Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганзориг: Зүрх судасны өвчлөлийн дийлэнх хувь нь транс өөхнөөс үүдэлтэй

Хүн төрөлхтөн 100 гаруй жилийн өмнө ургамлын тосыг хатууруулах арга нээж, хүнсний хэрэглээнд хувьсал хийсэн байдаг. Шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатууруулсан нь хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалах, их хэмжээгээр үйлдвэрлэх, үндсэн бүтэц найрлагыг өөрчлөх зэрэг олон давуу тал бий болгосон ч үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс өөх буюу устөрөгчөөр баяжуулсан ургамлын тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг 1990-ээд оноос ярьж эхэлжээ.

Улмаар 2000 оны эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид нэг хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг тусгасан ч 2009 онд энэ шийдвэрээ эргэн харж, хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад транс өөх хэрэглэхээс эрс татгалзахыг санал болгосон байна. Өндөр хөгжилтэй улс орнууд энэ төрлийн хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнээс эрс татгалзаж, хэрэглээнээс хасах тухайд анхаарч байна. Харин манай оронд энэ бүтээгдэхүүний хэрэглээ ямар байгааг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа аж.
Өчигдөр энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд хороо, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМСЯ-ны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригтой транс өөх гэж юу болох, сөрөг нөлөөллийн тухай ярилцлаа.

-Транс өөх гэж юу болох тухай иргэд тэр бүр ойлголтгүй байгаа болов уу. Тиймээс юуны өмнө энэ тухай товч тайлбарлах нь зөв байх?
-Тиймээ, хүмүүс энэ тухай тийм ч сайн ойлголтгүй байдаг. Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “ургамлын тос агуулсан” гэж бичсэн байдгийг бид мэднэ. Гэвч яг ургамлын тос мөн үү гэдэг эргэлзээтэй. Бидний яриад буй транс өөх гэгч зүйл хэдий ургамлын тосны гаралтай ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн. Ердийн ургамлын тосыг устөрөгчөөр баяжуулж, хагас хатуу хэлбэрт оруулсан бүтээгдэхүүнийг транс өөх гэнэ. Нэг ёсны масло, маргарины агууламж ихтэй бүтээгдэхүүн юм.

-Мэдээж цэвэр ургамлын тосноос хямд өртөгтэй учир үйлд­вэр­лэлд илүүтэй хэрэглэгддэг байх?
-Тэгэлгүй яахав, үйлдвэрлэгчид үүнд нь болж транс өөхийг ашигладаг. 100 литр ургамлын шингэн тосыг хагас хатуу хэлбэрт оруулснаар овор хэмжээ нь хэд дахин багасхаас гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Үүнийгээ дагаад үнэ өртөг ч хямдарна. Тиймээс л боов, чипс, масло зэрэг олноор нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнд эл транс өөх ихээр агуулагддаг хэрэг. Транс өөх мууддаггүй учир хэчнээн хугацаа өнгөрсөн ч тухайн бүтээгдэхүүнд агуулагдсан хэвээр байдаг. Түүнчлэн, бусад хүнсний будаг, бодистой хольж болдог учраас өнгө, амт, үнэр ч оруулж болдог.

-Сөрөг нөлөөллийн тухайд?
-Мэдээж цэвэр ургамлын гаралтай бус ус төрөгчөөр баяжуулсан, нэг ёсны химийн найрлагатай учир хүний биеэс гадагшлах нь удаан. Тиймдээ ч судасны хананд наалдаж улмаар судас нарийсдаг. Зохиомлоор гаргаж авсан транс өөх зүрх судасны өвчин, үргүйдэл, Алцхаймэрийн өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, умай салстах зэрэг олон төрлийн өвчний шалтгаан болдог. Ямар хүнсний бүтээгдэхүүнд хэр хэмжээтэй хэрэглэснийг нь тогтооход бэрх, бүтээгдэхүүний шошгон дээр транс өөх буюу “trans fat” бус “ургамлын тос” гэж бичдэгээс тухайн бүтээгдэхүүнд байвал зохих орц хэмжээг тогтоох, хүнсний аюулгүй байдлын тогтсон дүрэм, заалтыг эл бүтээгдэхүүнийг ашиглахдаа мөрдөж байгаа үгүйг хянахад хэцүү. Манайд энэ талын нарийвчилсан хяналт шалгалт хийх боломж муу байна.

-Тэгэхээр манайд хүнсний бүтээг­­дэхүүнд агуулагдаж буй транс өөхний хэмжээг тогтоох бо­ломж байхгүй гэж ойлгож болох нь?
-Байхгүй, манай лабораториуд одоохондоо ийм чадамжгүй байна. Тэгээд ч транс өөх гэдэг асуудал манайд бараг хөндөгдөөгүй байж байгаад саяхнаас л яригдаж байна. Нэг ёсны иргэд олон нийтэд шинэ ойлголт. Ер нь, манай хүн амын дунд зонхилж буй өвчин, нас баралтын шалтгаанууд угтаа давс, сахар, өөх тосны хэрэглээнээс үүддэг. Мэдээж хоолны хордлого шиг шууд нөлөөлөхгүй. Алгуурхан, удаан хугацаанд сөргөөр нөлөөлж олон өвчний үндэс болдог. Эдгээр өвчлөлийн дунд транс өөхний хэрэглээтэй холбоотой нь ч бий. Ер нь, манай ард иргэд амьтны гаралтай өөх тос, ургамлын тос л гэж мэдэхээс транс өөхний тухайд бараг ойлголтгүй байна.

-Нарийн тодорхойлох бо­ломжгүй ч транс өөх хамгийн ихээр агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж болох уу?
-Чипс, түргэн хоолны газруудын төмс, шарсан тахиа, нарийн боов, вафли печень, бэлэн хоол, зарим сүүн бүтээгдэхүүн, бялуунуудыг нэрлэж болно.

-Транс өөх манайд орж ирж буй ургамлын тосны гаралтай эл төрлийн бүтээгдэхүүний хэчнээн хувийг эзэлж байгаа бол?
-Үүнийг хэлэхэд хэцүү. Учир нь Гаалийн ерөнхий газарт бүтээгдэхүүний нарийн ангилал хийгддэггүй. Транс өөх орж ирлээ ч ургамлын тос гэсэн шошго наалттай байна. Бүтээгдэхүүн дээр ч тэр “ургамлын тосны агуулга, найрлагатай” гэх мэтээр биччихдэг. Угтаа, ургамлын тосыг устөрөгчөөр баяжуулж хагас хатуу биет болгосноо л ургамлын тос гэж бичээд байгаа хэрэг. Үүнийг нь үйлдвэрлэгчдийн заль гэх юмуу даа.

-Яамны зүгээс ямар зөвлөмж, заавар гаргасан байдаг юм бол?
-Бидний зүгээс “Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төсөл боловсруулаад байна. Үүнийг ирэх долоо хоногоос Засгийн газарт өргөн барих юм. Түүнчлэн, өөх тосны зөв зохистой хэрэглээ, хэрэглээг бууруулах тухай уриалга гаргаж байсан.

-Бусад улс орнуудад хэрэглээг нь хэрхэн хянадаг бол?
-Өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн тосыг хэрэглэж байгаагүй биш байсан. Гэхдээ хүний биед сөрөг муу нөлөөтэйг нь судалж мэдээд төр засаг, яамнаас нь нэгдсэн зөвлөмж гаргаж энэ төрлийн тос үйлдвэрлэхгүй, үйлдвэрлэсэн ч дотооддоо худалдан борлуулахгүй гэхчлэн заавар зөвлөмж гаргачихсан. Яахав, үүний үйлдвэрлэгчид мэддэг ч ашиг орлогоо бодоод ард түмэндээ хэлдэггүй. Түүнээс гадна ургамлын тосыг устөрөгчөөр баяжуулахаас гадна сүүлийн үед химийн аргаар нийлэгжүүлдэг болсон, томъёог нь олчихсон. Лааны тосыг яг энэ байд­лаар химийн бодисноос нийлэгжүүлж гарган авдаг. Энэ аргын зарим нэг компонентийг хасаад л ургамлын тос гаргаж авдаг болж. Мэдээж нийлэгжүүлж гарган авах нь хамаагүй ашигтай, хямл учраас шүү дээ.

-Транс өөхний хэрэглээг багасгахын тулд юун түрүүнд юуг анхаараг хэрэгтэй вэ?
-Ер нь, хүнс, хоол тэжээл гэдэг зүйл хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ боловч манай оронд харьцангуй шинэ, судлагдаагүй  шинжлэх ухаан. Манайд хоол тэжээлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоо байхгүй. Нэг үгээр хоол зүйн судалгааны мэргэжилтэнгүй. Гадны орнуудад хоол тэжээлийн бүхий л талын мэдлэгтэй боловсон хүчнийг бага, дунд ангиас нь бэлддэг. Бүр тусгай сургуультай орон ч байна. Харин манайд энэ талын мэргэжилтэн, бие даасан салбар алга. Нэг бол эмч нэг бол хүнсний технологич хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, зүй зохистой хэрэглээ гэх мэт зүйлсийг хариуцдаг. Ийм хүн, мэргэжилтэн байхгүй учир иргэд өөрсдийгөө л хамгаалах хэрэгтэй. Хэрэглээг нь багасгахын тулд нэгдүгээрт баталгаат бүтээгдэхүүн сонго. Хоёрдугаарт, “trans fat” буюу транс өөх агуулсан гэсэн таних тэмдэгтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан