Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орхон голын эхэнд алт олборлож буй 50 гаруй уурхайг хүчээр гаргах хэрэгтэй

Орхон гол нь Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн 54 сум, суурин газрыг дайран, 1124 км газар урсч  Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг монголын томоохон голуудын нэг юм.

Сүүлийн жилүүдэд Орхон голын эх ундарга болох Суварга хайрхан уулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг компани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нутгийн гурван гол, 15 булаг шанд устаж үгүй болсон  гэж уугуул иргэд үзэж байна. Эдгээр компани нь алтыг нь сорчилж  аваад, гол, усыг  бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэггүй  аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 км зайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрчээ. Үүнд бухимдсан нутгийн иргэдийн  байгуулсан “Орхоны дуу хоолой”, “Ариун суварга” ТББ хамтран Орхон голын бохирдлын талаар мэдээлэл хийлээ.

“Ариун суварга” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Чагнаадорж “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2010 онд батлагдсанаар, байгаль ээж, ард иргэд амьд бүхэн амгалан тайван байсан. Уул уурхай тэргүүлэх салбар хэмээн  Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, тогтоол гарч “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан.  Ингээд Засгийн газрын 120, 189 дүгээр тогтоол гарсан.  “Монгол газар” компани нь лицензтэй талбайдаа хууль бусаар, хулгайгаар 50 гаруй уул уурхайн үйл ажиллагаа явуулах чадамжгүй жижиг компани оруулсан. Үүний улмаас Орхон гол маш их бохирдсон. Тус компанид Архангай аймгийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй. БОНХАЖЯ-наас хоёр ч ажлын хэсэг томилогдон шалгалт хийсэн боловч нааштай үр дүн гарсангүй. Засгийн газрын 289 дүгээр тогтоолд усан сан бүхий газрын эргээс  50 метр, энгийн хамгаалалттай бүсээс 200 метр дотор алт олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчин Орхон голын усан дотор “драг” хэмээх машин ажиллуулан, дээд зэргээр бохирдуулж байна. Өөрөөр хэлбэл, Орхон голын гольдрол дотор уул уурхайн үйл ажиллагаа  явуулж байна гэсэн үг. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Хууль баталсан УИХ, тогтоол гаргасан Засгийн газар энэ хууль зөрчсөн ёс бус үйлдлийг таслан зогсоогооч ээ. “Алтан дорнод Монгол” компани хууль бус үйлдэл хийгээгүй. Гэтэл “Монгол газар” компани нь байгаль дэлхий сүйтгэж бай­на. Ямар дархан эрхтэй гэ­хээр ийм байдаг байна” гэлээ.
Мөн “Орхоны дуу хоолой” ТББ-ын Тэргүүн Р. Аюушцэрэн “Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амьдардаг. Сумын Иргэдийн хурлын төлөөлөгч.  Орхон голыг бохирдуулж буйг эсэргүүцсэн нутгийн 200 гаруй иргэний гарын үсэгтэй эсэргүүцлийн бичиг авчирсан (харуулав).  Манай сумын хилийн зааг Орхон голын эхээс Үүртийн тохой хүртэл 60  гаруй км үргэлжилдэг. Мөн энэ хэсгээр Орхон гол урсдаг. Орхон голын дагуу манай сумын олон айл өрх  зуны улиралд зусдаг. Эдгээр айл өрхөд уух ус байхгүй. Мал нь алт угааж, улаан өнгөтэй болсон ус ууж байна. Алтыг долоон төрлийн химийн бодис орсон усаар угааж тунгаадаг. Энэ усыг шинжилгээнд явуулахад маш хортой гэсэн хариу ирсэн. Ундны усаа хувинд хийн хонуулахад, хуруу хэрийн зузаан улаан шороо ёроолд нь тунасан байдаг. Орхон гол маш их загас жараахайтай байв. Одоо бүгд устаад дууслаа. “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар”-ын  захиргаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд бий. Ажил хийдэггүй. Цаашид гол ус бохирдуулсны төлбөрийг гаргуулж авна. Орхон голын эхэд  алт олборлож буй 50 гаруй уурхайг хүчээр гаргах хэрэгтэй байна. “Монгол газар” нэг га газрыг жижиг компанид 50-100 сая төгрөгөөр зардаг. Энэ компанийн лицензийг яагаад цуцалж болдоггүй юм” гэв.

Мөн тэрээр “2012 онд Байгаль орчны сайд асан Л.Гансүх, Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, Улсын мөрдөн байцаах газрын дарга асан Ө.Энхтөр нар хамтарсан шийдвэр гарган, хууль бус компаниудыг хөөн гарган, эвдэгдсэн газрын 60 хувьд нь нөхөн сэргээлт хийлгэж байсан. Энэ арга хэмжээг одоо авах хэрэгтэй . Уул уурхайн олборлолт зайлшгүй гэж үзвэл, үндсэн хоёр компани ажиллан, хуулийн дагуу гол усыг бохирдуулахгүй, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийдэг байх. Үгүй бол бүгдийг нь гаргах хэрэгтэй байна. Энэ Орхон гол бол ганц Монголын өмч биш. “ЮНЕСКО”-гоос Орхоны хөндийн соёлын дурсгалыг 2004 онд “Дэлхийн өв”-өөр бүртгэсэн юм” гэлээ.

Мөн дээрх хоёр компанийн  олборлолтын үйл ажиллагаа зөрүүтэй талаар  дурдагдсан.  Энэ талаар “Ариун суварга” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Чагнаадоржаас тодруулахад  “Алтан дорнод Монгол” компанийн лицензтэй талбайд гурван аж ахуйн нэгж алт олборлон, бага зэргийн нөхөн сэргээлт хийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Мөн ус, газар  ашигласны болон хог хаягдлын төлбөрийг орон нутагт төлдөг.

“Монгол газар” компани нь талбайдаа алт олборлох эрхтэй үгүй нь мэдэгдэхгүй 50 гаруй аж ахуйн нэгж оруулан, 53 ширхэг усан буу зоочихсон үзэж тарж байна. Тэндээс олборлосон алт “Монгол банк”-д тушаагдахгүй, хар зах дээр борлогддог. Ингэхлээр манай улсын алтны нөөц яаж нэмэгдэх вэ. “Монгол газар компани 2012 онд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг маш сайн хийсэн. Нөхөн сэргээлт хийсэн  газраа жижиг компаниудад зараад байна. Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Аялал жуулчлалын газар нь үнэхээр хүчин мөхөсддөг.
БОНХАЖЯ, Мэргэлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг дээд шатны Төрийн байгууллагын туслалцаа, дэмж­лэг хэрэгтэй байна. Орхон голын бохирдол бол ганц аймгийн асуудал биш.  Орхон гол нутаг дэвсгэрээр нь урсдаг Архангай, Өвөр­хангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон-Уул, Дархан-Уул зэ­рэг  аймгийн удирдлага анхаарал хандуулаач” гэв. “Урт нэртэй” хуулийн зарим заалт, зүйл анги  бизнесийн үйл ажиллагаанд нь үнэхээр саад болдог талаар баялаг бүтээгчид хэлдэг. Гэхдээ л гол мөрний эхийн дагуух газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулбал усгүй болохын цондон буй за.

0 Сэтгэгдэл
enehvv medeelel hezee niitlegdsen be?
Хамгийн их уншсан