Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Түвдэндорж: Авлига, албан тушаалын хэргийн эсрэг баримталдаг зарчмаасаа ухрахгүй

Б.ШИРНЭН

Хууль зүйн байнгын хороо (ХЗБХ)-г даргалж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан АН-ын бүлэг хуралдаж, түүнийг улираан сонгох хэрэгтэй гэж үзсэн билээ. Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж өөрийн нэрийг дэвшүүлж, олонхийн санал авснаар ХЗБХ-ны даргаар дэмжигдсэн юм. АН-ын бүлэг Ш.Түвдэндоржийн энэ үйлдэлд хариуцлага тооцож, бүлгийн дэд даргын суудлаас огцруулж, нэрээ татах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-ын бүлэг өчигдөр УИХ-ын чуулганы “Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох” эсэх асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлэг дээрх асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй” гэж тайлбарласан юм.
Бид энэ асуудлаар ХЗБХ-ны даргад дэмжигдээд байгаа Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Танай намын бүлэг Д.Ганбат гишүүнийг ХЗБХ-ны даргаар улираан сонгох ёстой гэж үзсэн байхад та яагаад нэрээ дэвшүүлсэн юм бэ. Бүлгийнхээ хурал дээр түүнтэй байнгын хорооны даргын суудалд өрсөлдсөн юм уу?
-ХЗБХ-ны даргад намайг дэмжихээс өмнө тус байнгын хорооны дарга хэн байх вэ, гэдэг асуудлаар манай бүлэг хуралдсан. Тус бүлгийн хуралд 20 хүн оролцож, ирц бүрдсэн учраас асуудлыг ярилцаж эхэлсэн. Ингээд ХЗБХ-ны даргад Д.Ганбат Ж.Батзандан хоёр нэр дэвшиж, өрсөлдсөн. Бүлгийн гишүүдийн 10 нь Д.Ганбатыг дэмжсэн бол долоо нь Ж.Батзанданд санал өгсөн. Өөрөөр хэлбэл, бүлгээс олонхийн санал авсан гишүүн тодроогүй. Хэрвээ, олонхийн санал аваагүй бол цаашид  өөр гишүүн өөрийгөө санал болгох боломж нь бүлгийн дүрэм, журмын хүрээнд нээгдсэн гэж ойлгож болно. Ингээд байнгын хорооны хурал дээр Д.Ганбат даргыг улируулан сонгох асуудал дэмжигдээгүй учраас би нэр дэвшээд олонхийн саналаар дэмжигдсэн. Товчхондоо, ийм л процесс өрнөсөн.

-Энэ асуудлаар танай бүлэг ээлжит бусаар хуралдаж, бүлгийн шийдвэр дагаагүй учраас таныг бүлгийн дэд даргаас огцруулах ёстой гэлээ шүү дээ.
-Бүлэг ээлжит бусаар хуралдахдаа мэдээлэл дутмаг байсан байх. Яг ямар зүйл болоод өнгөрсөн бэ, гэдгийг сайтар нягтлалгүй бүлгийн шийдвэр зөрчсөн гэж үзлээ. Гэвч, ХЗБХ-ны даргад нэрээ дэвшүүлсэн нь нэгдүгээрт, хууль бус зүйл биш. Хуулийн хүрээнд л болсон. Нөгөөтэйгүүр, намын удирдлагууд намайг ХЗБХ-ны даргад нэрээ дэвшүүлэхэд татгалзах зүйлгүй гэж үзсэн. (Өчигдөр) Өглөө би энэ асуудлаар бүлгийн хуралдаа мэдээлэл өгсөн.

-Бүлгийн гишүүд таныг тайлбар хэлсний дараа юу гэсэн бэ?
-Нэгэнт намайг бүлгийн дэд даргаас огцруулах шийдвэр гарсан учраас эргэж, буцах бараг л боломжгүй. Гэхдээ энэ асуудлыг дахин ярилцъя гээд чуулганы хуралдаанаас манай бүлэг завсарлага авчихлаа.

-Та Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргаар ямар түвшинд ажилласан гэж дүгнэх вэ.
-Д.Ганбат гээд ганцхан хүнийг цоллоод яриад байж болохгүй гэж бодож байна.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хуулийн төслүүдийг өнгөрсөн хугацаанд ХЗБХ-ны дарга хэр ахиулсан гэж бодож байгаа вэ. Өршөөлийн, Эрүүгийн, Зөрчлийн гээд л...хүлээлт үүсгэж байна.
-Эрүүгийн болон Зөрчлийн хууль хүлээгдэж байгаа нь үнэн. Энэ хуулиар Өршөөлийн хууль шиг зарим иргэн ялаас чөлөөлөгдөх, ял, дэглэм буурах боломжтой учраас тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн гэдэгтэй санал нийлнэ. Гэвч ийм хуулийг Д.Ганбат даргын үед гаргахгүй гээд асуудал гацчихсан.  Зөвшилцөж шийддэг асуудлыг хүчээр явуулсан гэдэг шүүмжлэлээс үүдэлтэй гацаа шүү дээ. УИХ-ын зарим хуульч гишүүн, ялангуяа байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг долоон гишүүн түүнтэй цаашид хамтран ажиллаж чадахгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Өршөөлийн хуулийн асуудал яригдаж байна. Гишүүд энэ асуудал дээр янз бүрийн санаа бодолтой байгаа. Тиймээс тэдний санаа бодлыг сонсч, зөв, бурууг тунгаан үзэх үүрэг хүлээсэн хүн маань өнөөдрийг хүртэл тодорхой байр суурь илэрхийлэхгүй байна. 

-Ерөнхийлөгчийн хори­гийн асуудал дээр гэж ойлголоо. Та тэгвэл өөрөө ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Монголын Ардчилсан холбоог байгуулалцаж явсан хүн. Анхнаасаа эрх ямба болоод авлига, албан тушаалын эсрэг дуугарч ирсэн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль болоод 2012 оны сонгуулиар авлигын эсрэг ажиллана гэж л манай нам, нэр дэвшигчид ялсан. Би ч авлигын эсрэг дуугарч, тэмцэнэ гэснийхээ төлөө иргэдээс дэмжлэг авч, энд сууж байна. Энэ зарчмынхаа үүднээс би өнгөрсөн бүх санал хураалтад авлига албан тушаалын эсрэг кнопдсон.

-УПЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны зарим эрх үүргийг АТГ-ын эрх мэдэлд шилжүүлэх хуулийн төслийг та Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа УИХ-д өргөн мэдүүлж, батлуулж байсан байх аа. Энэ нь одоо асуудал үүсгэж байна. Зөв, буруу гээд л.
-АТГ гээд нэг “мангас” бий боллоо гээд шүүмжилж байгаа нь үнэн. Тухайн үед манай улс авлигын индексээр маш доогуур орчихсон байсан. “Саарал жагсаалт”-д бараг л бичигдэхийн наахна. Энэ нь эдийн засгийн хувьд мэдээж сайн зүйл биш шүү дээ. Наад захын жишээ гэвэл манай улсын иргэн, аж ахуйн нэгж гадаад улс руу 20 мянган ам.доллараас дээш дүнтэй шилжүүлэг хийсэн тохиолдолд заавал шалгуулж байх журам “саарал жагсаалт”-д орсноор бий болдог. Цаашлаад улсын индекс буурч олон улсын хэмжээнд нэр, нүүрээ барж байсан. Эдийн засгийн хувьд мэдээж таагүй зүйл мөн биз дээ. Эдгээр нь авлигатай тэмцэх ёстой гэдгийг сануулсан ердийн л жишээнүүд. Ингээд хууль батлагдсанаар цагаан захтнуудыг хэрэгтэй хайр найргүй тэмцэж эхэлсэн. Алдаа байгааг үгүйсгэхгүй л дээ. Жишээ нь, авлига, албан тушаалын хэрэгтэй хүмүүсийг улс төрийн болоод эдийн засгийн хувиар дарамталж байгаа зэрэг яриа үнэний ортой байхыг үгүйсгэхгүй байна. Ямар ч байсан би шударга, үнэний төлөө л тэмцэнэ. Өршөөлийн хуульд авлига албан тушаалын хэрэгтэй этгээдүүдийг өршөөх талаар ч гэсэн эсрэг байр суурьтай байгаад дийлсэнгүй. Үүнээс болоод намайг ХЗБХ-ны дарга байх эрхгүй гэж бодож байгаа бол эндүүрч байна.

-Өршөөлийн хуультай л холбогдоод байх шиг байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараа ХЗБХ хуралдсан ч хурал хойшилсон. Гишүүд маш их шүүмжлэлтэй хандаж байсныг санаж байна. Байнгын хорооны хурал дээр хоригийг хуурлаа гээд. Хуурах гэж оролдсон зүйл байгаа юу?
-Ерөөсөө Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа гээд л тоогоор бичсэн зүйлийг нь үсгээр бичсэн болоод оруулж ирсэн. Авлига, залилан, албан тушаалын хэрэгт хориг тавих гэж байгаа, идэр залуу насандаа болчимгүй байдлаасаа болж алдаж эндсэн хүүхдүүдийг өршөөх гэж байгаа Ерөнхийлөгчийн санааны эсрэг байсан гэх үү дээ. Яагаад гэвэл ажлын хэсэгт ажиллаж байсан долоон гишүүний тавыг Ерөнхийлөгчийн хоригийн эсрэг байсан хүмүүсээр бүрдүүлсэн.

-ХЗБХ Д.Ганбат даргатайгаар Өршөөлийн хуулийг цааш нь явуулах ёсгүй гэж үзэж байна уу?
-Д.Ганбат гишүүн ажлаа хийгээд, Өршөөлийн хуулийг дуусгах хэрэгтэй. Үүгээр янз бүрийн юмыг барьцаалж, шантаажилж болохгүй. Нэг хүнд очиж, нэг зүйл амлаад, нөгөө хүнд очиж өөр зүйл яриад явж болохгүй. Өөрийн гэсэн байр, суурьтайгаар Өршөөлийн хуулиа эцэслэн батлуулаад, гаргах ёстой. Тэр тохиолдолд миний улс төрийн шийдвэр гарна.

-ХЗБХ-ны даргаас нэрээ татах эсэхээ шийднэ гэсэн үг үү?
-Итгэл үнэмшил л хэрэгтэй байгаа юм. Д.Ганбат гишүүн энэ хуульд ямар байр суурь баримтлах вэ, гэдгээс л шалтгаална.

-Завсарлага тав хоно­гийн хугацаатай. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн энэ өдөр ХЗБХ-ны даргыг томилох эсэхийг УИХ хэлэлцэнэ. Өршөөлийн хуулийг гараас гаргаж амжих юм уу?
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг шийдчихсэн байгаа. Эцсийн байдлаар УИХ-д оруулж, хэлэлцүүлэх эсэхээ Д.Ганбат шийдэх ёстой. Түүнээс энэ хуулийг барьцаа, шантааж болгож болохгүй. Бодит байр, суурьтай байх ёстой. Надад бол бүлгийн шийдвэрийг эсэргүүцээд байх зүйл байхгүй. Ардчилсан намаа байгуулалцаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа, МоАХ-ны дарга хийж байсан. Зүгээр нэг албан тушаалын төлөө ХЗБХ-ны даргад өөрийн нэрийг хулгайгаар дэвшүүлээд баригдсан юм биш шүү дээ. Олон нийтээс тавьж байгаа санал, энэ улс орны нөхцөл байдал, ялангуяа хуульч гишүүдийн тавьж байгаа шаардлага зэргийг харгалзан үзээд ХЗБХ-ны даргад тулхтайхан шиг л ажиллах ёстой юм байна гэж бодсон.

-Таныг байнгын хороо дэмжсэн ч бүлэг дэмжихгүй байна. Иргэд сошиал ертөнцөд “Ардчилсан намын дотоод ардчилал байхгүй болж” гэдэг сэтгэгдэл түлхүү үлдээж. Нам юу гэнэ түүгээр нь явах ёстой юмуу, намын утсан хүүхэлдэй зэргээр.  
-Нам гэхээс илүү хувь хүн, бүлгийн эрх ашиг зөрчилдөж байгаа учраас ХЗБХ-ны даргын суудалд маргаан гарч байна. Харин би бүлгийн гишүүдээ буруутгахгүй байгаа. Би өөрөө ХЗБХ-ны хурал дээр болсон зүйлсийн талаар бүрэн мэдээлэл бүлгийн гишүүддээ өгч чадаагүй. Уг нь, хуулийн хүрээнд л болсон процесс. Харин иргэдийн үзэж байгаа шиг АН ардчилалгүй гэдэгтэй бүрэн санал нийлэхгүй байна. Нам гэдэг зүйлд өөрөө сайн дураараа ороод дүрэм, журмаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Тиймээс намын үүрэг чиглэлийг дагах ёстой гэж боддог. Энэ нь ардчиллын үнэ цэнийг бууруулж байгаа явдал биш.               
                                  
-О.Баасанхүү гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан ч Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж үзсэн байгаа. Чуулганы хуралдаанаар цэц ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж зарим нэг гишүүн үг хэлж байна. Та ХЗБХ-ны хуралдааны үеэр ямар байр, суурьтай байсан бэ?
-УИХ-ын гишүүнд Засгийн газрын гишүүнийг өргөн барих, огцруулах эрх, мэдэл байна. Түүгээрээ дамжуулаад Засгийн газрыг шантаажлах ч юм уу, албан тушаал сандал ширээний асуудал болгодог зөрчил байгаа гэж үзэж байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд яригдаж байгаа. Нөгөө талдаа цэцийн шийдвэр нь УИХ гишүүн Засгийн газрын гишүүнийг томилчихоод эргээд хариуцлага тооцож чадахгүй байдалд хүргэж байгаа юм. Мөн хэдийгээр цэцийн шийдвэр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж болохгүй гэж байгаа ч өргөн утгаараа УИХ-аас томилогддог Монголбанк, Үндэсний статистикийн хороо гээд олон хүнд хариуцлага тооцох механизмыг хааж байна. Яг энэ утгаараа буюу агуулгаар хориг тавьсан учраас цэцийн дүгнэлтийн эсрэг байгаа. Харин үзэл санааных нь хувьд дэмжиж байгаа.

0 Сэтгэгдэл
s. bayr elbegdorj iig shorond hataaj chadsan hvnl shudarga es yarina shvv.
чи өөрөө авилга албан тушаалд дуртай хүн .
Хамгийн их уншсан