Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Колумбын уул уурхайгаас суралцаж бас сургана

Уул уурхайн сайд Р.Жигжид Колумб улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн болон Гадаад хэргийн дэд сайд нартай тус тус уулзалт хийлээ.
 
Уул уурхайн сайд Р.Жигжидийн ахалсан УУЯ, АМГ-ын төлөөлөгчид Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд Томас Гонзалес Эстрада, Колумбын Ашигт малтмалын Үндэсний агентлаг болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна. Уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцсон бөгөөд тулгамдаж буй хууль бусаар ашигт малтмал олборлолт, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалт, татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжтой талаар ярилцав.
 
Колумб улсад 2010 онд хийсэн судалгаагаар нийт 13400 уурхайн 73 хувьд буюу нийт 9000 гаруй уурхай ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бол 2014 онд нийт 3368 уурхай дээр хийсэн судалгаагаар 65 орчим хувьд  хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэсэн статистик мэдээлэл байна.
Тус яамны зүгээс орон нутагтай хамтран ажиллаж, Бичил уурхай эрхлэгчдийг албажуулах, бүртгэх, таниулан сурталчлах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 жилд албажих хүсэлтэй иргэдийн тоо ихсэж 2014 онд 860, 2015 онд 1500 болсон ба 2018 онд 2600 бичил уурхай эрхлэгчдийг албажуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
 
Яам болон агентлагын үйл ажиллагааны стратеги, бүтэц нь манай улстай төстэй бөгөөд 100 жилийн түүхтэй Геологийн үндэсний алба нь Уул уурхай, эрчим хүчний яамандаа харъяалагддаг байна. Уул уурхай, эрчим хүчний яамны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхдээ олон улсын зөвлөх ажиллуулсан бөгөөд Үндэсний Геологийн албыг Ашигт малтмалын газраас тусад нь байгуулах талаар өгсөн зөвлөмжийг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

 Уул уурхайн сайд Р.Жигжид Колумб улсын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн Дэд сайд Павло Вера Сантостай уулзаж уул уурхайн олборлолтын улмаас байгаль орчны нөлөөллийг хэрхэн зохицуулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийн олголтын талаар харилцан ярилцлаа.
Мөн Колумбын Гадаад хэргийн дэд сайд Патти Лондонио Харамилло Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч уулзсан бөгөөд Монгол, Колумбын харилцаа, хамтын ажиллагааг цаашид уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болохыг тэмдэглэсэн.

Колумбын гадаад хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй идэвхжиж байгаа бөгөөд гадаад орноос оюутан сургах зэргээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн Австрали, Канад, Хятад зэрэг улсын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа Европ, Америкийн туршлагыг нутагшуулах ажлыг хийж байгаа талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Колумбын Үндэсний сургалтынтөвд Монголоос багш болон мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах албан хүсэлтийг Колумбын Гадаад хэргийн яам болон холбогдох байгууллагад тавьсныг найрсгаар хүлээн авч дэмжихээ илэрхийлэв.

Колумбын Үндэсний сургалтын төвтэй танилцав
SENA буюу Колумбын үндэсний сургалтын төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тус төв нь Колумбын Хөдөлмөрийн яамны харъяа төрийн байгууллага бөгөөд уул уурхайн чиглэлээр бүхий л төрлийн сургалт, дадлагыг орчин үеийн техник, тоног төхөөрөмж дээр үнэ төлбөргүй сургадаг байна. Мөн тус байгууллага нь мэдлэг болон технологийн талаарх гадаадын туршлагыг нэвтрүүлэх, Колумбын туршлагыг гадаад орнуудтай хуваалцах чиглэлээр холбох гүүр болон ажилладаг.

Сургалтын төвийг Колумбын Бояака мужийн Согамоса дүүргийн нутагт орших 60 жилийн өмнө ажиллаж  байгаад хаагдсан үндсэн ордын уурхайг түшиглэн байгуулсан бөгөөд уул уурхайн чиглэлээр жилд 7000 гаруй мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэдэг, 150 гаруй багш, ажилтантай юм байна.
Тус төв нь маркшейдер, байгаль орчин, электро-механик, хүнд машин механизм, GIS, биотехнологийн, сорьцын болон усны шинжилгээ, ил болон далдуурхайн технологи, далд уурхайн агааржуулалт, тэсэлгээний чиглэлээр тусгайлсан сургалтуудыг явуулдаг байна.

Алтны бичил уурхайн үйл ажиллагаатай танилцав
Сантандер мужийн Ветас тосгонд байрлах алтны үндсэн орд олборлож буй 2 бичил уурхайтай газар дээр нь үзэж танилцав. Эхний уурхайд 35 айлын 200 орчим хүн ажилладаг бөгөөд сард ойролцоогоор 300 тн хүдэр олборлож, боловсруулан 800-1000грамм алт гарган авдаг байна.

Ветас тосгоны захиргаа нь 30 гаруй ажилтантай бөгөөд бичил уурхай эрхлэгчдийг албажуулах, бүртгэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж, орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар ярилцав.

 Мөн Сантандер мужийн бүсийн байгаль орчин, хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагын хяналтын албаны дарга Неви Вилламил болон холбогдох хүмүүстэй уулзсан бөгөөд тэд орон нутгийн хэмжээнд бичил уурхайн үйл ажиллагаанд байгаль орчны хууль дүрэм журмыг хэрэгжилтийг зохион байгуулдаг.

Өмнө тус бүс нутагт бичил уурхайчид мөнгөн усыг хяналтгүйгээр хэрэглэдэг байсан бол 2007 оноос шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай арга аргачлалыг нэвтрүүлж, байгаль орчны хяналтын албаны хяналтын дор цианитаар уусган баяжуулах, электролизын аргаар алт ялгах замаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 Сантандер мужийн Вета, Калифорни дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг нийт 54 нэгжийг албажуулах зорилт тавьснаас Байгаль орчны яамны зүгээс эдийн засгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлсний үр дүнд 11 бичил уурхайг албажуулсан байна.

Германы Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн бохирдлын хэмжээг тогтоох судалгаа болон химийн бодисын хэрэглээний ойлголтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлсэн бөгөөд судалгаанд үндэслэн Цэвэр үйлдвэрлэлийн аргачлал боловсруулсан байна.

Алт цэвэршүүлэх үйлдвэртэй танилцав
 “Alloy” алт цэвэршүүлэх үйлдвэрийн Ерөнхий менежер Баррера болон Санхүүгийн албаны дарга Луис Ромеро нар үйлдвэрээ танилцуулав.
Тус байгууллага нь Колумбын алт цэвэршүүлэх албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий анхны хувийн байгууллагуудын нэг бөгөөд энэ чиглэлээрээ 30 жил ажилласан туршлагатай бөгөөд үйлдвэрийн хүчин чадал нь жилийн 10-12 тн алт цэвэршүүлэх ба дотооддоо худалдан борлуулдаг байна.

Колумбын ОҮИТБС-ын төлөөллүүдтэй уулзалт хийв
Мөн Колумбын ОҮИТБС-ын болон Иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзалт хийж Монгол Улс 2006 онд тус санаачлагад албан ёсоор элссэнээс хойш хэрэгжүүлсэн арга хэмжээ, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа талаарх туршлагаасаа хуваалцлаа.
 
Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд олон талт буюу төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн тэргүүний чухал асуудал болох талаар харилцан ярилцав.
Колумб улсын хувьд тус санаачлагад энэ жил элсэн орсон байна. Улсын нийт экспортын 45 гаруй хувийг газрын тос эзэлдэг бөгөөд ОҮИТБС-ын тайланд газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүд болон уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувийг хамруулах зорилттой хэдий ч мөнгөн дүнгээс хамааран Эко Петрол зэрэг үндэсний томоохон 25 орчим аж ахуйн нэгжүүд хамрагддаг байна.

Колумбын хамтын ажиллагааны агентлагтай уулзалт хийв
 Колумбын хамтын ажиллагааны агентлаг нь төр, хувийн хэвшил, техникийн болон санхүүгийн талаарх олон улсын хамтын ажиллагааны асуудлыг зохицуулах үйл ажиллагааг хариуцдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, хэрэгжүүлж болохоор хэд хэдэн саналуудыг Колумбын талд тавьж хууль бусаар алт олборлож буй бичил уурхайчдыг албажуулах, Үндэсний геологийн алба байгуулах, салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зарчмын тохиролцоонд хүрсэн.

Тус байгууллага нь улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, захиран зарцуулах, мөн түүнчлэн баталгаажуулах чиг үүрэгтэй бөгөөд “south-south” төсөл буюу ядуурлыг бууруулах талаар олон улсын хэмжээнд хамтарч ажилладаг.

Гранд Колумбиа компанийн  төлөөлөлтэй уулзалт хийв
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл болох Канадын хөрөнгө оруулалттай Гранд Колумбиа компанийн дэд ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайд нийт 196 нэгжид 8000 гаруй хууль бусаар ашигт малтмалын олборлогчидтэй 5 жилийн хугацаанд албажуулахаар ажилласан туршлагыг судаллаа.

3 үе шаттайгаар үйл ажиллагаа явуулж хууль бусаар ажиллаж буй хүмүүст тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж, олборлолтод дүн шинжилгээ хийсний үндсэн дээр төлөвлөгөө гарган, яриа хэлэлцээр, гэрээ байгуулах ажлыг хийсэн байна. Тэд өөрсдийн 2 жилийн туршлагад үндэслэн гэрээ байгуулах 4 загвар гарган хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч уурхай бүрт тохирсон загвар гэрээболовсруулан хэрэгжүүлснээр одоогоор 36 гэрээ байгуулан ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
hoorhii
Хамгийн их уншсан