Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн банк: Цаг үеэ мэдэрч орлого, зарлагаа зөв тооц

Т.ЖАНЦАН

Эдийн засаг эвгүйдсэн тоо баримт хаа сайгүй, ар араасаа хөвөрсөөр. Судлаачид ч аль болох хэмнэлттэй, нарийн тооцоотой байхыг зөвлөж буй. Энэ нь ганц манай улсад ч бус олон оронд өрнөж байгаа асуудал. Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн ээлжит тайлангаа гаргалаа.

Уг тайланд тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт 4.6 хувьтай байна хэмээн төсөөлжээ. Ингээд Монгол, Индонез, Малайз зэрэг түүхий эд экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлт хамгийн бага, төсвийн орлого нь бага байхыг анхааруулав. Энэ нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасантай холбоотой. Ингээд манай улсын эдийн засаг, төсөв ирэх онд ямар байвал зохистой талаар Дэлхийн банкны зарим албан тушаалтны зөвлөж хэлсэн үгийг дор сийрүүлье.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт гарч байна. Тухайлбал, төсвөө танаж аль болох алдагдалгүй болгохыг зорьж байгаа. Мөн Хөгжлийн банкны төсвөөс гадуурх зардалыг улсын төсөвт нэгтгэн тооцдог эерэг үр дүн гарсан. Гэвч аливаа зам дардан байдаггүй. Гагцхүү замаасаа хазайхгүй байх хэрэгтэй. Улсын төсвийн зардалдаа хянамгай хандаж бодит нөхцөл байдалд захирагдах ёстой юм.

Ирэх онд ч хямралт байдал үргэлжилж төсөв тасрах дүр зураг ажиглагдаж байна. Дэлхийн банк  Монгол Улсын Засгийн газартай ирэх гурван жилийн хугацаанд жилд 100 сая ам.долларын санхүүжилт үзүүлэх яриа хэлцэл хийж байгаа. Энэ төсөл хөтөлбөрүүд макро эдийн засгийн бодлого ямар байхаас ихээхэн ха­маарна. Одоогоор эрүүл мэнд боловсролын салбарт төсөл хөтөл­бөр хэрэгжүүлж буй” гэлээ. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли “Монгол Улсын орлого буурсан тул төсвийн бодлого өөрчлөгдөж байна. Энэ эерэг зөв хандлагаа цаашид үргэлжлүүлэх учиртай. Төсвийн орлогын 20 хувийг ашигт малтмалын экспорт бүрдүүлдэг. Ирэх хоёр жилд түүхий эдийн үнэ доогуур байх хандлага бий. Иймд ирэх жилийн төсөвтөө тодотгол хийж эвгүй байдалд орохооргүй төлөвлөх хэрэгтэй. Түүхий эдийн нөөц баялгаа хөгжил болгон ашигласан улс орон цөөнгүй бий. Ингэхийн тулд төсвийн асуудлаа нэг мөр цэгцэлж шийдэх учиртай. Мөн бизнесийн таатай орчин бүрдүүлэх нь чухал. Хамгийн гол нь орлогоо зөв зүйтэй зарцуулах ёстой юм. Монгол Улсын Засгийн газар орлогоо зөв зарцуулахад анхаарна гэж найдаж байна. Аливаа улс орны хөгжлийн гол үндэс нь хүнээ хөгжүүлэх, боловсролын чанараа сайжруулах явдал байдаг. Гадаад нөхцөл байдал тааламжгүй байгаа өнөө үед эдийн засгийн эмзэг байдлаа бууруулах шаардлагатай юм. Монгол Улсын төлбөрийн тэнцэлийн алдагдал өндөр явж ирсэн нь эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан болсон. Одоо эдийн засагт тохиргоо хийгдэж байна. Энэ нь валютын ханшаар илэрч байгаа” хэмээн хэлэв.

Тэгвэл Дэлхийн банкны эдийн засагч В.Даваадалай “Төлбөрийн тэнцэлийн алдагдал өнөөдөр буурсан. Гэхдээ гадаад эрэлт буурсан өнөө үед дотоод эрэлтээ хумьж байж төлбөрийн тэнцэлийн хүндрэлийг даван туулж байна. Ингэснээр эдийн засагт зөв тохиргоо хийгдэх болсон” гэсэн юм. Тэгэхээр энэ бүгдийг улсын төсвийн сахилга батыг сайжруулах, алдагдалгүй батлах төсөв болж таарч буй юм. Гэтэл манай улс төсвөө жилд нэг их наяд төгрөгийн алдагдалтай батлаж буй. Уг алдагдал нь ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж байгаа.  Энэ жилийн төсөв ч бас ийм. Ирэх оны төсвийн төсөөллийг УИХ намрын чуулганаараа хэлэлцэнэ. УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөөлөл ч дээрх  жишгээр гарсан. Тухайлбал орлого нь 6.6, зарлага нь 7.7 их наяд төгрөг гэж тооцсон байна. Иймд цаг үеэ мэдэрч орлого, зарлагаа зөв тооцож илүү зардлаа хасч чадсан гэж хэлэх үндэс алга. Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд гурван хувийн өсөлттэй гарсан. Энэ нь орж ирэх гадаад валютын урсгал, орлого муудсантай холбоотой. Уул уурхайн салбарын өсөлтийг өөд нь татаж буй зүйл бол зэсийн баяжмал. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэн нь уул уурхайн салбарын өсөлтийг 16.5 хувьд барьж чадлаа.  Ирэх онд хөрөнгө оруулалт сэргэх нэг хүлээлт нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт. Уг уурхайн бүтээн байгуулалт саадгүй явах гэрээ хэлцэл хийсэн нь хөрөнгө оруулагчдад өдөөгч болно хэмээн тооцоолж буй. Гэвч зарим эдийн засагчид далд уурхайтай холбоотой гэрээ хэлцэл Монгол Улсад ашиггүй гэж байр сууриа илэрхийлж байгаа. Харин хөдөө аж ахуйн салбарын орлого энэ онд есөн хувиар өсөв. Бусад салбарын эдийн засагт үзүүлэх хувь хэмжээ буурсан үзүүлэлт гараад байна. Иймд манай эдийн засгийн идвэхжлийг дэмжих ганц салбар нь хөдөө аж ахуй боллоо. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбараа тордож өөд нь татах нь манай улсын ойрын зорилт болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан