Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадад аялсан нэг хүн сард 1622 ам.доллар зарцуулдаг

Т.ЖАНЦАН

Монголчууд алс хол явж амьдралын ухаан суугаад ирсэн нэгнийгээ  юм үзэж нүд тайлсан хүн гэдэг. Сүүлийн жилүүдэд бид дотооддоо төдийгүй гадаадад нэлээд аялах болсон. Хэн, хаана, хэдэн төгрөгийн зардал гарган аялах нь хувь хүний эрх. Гэхдээ гадаадад аялахдаа авч яваа мөнгө нь Монголд орж ирсэн валютыг өөр улсад аваачин өгч буй явдал юм. Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистикт аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой орлого, зарлагыг үйлчилгээний дэд дансанд бүртгэн тооцох болжээ. Урд нь ийм судалгааг 2005 онд Хил хамгаалах ерөнхий газраас сар бүр гаргадаг “Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын мэдээ”-нд үндэслэн хийсэн байдаг. Эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн өнөө үед үүнийг шинэчлэн хийх шаардлага гарчээ. Монголбанк, ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газрууд хамтран өнгөрсөн оны тоо баримтад түшиглэн аялал жуулчлалын орлого, зарлагыг гаргасан байна.

Гадаадад аялж буй иргэд хэдий хэмжээний зардал гаргаж буйг тооцсон уг  судалгаанд онгоцоор аялаад ирсэн 697, Замын-Үүд боомтоор дамжин БНХАУ-д аялсан 324, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй долоон компанийг  санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Уг судалгаагаар гадаадад аялсан хүмүүсийн дундаж зардал 2005 оноос хойш гурав дахин өссөн байна. Ингээд ихэвчлэн 30 хүртэл хоног аялсан хэмээн тооцвол нэг хүн дунджаар 1622 ам.доллар зарцуулдаг болж.

Судалгаанд хамрагдсан жуулчдын дийлэнхи нь БНХАУ, БНСУ, Япон улсад аялжээ. Мөн Тайланд, Энэтхэг, Сингапур, Катар гэсэн Азийн орнуудад цөөнгүй хүн зорчсон байна.  Жуулчдын дийлэнх нь 30-39 насныхан байгаа юм. Тэгвэл судалгаанд хамрагдсан зорчигчдын 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь бизнесийн болон албан томилолтоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийлгэх, таван хувь нь ажил эрхлэх, долоон хувь нь сурч боловсрох зорилготой гэжээ. Гэвч нийт жуулчдын 13 хувь нь аялал жуулчлалын оператор компаниар зуучлуулсан бол үлдсэн нь өөрөө бие даан зорчив. Харин 81 хувь нь зарцуулах мөнгөө биедээ бэлнээр авч яваа бол үлдсэн нь олон улсын төлбөрийн карт ашиглаж байна.

Судалгаанаас үзвэл АНУ, Канадад 30 хоног аялсан жуулчид 2230 ам.долларын зардал гаргасан нь хамгийн их байна. Хамгийн бага зардлыг  ОХУ- д аялагчид гаргажээ. Тэгэхдээ хойд хөршид  аялагчдын ихэнх нь Буриад руу Байгаль нуур үзэх, Итгэлт Хамбад бараалхах зорилгоор явдаг нь компаниудаас авсан судалгаагаар ажиглагдав. Иймээс тус улсад зорчих дундаж зардал бусад улстай харьцуулбал бага дүнтэй гарчээ. Хойд хөршид 30 хүртэл хоног жуулчлахад нэг хүн дунджаар 515 ам.доллар зарцуулж буй бол Европоор аялахад сард 1975 ам.доллар болж байгаа юм. Мөн БНХАУ-д аялагчдын дундаж зардлыг Замын-Үүд боомт ба онгоцоор аялсан гэж хоёр ангилан тооцов. Тэгвэл онгоцоор урд хөршид аялагчид 30 хоногт 1324 ам.доллар зарцуулж байхад Замын-Үүд боомтоор зорчигчид 843 ам.доллар байна. Тэгвэл гадаадад аялагчид авч явсан мөнгөө юунд зарцуулж байгааг тооцон үзжээ.

Эндээс ажиглавал аяллын зардлынхаа 30 орчим хувийг дэлгүүрээс худалдаа хийхэд зарцуулж буй юм. Харин БНСУ-д жуулчлах зорилгоор зорчсон иргэд зардлынхаа талийг нь эрүүл мэндийн үзлэгт, АНУ, Канад улсад аялагчид зардлынхаа 40 хувийг зочид буудлын төлбөрт төлдөг  тооцоо гарав. Энэ судалгааг хийснээр гадаадад аялагчдын зардал төлбөрийн тэнцэлд ямар нөлөө үзүүлж буйг тогтооход гол үүрэг гүйцэтгэх юм. Намар хичээл сургууль эхлэх, шинэ жил, Цагаан сар гээд томоохон баяр ёслолын үеэр ам.доллар, юанийн хэрэглээ эрс өсдөг. Ийм учраас дээрх валютын ханш тэр үед нэлээд хэлбэлздэг жамтай. Тэгэхээр дээрх зардлын тооцооноос  үзвэл  худалдаа арилжаа хийх зорилготой аялал их хийдэг нь харагдаж байна.
 

0 Сэтгэгдэл
hehe, haashaa gedgeese l boloh baihda. saihan zalah yumda
Хамгийн их уншсан