Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зурагтай танилцсан түүх

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Жаалхүү өвгөнийх олон хүүхэдтэй айл байв. Нэгэн өдөр тэдний том хүү гэрийнхээ гадна завилж суугаад, өвөр дээрээ дөрвөлжин мод тавьж, ямар нэгэн юм хийж байхыг харлаа. Юу хийж байгааг нь үзэхсэн гэхээс тэсч суух аргагүй болов. Ороо хонь барих гэж байгаа мэт сэм сэмхэн гэтсээр тэр хүүгийн ард очин өнгийвөл онц сонин юм олж үзэх нь тэр. Модон самбар дээр үнс түрхжээ, нарийхан үзүүртэй савх модыг мөнөөх үнсэн дээр нааш цааш гүйлгэн зурж байгааг харахад гайхмаар ажээ. Тэр хүүг Даваасамбуу гэдэг...”

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Лодонгийн Түдэв гуайг ийн зурагтай танилцуулсан хүн бол ахмад гэрэл зурагчин Жаалхүүгийн Даваасамбуу. Тэрээр 1945 оны намар, Багшийн их сургуулиас Говь-Алтай аймгийн долоон жилийн бага сургуульд бага ангийн багшийн хувиар өвөртлөн очсон гэдэг.

Дайны он жилүүдэд хүнс хоол муутайн улмаас хүүхэд багачууд давжаарах нь их байсан байж. Тиймдээ ч Ж.Даваасамбуу 16 насандаа алс хязгаарт, ардын хүүхдийг сургахаар очихдоо өөрөө ч нэг, хоёрдугаар анги болов уу гэмээр жаахан бор хүү байсан гэдэг. Гэвч, шавилхан биетэй ч шаггүй зурчихдаг тэрээр аймгийн сургуулийн нэгдүгээр ангид биеэр чацуу шахуу хүүхдүүдэд бичиг үсэг, зураг зурахыг зааж багшлах ажилд ханцуй шамлажээ.

Д.Хадбаатар аварга өөд болохынхоо өмнөх өдөр Төв аймгийн ойн барилдааны үеэр

Хүүхэд багын л зурах дуртай түүнийг бага ангийн багшаар хоёр жил ажиллаад байтал Говь-Алтай аймагт Урчуудын эвлэлийн салбар байгуулж эрхлэгчээр нь томилсон байна. Мөн тэр жил аймгийн гэрэл зургийн салбар байгуулагдсан ч, байр савны хүрэлцээ муугаас урчуудын эвлэл болон гэрэл зургийн салбар хоёрыг нэг байранд оруулсан нь Ж.Даваасамбуугийн хувьд гэрэл зурагтай танилцах, татагдах эхлэл болсон гэдэг. Модон самбарт үнсээр зурж суусан хүү ийн гэрэл зураг гэгч гэрлээр зурах урлагтай танилцаж, дурласан түүхтэй.
Лодонгийн Түдэв гэгч их хүмүүнийг зурагтай танилцуулаад зогсохгүй өнөөгийн бидэнд өнгөрсөн жарны түүхийг гэрэл зургаар таниулж буй тэрээр өдгөө нас 80 дээр гарсан ч авьяас тэтгэвэрт гардаггүйг баталж “Жаран түүхэлсэн агшин” бие даасан үзэсгэлэнгээ хоёр хоногийн өмнө үзэгч олонд дэлгэлээ. Өнгөт хэвлэлийн технологич мэргэжилтэй Даваасамбуу гуай өнгөрсөн 68 жилийг гэрэл зурагт зориулжээ. Энэ хугацаанд гурван удаа үзэсгэлэн гаргаж буйн нэг нь “Жаран түүхэлсэн агшин”.

1952 онд ЗХУ-д мэргэжил дээшлүүлж ирээд улсын хэвлэх үйлдвэр, Засгийн газрын дэргэдэх хэвлэх үйлдвэрт 25 жил ажилласан байна. 1950 оны дунд үеэс манай оронд гарч байсан сэтгүүл, өнгөт хэвлэлийн зураг энэ хүний гараар амилсан түүхтэй. Түүнчлэн, Монгол шуудангаас гаргаж байсан маркуудын зургийг авч Унгар улсад хэвлүүлэхэд гар бие оролцож, өнгө будаг, “жор”-ыг нь тааруулж байсан нэгэн.

Зүүн гар талаас: Хакухо М.Даваажаргал, МҮБХ-ны ерөнхиийлөгч Р.Нямдорж, Д.Хадбаатар нар

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөн түүхт 80 жилийн ойн хүрээнд олон ажил хийгдэж буйн нэг нь Ж.Даваасамбуугийн үзэсгэлэн. “80 жилийн ой тохиож байгаа болохоор 80 зургаар үзэсгэлэн гаргах гэсэн ч үзэсгэлэнгийн танхимд багтдаггүй, 60 болгочихлоо” хэмээн суусан түүнтэй үзэсгэлэнг нь үзэх зуураа өнгөрсөн жарны тухай хууч дэлгэсэн юм.

“Гэрэл зураг гэгч зүйлийг зүгээр нэг техникийн шийдэл гэж ойлгож болохгүй. Миний хувьд түүхэн баримт талаас нь харж, анхаарч авдаг. Тиймдээ ч надад өөр хэнд ч байхгүй ховор нандин зургууд цөөнгүй би. Тээр жил гэрт гал гарч цөөнгүй хальс устсан ч үзэсгэлэн гаргах дайны юм үлджээ. Өтөлж өвгөрсөн гээд зүгээр сууж болохгүй, тиймдээ ч 80 жилийн ойг тохиолдуулж үзэсгэлэн гаргаж байгаа юм” хэмээнэ. Үнэхээр түүний зургууд дунд өөр хэнд ч байхгүй ховор зураг цөөнгүй.

Д.Цэрэнтогтох аваргын анхны наадам, 1972 он

Байгаль болоод бөхийн зураг түлхүү авч байсан түүний архивт Д.Цэрэнтогтох аварга 1972 онд анхны наадамдаа зодоглож байсан зургаас аваад мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын Д.Хадбаатар аварга, одоогийн Үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Р.Нямдорж нартай авахуулсан зураг ч бий. Түүнчлэн Дархан аварга А.Сүхбатын улсын цолонд хүрээгүй үеийн хөрөг, Төв аймгийн ойн барилдааны үеэр Д.Хадбаатар аваргын хамгийн сүүлд авахуулсан зураг ч байв.

Тэрээр “Орчин үед хүн бүр зураг авах хэрэгсэлтэй болсоноор гэрэл зураг үнэ цэнэгүй болж гэрэл зурагчдын үнэлэмж муудах шалтгаан болж байна. Гэвч, цаг үеэ хэн ч сөрж чадахгүй, тиймээс залуу зурагчид залхуурч болохгүй. Залхуу хүн зурагчин болж чадахгүй” хэмээн онцолж байв.

0 Сэтгэгдэл
сайхан зүйлийг хөөж зураг авах биш жинхэнэ зүйлийг түүхэнд мөнхрүүлэх нь зурагчны үүрэг
Хамгийн их уншсан