Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМЭЭЛ

Эмээл нь эмээлийн мод, урд бүүрэг, хойд бүүрэг, олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, хавтас, дэвс, гөлөм, ганзага, дөрөөний оосор буюу сур, дөрөө, тохом, олом, жирэм, оломны арал хэмээх хэсгүүдээс бүрддэг.

Эмээлийг төрлөөр нь халх, хасаг, буриад, үзэмчин, дөрвөд хэмээн ангилдаг. Морины нуруунд ирэх хүнд ачааллыг жигд тохируулдаг ач холбогдолтой морины хэрэгсэл юм. хэрэглэх байдлаар эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, настан хүний, хурдан морины хэмээн ялгана. Халхчууд Самбуу хийцийн эмээлийг өргөн хэрэглэж ирсэн бөгөөд Сайн ноён хан аймгийн харъяат Самбуу дархан анх санаачлан хийжээ. Суудал нь уужим, бүүрэг нь намхан, хавтас урт байдаг тул морины нуруунд тохьтой, хүний биед ядаргаагүй байдаг байна. Энэхүү Самбуу хийцийн эмээлийг монголчууд үе дамжуулан хэрэглэж ирэхдээ зарим нэг хэсгийг нь өөрчилж хийгээд “боржгон самбуу”, “бөлтгөр самбуу”, “хадаасан самбуу”, “өвгөн самбуу” гэх мэтээр нэрлэж иржээ. Эдгээрээс хамгийн тохиромжтой нь “өвгөн самбуу” эмээл бөгөөд суудал өргөн, бүүрэг нам, хавас урт, элдэв гоёл чимэглэлгүй ажээ. Эмээлийг хийхдээ ургаа модноос сонгон авч хатаагаад 25 хувиас илүү чийггүй хуурай модоор хийнэ. Бүүргийг хус модны ац салаа, эсвэл цул үндэсний модоор хийдэг бөгөөд бүүргийн мод заавал босоо ширхэгтэй байдаг. Хавтсыг яргүй шулуун модыг голоор нь тэгшилж цуулж хос хавтас болгоно. Эдгээрийг эвлүүлж модны цавуугаар наахын зэрэгцээ хэд хэдэн газар нойтон үдээрээр үднэ. Хярыг бугын эвэр, өнгөлсөн металаар хийхээс гадна гоёлын болгож үндэсний хээгээр мөнгөлөн чимэглэдэг. Хавтсанд хойд урд ганзаганы нүхийг гаргаж бэхэлдэг.

Эрэгтэй хүний эмээлийн хавтасны урт 45, өргөн 13, хойд бүүргийн өндөр 10, урд бүүргийн өндөр 13 сантиметр байдаг бол эмэгтэй хүний эмээлийн хавтасны урт 35, өргөн 11, хойд бүүрэг 9, урд бүүрэг 14-15 сантиметр байдаг. Хүүхдийн эмээлийн хавтас 32, өргөн 11, хойд бүүрэг  9, урд бүүргийн 11 сантиметр байвал тохиромжтой.

0 Сэтгэгдэл
Үнэн үнэн.
Саяхан фэйсбүүкээс зарна гэсэн гарчигтай нэг эмээлийн зураг харж билээ. Дөрөө нь гэж их чамин, тэр чигтээ битүү хээ угалз болсон эд байв. Дөрөөн тавгийг үзвэл дээд тал нь (гишгэгддэг) тойрод хурц ирмэгтэйгээс гадна сийлбэрийн урлагийн гол хэсгийг энд л шингээжээ. Дөрөөн сэнж нь ч бас битүү хээр хуар болсон сийлбэртэй ганган байв. Нилээд шохоорхон харж суусны дараа нэг ийм бодол төрөв. Энэ дөрөө үнэндээ дэмий эд ажээ! Хэрэв хөл ороод гацчихвал амархан сугараад гарчихгүй нь илт байна. Дөрөөнд хөл нь гацаж мориндоо чирэгдсэн, гэмтсэн тохиолдлын алийг тэр гэх вэ. Амь эрсдчихэж ч болох шүү дээ. Ялангуяа хүүхдүүд. Адгуусан амьтан бол адгуусан амьтан л байдаг. Хүний амь нас хэт гоёмсгийг хөөсөн аливаа эд, хэрэгслээс хэзээд үнэтэй! Орчин цагийн монголчуудын мөнгөн эмээл, хазаар тэргүүтэн ахуйн зарим эдлэл хэрэглэл нь гоёл чимэглэлийн урлаг тал руугаа хэт хөгжсөнөөр жинхэнэ уламжлалт соёл, амьдралын хэрэглээнээс бага багаар холдсоор, ахуйд нийцгүй болсоор буй. Тухайлбал халуун цай хийх төдийд хунираад явчихаж мэдэхээр хямд мөнгөн аяганууд дэлгүүрүүдэд ч, айлуудад ч олноороо байна. Тэдгээрийг цагаан сараар л гаргаж сүү, цагаа төдийхөн юм хийж хэрэглэхээс биш бусад цагт бол ханын тавилган дахь шилэн тавиур дээр л үзүүлэн маягаар хураалттай байхаас өөр хэрэглээ бараг л байхгүй. Зүгээр л бэлэг дурсгалын чанартай эдэд хувирч буй нь тэр. Хурим хийлээ сүүтэй мөнгөн аяга бэлгэнд авлаа, өглөө. Шинэ байранд орлоо, хурууд дүүргэсэн мөнгөн аяга мөн бэлгэнд авлаа эсвэл өглөө гэх мэт. Уг нь хуучны мөнгөн аяганууд ч чамин гоё хээ угалзаараа л дутаж мэдэхээс биш хажууд нь янзын ш дээ, хэрэглээ талд бол! Ингэж ахуйн эдлэл хэрэглэлээрээ дамжин соёл, өв уламжлалаасаа бага багаар холдсоор байгаа үзэгдэл орчин цагийн нийт Монголчуудын дунд бий. Угтаа бол хүчирхэг, түүхт улс үндэстэнүүд бууран доройтох, үндэстний дархлаагаа алдахын нэг шалтгаан бол үндэстэн өөрийнхөө олон зуун дамжсан өв уламжлалаасаа аажмаар хөндийрөх түүний гадна соёлоор орлуулж эхлэх үзэгдэл юм!
Үнэн үнэн.
Хамгийн их уншсан