Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Эрдэнэдалай: Жолооч гармаар амжиж нэвтрэх гэснээс болж ноцтой осол гарсан

Л.БАТБААТАР

Дархан өртөөний наана байрлах Цайдам зөрлөгийн 143 дугаар километрийн гарам дээр өчигдөр (уржигдар) портер галт тэрэгний урдуур орж, дайруулсан осол болсон. Үүний улмаас машинд сууж явсан хоёр иргэн амь насаа алдсан  билээ.
Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын орлогч Ч.Эрдэнэдалайгаас тодрууллаа.


-Төмөр замын ослын хэмжээ буурахгүй байна. Он гарсаар найман иргэн төмөр замын ослоор амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна?
-Иргэд галт тэргэнд дай­руулах, төмөр замын гарман дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдөх зэрэг осол сүүлийн үед  нэг биш гарч байгаа. Цайдам зөрлөгийн гарам дээр өчигдөр машин галт тэр­гэнд мөргүүлсний улмаас  хоёр иргэн амь насаа алдсан эмгэ­нэл­тэй хэрэг гарсан. Ер нь, галт тэрэг­ний ослын талаар Төмөр замын Тээврийн хяналтын албанаас хийсэн судалгаагаар  2015 оны эхний найман сарын байдлаар галт тэрэгний ослын улмаас найман иргэн амь насаа алдсан байна. Ер нь, жил бүр 10 гаруй иргэн анхаарал болгоомжгүйн улмаас галт тэрэгний ослоор амь насаа алдаж байна.

-Осолд орсон  иргэдийн буруу, эсвэл галт тэрэгний машинистын алдаа болоод хэрэг тэгсгээд л өнгөрдөг. Гол шалтгаан, нөхцөлийг нь тодруулж, анхааруулга өгдөг биз дээ?
-Төмөр зам дээр осол болсон тохиолдолд хамгийн түрүүнд Цагдаагийн байгууллагын ажилт­нууд ирж, хэргийн газарт үзлэг хийдэг.  Мөн төмөр замын мэргэжилтнүүд  үзлэгийн акт үйлддэг. Төмөр замын зүгээс осол болоход дохиолол байгууламж хэвийн ажилласан эсэх талаар актад тусгадаг. Төмөр зам дээр байх гармуудыг норм, стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Гармуудыг төмөр замаар дайран өнгөрөх галт тэрэгний тоо, гармаар нэвтэрч буй автомашины тооноос  хамааруулан 1-4 зэрэг хүртэл  ангилсан байдаг. Нэг, хоёрдугаар зэргийн гарам нь буудаг, сөхөгддөг хаалт, жижүүртэй. Эдгээр гармыг  нь хот, суурин газарт байгуулдаг. Хээр, хөдөө байрлах гармуудад гэрлэн дохио тавьдаг. Галт тэрэг гарамд 800-1000 метр зайд ойртоход “галт тэрэг ирж байна” гэсэн мэдээллийг өгдөг. Мэдээллийн үндсэн дээр гармын хоёр улаан гэрэл асч анивчин, хонх дуугарна.  Энэхүү дохиоллын системийг ямар ч алдаа мадаггүй ажиллуулах үүргийг төмөр зам хүлээдэг юм.

-Энэ дохиолол нь ажил­лах­гүйн улмаас осол гарч байна гэж ойлгож болох уу?
-Дохиолол хэвийн ажиллаж байхад ч осол гарч байна. Жолоочийн сахилга бат хариуцлага, хууль эрх зүйн мэдлэг дутуу, гармын дохиоллыг ойлгодоггүйгээс болж осол гардаг. Осол болсон бүх тохиолдлыг судалж үзсэн. Осол гарсан бүх тохиолдолд төмөр замын дохиоллын систем ажиллаж байсан. Төмөр замын болон Цагдаагийн ажилт­нуудын хийсэн актад дохиолол хэвийн ажиллаж байсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

-Давтан асууя. Өчигдөр бол­сон ослын үед гармын до­­­­­­­­­хиолол ажиллаж байсан уу?
-Ажиллаж байсан. Холбоо­ны механик, замын мастер, зүтгүүрийн машинист, орон нутгийн цагдаагийн албан хаагч­дын хамтарсан комисс гармын хоёр улаан гэрэл ээлж­лэн анивчин, хонх дуугарч байсан гэдгийг актаар баталгаажуулсан. Жолооч нар өөрийн анхаарал болгоомжгүй, тэсвэр тэвчээргүйн улмаас галт тэрэгнээс өмнө амжиж гармаар нэвтрэх гэснээс болж ийм эмгэнэлтэй осол гарч байна.

-Галт тэрэгний тоормос­лох хугацаа?
-Галт тэрэгний машинист ямар нэгэн саадыг харж яаралтай тоормослодог. Тоормослоод зогсох зай нь галт тэрэгний хурд, жин, замын өгсүүр, уруугаас шалтгаалж янз бүр байдаг. Тоормослоход 400 метрээс наана зогсохгүй. 

-Гадны улс оронд төмөр за­мын гарам нь автомашины зам­тай нэг түвшинд бараг­тай бол огтлолцдоггүй. Нү­хэн гарц хийх боломж хэр байдаг вэ?
-Төмөр замтай нэг түвшинд огтлолцсоноос болж  осол гарч буй гармыг аль болохоор нэмж байгуулахгүй байх, за­рим нэгийг нь татан буулгах чиг­­лэ­­лээр ажил хийж байгаа. Жи­шээлбэл, Скай ресортын хажууд гүүр баригдсан. Энэ гүүр баригдсанаар Хүрх­рээгийн гармыг татан буулга­сан. Тус  гарам дээр хоёр жи­лийн өмнө галт тэрэг машин­тай мөргөлдсөний улмаас онхолдсон том осол гарч байсан юм. Улаанбаатар төмөр зам автомашины замтай огтлолцсон гармыг шинээр нээхгүй, байгааг нь багасгах бодлого барьж ажиллаж байна.

-Осол гаргасан машинис­тын бурууг яаж тогтоодог вэ?
-Цайдам зөрлөгийн гармын осолд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажил явуулж эхэлсэн. Маши­нист буруутай үйлдэл хийж үү, эсвэл дүрэм, журмын дагуу ажилласан эсэх талаар хөнд­­лөнгийн экспертүүд дүг­нэлт бичнэ. Үүний дараа маши­нистын буруу, зөв эсэхийг тогтоо­но. Нэмэлт  асуудал гарвал шүүх шийдвэрлэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан