Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин: Та нар одоо юу хийж орхисноо ойлгож байна уу

Б.БААТАР

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн ойн чуулган дээр дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлын талаар сургамж хайрлав. Жил бүрийн есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын гурван хүртэл үргэлжилдэг дэлхийн 140 гаруй орны төр, засгийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Гадаад хэргийн 46 сайд нарын чуулга уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нээн үг хэлж улмаар АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ээлж дараалан үг хэлдэг уламжлалтай. Гэвч дэлхий нийт өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс “номын дуу” сонсч, дор бүрнээ нэг зүйлийг тунгаан бодоход хүрсэн аж.

Тэрээр “Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэм хүндэт төр засгийн тэргүүн, Ерөнхийлөгч танаа. Энэ удаагийн 70 жилийн ойн чуулганы хүрээнд бид бүхний, дэлхий нийтийн ирээдүйн талаар ярих зүйл бидэнд их байна. 1945 оны агууэх орны ялалт буюу фашизмыг ялан дийлсний дараа дэлхий нийт нэгдэж, нэгдсэн хүсэл зорилготой дайны дараах хамтын хүч, хамтын тэмүүлэлтэй болсон. Мэдээж түүхэн он жилүүдийн хугацаанд манай улс дэлхийн улс орнуудын тэргүүн нар болон тухайн үеийн дарга нартай уулзаж, асуудлыг шийдэх хэмжээнд өөрсдийн байр суурийг олж авсан нь үнэн. Ялтын гэрээ байгуулах ажил ч ундарч олон арван сая хүний хувь заяаг шийдэх чухал гэрээ тухайн үед хийсэн. Бүхэл бүтэн 20 гаруй жил дэлхийн өнцөг булан бүрт үргэлжилсэн хоёр дайны дараа энэ бүхнийг ямар нэг зүйл өөрчлөх хэрэгтэй байсан тэр цаг үе. Энэ бүхний ард улс орнууд нэгдэж, үндэсний байгууллага гэж зүйлийг бий болгосон. Одоогийн НҮБ бол дэлхийн улс орнуудыг нэгтгэсэн цорын ганц байгууллага.

Тийм ээ, сүүлийн өдрүүдэд НҮБ-ын эргэн тойронд шүүмжлэл, асуудлууд дагаж байгаа нь үнэн. Зарим нэг шийдвэрлэх асуудалд хэсэг бүлэг улс орнуудын нэгдэл хүндрэл учруулж байгаа ч энэ бүхэн тийм ч сүртэй зүйл биш. Хамгийн гол нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байх шиг байна. Энэ бүхний өмнө сүүлийн 70 жилийн хугацаанд энд хуран чуулдаг уламжлал өнөөдөр ч хэвээр байгаад НҮБ-ын удирдлагуудад талархал илэрхийлмээр байна. Мэдээж НҮБ-ын чухал улс орнууд болох АНУ, Их Британи, Франц, БНХАУ болон ОХУ үндсэн чиглэл зорилгыг тодорхойлсоор байгаа. Гэвч энэ бол олон үндэстний индэр, олон улс орны эрх чөлөөний талбар. Харин түүний оронд аль нэг улс орон дангаараа хаан эзний суудалд залрах явдал байх ёсгүй. Энд олон улс орон байх ёстойн шалтгаан нь олон талын санаа бодол, олон өнцгөөс тулгараад байгаа асуудал бүхнийг хамтдаа шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Та бүхний санал болгон чухал гэдгийг зарим нь мартсан бололтой. Энд санал хураах журмаар буюу санал нэгдэж байна, санал нийлэхгүй байна гэсэн хоёрхон зүйл үйлчилдэг. Дипломатууд үүнийг зөвшөөрч нэвтрүүлэх үү, орохыг хориглох уу гэдэгтэй тун адилхан. Орчин үеийн ямар ч улс орны асуудал, бэрхшээлийг бүхий л гишүүн орнууд хамтдаа шийдвэрлэх бүрэн эрх байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгох ёстой. Дэлхийн хүйтэн дайны дараа бүхнийг эзэрхийлж, өөрийн болгох гэсэн ганц зүйл бий болсон гэдгийг бид бүхэн мэднэ. Ингээд бидний тэр төсөөлөлд байгаа пирамидын толгойд суусан эзэд бусад улс орнуудыг юу хийхийг зааж зөвлөдөг, ерөнхийдөө удирдлагыг гартаа авсан гэж эндүүрсэн. Улмаар бусад улс орны эрх дархад халдан хориг арга хэмжээг дураараа тавин, өөрсдийн шийдвэрт бат итгэлтэй бусад улс орон яах нь огт хамаагүй мэт байсан он цаг үе оршсоор байгаа. Ингээд бүх зүйл хяналтаас хальж гарч ирэхийн цагт тэд өөрсдийн хөлдөө бүдэрнэ гэгч болсон. Дэлхий нийт энэ хугацаанд тэднийг харсаар л байсан. Ажиглагчид үүнийг түүхэн даалгавраа биелүүлсэн, хуучирсан гэж дүгнээд удлаа. Мэдээж хэрэг дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Энэ зайлшгүй байх ёстой өөрчлөлт өөрөө бусдыгаа дагуулан өөрчилсөөр ирсэн. Өөрчлөгдсөөр ч байх болно. Хамгийн харамсалтай зүйл нь бидний босгосон түүх, соёл өв уламжлалыг бусад орнуудаас таслахыг оролдож байна. Хориг арга хэмжээ тавьж байна. Энэ бүхэн дэлхий дээр хамгийн хүчтэй нь бүхнийг захирна гэсэн байдлыг дахин авчрах гэж байна. Улмаар дэлхий дээр хамтын байгууллага, хамтын бүтээн байгуулалтыг босгохын оронд нэг системийн бодлого, нэг улс орны дор бүгд чирэгдэх тийм л нөхцөл байдал үүсэхэд ойрхон байна. Дарангуйлал ихэсч, шударга ёс, шударга хувиарлалт, бүхнийг хамт хийх тэр нандин зүйл үгүй болно. Хэрэв дэлхий яг энэ байдлаараа үргэлжлэн хөгжиж, хувьсан явах юм бол бүс, бүсийн дарангуйлал бий болж, удирдлагын бодлого пирамид шиг болоход ойрхон байна. Энд байгаа та бүхэн улс орны нүүр царай ч хамтын ажиллагааны талаар юу гэж ярьж байгаа нь сонирхолтой. Энэ бол бид бүхний эрх чөлөөний асуудал.

Хүн бүрийн эрх чөлөө болон сонголтын чухал асуудал яригдаж байна. Ард түмний төлөө болон улс орны төлөө яригдах асуудал өрнөж байна. НҮБ-ын өмнө гэхээсээ илүүтэй бид бүхэн дор бүрнээ энэ ганцаарчилсан давамгайлсан, дарангуйлсан байдлын эсрэг зогсох нь зөв гэдгийг та бүхний зарим нь ойлгож байгаа. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэг. НҮБ-ын эрх чөлөөний индэр. Бид бүхэн өөр хүмүүс. Тийм учраас дор бүрнээ хүндэтгэлтэй харилцах ёстой. Хэн ч хэн нэгэнд ямар нэг байдлаар шахалт дарамт үзүүлэх ёсгүй. Бид өнөөдөр өнгөрсөн түүхээ мартах ёсгүй. Жишээ нь ЗХУ. Нэгдсэн нэг бодлого, улс орны хүчирхэг байдал хожим ямар үр дагавар дагуулдаг гэдгийг дэлхий нийт харсан. Задран унасан нь үнэн. Нэгдсэн нэг бодлогоор бусдынг барих нь буруу гэдгийг түүх гэрчилнэ. Хамтын ажиллагаа илүү чухал, илүү дэлхийн улс орнуудад ашигтай гэдгийг баталж өгсөн. Өнөөдрийг хүртэл хэн ч бусдын алдаан дээр суралцдаггүй нь харамсалтай. Харин зөвхөн алдааг нь давтсаар байна. Хувьсалын давтамж нэртэй ардчиллын хувьсгал одоог хүртэл үргэлжилсээр. Өмнөд Африк болон Ойрхи Дорнодын жишээ бидний өмнө илт харагдаж байгаа. Он удаан жил нэг хэвийн байсан учраас хүмүүс өөрчлөлтийг хүсч байгаа нь гарцаагүй. Гэтэл бодит байдал дээр хэрхэн хувирсан гэж бодож байна. Гадны дэмжлэг нэртэй өөр хүчин улс оронд нэвтрэн туслах нэртэйгээр ард иргэдийн амьдралыг дайны хөлд даран, үнэт ховор зүйлсийг хүртэл нурааж, сүйтгэж байгааг та бүхэн, бид бүхэн харж байна. Ардчиллын үйл явцын оронд үндэсний хямрал, хүч хэрэглэсэн хурцадмал, аюултай байдал, үнэгүйдэл зэрэгцэн бий болжээ. Ингээд хүний эрх, хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй зүйл болон хувирлаа. Яг ийм байдал бий болгосон, үндэс суурийг нь тавьсан хүмүүсээс би үүнийг асуумаар байна. Та нар одоо юу хийж орхисноо ойлгож байна уу. Өөрсдийгөө их зүйлд бодсон, улс төрийн хүчирхэг байдал гэж итгэсэн тэдгээр эрхэм, хүмүүсийн дэргэд миний асуусан асуулт замхарна гэхээс эмээж байгаагаа нуухгүй.

Ойрхи Дорнод болон Өмнөд Африкийн хямралыг дарангуйлал, эмх замбраагүй байдал үүсгэх бүс гэж нэрлэж болохоор байна. Энд маш богино хугацаанд террорист болон зэвсэгт дайчдын өлгий нутаг болгож хувиргасан. Өөрсдийгөө лалын дайчид, лалын эзэнт гүрэн гэж нэрлээд байгаа тэд 10 мянган цэрэг армийн хүчтэй болсон байдалтай байгаа. Үүнд хэн буруутай вэ. 2003 оны Иракийн хуучин армийн хүчин, Ливийн төр засагт зүтгэдэг байсан мөн цэрэг армийн хүчин, харин одоо өөрсдийгөө барууны дэмжлэгээр гарч ирсэн гэж хэлээд байгаа Сирийн зэвсэгт босогчид нэгдээд энэхүү лалын дайчид, лалын хүрээлэл бүхий томоохон цэргийн хүчинг бий болгожээ. Тэднийг эхлээд барууныхан зэвсэглээд, хичээл зааж өгөөд, тэгээд тэд өөрсдийгөө лалын дайчид хэмээн нэрлээд дайтаж эхлэнэ. Зүгээр л нэг хоосон зайнд тэд бий болчихоод байгаа юм биш. Тэднийг яг л нөгөө аргачиллаар нэгдлийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой үүсгэсэн. Хяналтаа нэгэнт тогтоосон энэхүү хүчин өөрийн хүрээгээ тэлж эхэлсэн бөгөөд хөрш орнууд аюулд өртөж эхэлсэн. Энэ бол зүгээр л гамшиг.

Зөвхөн лалын ертөнцөд өөрсдийн байр суурийг тогтоохыг хүсэхгүй, бидний гэрийн ойролцоо үйл ажиллагаа явуулах хүсэл, зорилготой болж хувирсан гэдгийг бүтээгчид нь ойлгохгүй байх шиг байна. Өнөөдөр нөхцөл байдал бодож байгаагаас илүү хүндэрсэн. Олон улс терроризмын эсрэг юу ч хийж чадахгүй тийм байдлын эхлэл суурийг бага багаар тавьж байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлээд удаж байна. Асуудлын гол зангилаа нь тэднийг санхүүжүүлж байгаа улс орон ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Санхүүжүүлэлтээс болж ямар үр дагавар гарч байгааг ойлгож байгаа хэрнээ ухамсарладаггүй.

Тэд хууль бус хар тамхи наймаалцаж, түүхий нефть борлуулж, зэр зэвсэг худалдаалж байгаа ч хожим нь ашиггүй болоод ирэхээр тэднийг бүтээгчид нь устгана гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Бүтээгч, дэмжигч нарт хандан хэлэхэд дэлхий ертөнцийг битгий л ийм байдалтай үлдээгээрэй. Таны бүтээсэн зүйл таниас ухаантай болох учир мөнхөд тэнэг байна гэж битгий эндүүрээрэй. Одоогоор хэн нь хэнийгээ өөрийн ямар зорилгодоо ашиглаж байгаа нь тодорхойгүй байна. Террористуудын хэрэглэж байгаа, дэмжлэгээр авсан зэр зэвсгийг хаанаас илгээж, дамжуулж байгааг удахгүй тогтоох болно. Тиймээс хагас жилийн дараа гэхэд лалын дайчдыг дэмжиж байгаа бүтээгч дэлхий нийтийн өмнө тодорхой болно. Тэдэнд зэвсэг өгч дэмжиж байгаа ч дэлхийн терроризмын эсрэг үйл ажиллагаа үүнийг давж чадахгүй болж, улмаар нөхцөл байдал үнэхээр хямралын байдал руу шилжихийг хэн ч таамаглаж харахгүй байна. Лалын дайчид гэх энэхүү байгууллагад зөвхөн Ойрхи Дорнодын цэргүүд байгаа биш европын дайчид ч нэгдсэн гэдгийг та дахин нэг тунгааж үзээрэй. Тэд сурсан бохир аймшгийн зүйлээрээ гэртээ ирээд бусдыг хөнөөхийг бид хүсэхгүй байна.
Европт терроризмын хүнд ноцтой байдал үүсэхийг хэн ч хүсэхгүй байгаа биз дээ. ОХУ дэлхийн аль ч өнцөгт терроризмын эсрэг хатуу байр суурьтай тууштай тэмцэж ирсэн. Өнөөдөр бид Сири Ирак болон бусад терроризмын эсрэг тэмцэж байгаа улс орнуудтай хамтран тэдэнд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Сирийн эрх баригчидтай хамтран газар нутагт нь үүсээд байгаа зэвсэгт босогчдын эсрэг үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй гэдгийг хэлмээр байна. Эр хүн шиг нүүр нүүрээ хараад терроризмын эсрэг тулалдаж байгаа сайн талын ард бид дэмжлэг болно гэдгийг хэлье. Зөвхөн Сири ч гэлтгүй бусад улс орнуудад байгаа терроризмтой ямар ч улс орон хамтран тэмцэхгүй байгааг та бүхэн харж буй байх. Учир нь зарим бүтээгч улсад энэ нь ашигтай учраас тэр. Зарим шүүмжлэгч нар ОХУ-ын өөрийн амбиц болон хүсэл зорилгын төлөө цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар эндүүрсэн байна. Бид нэгдсэн дэлхийн аюулгүй байдлын төлөө, бүс нутгийн хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө ийнхүү тэвчээр алдан тусламжийн гараа сунгахаар шийдлээ. Олон улсын хууль журам, эрхийн дагуу бид нэгдмэл байдлын төлөө терроризмын эсрэг тэмцлээ эхлүүлж байна. Бидэнд үүний шинэ эсрэг байгууллага хэрэгтэй байна. Бүх үйл ажиллагаа олны өмнө илт, олны өмнө илэн далангүй, тодорхой үйл ажиллагаа явуулдаг шинэ анти терро­ризмын байгууллага. Бидэнд нэг төрийн бодлого хэрэггүй” хэмээн  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн ойн чуулган дээр хэллээ.

Ийнхүү тэрээр үг хэлсний хэдэн цагийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна. Уулзалт маш нээлттэй бас илэн далангүй байсан талаар В.Путин уулзалтын дараа өгүүлжээ. Талууд Украины асуудал болон Сирийн нутаг дэвсгэрт явуулах агаарын довтолгооны ажиллагаа, цэргийн баазын талаар дэлггэрэнгүй ярилцсан бололтой.  АНУ болон ОХУ-ын харилцаа маш бага төвшинд буурсан гэдэг нь тодорхой боллоо. Гэхдээ энэ бидний ирээдүйн харилцаанд нөлөөлөхгүй гэдгийг тэрээр цохон тэмдэглэсэн байна. АНУ-ын талууд ОХУ-д хангалттай ойлгуулж болохоор асуудлыг авч хэлэлцэх санал ирүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Мөн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хоёр улсын хамтын ажиллагааг урьдын адил бэхжүүлэх шинэ ажлын эхэнд ирээд байгааг Барак Обама цохон тэмдэглэжээ. В.Путин “Сирийн нөхцөл байдал дээр би бусад хамтран ажилладаг их гүрнүүдийн тэргүүнтэй ойлголцож чадна” гэсэн мэдэгдлийг хэвлэлийн бага хурлын дараа ярьсан байна. Гэвч ОХУ Сирийн нөхцөл байдалд барууны орнуудыг оролцуулах сонирхолгүй гэдэг нь тодорхой боллоо.

0 Сэтгэгдэл
Putiniig 10 jiliin hugatsaatai tureeselvel uasan yum.
үнэхээр агуу удирдагч агуу л байдаг юм байна.зарим нэг хоосон чалчдаг махан толгой бага ч болов үлгэр аваасай.
Хамгийн их уншсан