Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Батчимэг: Нийгмийн асуудал орхигдсоор ирсэн нь эмэгтэйчүүд эзгүй үеийн улс төртэй холбоотой

Л.НОМИН

Ардчилсан намын Төвийн бүсийн чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй уулзлаа. Бид Орхон аймагт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцсан юм.

Арав гаруй жил хийгээгүй хөрөнгө оруулалт Орхон аймагт хийсэн байна

-Орхон аймаг өнгөрсөн гурван жилд нэлээд их бүтээн байгуулалт хийжээ. Хэдий хэмжээний төсвөөр ямар ажлууд гүйцэтгэсэн бэ. Орхон аймагтай холбоотой хүний хувьд танд тодорхой мэдээллүүд байгаа болов уу?
-2012 оноос хойш Орхон аймагт их ажил хийсэн. Улсын болон орон нутгийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Хийж, гүйцэтгэсэн ажлуудыг хэд хэдэн чиглэлээр нь ярих хэрэгтэй болно. Мэдээж хамгийн түрүүнд зам, барилга гээд бүтээн байгуулсан ажлуудаа ярих ёстой. Орхон аймаг доторхи зам, дэд бүтэц гээд иргэдийн амьдрах орчин сайжирсан. Хот дотор нийтдээ 27,6 км урт зам шинээр тавьж, зассан. Гэр хороолол дундуур шинээр зам тавьсан. Орон сууцны хороолол дундах эвдэрч муудсан замыг мөн засч сайжруулсан. Гэр хорооллын 90 хувь нь лед гэрэлтүүлэгтэй боллоо. Камержуулалт маш сайн хийсэн учир гэмт хэргийн гаралт буурсан гээд зөвхөн амьдрах орчин сайжруулах чиглэлд хийсэн олон ажлыг хэлж болно. 2013, 2014 онд 600 шахам айлын орон сууц ашиглалтад орсон. 2016 ондоо багтаад дахиад 800 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.

-Бүтээн байгуулалт нийгмийн салбарт үр дүнгээ шууд үзүүлдэг. Жишээлбэл, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шийдсэнээр өөр олон асуудал цэгцэрдэг.
-Цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг олон жил ярьсан ч шийдэж чадаагүй байсан. Хоёр жилийн хугацаанд 1400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орууллаа. Өмнө нь цэцэрлэг байсан байшинг өөр зориулалтаар ашиглаж байсан. Тэдгээрийг зориулалтынх нь дагуу ажиллуулахаар болсон нь цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж өгсөн. Түүнээс гадна 600 шахам хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн асуудлыг 2016 онд багтаан шийдэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг нь шийдүүлээд барилгын ажил нь эхэлсэн. Энэ дөрвөн жилийн хугацаанд 2000 хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах боломжтой болж байгаа. Орхон аймагт цэцэрлэгийн насны 7000 орчим хүүхэд байгаагаас 2000 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад оруулна гэдэг бодитой том тоо. Цэцэрлэгийн хүрэлцээ 90 гаруй хувьтай болно гэж тооцож байна. Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдсан учраас 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс төсөвт мөнгө нь тусгагдахаар хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэхээр хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал үндсэндээ шийдэгдэнэ гэж ойлгож болно.

-Сургуулийн хүрэлцээ сүүлийн жилүүдэд цэцэрлэгтэй адил хомс болж эхэлсэн. Хүн ам олонтой Орхон аймагт сургуулиуд хүүхдүүдээ багтааж чадаж байна уу?
-Орхон аймаг бол хүн ам ихтэй, төвлөрсөн газар. Тиймээс сургуулийн хүрэлцээ хүндрэлтэй байсан. 640 хүүхдийн сургууль барьж ашиглалтад оруулсан. Үүнээс гадна дахиад 640 хүүхдийн сургууль ашиглалтад оруулах, мөн өөр нэг цогцолбор сургуулийн 960 хүүхдийн багтаамжтай хэсгийн өргөтгөлийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар шийдээд явж байна.

-Орхон аймагт Монголд байхгүй тоног төхөөрөмжтэй бүсийн оношилгооны төв байгуулсан гэж сонссон.
-Ер нь, хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хүнд байдаг. Орхон аймагт хүүхдийн эмнэлгийг шинээр барьж байгуулах өргөтгөл хийхээр 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан. Харамсалтай нь, эдийн засгийн хүндрэлийн улмаас энэ ажилд нэлээд хүчин чармайлт гаргах шаардлага байгаа. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотоод нөхцөлийг сайжруулахаар нэлээд ажил хийсэн, хөрөнгө оруулалт ч хийсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад байхгүй гэж болохоор эмнэлэг, оношилгооны төв баригдаж ашиглалтад орж байна. Улсын хэмжээний, орчин үеийн том оношилгооны төв. Орхон аймаг эрүүл мэндийн нэг чухал төв, түүнийгээ дагаад эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголдоо бий болгох боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Орхон аймагт ирж дэлхийн хэмжээний стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо хийлгэж, эмчилгээнд хамрагдах боломж бүрдсэн гэсэн үг. Эмнэлгийн стандарт хангасан байртай, дэлхийн түвшний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Түүнээс гадна Японы менежментийг энэ төвд оруулах гэж байгаа. Ингэхээр Орхон аймагт олон хүн очдог болж, үйлчилгээний салбар нь ч мөн хөгжих нөхцөл бүрдэнэ. Улсын чанартай том автозам Орхон аймгаар дамжиж байгаа учир аялал жуулчлалын том төв болох боломжтой.

Удахгүй Эрдэнэт, Дарханы хотын статусыг сэргээх асуудлыг хэлэлцэх байх

-“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн аймаг учраас хөгжлийн төлөвлөгөө нь үйлдвэртэйгээ холбоотой гардаг. Хөгжлийн хэтийн төлөв ч мөн үйлдвэртэйгээ уялдаатай явах нь мэдээж. Гэхдээ өөр боломж бололцоог судалсан л байх?
-Орхон аймаг үйлдвэр дагасан учраас хөгжил “Эрдэнэт” үйлдвэрийн цаашдын ирээдүйтэй холбоотой. 30-40 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц шавхагдах талдаа орно гэж тооцвол цаашдаа энэ хот маань юугаа түшиглэж хөгжихийг орон нутгийн удирдлагууд болон үйлдвэрийн удирдлагууд анхаарч авч үздэг. “Эрдэнэт” үйлдвэрийн суурин дээр уул уурхайн машин механизмын үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж харж байгаа. Тиймээс Германы туршлагатай байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтарч “Эрдэнэт” үйлдвэр төлөвлөлтөө хийж байна. Цаашилбал, уул уурхайн чиглэлийн сургуулиуд, аялал жуулчлал гээд олон салбарыг ирээдүйгээ харсан эдийн засгийн хөгжлийн суурь болгож хөгжүүлэх бодлого одооноос хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэхээр энд Ардчилсан нам засаг барьсан өнгөрсөн гурван жилд Орхон аймагт өмнө нь хийгээгүй олон ажлыг хийж гүйцэтгэснийг хэлэх хэрэгтэй. Иргэд ч хийж, хэрэгжүүлсэн ажлуудад сэтгэл өндөр, талархалтай хандаж байгаа. Ирээдүйгээ харсан бодлого, зорилго, хүчээ нэгтгэн баг болж ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэснээр Ардчилсан нам Орхон аймгийн ирээдүй, иргэдийн амьдрах орчныг сайхан болгоход улам илүү хувь нэмрээ оруулж чадна гэсэн итгэлтэй байгаа.

-Орхон, Дархан-Уул аймгийн тухайд хотын статусыг эргээд сэргээх асуудал байнга хөндөгддөг сэдэв. Энэ тал дээр УИХ-ын түвшинд шийдүүлэх боломж бололцоо хэр байгаа бол?
-Энэ асуудлыг Эрдэнэтийн иргэд хамгийн их анхаарч, асуудаг. Нэг нааштай мэдээ гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж дуусаад УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахад бэлэн болж байгаа. Энэ хүрээнд ямарч маргаангүй санал нэгтэй байгаа нэг асуудал нь Орхон, Дарханы хотын статусыг хүлээн зөвшөөрөх. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх юм бол маргаангүй шийдвэрлэнэ. Орхон аймаг Эрдэнэт хот болж хөгжих боломж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.    
     
-Эдийн засаг хүнд байгаа болохоор зарим бүтээн байгуулалт, төлөвлөсөн ажлууд хугацаандаа явахад хүндрэлтэй болж байх шиг. Ийм нөхцөл байдалд хэрхэн ажиллаж, ямар зохион байгуулалт хийх боломж байгаа бол?
-Мэдээж, улсын төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор шинээр хөрөнгө оруулалт улсын хэмжээнд багасна. Энэ жил хөрөнгө оруулалт багаслаа ч гэсэн дөрвөн жилийн хугацаагаар авч үзнэ. Өнгөрсөн гурван жилд хийсэн хөрөнгө оруулалтыг өмнөх арван хэдэн жилийнхтэй харьцуулахад маш их бүтээн байгуулалт хийгээд байгаа. Шинээр хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байгаа нөхцөлд өмнөх жилүүдийнхээ хөрөнгө оруулалтын ажлуудыг чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулах боломжтой. Ингээд нийлбэрээр нь аваад үзэхээр дөрвөн жилд хангалттай хэмжээний ажил гүйцэтгэж чадсан гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр бол улсын чанартай ч орон нутагтаа өгөөж өгсөөр ирсэн. Ажлын байр, өндөр орлоготой байх гээд дагаад үйлчилгээ, бизнес гээд олон салбар хөгжих боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймагтай гэрээ байгуулж хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдийн засгийн байдлаас болоод улсад өгөх татвар, “Эрдэнэт” үйлдвэрт тавих шаардлага өндөрсөнө. Тэр хэмжээгээр орон нутагт үзүүлэх тусламж дэмжлэгээ тодорхой хугацаагаар хязгаарлах шинжтэй харагдаж байгаа. Гэсэн ч “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсарлаад иргэдийн амьдрах орчныг тав тухтай байлгах, хотын өнгө үзэмжийг сайжруулахад боломжоороо оролцоод явж байгааг хэлэх нь зүйтэй.

-Өрсөлдөх чадварын судалгаараа Орхон аймаг тэргүүн эгнээнд явна. Энэ эрчээ алдахгүйг хичээх хэрэгтэйг орон нутгийн удирдлагууд ярьж байна.  
-Орхон аймаг хөгжлийн асар их боломжтой. Монгол Улсын өрсөлдөх чадварын олон судлагаагаар Орхон аймаг нэгдүгээр байрт яваа. Хүн амын боловсрол, бизнес эрхлэх боломж, газарзүйн байршил, дэд бүтцийн хөгжил зэрэг олон зүйлээр Орхон аймаг улсын хэмжээнд нэгдүгээт явж байгаа. Энэ бол бахархууштай үзүүлэлт. Өнөөдөр бий болгосон амжилтаа түшиглээд алсын хараатай хөгжлийн бодлого бариад явбал Эрдэнэт Улаанбаатар хотын дараа Монголын хөгжлийн том төв болох боломжтой. Олон улс орны хөгжлийн түүхийг харахад аюулгүй байдал талаасаа ч тэр хотууд олон байх ёстой. Жишээ нь, нэг сагсанд бүх өндөгөө хийчих юм бол эрсдэл учирдаг гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр алвиаа улс орны хувьд бүх зүйлээ нэг хотод төвлөрүүлчих юм бол эрсдэл үүснэ шүү дээ. Байгалийн гамшиг, батлан хамгаалах, аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Улс төр, эдийн засгийн хувьд ч улс орны хөгжлийн ачааг үүрэлцээд явах хөгжлийн өөр бусад төвийг бий болгоно гэдэг үндэсний хэмжээний асуудал. Эрдэнэтийг цаашдаа Улаанбаатар хотын дараа орох улс төр, эдийн засаг, санхүү, аялал жуулчлалын том төв болгож хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжих ёстой гэж боддог. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Эрдэнэтийн хотын статусыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтыг мөн чиглүүлээд, төрөөс бодлого барьж ажиллах ёстой. Энэ чиглэлээр хүчин чармайлт гаргаж, дайчилж ажиллах бодолтой байгаа.

 Жендерийн асуудалд бодол минь өөрчлөгдсөн

-Ярианы сэдвээ бага зэрэг хазайлгачихъя. УИХ дахь эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулаад багагүй амжилттай ажиллаж байгаа. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхээр нийгмийн чанартай асуудлууд илүү шийдэгддэг болсон. Эмэгтэйчүүдийн манлайлалд юуг анхаарах хэрэгтэй юм бэ?
-Нэг ийм үг байдаг даа. Улс төр гэдэг зүрх сэтгэлээсээ хийж чадвал хамгийн буянтай ажлын нэг гэж. Зарим талаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг эрх мэдэл, албан тушаалын тухай ярьж байгаа мэтээр ойлгоод байдаг. Өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүдийн явуулж байгаа үйл ажиллагаа бодитой хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Айл гэрийн амьдрал эрэгтэй, эмэгтэй хүний нуруун дээр явдаг шиг улс орны амьдрал ч гэсэн ялгаагүй. Эрэгтэй хүний харж байгаа өнцөг, эмэгтэй хүний амьдралын туршлага аль аль нь нийлж байж зөв шийдвэр гарна. Монгол Улсад нийгмийн асуудал хүндрэлтэй явсаар ирсэн. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байсан. Энэ жил гэхэд эмийн төсөв хасагдаж танагдаж байх жишээтэй. Энэ бүхэн бол маш урт хугацаанд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бага явж ирсэнтэй холбоотой. Эмэгтэйчүүд эзгүй явж ирсэн үеийн улс төр гэж хэлэх гээд байгаа юм. Эрчүүд бол алсыг бодож, ерөнхий ноён нурууг нь хардаг. Ахмадууд, хүүхдүүд, нийгмийн асуудал гээд эмэгтэй хүний мэдэрдэг чимхлүүр асуудлыг орхигдуулчихдаг. УИХ-ын дарга Энхболд саяхан нэг том арга хэмжээний үеэр хэлсэн үгэнд манай эмэгтэйчүүд их талархалтай хандаж байгаа.

-Эмэгтэй гишүүдийг үнэлсэн байсан уу?
-“2012 оны сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг оруулах асуудал яригдаж байхад хамгийн их эсэргүүцэж байсан хүний нэг нь би. Гэтэл өнөөдөр 11 эмэгтэй гишүүн ажиллаж байгаа УИХ-ыг даргалж ажиллаж байгаа хүний хувьд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх ёстойд эргэлзэхээргүй болсон. Эмэгтэйчүүд түлхүү оролцоод эхлэхээр хууль, төрийн бодлого илүү амьдрал руу хандсан, хүмүүнлэг, бодитой болдог юм байна. Үүнийг 11 эмэгтэй гишүүн харуулж чадсан учраас цаашдаа тоог нь нэмэгдүүлснээр асуудлыг илүү шийдэх юм байна” гэж УИХ-ын дарга Энхболд хэлсэн. Энэ бол манай эмэгтэй гишүүдийн ажлын үр дүнд өгсөн дүгнэлт гэж бодож байгаа. Тэгэхээр цаашдаа аймаг, орон нутаг, УИХ-ын түвшинд ч гэсэн эмэгтэйчүүд олон болсноор илүү бидний амьдрал руу, хүн рүү, гэр бүл рүү, эрчүүд рүү маань хандсан олон асуудал шийдэгдэнэ. Гэхдээ зөвхөн УИХ, шийдвэр гаргах түвшинд олон болж ажиллах тухай бодоод байх биш улс орон, нийгмийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг бид олж харж, шийдвэрлэж чадна гэдгээ л харуулах хэрэгтэй. Эмэгтэйчүүддээ ч ойлгуулах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг дэмжих нийгмийн уур амьсгал ч гэсэн бодитой болсон байна. Тэгэхээр дараагийн сонгуулиар улам олон эмэгтэй сонгогдоосой. Хүн амын 51 хувийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд улам л нэмэгдээсэй гэж боддог.

-Хүүхэд харах үйлчилгээний хууль батлуулахад нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан.  Эмэгтэй гишүүд хуралдаа оролцохгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж байж зорилгодоо хүрч чадсан. Ер нь, шийдвэр гаргах явцад эмэгтэй гишүүд эрэгтэй гишүүдтэй үл ойлголцох байдал хэр гардаг вэ?
-Нийгмийн асуудалд бол яалт ч үгүй ялгаа харагддаг. Яагаад гэвэл эмнэлэг эмтэй байна уу, хөгшчүүл, хүүхдүүд өвдөөд очихоор эмнэлгийн орчин нөхцөл ямар байна, хоол унд нь ямархуу юм, өрх толгойлсон эмэгтэйчүүд ажил эрхлэхэд учирдаг хүндрэл бэрхшээлийг эмэгтэйчүүд л мэдэрдэг. Эрчүүд амьдралын нарийн ширийн зүйлийг мэддэг ч эмэгтэй хүн шиг мэдэрдэггүй. Нийгмийн асуудалд эмэгтэйчүүд илүү хамтарч ажиллах шаардлага гардаг. Хэдхэн жишээ хэлье л дээ. 2015 оны төсвийн тодотгол хэлэлцээд явж байхад нийгэм рүү хандсан маш олон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хасахаар оруулаад ирсэн. Жишээлбэл, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн тэтгэмж, багш, эмч нарын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг хасах тухай яриад эхэлсэн юм. Ингэж болохгүйг хамгийн түрүүнд хэлж, анхааруулж байсан нь эмэгтэй гишүүд. Хүүхэд харах үйлчилгээний хууль, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэтчлэн олон асуудалд өөр өөр байр суурьтай байдаг. Гэр бүлийн асуудлыг хуулиар зохицуулах нь гэж эсэргүүцэх жишээтэй. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн асуудал болчихож гэдгийг бид ярихаас өөр аргагүй болдог. Гэр бүлийн хүчирхийллээс болоод хүүхэд сургууль завсардаж, гэмт хэрэг газар авахаас эхлээд олон асуудал үүсдэг. Тахарын албыг татан буулгах асуудал яригдахад ч гэсэн эмэгтэй гишүүд эсэргүүцэж байсан шүү дээ. Тахарын алба гэрч хохирогч, нийгмийн эмзэг хэсгийг хамгаалахад хамгийн чухал үүрэгтэй. Бид хэвлэлээр анхаарал татахаар ажиллах нь ч байна. Анхаарал татахгүйгээр гарын үсэг цуглуулаад Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ дээр эсэргүүцлээ илэрхийлээд явж байдаг олон асуудал ч бий.
Хувь хүнийхээ үүднээс ярих юм бол би Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт эрчүүдтэй гар нийлж ажиллаад сурчихсан, жендэрийн асуудал онцолж яриад байдаггүй байлаа. Одоо бол УИХ дотор ороод мэдрэгдэж байгаа зүйл бол эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тооны харьцаа ойрхон байх тусам шийдвэр илүү хүн рүү хандсан тэнцвэртэй гардаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр сүүлийн үед эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог ярих эрмэлзэлтэй болоод байгаа.

-Квот тогтоох асуудалд та хэрхэн ханддаг вэ. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль зэрэгт энэ асуудлыг ярьж эхэлнэ. Квотыг хэдэн хувь байхаар тогтоовол эмэгтэйчүүдэд илүү боломж олдохоор байна вэ?
-Квот тогтоохыг зарим хүн шүүмжилдэг. Зүгээр л өрсөлдөөд гараад ирээч гэж хандах нь ч бий. Гэтэл дэлхий нийтийн жишээ юуг харуулж байгаа вэ гэвэл улс төрийн гарааны нөхцөлийг таатай болгох бодлого барихгүй бол болдоггүй юм байна. Хөгжингүй орнуудыг хараад байхад нэг хэсэг квотын тогтолцоог хэрэглэж байгаад улс төрийн оролцоо нь сайжраад, гарааны нөхцөл тэгширч, хууль таатай болоод ирэхээр квот тогтоохоо больчихож байгаа юм. Үүнийг зайлшгүй байх арга хэмжээ гэж хараад байгаа. Одоо ингээд харахаар улс төрийн намын шийдвэр гаргах түвшинд ихэнх нь эрчүүд байдаг. Тэгээд сонгууль маш их мөнгө шаарддаг. Энэ чинь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд маш таагүй хандаж байгаа гэсэн үг. Тэгэхээр квотыг бодлогоор дэмжих нь зөв. Пропорциональ тогтолцоо квотыг дэмжихэд таатай байдаг. Тойрогт нэр дэвшин өрсөлдөхөд уламжлалт сэтгэлзүй, мөнгөний боломж гээд тэр болгоныг шийдэхэд түвэгтэй, эмэгтэйчүүдэд хүнд тусдаг. Нэлээд олон оронд квот тогтоож өгч байж жендэрийн харьцааг тэнцүүлэхэд дэвшил гаргасан туршлага байна. Зарим улсад намын жагсаалтад аль нэг хүйсийн төлөөлөл гурван хүн тутамд заавал байхыг тусгасан. Цахилгаан товчны систем буюу заавал солибодог зэрэг сайн туршлагууд бий. Мэдээж, эрчүүд маань найр тавиад өгөхгүй л дээ. Бодитой өрсөлдөөний талбар учраас. Шударга ёс ярих юм бол жагсаалтад тэнцвэртэйгээр цахилгаан товчны системийг ашиглах шаардлага тавих ёстой. Үгүй ядаж гурван хүн тутмын нэг нь аль нэг хүйсийн төлөөлөл байхыг Сонгуулийн хууль хэрвээ хэлэлцэх юм бол оруулах ёстой гэсэн байр суурийг манай эмэгтэйчүүд баримталж байгаа.

-Та Орхон аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдон ажиллаж байгаа. Намын, тэр дундаа орон нутгийн намын гал тогтоонд орж ажиллахад ямар байна вэ. Хэр туршлагажиж байна?
-Аймгийн намын даргаар анх удаа сонгогдоод ажиллаж байна. Намын амьдрал гэдэг онцлогтой л доо. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдээд нэгэн зорилгын төлөө намын гишүүд нэгддэг. Олон мянган гишүүнтэй нам учраас олон хүний үзэл бодлыг нэгтгээд нэгэн зорилгын төлөө явахад их ойлголцол, зохион байгуулалт, хамтын ажиллагаа хэрэгтэй байдаг. Орхон аймгийн Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд нэлээд төлөвшсөн. Хамтарч ажиллах, гишүүд нэгнээ сонсох чадвар улам сайжирч байгаа. Мэдээж, аль ч байгууллагын дотор бэрхшээл учрахгүй байна гэж үгүй. Орхон аймагт Ардчилсан нам засаг барьж байх хугацаандаа олон  ажил хийж, цаашдаа ч хамтарч ажиллаж илүү их зүйлийн үндэс суурийг тавина гэдэгт эргэлзэхгүй байгаа.

0 Сэтгэгдэл
улс төрд монголын төлөө явахад хүйс энд ямар хамаа байнаа монголчууд эртнээсээ эмэгтэйчүүдээ дорд үзэж байгаагүй харин өөрийнхөн сурсан хятад бол тийм байсан биз алдаа болгоныг эрчүүд рүүгээ хийж ярьж болохгүй Харин одоо хэдэн эмэгтэй гишүүд яг юуг зөв хийснээ хэлчих худлаа газар
eh ornoosoo urvachihaad dahiad UIHd sonsosdono gej yaj moroodoj chadvaa emegteichuudiin erh ashgaar bitgii turii bariad baigaach
ogtsoroh yasan be icheh nvvr bvvr alga boljee
Хамгийн их уншсан