Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарийн ногооны тариалалт багасч байна

Л.БАТБААТАР

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилго бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

10 дахь жилдээ үргэжилж буй “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 05-ны өдрүүдэд Мишээл экспо төвд долоо хоногийн турш зохион байгууллаа. Долоо хоног  үргэлжилсэн тус арга хэмжээнд  17 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн ногоочид, шинэ ургацын ногооны худалдаагаар  оролцож,  420.0 тонн төмс, хүнсний ногоо, 5000 шил нөөшилсөн ногоо,1.9 тонн зөгийн бал, 150 килограмм байгалийн эмийн ургамал, 1.8 тонн чацаргана, 0.1 тонн үхрийн нүд зэрэг бүтээгдэхүүнээр 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан.

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд нэг килограмм лууван 1300-1500, төмс 700-800, манжин 1300, сонгино 2000, ногоон лооль 1000, улаан лооль 3000, байцаа 700-800, ногоон чинжүү 3000-4000, улаан манжин 1300, шийгуа 1500 төгрөгийн үнэ ханштайгаар борлогдож байв. “Хамгийн гол нь манай бүтээгдэхүүн эх орны эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас бусад хүнсний захын үнэ ханшаас төдийлөн хямд биш” хэмээн ногоочид хэлж байв.

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний онцлог, ач холбогдлын талаар  нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн С.Гочоосүрэн “Энэ арга хэмжээнд 17 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 250 гаруй ногоочин оролцож байна. Оролцож буй ногоочид тооны хувьд бага боловч, борлуулсан төмс хүнсний ногооны хэмжээ их байна. Хүнсний ногооны чанар өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал сайжирсан. Хэрэглэгчид хүнсний ногоо худалдан авахаар зорьж ирдэг болсон байна. Жишээ нь, Ховд аймгийн шар төмс худалдаж авна, амт сайтай гэх мэт. Энэ арга хэмжээ нь ногоочдын борлуулалтыг дэмжсэн үйл ажиллагаа юм. Жил ирэх тусам оролцогчдын цар хүрээ нэмэгдэж байна. Хүнсний ногоочид маань зөвхөн “Алтан намар” арга хэмжээнд оролцдог байсан бол, ноднин жилээс эхлэн дүүрэг бүрт заасан  цэгт өдөр бүр шинэ ногоо нийлүүлж байна. Ингэснээр хүнсний ногоо нь  ченжийн гар дамжин дамлаж зарагдахгүй” гэв.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хаалтын ажиллагаа  өчигдөр болж шилдэгүүдээ “Хамгийн, хамгийн” гэсэн тодотголтойгоор шалгарууллаа. Нийт есөн номинацаар шилдэг аймаг, байгууллага, иргэнийг шалгаруулсан. “Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг” номинацид аймгийнхаа дөрвөн сумын 50 ногоочин оролцуулж, 150 тонн төмс, 220 тонн хүнсний ногоо, 1200 кг зөгийн бал, 2500 ширхэг даршилсан ногоо борлуулж, нийт 350 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаар Дархан-Уул аймгийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, өргөмжлөл, “Шилдэг сум” номинацид 20 ногоочинг оролцуулж, 50 тонн төмс, 19 нэр төрлийн 4.4 тонн хүнсний ногоо, 1800 шил даршилсан ногоо, 1.2 тонн зөгийн бал, 400 ширхэг чацарганы суулгац, 500 шил чацарганы сироп зэрэг нийт 68 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаар Дархан-Уул аймгийн Орхон сумыг шалгаруулж цом, өр­гөмж­­лөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

“Хамгийн их төмс борлуул­сан ногоочин” номинацид гурван тонн төмс борлуулсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин Ц.Баярсайхан шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн. Түрүүлсэнд баяр хүргэн сэтгэгдэлийг нь асуухад “Би 25 жил хүнсний ногоо тарьж байна. Үр хүүхэд, ханийн идэвх зүтгэлээр энэ шагналыг авлаа. Долоо хоногийн дотор гурван тонн төмс болон хүнсний ногоо борлуулж энэ номинацид шалгарлаа. Үүрээр таван цагт босч, ногоо усласнаар ажлын нэг өдөр эхэлдэг. Цаашид төрөөс ногоочдод  урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож, бодлогоор дэмжмээр байна” гэлээ.

Өргөн уудам нутагтай, үржил шимт хөрстэй манай орон  хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй л байна. Үүний учир шалтгааны талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн н.Оюунсувд “Монгол Улсын жилийн хүнсний ногооны хэрэгцээ  тариалах үрийн хамт 160 мянган тонн төмс, хүнсний ногоо168 мянган тонн байдаг. Төмсний хэрэгцээг тариалах үрийн хамт 100 хувь хангаж байна. Манай хүнсний ногоочид өнгөрсөн жил дотоодын хэрэгцээний 54 хувийг хангасан. Энэ жил  44 хувь болж буурсан. Учир нь  хүнсний ногоо тариалагчид маань зөгийн аж ахуй эрхлэх болж. Мөн хүнсний ногооноос татгалзаж,  рапс, цагаан будаа тариалж эхлэж байна. Ноднин жил 8.3 мянган га талбайд хүнсний ногоо тариалсан бол, энэ жил 7.1 мянган га талбайд тариаллаа. Ургацын урьдчилсан гүйцэтгэлээс харахад  дотоодын хэрэгцээний 44 хувийг хангах дүн гарсан. Байцаа, сонгино, сармис, навчит ногоо, өргөст хэмх зэрэг хүнсний ногоог импортлодог. Яамны зүгээс импортоор орж ирж буй байцаа, сонгино, сармис,өргөст хэмх  зэрэг ногоо дотооддоо тариалах явдлыг дэмжинэ. Эдгээр хүнсний ногооны  хадгалалтын явц нь өөр технологи шаарддаг учраас ногоочид  бага тариалдаг. Ийм учраас зориулалтын хадгалах сав, зоорийг нь урьдчилан бэлтгэх хэрэгтэй байна.  Тариалах аргыг   сайн зааж сурталчилбал, тариалалт нэмэгдэн, импорт багасна. Мөн хүлэмжийн аж ахуйг өргөн нэвтрүүлсэнээр  навчит ногооны тариалалт нэмэгдэж, импортын хэмжээ буурна” гэв.

Үр тарианд урамшуулал өгдөг. Үүнтэй адил төмс, хүнсний ногоо тариалагчдад урамшуулад олгох эрх зүйн орчин бий эсэх талаар асуухад “Урамшуулал олгох эрх зүйн үндэс  “Хүнсний тухай хууль”-д бий. Дотооддоо төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж, дотоодод бүтээгдэхүүнээ борлуулбал, урамшуулал олгож болно гэсэн заалт байдаг. Хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалж, Засгийн газар шийдэж чадахгүй байна. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлье гэвэл гадны орны туршлага судлах хэрэгтэй. Солонгос, Японд хүлэмж барьж өгөх, техник технологи, ургамлын бордоогоор дэмжлэг үзүүлж,  тариаланчдынхаа тоог цөөрүүлэхгүй барьдаг. Хүнсний ногоо тариалах нь гар ажиллагаа ихтэй учраас иргэд  төвөгшөөдөг. Иймээс хүнсний ногооны салбарт төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай” хэмээн ХХААЯ-ны Газар тариалангийн бод­логын хэрэгжилтийг зохицуу­­лах газрын Ахлах мэргэ­жилтэн н.Оюунсувд нэмж хэллээ.

Сүүлийн үед ногоочид маань ургахад хялбар, арчилгаа бага шаардагддаг хүнсний таримлыг сонгон тариалах болсон нь нарийн  ногооны импортыг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Манай оронд нарийн ногооны зах зээл байгаа нөхцөлд энэ чиглэлээр гарах валютын урсгалыг хааж дотооддоо тариалах боломжийг төрийн бодлогоор дэмжих шаардлага бий болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан