Давсагны чулуу болон бөөрний чулуу гэж юу вэ
2015 оны 10 сарын 5
Давсагны чулуу нэртэй энэ өвчний үед шээс ялгаруулах систем, түүний дотор дийлэнх тохиолдолд бөөр болон давсганд чулуу үүсдэг тул мөн адил бөөрний чулуу гэсэн ч болох байх.

Шалтгаан
Шээс ялгаруулах системд чулуу үүсэх эмгэгийн гол шалтгаан нь чулууг бүрэлдүүллэг уусагч давс үүсэхэд хүргэдэг бодисын солилцооны алдагдал гэж үздэг. Чулууны тоо, байрлал нь янз бүр байж байж болно. Насаар залуу хүмүүсийн шээсний судал, бөөрөнд гол төлөв чулуу үүсдэг бол давсагнд чулуу үүсэх үзэгдэл нь гол төлөв хижээл насны хүмүүс, хүүхдүүдэд ажиглагддаг.

Чулуу үүсэх угтвар хүчин зүйлсийн тоонд дараах зүйл ордог, үүнд:
– Шээс ялгаруулах замын анатомын хөгжлийн гажиг
– Удамшлын чанартай бөөртөс /нефрит/, нефроз төст хам шинжүүд
– Шээс, бэлгийн замын системийн архах эмгэгүүд / пиелонефрит, цистит, простатит /
– Хоол боловсруулах замын архах эмгэгүүд
– Ус, хоолны найрлагын онцлог /хатуулга өндөртэй ус г.м.

Чулууг бүрэлдэхэд хүргэсэн шалтгаан болон найрлагаасаа хамаараад дараах байдлаар ялгадаг, үүнд:
-кальцийн –өвчлөгсдийн 70% хүртэлх
-шээсний хүчлийн – өвчлөгсдийн 12% хүртэл
-халдвартай – 15% хүртэлх
-давсагны шүвтрийн хүчлийн /цистиний/- өвчлөгсдийн 2-3% хүртэл

Энэ мэтчилсэн давсагны чулууны найрлагыг мэдэх ямар шаардлага байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тэгвэл ингэж найрлагыг нь тодорхойлсноор давтан чулуу үүсэхээс сэргийлэхэд маш чухал үүрэгтэй байдаг болохоор тэр.

Шинж тэмдэг
Чулууны байрлалаас хамаараад хүнд янз бүрийн шинж тэмдэг илэрч болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ дараах шинж тэмдэгийг энэ өвчний хувьд хамгийн олон илэрдэг, үндсэн гэж үздэг. Үүнд:
-үе үе гэнэт өвдүүлэх
-цустай шээс гарах
-бие ерөнхийдөө таагүйтэх

Бөөрөнд чулуу үүссэн үед биеийн хүчний ажил хийх үед гэнэт өвдөж эхлэх нь цөөнгүй бөгөөд шээс, бэлгийн замын бусад эмгэг хурцадаж болно.

Чулуу давсганд байрласан тохиолдолд ойр ойрхон их хөндүүрлэлтэйгээр шээх, хөдлөхөд хөндүүрлэх гэсэн шинж тэмдэг илэрнэ.

Чулуу шээсний судалд ч байрласан тохиолдолд ойр ойрхон шээс хүрэх, бүсэлхийнээс гуяны дотор тал, салтаа, хэвлийн доод хэсэг рүү дамжсан өвдөлт мэдэрдэг. Чулуу нь шээсний судлын зайг хааж, бөөрөнд шээс хуримтлагдсан тохиолдолд бөөрөөр хатгуулна. Ингэхдээ бүсэлхийнээс эхлэн гэдэс рүү дамжсан өвдөлт мэдэрнэ. Чулуу байрлалаа өөрчлөн шээсний судлаас гарах хүртэл ийм өвдөлт мэдэрнэ.

Оношлогоо
Давсагны чулууны эсрэг эмчилгээ хийж эхлэхийн өмнө дараах шинжилгээг хийлгэнэ, үүнд:
-бөөр, шээсний судал, давсагны ердийн рентген зураг ба будагч бодис ашиглан рентген зураг авах /экскретор урографи/
-компьютер томографи
-хэт авианы шинжилгээ буюу манайхны хэл заншснаар эхо

Эмчилгээ
Эмчилгээг хийж эхлэхийн өмнө давсагны чулуу гэсэн оношийг баталгаажуулан, чулууны байрлал хэмжээ, найрлагыг нь тодорхойлох хэрэгтэй нь мэдээж. Үүнээс гадна өөр бусад хүндрэл байгаа эсэх нь эмчилгээний аргын сонголтонд ихээхэн нөлөөлнө.

Давсагны чулууны эмчилгээ нь эмчийн байнгын хяналтан доор хийгдэнэ. Чулууны хэмжээнээс хамаараад эмийн, эсвэл мэс заслын эмчилгээ хийх эсэхийг шийднэ. Орчин үед мэс заслын бус олон арга бий болсон. /Манай улсад эдгээрээс хэд нь хэрэглэгдэж байгаа нь тодорхойгүй./

Орчин үед энэ эмгэгийг эмчлэх олон арга бий болсон. Одоогоор хамгийн өргөн ашиглагддагийн дээр сөрөг үр дагавар хамгийн багатай нь гэвэл “экстракорпораль долгионт цохилтын литотрипси” гэгч хэл хугармаар урт нэртэй арга юм. Үүний сийрүүлвээс “экстракорпораль” гэдэг нь үгчилвэл “биеийн гаднаас” , “литотрипси” нь үгчилвэл “чулууг бутлах” гэсэн утгатай юм. Өөрөөр хэолбэл биеийн гаднаас ялгаруулсан бутаргагч долгионы хүчээр чулууг бутлах гэсэн утгатай үг юм. Энэ аргыг анх 1986 онд Германы Мюнхен хотноо герман мэргэжилтнүүд хэрэглэсэн байдаг. Ингэж бутлахад арьсыг зүсэх шаарлдагагүй. /Энэ аргыг манайд хэр ашигладагыг мэдэхгүй ч энэ нийтлэлийн дараагаар оруулж ирж ашиглах эмнэлэг гарна гэдэгт найдаж байна. Оруулж ирээд ашиглаж байгаа эмнэлэг байгаа бол манай сайтад хандана уу./

Чулууг бутлах өөр нэг арга нь эндоскоп контакт литотрипси юм. Энэ аргын үед тусгай дураг ашиглан шээсний судлаар тусгай багаж оруулан чулууг бутладаг. Энэ арга нь харьцангуй өндөр үр дүнтэй, бусад эд эрхтэнд үзүүлэх сөрөг нөлөө багатай.

Эмгэгийг явц элдэв хүндрэлгүй, чулууны хэмжээ бага үед эмийн эмчилгээг эмч заадаг. /Зөвхөн эмч заана гэдгийг энд ахин анхааруулъя/ Бөөрөөр хатгуулж өвдөх үед өвчин намбаа, булчин агшилтын эсрэг эмчүүдийг эмчийн заалтаар ууж болно.

Давсагны чулууг эмчлэх болон эмчилгээний дараах үед эмчийн заавар, зөвлөгөө, заалтыг чанд дагаснаар дахин чулуу үүсэхээс сэргийлэх юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.