Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд өвөлжихөд бэлэн гэлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар өнгөрсөн долдугаар сард өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцээд хөдөө аж ахуйн салбарын болоод төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эхлүүлсэн байна.

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын гурван үндсэн чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн сарын 20-ны байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Мөн төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын  өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байгаа аж. Мөн 20-ны байдлаар Дархан, Эрдэнэт зэрэг хотын хэрэглэгчид бүгд дулааны эрчим хүчээ авсан бол Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Завхан, Төв, Увс зэрэг аймаг 80 хувь дулаанаар хангагдаад байгаа юм байна. Харин Улаанбаатар хотын хувьд 88 хувийг дулаанаар хангажээ.

Хөдөө аж ахуйн салбарт

Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63 хувийн гүйцэтгэлтэй байна. Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар тогтсон. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэгдэж, тариалалтаас 53 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой аж.

Мөн оны эхний есөн сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс  сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил энэ сард дуусах юм байна. Одоогийн байдлаар манай улс гоц халдварт өвчний хувьд тайван байгаа гэнэ. Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол нэг асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.  Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоо гаргаад байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд  нийт 180 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байгаа аж.

Эрүүл мэндийн салбарт

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай хангагдсан гэлээ. Алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслээр 100 хувь хангагдаж, Улаанбаатар хотын  эрүүл мэндийн есөн байгууллагад, 18 аймагт түргэн тусламжийн 47 автомашин олгох ажил ханган нийлүүлэлтийн шатандаа явж байгаа аж. Боловсролын салбарын хувьд их засварын ажил 96.5 хувийн хэрэгжилттэй, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99 хувьтай байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль, 40 цэцэрлэг, найман дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, хоёр спорт заал бий. Эдгээр объектын засварын ажилд 7.7 тэрбум төгрөг шаардагдаж байгаа аж. Уурын зуухны эвдрэл гэмтэл, дулааны өрийн улмаас халаалтаа авч чадаагүй боловсролын салбарын харьяа 62 байгууллага үлджээ.

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаашид улам эрчимжүүлж, цаг хугацаанд нь зохих бэлтгэлээ бүрэн хангаж, цаг уурын эрсдэлтэй нөхцөлд бэлэн байдлыг ханган ажиллахыг чармайн ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Мөн манай улсын эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хэвийн үйл ажиллагаагаа алдахгүй байх нөхцөл боломжийг хангах явдал бол иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгж бүрийн өөрсдийн хүчин чармайлт, хариуцлагаас ихээхэн хамаарах учраас энэ завшааныг ашиглан нийт иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгжид үлдэж буй богино хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан