Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шенхуа” Өмнөговиор 60 жил хэсүүчлэх хэвээрээ юу

Б.БИЛГҮҮН

УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд М.Энхсайхан, МАН-ын дарга М.Энхболд нарыг нэгтгэж байгаа ганцхан сонирхол нь Тавантолгой. Гэхдээ энэ ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээс хамааран лидер улстөрчдийн зан нь хувирч, залаа нь гозойдог буюу. Тэгвэл Тавантолгойн ордыг ашиглах талаар ажлын хэсгийг ахалж, гэрээг гацаах хүртлээ “чангарсан” УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг лидерүүдийн тоглолтод багтаж, М.Энхсайхантай үзэл бодол зөрчилдөх болсон. Үүнд, хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах гэрээг өргөн барьснаас хойш судалж, зүүн, баруун Цанхийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан тэрээр Хятадын төрийн өмчийн “Шенхуа” болон “Энержи Ресурс”, “Сүмитомо” нэгдэл үндэсний эрх ашгийн эсрэг гэрээ бэлтгэсэн гэж үзэж байгаа юм.

Гэсэн ч иш мухар нь олдоогүй Тавантолгойн асуудлыг аль нэг тийш шийдэх эсвэл орхих гэсэн хариуцлагатай намрын чуулганы хугацаа өнгөрсөн долоо хоногоос тоологдож эхэллээ. Гэхдээ бидэнд “орхих” гэдэг сонголт бараг үлдээгүй гэдгийг ээлжит чуулганы индрээс эрх баригч АН-ын болоод УИХ-ын даргын хувиар уншсан З.Энхболдын ганцхан догол мөр бүрнээ илэрхийлнэ.

Мөн Тавантолгойг энэ чигээр нь царцааж, ирэх оны УИХ, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд үлдээж болохгүй хэд, хэдэн шалтгаан бий. Наанадаж, улсын төсвийн орлого 629.3 тэрбумаар тасарч, оны сүүлээр их наяд төгрөгт хүрэх, улсын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг ашигт малтмалын үнэ уруудсаар улсын данс шавхагдаж байгаа зэрэг эдийн засгийн дүр зураг нөлөөлнө. Хөрөнгө оруулагчид хүртэл нүүрээ буруулж, оны эхээр ганц “ногооны” хөрөнгө оруулалт татаж чадаагүй манай улсын хувьд Тавантолгойг хөдөлгөх нь нэн шаардлагатай байгаа билээ. Өөрөөр хэлбэл, бидэнд гэрээг үзэглэх даруйд орж ирэх валютын урсгал болоод цаашдын хөрөнгө оруулалт чухал шаардлагатай болоод байна. Гэвч Монгол Улсын сайд М.Энхсайханы боловсруулсан гэх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцээгүй гэж үзэх хэд, хэдэн үндэслэл бий.

Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэж барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж, дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулахаар болсон байдаг. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, Су.Батболд, О.Баасанхүү, С.Ганбаатар, Б.Наранхүү нарын 10 гишүүн ажлын хэсэгт багтан ажилласан юм. Тэд гурван сар орчим хугацаанд асуулга тавьж, холбогдох гэрээ, хуулийг судалснаар монголчуудын эрх ашгийг ноцтойгоор зөрсөн олон заалтууд тус гэрээнд тусгагдсан гэж үзсэн билээ.
Тухайлбал, тэрээр “Монгол Улсын үндэсний эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлсэн, хуулийн хүрээнд харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмаар стратегийн ордуудын томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь чухал ач холбогдолтой юм. Үүнд, Засгийн газар бодит алхам хийх шаардлагатай байна” гэж хэлсэн. Ирэх хаврын чуулганы хамтаар 2016 оны сонгуулийн бэлтгэл эхлэх учраас намрын чуулганы хугацааг чухал хариуцлагатай хэмээн онцолсон нь энэ.  

1. Хятадууд Өмнөговиор 60 жил хэсүүчлэх үү

Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний  30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс энэ  заалт нь Монгол Улсын үндэснии аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг ч нотолсон. Учир нь, гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авах боломжийг энэ заалтаар хийсэн гэж үзсэн юм. Мөн “Энержи Ресурс” компани хөрөнгө оруулалт нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлэх заалтыг гэрээн дотор давтан, давтан тусгасан гэж үзжээ.
Тухайлбал, Хамтын ажил­лагааны гэрээний 1.2 (а) заал­таар Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нь Та­ван­толгойн орд газрыг эзэм­­ших эрхээ “Энержи ре­сурс” компанид үнэ төл­бөр­гүй шилжүүлж байгаа бол Хамтын ажиллагааны гэрээ­ний 5.1(j)  заалт, Хөрөнгө оруу­лалтын гэрээний 5.7 (а) заал­таар төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи ресурс” олж авах эрхтэй, Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуу­лан газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи ресурс” болон түүний хамааралтай этгээдэд олгоно гэж заасан байгаа юм.

2. Урд хөршөөс уях бодлого

“Энержи ресурс” компани нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, түүнд өөрчлөлт, нэмэлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцөлийг тогтоох, Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах маркетинг хийх бүх ажиллагаанд бие даан зохион байгуулах эрхтэй гэж заажээ. Мөн “Энержи ресурс” нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцөлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг дангаараа бие даан тодорхойлох, бие даан ажиллах эрхтэй гэж байгаа юм. Гэрээний энэ хоёр заалтаас харахад хөрөнгө оруулагч “Энержи ресурс” компани жилд нүүрсний олборлолт хийхгүй ч байх эрхтэй байна. Эсвэл жилд нэгхэн тонн нүүрс олборлосон байхад ч гэрээ зөрчигдөхгүй юм. Мөн энэ компани нь Тавантолгойн ордыг ашиглах-борлуулах-бүтээгдэхүүн хийх-тээвэрлэх-зах зээлийг сонгох, маркетинг хийх гээд бүхий л боломжийг зөвхөн өөртөө л ашигтай байхаар гэрээнүүдэд тусгасан байгааг анзаарсан байх. Энэ манай бид албан ёсоор нэг зах зээлээс хараат байдалд орох ч боломжтой гэсэн үг билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан