтийн асуудал нь үндэсний аюулгүй байдлын түвшинд тавигдахуйц хэмжээнд хүрчээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн, хуурайшилт болон цөлжилтийн эсрэг хэрэглэх цорын ганц ерөндөг бол ус юм. Иймд усны талаар Төрийн нэгдсэн бодлого гаргах шаардлага бий болсныг эрдэмтэд ахин сануулав.

Уур амьсгалын өөрчлөлтөд, дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Английн иргэн доктор Даниел Прайс “Өмнөд туйлаас Парис руу” хэмээх дугуйн аян санаачилжээ. Тэрбээр Өмнөд туйлаас Парис хүрэх аяллаа дөрөвдүгээр сарын 21-нд эхлүүлж, Шинэ Зеланд, Австрал, Индонези, Филиппин, Хятад зэрэг орны газар нутгийг дугуйгаар туулан, өнгөрсөн долоо хоногт  Монгол Улсад ирэв. Одоогийн байдлаар 7000 км замыг туулсан гэнэ. Ирэх мягмар гарагт ОХУ-ыг зорих аж. Орос болон Европын Холбооны Улсын газар нутгийг дугуйгаар туулан, ирэх арванхоёрдугаар сарын 5-нд Парист очсноор,  түүний аялал өндөрлөх нь.  Дугуйн аяллыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Их Британийн ЭСЯ болон бусад  байгууллага дэмжин оролцож байна. Өнгөрсөн баасан гарагт болсон ”Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт” нээлттэй хэлэлцүүлгийг  БОНХАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Английн эрдэмтэн Даниел Прайс дээрхи сэдвээр илтгэл тавьсан юм.

Аяны зорилгын талаар эрдэмтэн Даниел Прайс “Би уур амьсгалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн. Антарктид тивд, дөрвөн жилийн турш судалгааны ажил хийсэн. Улс орнуудын Засгийн газрын зүгээс уур амьсгалын талаар шийдвэр гаргах явц удаан, өөрчлөлт хийж чадахгүй байна. Тийм учраас олны анхаарлыг татах зорилгоор энэ аяныг  эхлүүллээ. Уур амьсгалын өөрчлөлтөд, нүүрсний хэрэглээ сөргөөр нөлөөлдөг. Монгол Улс эрчим хүчнийхээ 80 хувийг нүүрнээс гаргаж авч байгаа нь сайн зүйл огт биш. Нар болон салхины асар их нөөцтэй учраас, сэргээгдэх эрчим хүчний технологи түлхүү ашиглах нь чухал. Хамгийн түрүүнд нүүрстөрөгчийн хийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Үүнд нүүрс болон бензины хэрэглээ орно. Хөгжингүй орнуудын зүгээс хөгжиж буй оронд ямар тусламж үзүүлэх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Сүүлийн арван жилийн турш, хувь хүн өөрчлөлт хийж чадна гэж үздэг байсан. Миний бодлоор хувь хүн томоохон өөрчлөлт хийхэд хэцүү гэж боддог. Засгийн газартаа иргэд нөлөөлж, Парист болох Уур амьсгалын 21 дүгээр чуулганаар нааштай шийдвэрүүдийг гаргуулах нь чухал. Хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээлэлтэй байвал, энэ чиглэлээр эерэг өөрчлөлт гарна гэж үздэг. Хүний бодол сэтгэхүйн хүрээнд өөрчлөлт бий болгосноор, цаашдын үйл ажиллагаанд дэвшил гарна гэдэгт  итгэдэг” гэлээ. Тус хэлэлцүүлэгт оролцож буй “Эко төсөл”-ийн үндэсний зохицуулагч Ц.Төмөр “Дэлхийн дулаарлын улмаас мөнх цас, мөсөн голууд  хайлж байна. Үүлнээс бороо орж, хөрсөнд шингэдэг. Эргээд ууршиж, борооны үүл үүсгэх, эргэлтийн ерөнхий үйл явцад, чийг хэрэгтэй байдаг. Чийгийг тогтоох ардын уламжлал бий. Шар усны үерийг байгалийн тогтоц бүхий газар хаалт хийн хуримтлуулж, тогтсон усаар хурга, ишгээ усалдаг байсан. Энэ уламжлалыг сэргээж, сайжруулах нь чухал. Мөн усыг хэмнэлттэй, зохистой ашиглах талаар тодорхой ажлууд хиймээр байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэхийн  тулд тухайн иргэнээс, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Хүлэмжийн аж ахуй нь  ус болон хөдөлмөрийг хэмнэн, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлдэг. Ингэснээр тухайн иргэнд урт хугацаанд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, мөн байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл болдог. Иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд, бага талбайгаас их бүтээгдэхүүн авах, технологи бий болгох чиглэлд  хөдөө аж ахуйн салбар анхаарах хэрэгтэй байна” гэв. Мөн тэрээр “Бэлчээрийн мал аж ахуй бол уламжлалт мал маллах ухаан дээр суурилласан, олон мянган жилийн туршлагаар батлагдсан амьдрах ухаан юм. Тухайн үеийн малын тоо өнөөдөртэй харьцуулахад бага байсан. Бэлчээрийн даацтай уялдуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Ингэснээр 10 хониноос авах ноосыг магадгүй таван хониноос авах бололцоо бий” гэлээ.

Хэлэлцүүлэгт БОНХАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Монгол орны екосистем, усны нөөцийн талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн ахлагч Ш.Баранчулуун “Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, эх газрын өндөрлөгт оршдог. Ийм учраас уур амьсгалын өөрчлөлт болох хуурайшил, дулаарлын нөлөө  дэлхийн дунджаас бараг хоёр дахин хурдтай явагдаж байна. Дэлхийн агаарын жилийн  дундаж температур хоёр хэмээр нэмэгдэхэд, гамшгийн хэмжээнд хүрнэ гэж тооцоолдог.  Тэгвэл, монголд өнөөдрийн байдлаар хоёр хэмээр нэмэгдсэн. Үүнээс үүдэн, өвөл ордог цасны хэмжээ ихэсч, зун орох борооны хэмжээ багасна. Тухайлбал, хуурайшилтын хэмжээ нэмэгдэх  хандлагатай. Мал аж ахуй эрхэлдэг орны хувьд, сөрөг нөлөөтэй. Бэлчээрийн хомсдол үүсч, усны хүрэлцээ хангамж муудна. Газар тариалангийн хувьд зарим нааштай өөрчлөлт гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл, манай оронд ургадаггүй зарим нэр төрлийн ургамлыг шинээр тариалах боломж бий болно. Таримлын хугацаа уртасна. Гэхдээ бидний хийсэн судалгаагаар,  нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах зардлын  хэмжээ өсөх хандлагатай гарсан. Ингэснээр, ирээдүйд газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөх дүр зураг харагдаж байна” гэв. Мөн тэрээр нэмж “Монгол Улс бол усны хязгаарлагдмал нөөцтэй орны тоонд ордог. Энэ нөөц жил ирэх тутам хорогдож байна.  Иймээс гадагш урсан гарч буй усны нөөцийг аль болохоор дотооддоо шингээх, гадаргын усыг түлхүү ашиглан, гүний усны нөөцөө халгалж үлдээх хэрэгтэй. Ийм бодлогыг Төр засгийн түвшинд боловсруулж, тодорхой ажлууд зохион байгуулах шаардлагатай. Гадаргын усны нөөцийг дотоодод шингээх ажилд хоёр хөрш тааламжгүй ханддаг. Гадаад энэ хүчин зүйлийг даван туулах, Төрийн бодлого хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг цаг алдалгүй боловсруулж, тохиролцооны хэлбэрүүдийг бодож олох нь чухал” гэлээ. Эрдэмтний хэлснээр, хуурайшилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед, гадагш урсан гарах усны нөөцөө ашиглах нь хамгийн зөв шийдэл болох нь ойлгомжтой. Ийм энгийн аргачлал мэддэггүй хүн УИХ-ын гишүүн гээд Төрд түмнийг төлөөлөн сууж буй нь үнэхээр харамсалтай. Тэр жил Хэрлэн голоос суваг татан, говийг усжуулах хөтөлбөрийг  УИХ дээр хэлэлцсэн  юм.  Хэнтий айм­гаас сонгогдсон нэгэн ги­шүүн “Хэрлэн голоо тэгж хэрчүүлэхгүй” гэж цамнасаар, уг төслийг унагаасныг ард тү­мэн мартаагүй. Гадагшаа ур­сан гарах  “Эх оронч бус” гол, мөрний усыг аль болох дотоод­доо шингээх нь өнөөгийн нөхцөлд хамгийн зөв хувилбар. Ингэснээр дэлхийн дулаарал, хуурайшилтын гамшгийг даван туулах үндсэн нөхцөл бүрдэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан