Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ю.Гэрэлбаатар: Урвагч болохыг хүсэхгүй байна

А.АКЭРКЭ

Хөгжим бүжгийн коллежийн циркийн тэнхимийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатартай 75 жилийн түүхтэй циркийн урлагт тулгамдаад буй асуудлын талаар ярилцлаа.

-Цирк хувьчлагдсанаас хойш та нарыг циркгүй циркчид гэж гоочлох болж. Ганц үйл ажиллагаа явуулдаг байсан циркийн сургууль хүртэл шатчихлаа?
-Үнэндээ циркийг хувь­чилсан нэртэй боловч энэ урлагийг л хувьчилчихсан хэрэг. Цирк байраа дагаж хөгж­дөг. Тэгэхээр зориу­лал­­тынх нь байрыг хувь­чил­чихаар урлаг нь дагаад хувьч­лагдчихаж байгаа юм. Нэг ёсондоо байр байхгүй бол циркийн урлаг оршин тогт­нох үндэсгүй. Машин жолоочгүй явдаггүйтэй л адил. Мэдээж хэрэг хувьчилсан компани нь улс орны өмнө үүрэг хариуцлага хүлээж авсан байгаа. Ямар ч гэсэн хөгжүүлэх гээд явж л байгаа байх. Янз бүрийн зүйл хийж, тодорхой хэмжээгээр дэмжиж л байгаа болов уу. Гэхдээ циркийг асар өндөр зардалтай урлаг гэдгийг ойлгоогүй байна. УИХ-ын гишүүд хүртэл “Европт тийм байдаг шүү дээ” гэсэн юм ярьдаг болж. Үнэндээ тэд манай улсын хүн амын тоо хэд вэ гэдгээ мэдэж байгаа юм уу, эдийн засгийн хөгжил ямар хэмжээнд байна, жилд хэчнээн жуулчин манай улсад ирдгийг мэдэх ч үгүй байгаа байлгүй. Энэ бүх процетур чинь бидний хөгжилтэй шууд холбоотой. Бусад улс оронд хувийн цирктэй байж болоод байхад манайд яагаад болдоггүй юм бэ гээд хувьчилсан байх л даа.

-Өмнө нь та манай циркийнхэн хөгжлөөрөө дэлхийд эхний аравт ордог гэж ярьж байсан. Энэ үзүүлэлт урагшилсан уу эсвэл ухарсан уу?
-Цирк хөгжиж буй 150 гаруй орон байдаг. Манай улсын цирк дэлхийд эхний гуравт ордог болсон. Маш их нэр хүндтэй явж байна. Монгол Улсын циркийн жүжигчнийг жилд гадаадад арав гаруй сая хүн үзэж байна. Гэтэл энэ нь ямар их хүчтэй сурталчилгаа вэ гэдгийг ойлгох хүн өнөөдөр байхгүй байгаа нь харамсалтай. Хятадууд арван жилийн өмнө гэхэд хэн ч биш байсан. Ижил хувцас өмссөн, шүд нь шарласан амьтад байдаг л гэж ойлгодог байсан шүү дээ.

Гэтэл арван жилийн өмнөөс бодлоготойгоор соёл урлагийн салбараа дэмжсэн. Одоо хар л даа. Холливудаас авахуулаад бүхий л захиалгыг хятадууд л авч хийж байна. Манай морин хуур, хөөмэйг хүртэл Хятадынх гэсэн ойлголттой явж буй олон хүн бий. Яагаад вэ гэхээр хамгийн их морин хууртай газар нь хятад. Монголын мэргэжилтнүүд нь Хятадад оччихсон ажиллаж байна. Урлаг гэдэг бол өөрөө асар их нөлөөтэй. Улс төрийн тавцанд, улс эх орноо хөгжүүлэхэд, танилцуулах, таниулахад дандаа Монгол Улсын Ерөнхийлөгч очиж төлөөлнө гэж байхгүй. Харин жирийн иргэд биднийг төлөөлөөд очиход хэн ч танихгүй. Гэтэл өнөөдөр хятад хүн гэхээр хүн болгон мэдэж байна. Агуу бүтээл хийж байгаа болохоор тэр. Жирийн иргэд бүтээл, соёлоор л танигдана. Тэрнээс биш ямар компанийн захирал юм гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Олон оронд соёл урлаг хамгийн хүчтэй нь байдаг. Мөн эх орноо сурталчлах хэрэгсэл гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл улсынхаа нэрийг хамгийн их дуудуулж буй урлагийг хувьчилчихаад өнөөдөр тоож байгаа хүн алга. Ойлгодог мэргэжилтэн ч байхгүй байна. Гал голомт байсан циркийн сургуулийн боловсон хүчнүүд л дэлхийд гайхагдаж, оролцсон тэмцээн болгоныхоо эхний гурван байрт ордог. А зэрэглэлийн тэмцээн нь олим, ДАШТ-тэй энэ зэрэгцэхүйц байдаг. Өөрөөр хэлбэл, зэрэглэл өндөртэй гэсэн үг. Гэтэл тэр тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авчихаад байхад л манай улс мэдэхгүй л сууж байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ жүдо, чөлөөтийн тэмцээнээс медаль авахаар бөөн юм болдог. Сайн байна л даа. Гэхдээ л циркийн урлагаа бас дэмждэг өөд нь татдаг баймаар байна.

-Саяхан Москвад болсон “Идол 2015” олон улсын тэмцээнээс мөнгөн цом авчихаад ирж байхад бүгд л мэдээгүй юм шиг өнгөрөөсөн. Үүнийг л та хэлэх гээд байна уу?
-Байгууллагууд хүлээж аваагүй, тоогоогүй. Циркийн урлагийн салбарыг хариуцдаг хүний хувьд гомдолтой явдаг. Дуучин Болд эсвэл Ариунаа Монгол Улсаас гараад явбал хэн ч танихгүй, мэдэхгүй. Тэгсэн хэрнээ Монголдоо од байгаад байдаг. Гэтэл дэлхийн өнцөг бүрт, таван тивд Монгол Улсын циркийн жүжигчдийн зурагт хуудас хадаатай байдаг.  Монголын гайхамшигт жүжигчид гээд л. Жинхэнэ од байгаа байхгүй юу. Улсын байгууллага байхгүй болохоор циркчид хувийн байгууллагуудтай гэрээ хийж явж байна. Сайн гэрээ хийдэг газрууд бий л дээ. Гэхдээ олонхи нь биш. Саяхан гэхэд Туркт байсан жүжигчдийн маань бүтэн жилийнх нь цалинг өгөлгүй явуулчихсан байсан. Өөрийнхөө Элчин сайдын яаманд хандахад “бид мэдэхгүй, чадахгүй” гэдэг хариу өгсөн байна билээ. Тэгэхээр улсын дэмжлэг байдаггүй учир бид гадаадад болж буй тэмцээн уралдаанд оролцохдоо бие биеэ дагаад очдог. Харин бусад орны циркчид төлөөлөгчидтэй явдаг. Бид бор зүрхээрээ чадлаараа л явж байна.

-Уг нь, циркийг эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт урлаг гэж ирээд л ярьдаг?
-Яг үнэн. Понограм тавьж болдоггүй, жинхэнэ бодит урлаг чинь л ганцхан цирк. Мөн аюулыг сөрсөн. Тиймээс энэ урлагт хүчин зүтгэж, Улсынхаа нэр хүндийг дэлхий дахинд сурталчилж буй уран бүтээлчдээ гаргаж ирэх хэрэгтэй байна. Ингэж чадвал дараа дараагийн уран бүтээлчид урам зориг орно шүү дээ. Одоо циркийн сургуульд хүүхдүүд авахад үнэхээр хэцүү болсон. Дээхнэ үед дандаа сор болсон хүүхдүүд ирдэг байлаа. Гэтэл одоо хэн ирж байна вэ гэхээр гэр хорооллын байгууллагуудаас санал болгосон хамгийн сахилгагүй хүүхдүүд л орж ирэх гээд байна. Энэ чинь доголдол. Циркийг спорттой холбож ойлгож болохгүй. Тархины идэвхжил өндөртэй хүүхдүүд л энэ урлагт хөл тавих ёстой юм шүү дээ. Ямар ч гэсэн хувьчлалаас болж циркийн хөгжилд олон зүйл нөлөөлж байгаад мэргэжлийн бид л шаналж байгаа болохоос биш өөр ойлгож байгаа хүн алга. Монгол Улсын маань эдийн засаг хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ 75 жил хөгжөөд ирсэн байгууллагыг зүгээр нэг хаячихаж болохгүй. Энэ олон сайд, дарга нар сайн ажиллах хэрэгтэй байна. Монгол Улс өнөөдөр юугаараа дэлхийд гуравт орж байгаа юм бэ, газар нутгаар уу эсвэл малынхаа тоо толгойгоор уу. Аль нь ч биш. Зөвхөн циркийн урлагаараа л ордог.

-Нэг зүйлийг гайхаад байдаг юм. Гадаадын томоохон уралдаанд оролцоод түрүүлээд ирсэн дуучнаа, уран бүтээлчээ хүндэтгэлтэйгээр угтан авч хэдэн саяар нь шагнадаг. Тэгсэн хэрнээ циркийн уран бүтээлчид ийм өндөр амжилт гаргаад ирсэн болохоор шагналаа гэдэг мэдээлэл бараг л сонсч байгаагүй юм байна?
-Дарга нар мэдэхгүй зүйлдээ очиж шагнал өгөхөөсөө цааргалдаг юм шиг санагддаг. Өөрийнх нь пиарт ч нөлөөлөл байдаггүй байх л даа. Тэгэхээр удирдах албан тушаалтнууд биднийг дагаж яваад ямар амжилттай явдаг юм гэдгийг өөрийн биеэр очиж мэдрэх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ тэгж явахдаа хэвлэл мэдээллийнхнийг дагуулж явах хэрэгтэй. Тэгсэн цагт биднийг ямар агуу хүмүүс болохыг, ямар авьяастай юм бэ гэдгийг ойлгоно. Дэлхийн хамгийн томд тооцогддог  “Нарны цирк” байна. Тоглолт болохоос хоёр жилийн өмнө тасалбар нь дуусдаг. Энэ циркийн хувьцааны 50 хувийг мөн л хятадууд авчихсан. Уг нь Канадынх. Энэ цикрийн бүх хөтөлбөрт монголчууд л тоглодог. Маш их нэр хүндтэй. Гэтэл өнөөдөр тэд Монголдоо ирвэл хэн ч мэдэхгүй, танихгүй. Өнөөдөр биднийг хар л даа. Сургууль шатсанаас хойш хэн ч биднийг тоохгүй байна шүү дээ. Шатангуут л соёлын өвийн хүмүүс орж ирээд бид өвөө хамгаалалтдаа авлаа та нар гар гэсэн. Одоо бид “Аса” цирк дээр хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулаад ажиллаж байна. Хэдий болтол тэнд байх нь тодорхойгүй л байна.

-Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэхээр түрээс төлж байгаа хэрэг үү?
-Улсаас түрээсэнд сарын 15 сая төгрөг өгч байна. Улс хэзээ нэгэн цагт түрээсээ төлөхөө больчихвол бид хөөгдөнө.  Уг нь, шинэ барилга баригдах ёстой юм. УИХ-аар шинэ циркийн төсвийг батлахгүй бол дахин хоёр жил алдана гэсэн үг. Дараагаар нь дахиад л батлахгүй бол хугацаа алдаад л байна. Одоогоор зураг төсөл нь гарчихсан, газрын зөвшөөрлөө ч авсан байгаа. Байр маань баригдчихвал орчин үеийн стандартын шаардлагыг хангасан, бүхий л уран бүтээл туурвих бололцоотой болох юм. Энэ сургууль баригдсаны дараагаар циркчид биднээс улсынхаа нэр хүндийг ямар хэмжээнд авч явах юм, нэгдүгээр байрт оруулж чадах уу гэж тулгаж асуух хэрэгтэй. Аливаа зүйлийг устгахад амархан. Нэг л хаагаад хаячихвал энэ мэргэжилтнүүд чинь тарчихна. Дахин эхнээс нь хүүхдүүд сонгож аваад бэлтгэнэ гэдэг арван жилийн асуудал болно. Яг энэ байрандаа эргэж ирнэ гэдэг нь ч асуудалтай.

-Газрын асуудлыг нь хаана шийдэж өгөв?
-Хөгжим бүжгийн коллежийн хойд талд. Газрынх нь зөвшөөрөл нь гарчихсан. Цахилгаан, дулаан, бохирын гээд олон зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм билээ. Одоо мөнгө л хэрэгтэй байна.

-Сургуулийн байр шатахаасаа өмнө ч нэлээд хэл ам дагуулж байсан санагдана. Тэр газарт шунасан хүн ч олон байсан байх?
-Дашчойлин хийд авна гэж зүтгэсээр байгаад л авлаа даа. Авах нь хамаа алга. Гол нь нэг нь гудамд гарч байхад булааж авч буй нь ямар хэмжээний хүмүүс болохыг нь харууллаа. Аль эсвэл хээл хахууль өгчихсөн юм уу гээд асуумаар санагддаг.

-Өнгөрсөн баасан гарагт БСШУ-ы дэд сайд Б.Тулга шатсан сургуулийн байранд очсон байна билээ?
-Энэхүү циркийн сургуулийн байрыг анх 1894 онд VIII Богд Жавзундамбын хатан Дондогдуламд зориулж барьж байсан юм. Сүүлд 1940 онд циркийн зориулалтай байр болгож өөрчилсөн. Тиймээс Тулга сайд очоод 1940 оноос хойш циркийн мэдэлд байсан барилга юм байна. Яаж сүм хийд болгох вэ. Сэргээн засварлах хэрэгтэй гээд их сайхан зүйл ярьсан. Гагцхүү түүний чадал, чансаа нь хүрэх үү гэдэг л байна. Хоёрт, комиссыг даргалж буй Соёлын өвийн Урантогос гэж хүүхэн бий. Тэр хүүхнийг барж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ер нь хоёр яамны ажил хүртэл ямар ч зохицолдолгоогүй явж байна шүү дээ. БСШУЯ чухал ажил гаргаад Сангийн яам руу явуулахад л тэр нь огт хамаагүй байгаа байхгүй юу. Жишээлбэл, арав хоногийн дараа олон улсын тэмцээн зохиох гээд БСШУЯ-наас тушаал нь гараад хоёр сарын хугацаа болж байхад Сангийн яамнаас одоо хүртэл мөнгө нь орж ирээгүй л байна. Ямар ч харилцаа бай­даггүй юм билээ. Тэгэхээр ийм их завсартай байхад яаж тэр хээл хахууль нь зогсох вэ дээ.

-Ингэхэд манай улсад танаас гадна циркийн найруулагч мэргэжилтэй хүн хэд байдаг юм бэ. Циркийн урлагт өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах хүн ховордсон байх, тийм үү?
-Миний өмнө мэргэжлийг нь эзэмшиж төгссөн дөрвөн найруулагч байдаг л даа. Харин яг миний өмнө бол 1978 онд төгсч ирсэн Зоригоо найруулагч бий. Гэхдээ одоо хувийн ажил эрхлээд явдаг. Үнэндээ би ч гэсэн маш хэцүү байна. Дөрвөн хүүхэдтэй хүн. Асар бага цалинтай. Гэхдээ надад үүрэг гэж юм бий. Бусадтайгаа адилхан буугаад өгчихвөл дараа үедээ юу өвлүүлж үлдээх юм бэ. Ямар нэгэн зүйл үлдээж өгөх ёстой биз дээ. Миний үүрэг бол циркийн урлагийг унтраахгүй л өгөх. Хэрвээ би өөрөө буугаад өгчихвөл цаашид хэн авч явах билээ. Залуучуудынхаа дуу хоолойг хүргэх хүн зайлшгүй байх хэрэгтэй. Хоёрт урвагч болохгүй гэдэг айдастай явдаг. Миний хувьд улсын зардлаар сурсан. Тэгэхээр хувийн амьдралаа бодоод явах совест надад байхгүй.

-Хэрвээ явахаар байсан бол та аль хэдийнэ явчих байсан биз. Гадаадад очиж ажиллах санал олон ирж байсныг мэдэх юм байна?
-Санал бол зөндөө ирж байсан. Гол нь гадаадад ажиллана гэдэг хэцүү гэдгийг хүмүүс бас ойлгох хэрэгтэй. Би ямар очоод үйлдвэрт ажиллах гэж байгаа биш. Гадаад улс орнууд өөрийн гэсэн найруулагчтай. Гадаадад ажиллана гэдэг эх орондоо хийж бүтээхээс ялгаатай. Миний хүсэл зорилгыг биелүүлэх газар төрмөөр байна гэвэл АНУ, Канадад төрөх ёстой байсан байхгүй юу. Нэгэнт л Монголд төрчихсөн юм чинь Монголдоо уран бүтээл тууривмаар байна. 

-Циркийн жүжигчдийн тоо багассан гэж яригдах болсон. Тэгэхээр циркийн шинэ залуу боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байгаа нь сонин байна. Ер нь цикрийн сургуулийг хэчнээн хүүхэд зорьж ирж байх юм?
-Юм ярихаар аавдаа зодуулаад гоморхож байгаа хүүхэд шиг санагдаад байдаг юм. Гэхдээ яалт ч үгүй миний халаас хов хоосон болохоор ярихаас өөр арга алга. Мөнгөтэй байсан бол би хэнээс юу ч гуйхгүй. Эцэг, эхчүүд ирээдүйтэй зүйлд л хүүхдээ явуулахыг боддог. Гэтэл өнөөдөр бид мөнгөгүй байгаа учир маркетинг хийж чадахгүй байна.  Энэ маркетингийг улс хийх хэрэгтэй л дээ. Одоо болохоор сахилгагүй хүүхдээсээ яаж салах вэ гэсэн аятай л хүүхдүүдээ авчирч өгч байна. Циркийн өв уламжлалаа хадгалж үлдэх юмсан гэсэн цөөн тооны хүүхэд л бий.

-Дэлхийн улс орнуудын хөгжлийг цирк хөгжсөн газраар нь тодорхойлдог гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Энэ нь циркийг магтаад байгаа юм биш л дээ. Циркийг гэр бүлээрээ үздэг. Драм үзэх гэж ирсэн хүмүүс нэг бол эхнэрээ эсвэл нууц амрагаа дагуулж ирдэг. Ямар ч бухимдалгүй, гэр бүлээрээ цирк үздэг орнууд их тайван байгаагийн шинж гэж үздэг юм. Гэтэл манайд яаж байна. Нэг нэгийгээ шоолсон юмыг л үздэг. Өнгөц харахад инээгээд байгаа боловч цаагуураа уйлж буй хэрэг. Жижигхэн сонирхогчдын урлаг ард түмнээ дагадаг. Юу хүсч буйг нь харуулдаг. Дайн хүсвэл дайтайх юм уу. Тэгэхээр их урлаг бол яах аргагүй цирк мөн. Ард түмнээ дагаж биш дагуулж явж соён гэгээрүүлж, урлагаараа дамжуулж тэдний оюуных нь цангааг тайлж, төгөлдөржүүлдэг, хөгөлдөг юм.

-Циркийн урлагийнханд зориулж улсын төсвөөс хэдэн төгрөг хуваарилагдаж орж ирдэг юм бол?
-Яахав хувиараа уран бүтээл хийхээр болбол соёл урлагаа дэмжих хүрээнд БСШУЯ-ны хэсэг бүлэг хүний дэмжлэгээр хэдэн төгрөг авдаг. Тэрнээс биш албан ёсоор улсын төсөвт суулгаад мөнгө өгдөг асуудал байхгүй болсон.

-Тэгвэл 75 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэхээр төлөвлөв?
-Энэ жил циркийн сургуулийн 75 жилийн ой тохиож байна. Ямар ч гэсэн салбарын сайдад хандсан. Энэ ойг тэмдэглэхгүй гэсэн. Уг нь яалт ч үгүй Боловсрол, соёлын хуульд циркийн урлаг гээд орчихсон л юм чинь цааш цаашдаа дэмжих байх. Монгол хүмүүс байна даа. Арай ч бүгдээрээ хятад болж амжаагүй байгаа энэ үед дэмжинэ байх гэж найдаж байна. Миний хувьд бүр 71, 72, 73, 74, 75, 76 гэж ирээд тэмдэглэмээр санагддаг. Ингэж байж бид байгаа шүү гэдгээ мэдэгдэх хэрэгтэй юм шиг.

-Ингэхэд ахмад цирк­чид­тэй­гээ хэр холбоотой байдаг вэ?
-Түрүү жил ахмадуудаа баярлуулъя гээд АПУ компа­нитай хамтраад гарын бэлэг өгсөн. Энэ жилийн ахмадын баяраар ч хүлээж авах ёстой. Даанч мөнгө орохгүй байна. Хоёрт тоглолттой болчихоод байна. Гэхдээ ямар нэгэн аргаар баярлуулна. Тэд өдий хүртэл амьд явсан нь их юм байхгүй юу. Энэ цирк чинь их аюултай урлаг шүү дээ. Тэгэхээр өөр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан тэр хүмүүсийг бид мартаж бо­лохгүй.

-Мэргэжилдээ үнэнч байх боломжийг олж авч байгаа нэг дүр зураг нь холбоо, цирк байгуулах юм шиг харагддаг. Гэхдээ тэр олон холбоод уялдаа холбоотой ажиллаж чаддаг нь эргэлзээ төрүүлдэг. Хувийн цирк ч олон болсон байна?
-Цирк гэж хэлэхгүй л дээ. Циркийн байртайг нь л цирк гэдэг. Тэгэхээр хамтлагууд гэж хэлэх нь зүйтэй байх. Ихэнхдээ хамтлагуудынхаа ахлагчийн нэрээр нэрлэгдээд явчихдаг. Холбоод ч олон бий. Гэхдээ мөнгөгүй юм чинь яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ. Дахин шинээр холбоо битгий байгуул гэж хэлээд л байгаа. Тэрний оронд бүгд нэгдэж байгаад, төрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх гэсэн хуульд нь багтаад үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хийдэг холбоо байгуулах шаардлагатай байна. Шинэ цирк баригдаж байж л бид хүчтэй болно. Энэ цаг үе тийм ч их удахгүй байх гэж найдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан