Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уур амьсгалын өөрчлөлтөд малын тоо толгой нөлөөлнө

Л.БАТБААТАР

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг байгалийн жам ёсоор болоод хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гэж эрдэмтэд хоёр хуваан үзэж байна. Аливаа амьд организм байнга хувьсан өөрчлөгддөг учраас цэнхэр гариг маань үүссэн цагаасаа уур амьсгалын хувьд өөрчлөгдсөөр ирсэн билээ. Гэхдээ энэ үйл явц маш удаан хугацаанд (олон арван мянган жил) явагддаг болохоор ан амьтан болон ургамлын аймагт гаж нөлөө үзүүлдэггүй байв. Гэтэл сүүлийн 70 жилд хүний буруутай үйлдлээс үүдэн агаарын дундаж температур хоёр хэмээр нэмэгдэхэд л өвөл бороо шивэрч, зун нь цас будрах зэрэг байгалийн хууль зөрчсөн цаг уурын үзэгдэл болох жишээтэй. Нэгэнт байгалийн давагдашгүй хүчин зүйл болоод буй уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, хохирол багатай даван туулах  талаар улс орнууд анхаарал хандуулж эхлээд буй.

Монгол Улсын хувьд ч дээрх  асуудалд анхааран “Бэл­чээ­рийн мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтөд хэр­хэн хохирол багатай, дасан зохи­цуулах” тухай Монгол, Японы эрдэмтдийн хамтарсан төсөл  хэрэгжиж байна. Уг төсөл таван жилийн хугацаатай хэрэгжинэ.
Хоёр орны эрдэмтэн судлаачид өчигдөр уулзаж, төслийн эхний жилийн судалгааны тайланг хэлэлцлээ.

Энэ талаар төслийн Монголын талын удирдагч  МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Т.Чулуун “Төслийн хүрээнд Монголын нөхцөлд зориулан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг хөргөх систем зохион бүтээж турших гэж байна. Туршилтын төхөөрөм­жийг  МУИС-ийн туршилтын баазад байрлуулан цаг агаарын хэмжилтийн судалгаа хийж эхэлсэн. Хоёр жилийн дараа Монголын цаг агаарт 100 хувь тохирсон, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах суудлын вагоны хэмжээний том оврын хөргөх систем сумдад байрлуулна. Төслийн зорилго бол бэлчээрийн мал аж ахуйг шинэ түвшинд гаргах. Үүний тулд нийгэм, эдийн засгийн, технолгийн талаар олон судалгаа хийж байна. Эдийн засгийн судалгааны загвар ч боловсруулсан. Энэ загварын аргачлалаар Монголын нөхцөлд зуд болбол ямар хохирол учрахыг тооцож болно. Мөн нэг сонирхолтой судалгааг энэ загвараар хийсэн. Зуднаас урьтаж, малыг их хэмжээгээр нядлан экспортлох тухай ярьдаг. Экпортод гаргах махны хэмжээг тав дахин ихэсгэе гэж бодъё. Дотоодын зах зээлийн үнээр экспортод гаргавал ДНБ-ий хэмжээнд өсөлт гарахгүй, буурах тооцоо эдийн засгийн судалгааны үр дүнд гарч байна. Экспортлох махны үнэ  дотоодын үнээс 2-3 дахин их байвал  ДНБ-ий өсөлтөд нөлөөлнө. Цаг агаарын урьдчилсан прогнозыг сайжруулах нь чухал. Зуд болохыг урьдчилан мэдэж, намар нь малаа нядалснаар, эдийн засгийн хохирол амсах­гүй. Төсөл амжилттай хэ­рэгж­­­сэнээр бэлчээрийн мал аж ахуй тогтвортой, гарз хохи­рол багатай, бэлчээрийн даац хэт­рэхгүй, эдийн засгийн хохи­ролгүй ирээдүйг авчирна” гэв.

Төслийн Японы талын ахлагч “Чүво” Их сургуулийн доктор Ватанабэ  Масатака “Японы талаас “Чүво” их сургууль, Байгаль орчин судлалын институт, “Хитачи” компани Монголын талаас МУИС, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн  хамтран судалгааны ажил хийж байна. Японы Байгаль орчны яам судалгааны ажлыг санхүүжүүлсэн. Өнөөдөр “Цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох төлөвлөлт хийх” гэсэн төслийн үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Нүүдлийн мал аж ахуйд бэлчээрийн доройтол, зуд турхан хэрхэн нөлөөлж буйд судалгаа хийлээ. Зуд болохыг урьдчилан таамаглах загварчлал боловсруулж байна. Ялангуяа энэ жилийн өвөл зуд болох магадлал өндөр гарсан. Үүний эсрэг ямар арга хэмжээ авах, технологи ашиглах, хэрхэн байгалийн гамшгийг даван туулах вэ гэдэг аргачлал боловсруулах нь чухал. Зудны эсрэг авч буй арга хэмжээний нэг бол сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хүнсний махны чингэлэгт хөргүүрийн системийн судалгааны ажил юм. Өнөөдрийн байдлаар  бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даацыг ихэсгэхгүй барих нэг арга бол малыг нядлан, мах хэлбэрээр хадгалах хөргүүр олноор барих.  Ингэснээр хүлэмжийн хий, метан газыг бууруулах боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн төслийн эхний жилийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх хуралд оролцсон БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа “Сүүлийн 70 жилийн хугацаанд орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас долоон хувиар буурсан. Уулархаг нутгаар дулааралт эрчимтэй явагдаж байгаа.

Хүний буруутай үйлдлээс болж хүлэмжийн хий ихэсч байна. Үүнд төвлөрсөн суурин газрын үйлдвэрүүдийн яндангаас гарах утаа, нүүрс хүчлийн хий гол нөлөө үзүүлдэг. Ингэснээр азоны давхаргын цооролтын хэмжээг нэмдэг. Хүний хүчин зүйлийн нөлөөлөл улс орнуудын онцлогоос хамааран харилцан адилгүй байна. Жишээлбэл, манай оронд бэлчээрийн ургамлын бүрхэвчийн доройтол түлхүү явагддаг. Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгаан нь малын тоо толгой ихэссэнээс болсон. Эрдэмтдийн тооцоолсноор манай орны бэлчээрийн даац 25 сая толгой малд л хүрэлцээтэй. Өнөөдрийн байдлаар даацын хэмжээ хоёр дахин хэтэрсэн.  Мөн сүргийн бүтэц алдагдсан. Урд өмнө малын тоо 25 сая байхад, бэлчээр нөхөн сэргээгддэг  байжээ. Дөрвөн улирлын турш өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн зэрэг бэлчээр нутагтай байв. Гэтэл өнөөдөр зарим айл өрх зуссан газартаа намарждаг. Өвөлжсөн газраа хаварждаг болсноор нэг газар суурьших нь их боллоо. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгд, малын тоо толгой өсч  бэлчээр хүрэлцэхгүй болсон. Хоёрт, малчдын амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Цэвэр сонгодог нүүдлийн хэв шинж болсон тэмээн хөсгөөр нүүдэллэж уулын мухарт хүрдэг байсан. Одоо энэ уламжлал мартагдаж байна. Үүнээс болж соргог нарийн өвстэй уулын амны бэлчээр ашиглагдахгүй байна” гэв. Мөн тэрээр “Японы Засгийн газрын Олон улсад хүлээсэн үүргийн нэг нь хүлэмжийн хийг бууруулах талаар бусад оронд туслалцаа үзүүлэх явдал юм. Ингэснээр үйлдвэрлэлийн болоод татварын  хөнгөлөлт эдэлдэг. Ийм учраас хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, өвлийн улиралд зарим сумын сургуульд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дулаанаар хангах төсөл хэрэгжүүлсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицно. Аль болох бага хохиролтой, шинжлэх ухааны үндэстэйгээр дасан зохицох аргачлалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлье гэдэг санаагаар энэ төслийг хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Эрдэмтдийн дүгнэснээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйлд дасан зохицох зайлшгүй шаардлага бий болжээ. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн мал аж ахуйд сөрөг нөлөө үзүүлэх нь. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилийн дөрвөн улирлын үргэлжлэх хугацаа ихэсч багасна. Энэ нь бэлчээрийн тогтсон дэг жаягтай, олон зууны турш нэгэн хэмээр үргэлжилсэн уламжлалт мал аж ахуйд сайнаар нөлөөлөхгүй.
Бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулан зуднаас урьтан малаа нядлан эдийн засгийн хувьд хохирол амсахгүй байх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нэг хэлбэр гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан