Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийн хүчирхийлэл байх ёстой үзэгдэл биш

Э.ГАНЦЭЦЭГ

Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн орчинд, хаалттай хаалганы цаана үйлдэгддэгээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай. Сүүлийн жилүүдэд олон нийтийг сэртхийлгэсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд гарсаар байна. Эдгээр нь нийгэмд, тэр дундаа хүний эрх, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад хүчтэй цочрол өгч, олон нийтэд сургамж болсон. Иймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг өнгөрсөн сарын 25-наас эхлэн нийслэл хотын хэмжээнд өрнүүлж эхэлжээ.Аянд Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Улсын драмын эрдмийн театр зэрэг 26 аж ахуйн нэгж нэгджээ.Тус аян гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн эсрэг томоохон аян өрнүүлэх болсон нь дээрх төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаатай холбоотой. Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сар хүртэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт  хэрэг 771 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 230 тохилдол буюу 29,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин нийслэлийн хэмжээнд 402 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 75 тохиолдол буюу 18,6 хувиар өссөн байна.Энэхүү үзүүлэлт нь зөвхөн “гэмт хэрэг” гэж бүртгэгдсэн тоо баримт.Гэмт хэрэг гэж үзэх үндэслэл үүсээгүй эсхүл хохирогч гомдолгүй гэж буцсан мянга мянган тохиолдол хаалттай хаалганыхаа цаана үлдэж байгаа.Учир нь, гэр бүлийн хүчирхийлэл байж болзошгүй тохиолдол бүрийг гэмт хэрэг гэж хуулиараа үзэх боломжгүй байдаг байна. Энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл “тарчлаах”гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг ч гурав ба түүнээс дээш удаагийн тохиолдолд л эрүүгийн арга хэмжээ авдаг байх юм. Нэгээс гурав хүртэлх удаагийн тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчид захиргааны арга хэмжээ буюу тухайн хороо, дүүргийн цагдаагийн байгууллага хяналтдаа авах, торгох, албадан эмчилгээнд явуулах, түр саатуулах зэрэг гал унтраах төдий арга хэмжээг авч байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчирхийлэгч, хохирогчийг төрүүлдэг. “Хохирогчийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн хэцүү. Учир нь  энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Тэд эдийн засгийн хувьд нөхрөөсөө хараат байдаг учир хүчирхийлэлд өртсөн ч гэсэн гомдолгүй гэж хэрэг үүсгэхгүй буцах тохиолдол олон байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг” гэж УХЦГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч Э.Баярбаясгалан мэдээлсэн.

Манай улсад хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр орогнуулах байр хэд хэд байдаг. Энэ жилийн хувьд хорогдох байруудаар давтагдсан тоогоор 500 гаруй хохирогч үйлчлүүлжээ.Ганц тохиолдол эрэгтэй хохирогч байсныг эс тооцвол үйлчлүүлсэн бусад хохирогчхүүхэд, эмэгтэйчүүд байсан байна. Одоогийн байдлаар гурван гэр бүлийн хохирогч болох ээж, хүүхдүүд түр хоргодох байранд байрлаж байгаа аж. Энэ мэт нийгмийн таагүй уур амьсгал, хандлага, олон нийтийн сэтгэлзүй, дадал хэвшилд урлагаар дамжуулан нөлөөлөх нь хамгийн үр дүнтэй. Тэр ч үүднээс олон нийтэд эерэг хандлага төрүүлж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийг таслан зогсооход чиглэгдэж буй “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аянд дуучид, жүжигчид, кинотеатрууд хамтран ажиллаж байгаа аж. Аяны нээлтэд ирсэн жүжигчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

УДЭТ-ын жүжигчин, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Бид юуг гээгдүүлсэн бэ? Юуны төлөө тэмүүлээд байна вэ? гэдгийг эрэгцүүлэх цаг болжээ. Аливаа юмс бүрэн бүтэн байсан ч эмтэрдэг нь хууль юм. Бид эмтрэхийн тухайд бага ярьж, бүтэн амьдралын тухай ярих цаг болсон”.

УДЭТ-ын захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонбат “Бид эмзэглэл гэдгийг мартсан. Учир нь бид хэт их мэдээллийн дунд “хүн” гэдэг мөн чанараа гээж байна уу даа? гэж манай уран бүтээлчид ярилцсан. Манай уран бүтээлчид аяны хүрээнд олон нийттэй уулзалт, ярилцлага хийж “хайр” гэдэг агуу зүйлээр хамтдаа хөглөгдөх болно. Бид нэгдэе, нэгдэхдээ бүр хүчтэй дуугарья гэж энэ аянд нэгдсэн”.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа “Энэхүү аянд нэгдэх болсон нь “Ларьдма” уран сайхны кинотой холбоотой. Учир нь тэр кино маань гэр бүлийн хүчирхийллийг харуулсан уран бүтээл. Бид энэ киногоороо хаалттай хаалганы цаадах амьдралыг жаахан ч гэсэн завсар гарган харуулсан.  Одоо тэр хаалттай хаалгыг өшөө бүр дэлгэмээр байна. Учир нь урлаг, уран бүтээлээр дамжуулж хүргэсэн санаа олон нийтэд илүү хүрдэг” гэж ярьж байсан.
“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аян хүн бүр хүчирхийллийг үл тэвчдэг байх, байх ёстой мэт ойлгодог тэрхүү буруу хандлагуудыг өөрчлөхөд чиглэж байгаа олон нийтэд хандсан томоохон үйл ажиллагаа. Иргэн бүр хүчирхийллийг үл тэвчих нь энэхүү үйл хэрэгт нэгдэж байгаа хэрэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан