Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш, эмч нарт ажлаа хийнгээ УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдох нь

Л.НОМИН

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заасан. 2011 онд батлагдсан энэ хуулийн заалт 2012 сонгуулиар үйлчилсэн. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар уг заалтыг 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон юм. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 2 дахь, 16 дугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн заалт гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэжээ. 

Харин УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ийм тайлбар өгч байна. Тэрээр “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь хэсэгт төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд өрсөлдөхөөр бол төрийн алба болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага бий болгосон. Улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлэх хууль ёсны зорилгод тулгуурласан. Агуулгаараа сонгогдох эрхийг хязгаарлаагүй. Төрийн жинхэнэ албанаас улс төрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн дагуу хийж буй ухамсарт үйлдэл” гэлээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн Ч.Өлзийсайханы гаргасан гомдлыг Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтээ УИХ-д илгээсэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг үүнийг засгийн эрх барьж буй нам өөрсөддөө давуу эрх авах гэсэн оролдлого хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэхэд ч гишүүд янз бүрээр тайлбарлаж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үйлчилгээний албан тушаалыг оруулчихаар хууль зөрчдөг, бусад төрийн албан тушаалтныг оруулахаар Үндсэн хууль зөрчихгүй гэж байна. Хуулийн ганц заалт Үндсэн хууль зөрчиж байгаа. Гэтэл хуулийн заалтыг хоёр өөр байдлаар хэрэглэх эрх ҮХЦ-д байна уу гэдэг асуудал гарна. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихэд албан тушаалаас нь түдгэлзүүлдэг байх нь зөв үү, буруу юу гэдэг хууль тогтоох бүрэн эрхийн асуудал. ҮХЦ Үндсэн хуулийн зөрчил харагдахгүй байхад хууль ингэж гарах ёстой гэдэг байдлаар хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүллээ гэж би харж байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалтныг ялгаварлаж байна гэж үзэж байгаа бол төрийн тусгай албан хаагч, захиргааны албан хаагч ч мөн адил Үндсэн хууль зөрчиж байна гэдэг маргаан гаргана” гэсэн юм.

УИХ-ын гишүүн М.Энх­болд “ҮХЦ-ийн дүгнэлтэд УИХ хариуцлагатай хандмаар байна. Өрийн босгыг гуравны хоёроор шийддэг байсныг ердийн олонхи болгосон. Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох УИХ-ын гишүүний эрхийг ҮХЦ үгүй болгосон. Улс төрийн сонгуульд оролцох төрийн албан хаагчид ажлаа өгөхгүйгээр оролцдог болж байгаа. Сүүлийн үеийн энэ шийдвэрүүд захиалгаар гараад байгаа юм уу гэмээр. Цаана нь улс орон, ард түмний эрх ашгийг бодож байна уу үгүй юу. Төрийн албанд орж байгаа хүмүүс бусдаас давуу эрхтэй сонгуульд оролцож, сурталчилгаандаа ажил албаа ашиглах бололцоо олгож байна. Тэгвэл бизнес эрхлэгчид яах юм. Төрийн бус байгууллага, нийгмийн байгууллагын төлөөллүүд яах юм бэ. Энэ хүмүүс нэг шатны доороос оролцох болоод байна. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжихгүй” гэлээ.

ҮХЦ-ийн дүгнэлтээс үүднээс зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хөндсөн юм. Түүнийхээр бол багш, эмч нарыг төрийн албан хаагч гэсэн ангилалд оруулахгүй байх ёстой гэнэ. Ажиллах хүчний гуравны нэг нь төрийн албан хаагч болсон учраас энэ хүмүүсийн эрхийн асуудал яригдаж байгаа гэж тайлбарлав. Харин ч төрийн албан хаагчид гэж хэт хавтгайруулсан нь УИХ-ын буруу шийдвэр байсан гэлээ.  Бусадтай харьцуулбал төрийн албан хаагчид тэтгэмж өндөртэй, давуу байдал ихтэй гэдгийг ҮХЦ-д тайлбарлах ёстойг тэрээр хэлсэн.

Ингээд Төрийн байгуулалтын болон Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь ҮХЦ-ийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэнгүй. УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн хүлээж авахгүй гэж шийдвэл ҮХЦ-ийн их суудлын хуралдаан зарлагдана. Их суудлын хуралдаан Үндсэн хууль зөрчсөн хэмээсэн өмнөх дүгнэлтээ баталгаажуулах магадлал өндөр. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн заалт Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд байна гэж үзвэл тухайн заалт хүчингүй болно. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36.3 болон 36.4 дэх заалтаар шийдэгдээд явна. ҮХЦ-ийн 12 дугаар дүгнэлтийг зөв гарчээ гэж ҮХЦ-ийн их суудлын хуралдааны шийдвэр гарвал улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой болно гэсэн үг. Товчхондоо багш, эмч нар, соёл урлагийн төсвөөс санхүүждэг үйлчилгээний байгууллагын дарга, эрхлэгч нарт ажлаа хийхийн хажуугаар сонгуульд нэр дэвших боломж бүрдэх нь.

2014 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад төрийн 162769 албан хаагч байгаа гэж УИХ-ын Тамгын газрын судалгаа, шинжилгээний хэлтэс тогтоожээ. Үүнээс 2798 нь улс төрийн албан тушаал, 16179 нь төрийн захиргааны албан тушаал, 28733 нь төрийн тусгай албан хаагч байгаа аж. Төрийн үйлчилгээний албан тушаалд 115019 хүн ажиллаж байгаа ч Үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлж чадахгүй хүрч байна гэж үзсэн юм. Төрийн албаны тухай хуулийн “9.1.2. Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал, 9.1.4.яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтан УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бол заавал ажлаас чөлөөлөгдөхгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан