Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлүүллээ


НҮБ-ын индэр дээр үг хэлсний дараа оройн зоог барин нутаг буцсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирид цэргийн үйл ажиллагаа эхлүүлсэн талаар дэлхий нийт анхаарлаа хандууллаа. Тэрээр цэргийн ажиллагааны өмнө хэвлэлийнхэнд хандан “Сирид болох гэж байгаа цэргийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар манай улстай холбоотой ажилладаг улс орнуудад танилцуулга мэдээлэл өгсөн. Сирид явуулах гэж буй энэхүү ажиллагаагаа олон улсын ном журмын дагуу гүйцэтгэнэ. Сирийн эрх баригчид албан ёсоор зөвшөөрсөн болохоор ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн улсад болж байгаа дайн тулаан маш олон үндэс салаатай мэт олон шалтгаанаас эхлэлтэй ч яг голыг нь олсон зүйлээс бид эхэлж байна. Бидний хийж байгаа терроризмын эсрэг тэмцэл дэлхий дахинд үлгэр жишээ болохыг хүсч буйгаа илэрхийлэх нь зүйтэй. Хамгийн түрүүнд бид Сирийн Засгийн газрыг дэмжин яг террористуудын байгаа газар руу дайрна, довтолгоо тийшээ чиглэнэ. Хуулиас гадуур ямар ч ажиллагаа явуулахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хугацааны хувьд Сирийн армийн эрх баригчид цэргийн ажиллагааг сунгах эсэхийг шийдэх тул дахиж лалын дайчдын сэргэн мандалтыг дэлхий нийт харахгүйн тулд энэхүү ажиллагааг хариуцлагатайгаар эхлүүлж байгааг мэдэгдье” хэмээн ОХУ-ын ОРТ нэгдүгээр сувгаар ярьжээ.

ОХУ-ын агаарын нисэх хүчин Сирийн армийн бааз дээр байрлаж байгаа ч ойр ойрхон фронт руу урагшлах төлөвлөгөөтэй ажиллах байгаа аж. Тэд өчигдөр лалын дайчдын найман байд агаараас цохилт өгч, ажиллагаанд нийт 20 байлдааны онгоц оролцсон байна. Өчигдөр ажиллагаанд оролцсон байлдааны онгоцнууд хамгийн сүүлийн үеийн “Сухой СУ-24” байжээ.ОХУ-ын эхний агаарын цохилт амжилттай болсон талаар Сирийн Батлан хамгаалахын сайд мэдээлсэн.  
Ямартай ч цэргийн ажиллагаа эхлэхийн өмнө Сирийн иргэдийг албан ёсоор байлдааны бүсээс гаргасан нь тодорхой боллоо. Учир нь, өмнө нь Сирийн армийнхан зэвсэгт босогчидтой тулалдах, агаараас цохилт өгөх тоолонд Сирийн энгийн номхон иргэд амиа алдаж байсан гэдгийг хүн бүр санаж байгаа байх. Тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд ихээр өртөж байсан билээ. Харин энэ удаад тэднийг бүсээс гаргасан учир ийнхүү ажиллагаагаа түргэн шуурхай эхлүүлсэн нь лавтай.
НҮБ-ын энэ жилийн олон улсын хуралдаан дээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нүүр тулсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цэргийн ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн ч шүүмжилж чадсангүй. Харин түүний хэлэх гэсэн бүхнийг Армийн командын удирдагч Жон Маккэйн гүйцэлдүүлж ОХУ-ын ажиллагааг муулж эхлэв. Энгийн номхон иргэд байгаа, бүс нутгийн аюулгүй байдалд ингэж шууд цэргийн ажиллагаа, агаарын довтолгоо явуулж болохгүй, В.Путин буруу нүүж байна, лалын дайчдын байрлалыг тогтоосон нь эргэлзээтэй гэх мэт олон шалтаг шалтгаан тоочин ОХУ-ын эхний агаарын цохилтыг шүүмжилжээ. Харин АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Эш Картер Жон Маккэйнаас эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд маш болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг ОХУ-ын талд зөвлөсөн байна. Лалын дайчид нэртэй өөр бүлэглэл, өөр хүчин байхыг үгүйсгэхгүй тул дайралтын өмнө сайн нягталж цохилтоо өгсөн нь дээр гэдгийг ч онцлон хэлсэн байна. Ямар ч гэсэн иймэрхүү агаарын дотолгооны дараа бүхнийг эргүүлэн байранд нь тавьж болохгүй учраас ОХУ-ын шинжээчид, тагнуулчид армийн шийдвэрт маш сайнаар нөлөөлөх хэрэгтэй гэдэг зөвлөгөөг АНУ-ын зүгээс өгсөөр байгаа юм.

Гэхдээ Сирийн Хомс хотын дэргэд өгсөн агаарын цохилтыг “ямар ч ашиггүй ажиллагаа” хэмээн Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Эш Картер цохон тэмдэглээд Сирийн арми энэ тал дээр анхаарах хэрэгтэй талаар мэдэгдсэн. Өчигдөр Сирийн армийн зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийж ОХУ-ын агаарын цохилт Аль Растан, Талбисех, Зафараня, Хомс, Аль Тилол Аль Хмер, Кунитрамужийн Айдоун болон жижиг ганц хоёр лалын дайчдын эзлээд байсан тосгон руу цохилт өгсөн гэв. Тэгвэл Лондон хотод байрлах Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллага уржигдар шөнө, өчигдөр болсон агаарын довтолгооны үеэр 28 хүүхэд эмэгтэйчүүд амиа алдсан талаар мэдэгдэж байна. Гэвч энэхүү байгууллагыг Сирийн Засгийн газар хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд барууныхны халхавчин дор байдаг “Сирийн иргэний дайн өдөөгч байгууллага” хэмээн нэрийддэг байна. ОХУ-ын зүгээс Сирийн нутаг дэвсгэрт байсан лалын дайчдад тусалж байсан 13 эмэгтэйг хөнөөсөн гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ тэдний дунд хүүхэд байгаагүй гэдгийг онцолжээ.

НҮБ-ын зүгээс Сирийн нутагт явуулж байгаа агаарын ажиллагааны талаар АНУ ямар ч байр суурь илэрхийлсэн бай хүлээн авахгүй гэдгийг анхааруулсан бөгөөд агаарын бүсэд АНУ-ыг нэвтрэхийг хориглосон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Лалын дайчдын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч бүслэлтэд орж, эзлэн түрэмгийлсэн газар нутгаа алдахад хүрээд байгаагаа сайн мэдэж байгаа бололтой. Харин Сирийн армийн зүгээс ОХУ-ын цэргийн ажиллагаа, агаарын довтолгоонд маш их талархаж байгаагаа өгүүлж, лалын дайчдыг нутгаасаа хөөхийн тулд бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.  
Агаарын цохилт өгсний дараа олон улсын зүгээс ажил­лагааг сайн ажиглаж байгаагаа илэрхийлж, дараа­гийн цохилтын талаар мэдээ­лэл ирүүлэхийг хүсч буй. ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс Сирийн үйл ажиллагаа нь олон улсад нээлттэй, ил тод байгаа ч цэргийн тактик, нууц журамд хамааралтай мэдээлэл дамжуулах боломжгүй гэдгийг өгүүлжээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан