Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Ихбаяр: Найруулагчид уран зургийг ашиглан илэрхийлэх гэсэн подтекстээ уран гаргадаг

Б.ЦЭДЭВСҮРЭН

Цамцныхаа товчийг хоолойдоо тултал товчилсон, өөртөө донжтой нь аргагүй тохируулсан харааны шил зүүж түүнийгээ байн байн хуруугаараа өргөн дээшлүүлээд үе үе гүн амьсгаа авч өөрийн ойлгодог зүйлээ бусдын ойлгодог хэлээр тайлбарлаж зогсоо залуу бол “Алтан хальс” холбооны ТУЗ-ийн дарга, кино найруулагч Ш.Ихбаяр. Оюутнууд голдуу сонсогчтой түүний лекцийн агуулга нь “Дүрслэх урлаг ба кино”. “UB ART FAIR 2015” арга хэмжээний хүрээнд дүрслэх урлагийг сурталчлах олон ажил хийгдэж байгаагийн нэг нь дүрслэх урлагийн боловсрол олгох цуврал лекц болж байна. “Дүрслэх урлаг ба кино” лекцээс сонсохоор төсөөлж очсон зүйл маань кино багт зураачдын гүйцэтгэх үүрэг, киноны хар зураг хэрхэн гардаг үйл явц байв. Гэтэл Ш.Ихбаярын лекцээс шал өөр зүйл олж сонсов. Тэрээр “Дүрслэх урлаг бол тухайн зураач өөрийн дотоод ертөнцөө хоёр хэмжээст орон зайд буулгах. Харин кино бол тэр зураг нэг секундэд 24 удаа солигдох юм” хэмээн тайлбарлаад арт чиглэлийн кинонд дүрслэх урлагийг хэрхэн оруулдаг талаар ярив. Ингэхдээ тэрээр олон жишээ авч байсан. Найруулагчид үзэгчдийн анхаарлыг татахын тулд олон арга уран бүтээлдээ хэрэглэдгээс дүрслэх урлаг хамгийн том байр суурь эзэлдэг байна. Ингэж дүрслэх урлагийг кинонд ашиглахын тулд олон сонголт хийдэг аж. Тухайлбал, аль хэдийнэ алдартай, хүмүүсийн зүрхэнд хоногшсон зургуудаас санаа авах, тийм зургийг ишлэл хэлбэрээр бүтээлдээ ашиглах, нууц агуулгатай зургийн учрыг тайлбарласан бүтээл хийх гэх мэт. Рембрантын “Тэнэмэл хүү эргэн ирсэн нь” зургаас олон жил зугаа цэнгэл хөөж явсан хүү нь эцэстээ эцгийнхээ гэрт ирж буйг, эцэг нь түүнийг өршөөж байгаа зэргийг харж болно. Гэтэл яг энэ санааг кинондоо үггүйгээр оруулж өгснөөр үзэгчид хэлэх гэсэн санааг зурагтай холбон төвөггүй ойлгож болдог байна.


Энэ мэт дүрслэх урлагийг кинонд хэрхэн ашиглаж болох талаар сонирхолтой лекц сонсогчдод хүргэсэн найруулагч Ш.Ихбаяртай ярилцлаа.

-Жаахан бүдүүлэг ч гэсэн би таны лекцээс кино зураачдын талаар сонсох төсөөлөлтэй ирсэн ч шал өөр зүйл сонслоо...
-“UB ART FAIR 2015” арга хэмжээний хүрээнд “Дүрслэх урлаг ба кино” сэдвээр лекц тавих үүрэг хүлээсэн. Ер нь дүрслэх урлаг дотроосо уран зураг, кино урлаг хоёр ямар садан төрлийн холбоотой юм бэ гэдгийг ярих гэж оролдлоо. Уран зургийг найруулагчид хэрхэн кинондоо авч ашигладаг талаар барууны кино, уран зургийн жишээн дээр харуулахыг зорьсон.

-“Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” зургийг авч ашигласан киноны утгыг нь тэр зургийн утгатай нийлүүлж үзээд шууд л ойлгогдож байна. Тэгэхээр уран зураг өөрөө киног чимэхээс гадна үзэгчдэд ойлгуулах нэг хэрэглүүр болдог гэж ойлгож болох уу?
-Ер нь зарим найруулагч уран зургийг маш ихээр ашигладаг. Андрей Тарковскийн “Солярис” кинонд “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” зургаас санаа авснаас гадна “Өвлийн анчид” гэж зургийг зураачийнх нь зурсан хэвээр гаргадаг. Мөн олон зургаас жишээ авах байдлаар кадруудаа хийсэн байдаг. Зарим найруулагч уран зургийг маш их шүтэж биширдэг. Үүнийгээ уран бүтээлдээ оруулах хандлагатай байдаг. Үүгээрээ өөрийн илэрхийлэх гэсэн подтекстийг маш уран гаргаж байгаа юм. Үггүйчлэл гэдэг хэр баргийн хүний хийж чадах зүйл биш л дээ.

-“Алтан хальс” холбооны хувьд кино боловсрол олгох тал дээр илүү анхаарч ажиллаад байх шиг. Сүүлийн үед киночид арилжааны киноноос нэг түвшин ахисан уран бүтээл хийх гэхээр хүлээж авах үзэгч алга гэх юм?
-Манай холбоо сонгодог, арт хаус төрлийн киног сурталчилдаг. Энэ төрлийг олон нийт бараг мэддэггүй. Гэхдээ мэдүүлэхийн тулд, үзэгчдийн сонирхлыг татахын тулд үйл ажиллагаа явуулж байна. Холбоо маань байгуулагдаад долоон жилийн нүүр үзсэн. Энэ хугацаанд artfilm.mn сайтаараа дамжуулаад сонгодог болон арт хаус төрлийн кинонуудын талаар мэдээлэл хүргэх, долоо хоног бүр энэ төрлийн киног үзэгчдэд хүргэх мөн ийм төрлийн кино сонирхогчдын дунд “Underground” кино наадмыг зохион байгуулах гээд багагүй ажил хийж байна. Залуучууд л ихэвчлэн үйл ажил­лагаанд маань оролцдог. Тодорхой хэмжээнд үзэгчид бэлтгэж чаджээ гэдгээ сүүлийн хоёр жил зохион байгуулагдсан “Улаанбаатар” кино наадмын үеэр харсан. Тэр наадамд жинхэнэ арт хаус кинонуудыг гаргасан. Гэтэл танхим дүүрэн үзэгч байсан нь сайхан санагдсан.

-Артхаус, сонгодог кино гэдгийг энгийн үгээр тайлбарлаж өгөөч?
-Арт кино хэмээх ойлголт нь өргөн хүрээнд гоо зүйн хувьд үнэ цэнтэй бүхий л кино бүтээлийг хамардаг. Өдгөө артхаус хэмээн нэрийдэж буй кинонууд нь ихэвчлэн тодорхой хүрээнд зориулан хийгдсэн, ашиг олох зорилгоос илүүтэй гоо зүйн үнэлэмжийг дээдлэн бүтээгдсэн, өвөрмөц хийц маяг, бэлгэдлийн чанар, гүн утга агуулгатай байдаг. Харин арилжааны кино нь нийгмийн ихэнх хэсгийг бүрдүүлэх энгийн үзэгчдэд зориулан бэлтгэгддэг учраас нарийн хийц, гоо зүйд ач холбогдол өгөх нь ховор. Тиймээс арилжааны кино ихэнх үзэгчдийн үл таашаах өвөрмөц хийц хэлбэр, гүн ухааны утга агууламжаас аль болох зайлсхийдэг. Ер нь, киноны үнэ цэнийг тодорхойлох хамгийн чухал хоёр шалгуур бол гоо зүй ба утга санаа. Тиймээс уг шалгуурын дагуу үнэ цэнэтэй байж чадвал өндөр төсвөөр бүтсэн 70 мм-ийн хальсны кино, төсөвгүй шахам мэндэлсэн дүрсний чанар муутай видео киноны аль алийг арт кино хэмээн хүлээн зөвшөөрөх боломжтой. Аливаа нэгэн кино нь бүтээгдээд олон жилийг элээсэн ч элит үзэгчдийн дунд үнэлэгдсэн хэвээр байвал уг бүтээлийн гоо зүйн түвшин цаглашгүй дээд зиндааных гэдгийн баталгаа юм. Иймээс урлагийн бүтээлийн үнэ цэнийг тодорхойлогч хамгийн том хүчин зүйл бол дээрх хоёр шалгуураас гадна цаг хугацааны шалгуур байдаг. Гарсан даруйдаа асар их ашиг олж, олон нийтэд үнэлэгдсэн хэдий ч цаг хугацааны шалгуурыг эс давсан Холливудын томоохон кино нь хөрөнгө төсвөөр хийсэн арт хаус киноноос дорд үнэлэгдэх явдал, асар олон жишээ бий л дээ.

-Долоон жилийн өмнөөс бямба гараг бүрт сонгодог, арт хаус төрлийн кино гаргаж байгаа. Тухайн үеийг одоотой харьцуулбал...?
-Үзэгчдийн маань дундаж тоо өсч байна. Эдгээр киног сонирхох хүрээ хаана ч бага л байдаг. Монгол хүн ам цөөн учраас бүр ч бага байна. Гэхдээ анх 20-30 хүн үздэг байсан бол одоо 100 гаруй хүн тогтмол ирж кино үздэг болсон.

-Лекцийн үеэр ярьж байсан. Кино бол хүүрнэхүйн урлаг юм аа гэдгийг биш кино бол дүрслэх урлаг юм гэдгийг өгүүлсэн киноны талаар. Ийм киноны төрөл Монголд хэр хөгжиж байна вэ?
-“Underground” кино наадмын үеэр ирсэн бүтээлүүдийг ялгаад, ийм төрлөөр хийгдсэн өөрөөр хэлбэл үггүй кинонуудыг нь ялгаж аваад тусдаа шалгаруулдаг. Ийм төрлийн кино хийдэг залуусын тоо өсч байна. Ер нь тэгээд кино хийх техник технологи амар хялбар болсон учраас хүссэн хэн ч бага зардлаар хийж байна. Гэсэн ч чанарын хувьд өсч байгаа. Авангард кино хийх гэж үзэж байгаа хүмүүсийн маань чадвар өсч буйг энэ наадмын үеэр харж болдог.

-Олон улсын авангард кино наадамд манайхаас маш олон бүтээл явуулсан байсан...
-Шалгарсан бүтээлүүдээ. Австрийн Венийн кино наадамд явуулсан. Австралийн Мелбурний кино наадамд манайхаас явуулсан хоёр бүтээл шагналт байрт шалгарсан.

-Тэр хоёр киноны талаар яриач...
-Нэг нь Доржханд гээд хүний бүтээл. Шилдэг хүүрнэлт бус киноны шагнал авсан. Энэ бол маш том амжилт. Гадаадын олон алдартай найруулагч уг киног үзээд өөрсдийн сэтгэгдлээ хэлсэн байсан. Доржхандын тэр бүтээл хар, цагаан. Гэхдээ зарим хүнд яг юу үзүүлээд буй нь тодорхойгүй санагдаж болох бүтээл байсан. Олон хүнд таалагдсан ч энэ цаг мөчид телевизээр гаргавал хүмүүс ойлгож хүлээж авахгүй болов уу. Цаг хугацаа нь болоогүй гэж бодож байна. “Play time” амьд хөгжмийн наадмын үеэр “Underground” кино наадамд шалгарсан бүтээлүүдийг үзүүлсэн. Тэгэхэд хэл яриа нь хаачсан юм бэ, ямар хачин юм үзүүлээд байна аа гэж хүлээж авсан. “Play time” наадамд бас арай өөр сэтгэлгээтэй хүмүүс очдог. Гэтэл тэд тэгж хүлээж авч байгааг харахад нийт масс энэ төрлийн киног хүлээж авах хугацаа болоогүй юм билээ.
Тиймээс бид хүүрнэлтэй, авангард кинонуудаас арай өөр, арилжааны буюу экшн төрлийн кинонуудын хажууд маш уйтгартай санагдахуйц кинонуудыг сонгож үзүүлдэг. Ийм киног хэрэв ойлгож үзэж чадвал сэтгэхүйд маш хүчтэй нөлөөлдөг гэдгийг л ойлгуулах гээд байгаа юм. Андерграунд төрлийг үздэг хүмүүсийг бэлтгэх бол бүр хоёрдугаар асуудал болж байна.

-Таны хувьд ямар кино үздэг вэ. Сонирхолтой санагдлаа...
-Миний хувьд сая лекцийн үеэр үзүүлсэн киног найруулсан Стен Брекиджийг шүтэж биширдэг. Тиймээс түүнийг яриандаа жишээ болгон дурдах дуртай. АНУ-д авангард төрөл маш сайн хөгжсөн. Гэтэл алдартай найруулагчдыг нь хүмүүс маш бага мэддэг байх жишээтэй. Дуугүй кино зарим үед хүчтэй байдаг. Дууны бохирдолд орчихсон нийслэлийн иргэд дуугүй кино үзэхэд урлагийн таашаалыг бүрэн хүртэх боломж байдаг.

-Сая үзүүлсэн Стен Брекиджийн бүтээл болох эрээлжилсэн дуугүй киноноос юуг ойлгох ёстой юм бэ?
-Стен Брекиджийн кино бол ямар нэг утгатай байдаг. Тэр өөрөө шүлэг, хөгжим, уран зургийн өндөр мэдлэгтэй. Түүнээсээ уран бүтээлийн санаагаа авдаг гэж хэлж болно. Брекидж хэлсэн байдаг л даа. Уран зураг бол нүд баясгаж, таашаал өгөх, сэтгэл хөгжөөх үүрэгтэй. Түүнээс заавал цаад утгыг нь мэдэх шаардлагагүй гэж. Тухайлбал, Брекидж ямар нэг киногоо уран зургаас сэдэвлэсэн байлаа гэхэд тухайн зургийг мэддэг, үзсэн хүн тэр киног үзвэл мэдрэмж, таашаалыг нь улам нэмнэ л гэсэн үг. Гэхдээ Брекиджийн бүтээлүүд мэлмийн нүд рүү чиглэсэн байдаг.

-“Алтан хальс” холбоо үзэгчдэд хүргэх киногоо хэрхэн сонгодог юм бэ?
-Манай холбооны гишүүд ярилцаж хэлэлцээд сонгож, орчуулаад гаргадаг. 20 гаруй гишүүнтэй. Мэдээж арт хаус, сонгодог төрлийн киног хүмүүст хүргэе гэж санаа нийлсэн хүмүүс л нэгдсэн.

-Таны хувьд сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн жил “Уран хас” баримтат киног дуусгасан. Зураач нарын тухай баримтат кино. Энэ нь хүмүүсийн яриа байхгүй гэдгээрээ ялгаатай. Энэ жил гурван фестивальд оролцлоо. Монголчууддаа бол гурван удаа гаргасан. “Тэнгис”-т нэг л удаа гаргасан юм. Бусад арилжааны кино шиг гаргасан бол долоо ч хонохгүй үзвэрээс буухаар тийм л кино л доо. Арилжааны кино одоо л хөлөө олж байх шиг байна. Арилжааны ч гэлээ арт чиглэлийг бага ч болтугай оруулсан кино хийгдэж байх ёстой ч Монголд одоогоор алга л байна. Тэгж байж зарим үзэгчийг урвуулдаг. Удахгүй арт киног кино театрт очоод үздэг үзэгчид нэмэгдэх байх. Энэ төрлийн кино театрт ядаж 14 хоног гардаг цаг үе ирнэ л гэж найдаж байна даа.

0 Сэтгэгдэл
Андерграунд кино наадамд 2 удаа шагналт байр авч байсан Доржханд гээд охин байдаг юм.
Доржханд биш Доржхандын Төрмөнхийн бүтээл байхаа
Андерграунд кино наадамд 2 удаа шагналт байр авч байсан Доржханд гээд охин байдаг юм.
Хамгийн их уншсан