Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Ган-Эрдэнэ: Манай компанид орлогын 10 хувиас 3.5 хувь л үлддэг

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар смарт карт компаниас орлого шилжүүлээгүйн улмаас жолооч нарынхаа цалинг тавьж чадахаа больчихлоо гэсэн шалтгаанаар  түр зогсолт хийсээр хоёр өдөр өнгөрлөө. Нийтийн тээвэрт хийсэн шинэчлэлийн үр дүнд автобус компаниудын бэлэн мөнгөтэй харьцах эрхийг хязгаарласан.
Бэлэн мөнгө болон картны орлогыг Улаанбаатар смарт карт компанид төвлөрүүлэх  болсон юм.  Нийтийн тээврийн салбарт үүссэн нөхцөл байдлын талаар өчигдөр “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийсэн. Энэ талаар тус компанийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Нийтийн тээврийн салбарт үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин иргэдэд хүрч байна. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлэх сонгон шалгаруулалтыг  зарласан. Үүнд 11 компани оролцсоноос манай компани шалгарч үлдсэн. Ингээд нийслэлтэй хамтран “Улаанбаатар смарт карт” гэсэн компанийг  үүсгэн байгуулсан. Хөрөнгө оруулалтаа үйл ажиллагааны ашгаас нөхөж удаан хугацаанд ажиллах нөхцөлтэйгөөр ажиллаж байна. Төслийн гол зорилго нь нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй иргэдэд хөнгөн шуурхай, соёлтой, боловсон орчинг бүрдүүлэх явдал юм. Мөн нийтийн тээврээр зорчиж буй иргэд болон хөнгөлөлтийн картаар зорчигчдын тоог гаргах зорилготой ажилладаг. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүү­дийн өдөр тутмын орло­гыг бодитоор гаргаж байна. 

Гэтэл компаниуд “Улаан­баатар смарт карт” компани  хоёр сарын турш орлого шилжүүлээгүйгээс  болж түр зогсолт хийж байна гэсэн. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Худалдаа хөгжлийн банктай хамтарч бэлэн мөнгөний орлогыг автобус  баазад биечлэн очиж цуглуулдаг. Дансанд орсон бэлэн мөнгийг картын орлоготой нийлүүлж, аж ахуйн нэгжүүдэд захирамжийн дагуу тогтмол хуваарилалт хийдэг” гэлээ.

2015 оны долдугаар сарын 29-нөөс хойш есдүгээр сар хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгжийн орлого нь 10 тэрбум 775 сая 798 мянга 15 төгрөг болжээ. Энэ орлогыг зохих журмын дагуу аж ахуйн нэгжүүдэд хуваарилалт хийн шилжүүлсэн  хэмээн “Улаанбаатар смарт карт” компанийнхан мэдэгдсэн. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас орж ирсэн бэлэн мөнгөний  бүх орлого нийтийн тээврийн аж ахуйн нэгж рүү зохих захирамжийн дагуу шилждэг гэдгийг ч нэмж хэлсэн. Эхэн үед бэлэн мөнгөний орлого их байжээ. Учир нь, карттай иргэд цөөхөн байсантай холбоотой юм байна.
Мөн цахим систем нэвтрэ­хээс өмнө нийтийн тээврийн орлогыг тодорхойлж чаддаггүй байв. Тус компанид ажил хаялт хийх болсон тухайгаа аж ахуйн нэгжүүд мэдэгдээгүй гэнэ. Тэд нийслэлийн Тээврийн газарт хандсан байна.  Хэрэв “Улаанбаатар смарт карт” компанийн буруу бол шууд манайд хандах байсан хэмээн  мэдээлэл хийж буй албан тушаалтнууд хэлж байсан.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө нийтийн тээврээр 700 мянган иргэн зорчиж, 180-200 сая төгрөгийн орлого  оруулдаг аж. Мөн 200 мянган иргэн дамжин суудаг гэсэн судалгаа гарчээ.

Нийслэлээс орлогыг машин цагаар хуваана гэсэн журам гаргасан. Энэ журмыг автобус компаниуд санаачилсан аж. Журмын  дагуу хуваарилалт хийнгүүт,  зарим компанийн орлого буурч, зарим компанийн орлого өссөн үзүүлэлт гарчээ. Энэ тухай “Улаанбаатар смарт карт” компанийн Маркетингийн менежер Ц.Түвшинжаргал “Гурван компанийн орлого буурсан. Орлого нь хүн бага чиглэлд явдаг компаниуд руу шилжсэн гэсэн үг. Тодруулбал, 100 хүн тээвэрлэсэн, 10 хүн тээвэрлэснээр ялгаатай мөнгө авахгүй. Ажилласан цагаараа мөнгө авах захирамжтай. Захирамжаас болж орлого их олдог компанийнх буурч, эсрэгээр бага олдог ком­паниудынх өссөн. Компаниуд орлого нь буурсан гэдгээр шалтаглан, иргэдэд буруу өнцгөөс нь тайлбар хийж байна” гэв.

“Улаанбаатар смарт карт” компани орлогын 10 хувийг гэрээ хэлцэлгүйгээр шууд авдаг хэмээн автобус компанийн удирдлагууд уржигдар бухимдангуй мэдэгдэж байсан. Тодруулбал, менежмент хийсний төлбөр нь 10 хувь юм байна.  Энэ 10 хувийн зарцуулалтын талаар Үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ “Энэ 10 хувиас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, сүлжээний зардал 3G, төлбөр тооцооны зардал, карт цэнэглэсний шимтгэлд тус бүр нэг хувийг өгдөг. Мөн 2.5 хувийг систем, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулдаг. Ингээд 10 хувиас 3.5 хувь үлддэг. Үлдэж буй 3.5 хувиас компанийн үйл ажиллагааны зардлыг гаргана. Мөн хөрөнгө оруулалтаа нөхнө. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа тодорхой биш байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан