Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ганхүү: Улаанбаатарт цоо шинэ менежмент, удирдлага хэрэгтэй

“Үүргэвчтэй аялал”-аар биднийг дэлхий ертөнцтэй холбож, өндөр хөгжилтэй орнуудын олон авууштай санааг өгдөг хөтлөгч Г.Ганхүүтэй ярилцлаа. Тэрээр НИТХ-д ИЗНН-аас нэр дэвшиж байгаа учраас энэ удаа зөвхөн хотын хөгжлийн талаар ярилцсан юм.   

-Танаас очиж үзсэн гэснээс үзээгүй нийслэл хэд вэ гэж асуувал онох байх. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын багт орж Рио Де Жанейрод очоод ирсэн гэсэн?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын багт орж гайхамшигт Бразиль улсын Рио Де Жанейро хотод очоод ирлээ. Энэ миний очсон 105 дахь орон болсон. Очсон улс болгоныхоо нийслэлд нь очиж үзсэн л дээ. Гэхдээ Рио Де Жанейро хот Бразилийн нийслэл биш л дээ. 1960 он хүртэл Рио Де Жанейро нь Бразилийн нийслэл байснаа Бразилиа гэдэг хотоо нийслэлээ болгон өөрчилсөн юм билээ. Гэхдээ очиж үзсэн том хотын тоонд зүй ёсоор багтана.

-Аливаа улсын нийс­лэлд очих болгондоо Улаан­баатараа бодож, харьцуулж явсан байх. Багцаагаар Улаанбаатар маань хөгж­лөөрөө таны очсон 105 нийс­лэлийн аль хавиар нь жагсах бол?
-Монгол хүн хаашаа ч явсан Монголоо бодож, харь­цуулж бодож явдаг. Дээр хэлсэн 105 нийслэл дунд буурай, өндөр хөгжилтэй янз бүрийн л хот багтана. Үнэхээр дуу алдам гоё хотууд ч бий, Африкийн буурай орны ядуу хотууд ч бий. Улаанбаатар маань хөгжлөөрөө дундуур хавьцаа жагсана шүү. Замын түгжрэл, утаа гэх мэтээр хойш татах зүйл байдаг ч бусад сайшаах зүйл бас бий шүү дээ. Би гоё хотод очихоороо үүнийг нь аваад Улаанбаатартаа бий болгочих юмсан гээд ярьж л явдаг юм.

-Улаанбаатартаа нэвт­рүүл­мээр олон соёл ха­рагд­сан байх л даа. Гэхдээ түүн дотроос хамгийн чухал нь юу байв?
-2003 онд анх би Улаанбаатар хотын нийтийн тээвэр тойрсон бэрхшээлийг шийдэх хамгийн зөв арга бол метро байгуулах юм гэж нийтлэл бичиж байсан. Тэр үед “Мөрөөдлийн нийтлэл”, төсөөлөлшгүй гэх мэтээр намайг шүүмжилж л байсан. Гэтэл өнөөдөр бүх намын мөрийн хөтөлбөрт “метро байгуулах” гэдэг өгүүлбэр багтжээ. Үүгээр бахархаж л явна. Анх адлагдан гаргаж байсан санааг маань өнөөдөр л намууд ухаараад, хийх ёстой юм байна гэж бодох болж. Мөн Улаанбаатарын утааг багасгахаар бүх нам санаа зовниж байна л даа.

-Гэхдээ энэ утааг нэгэнт засрахаас өнгөрсөн мэт залуус бидэнд бодогдох болсон.  Харин танд бол яаж төсөөлөгддөг вэ?
-1960 он хүртэл Лондон яг манай Улаанбаатар шиг утаатай  хот байсан. Үүнээс ангижирсан арга нь ердөө л орон сууцжуулалт. Энэ жишээг бид ч бас хэрэгжүүлэх л хэрэгтэй. Түүнчлэн улсын бүх нийслэл төв талбайтай. Гэвч тэр талбай нь бүгд л “амьд”, үзвэр, үйлчилгээний газрууд нь төвлөрчихсөн, улс үндэстнийхээ соёлын гайхамшгийг дэлгэсэн гээд л. Гэвч манай Сүхбаатарын талбай нэг л амьд биш юм аа.

-Хааяа нэг жагсаал, цуглаан л болох юм даа?
-Харин тийм. Жижигхэн юм шиг боловч авууштай зүйл маш олон. Мөн Амстердам гээд гайхамшигтай хотын тухай яримаар байна. Тэр хотын хоёр сая иргэний нэг сая нь дугуй унадаг. Машины зам гэхээсээ илүүтэйгээр дугуйн замд маш их анхаарлаа хандуулдаг хот юм билээ. Эрүүл мэнд, замын түгжрэл, утаа униар гээд олон асуудлыг давхар шийдсэн алхам гэж бодсон. Мэдээж, манай орон эрс тэс уур амьсгалтай учраас ийм болгоход хэцүү санагдаж болох л доо. Гэхдээ дулааны улирал нь хүйтнээсээ урт шүү дээ. Ядаж дулааны улиралдаа хүмүүс нь дугуй унаж болох л юм шиг санагдсан. Гэтэл Улаанбаатарт хүмүүст дугуй унах боломж нь байгаа боловч явах зам байдаггүй шүү дээ. Уг нь дугуйны зам нь автомашиныхаас хамаагүй хямд өртөгтэй. Амстердамд зун болонгуут парламентын гишүүдээсээ эхлээд Ерөнхий сайд нь хүртэл иргэдтэйгээ зэрэгцээд дугуй унаад л явдаг юм билээ.

-Нэг л хол сонсогдоод байх юм. Үнэхээр боломж­той юу?
-Үгүй дээ, хэцүү зүйл биш. Маш амархан. Дугуйны замыг хот төлөвлөлтөд заавал оруулж өгөх ёстой. Үүнээс гад­на дугуйны зогсоол, хул­гайгаас хамгаалсан гинжин хол­боосуудыг заавал хийх ёстой. 1992 онд дэлгүүрт ороход давснаас өөр зүйл байгаагүй. Тэр үед барууны гоё сайхан дэлгүүр шиг болгоно гээд яривал хүмүүс итгэж өгөхгүй байх. Гэтэл өнөөдөр манай дэлгүүрт ороод лангуун дээрх барааны нэр төрлийг тоолж дийлэхээргүй болж. Үйлчилгээ нь ч сайн, хүндээ ойрхон болчихсон. Аливаа хөгжил маш хурдацтай өрнөдөг учраас энэ бол хол зүйл биш. Бид өнөөдөр л эхлүүлж чадвал тав, зургаан жилийн дараа гэхэд бий болчихно. 1995 онд гар утас тансаг хэрэглээ байсан биз дээ. Тэр үед “Номин талст”-ынхан Ганхүү ах аа, гар утсаа өгөөч. Бид Сүхбаатарын талбайгаар бариад жаахан өөрсдийгөө рекламдаадахъя гэдэг л байсан. Гэтэл өнөөдөр бүх хүн гар утас хэрэглэж байна шүү дээ. Хүн зүтгээд, бий болгоё л гэж бодвол болохгүй зүйл үгүй. Тэгээд ч Монголын мөнгөний урсгал ихэссэн энэ үед боломжтой. Дугуйны зам барихад том хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй. Зөвхөн менежмент, хот төлөвлөлтийн ганцхан алхам.

-Тэгвэл дөрвөн жилийн дараа бид метротой, дугуйн замтай болох нь, тийм үү?
-Хэрвээ МАН ялбал бид үүнийг хийж чадахгүй ээ. Яагаад гэвэл, тэд хэт хуучинсаг менежментээр явж ирлээ. МАН зөвхөн албан тушаал дагасан бөөгнөрөл шүү дээ. Төр л данхайгаад байдаг. Тэгсэн хэрнээ хийсэн ажил юу ч байхгүй. Тэд авлигажсан тог­толцооноос ангижирч чадах­гүй хүмүүс. Тиймээс одоо хотыг цоо шинэ хүмүүс удирдах ёстой. Хотын даргыг улстөрчид томилдог биш иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Тэгж л чадвал бид дөрвөн жилийн дараа сайхан хоттой болж чадна.    

0 Сэтгэгдэл
амжилт аймшиг ааа хахах
амжилт ганаа
good id!
Хамгийн их уншсан