Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Самнаж бэлтгэсэн торомны ноос ямааны ноолууртай дүйцнэ

Торомны ноосон бүтээгдэхүүний загварын шоу, худалдааг зохион байгууллаа. 
Баянхонгор аймгийн Ламын гэгээний улаан, Говь Алтай аймгийнТөхөм Тунгалагийн хүрэн үүлдрийн торомны ноосыг самнаж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдах загварын шоуг 2015 оны 9 сарын 30-д Чингис хаан зочид буудлын Өргөө ресторанд зохион байгууллаа. 


“Малчдад торомны ноосоо зохих шаардлагын дагуу зөв, чанартай бэлтгэж хоршоогоороо дамжуулан боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, торомны ноосыг хяргаж бус самнаж бэлтгэх талаар олон удаагийн сургалт, сурталчилгаа хийсний үр дүнд 2015 онд Говь-Алтай аймгийн “Төхөм тунгалагийн хүрэн” тэмээ, Баянхонгор аймгийн “Ламын гэгээний улаан” тэмээний торомны ноосыг самнаж бэлтгэн тусгайлан боловсруулсан юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд тэмээний ноосны үнэ цэнийг өсгөх зорилгоор торомны ноосыг самнаж бэлтгэх туршилтуудыг хийсний үр дүнд бэлтгэлийн шинэ арга нь малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулах боломжтойг батлан харууллаа” гэж Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн удирдагч Ц.Алтанбат хэллээ.   



Тэмээний биеийн бүрхүүл үснүүд нь харьцангуй бага даахиралт, ширэлдэлтэд ордог онцлогтой тул ноосыг хөөрсөн үед нь хяргаж бус самнаж бэлтгэх бүрэн боломжтой байна. Тэмээний ноосыг самнах үед сор (хялгас) үс нь тэмээний биед үлдэснээр самнагдсан ноосон дахь ноолуур агууламж нэмэгдэж, хялгас багассан төдийгүй ноолуур үсний уртын богиносолт бага байна. Самнаж бэлтгэсэн торомны ноосны дундаж  диаметр нь 15.5 мкм, дундаж урт нь 40 мм, 
самнасан ноосон дах хялгас агууламж 1% доош байгаа нь ямааны ноолууртай тэнцэхүйц түүхий эд болжээ. Түүнчлэн анхан шатны үйлдэрлэлийн дундаж гарц 52%, ээрмэл үйлдвэрийн дундаж гарц 92% болсон нь хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны боловсруулалтын гарцтай харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгджээ.  



Өнөөгийн байдлаар олон улсын зах зээл дээр боловсруулсан тэмээний ноосны  нэгжийн үнэ ямааны ноолууртай харьцуулахад 4.7 дахин бага, торомны ноосных  2.4 дахин бага байна.  Иймд энэ тэргүүнд ноолууртай дүйх нарийн микронтой торомны ноосыг хяргаж бус самнаж бэлтгэснээр үнэ цэнийг нь улам бүр нэмэгдүүлэх боломжтой  байна. Монголчууд олон зууны турш тэмээн сүргийн нутаг орныхоо байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицох чадварыг хөгжүүлсний үр дүнд хэд хэдэн омог, үүлдрүүд бий болсон байдаг. Эдгээрт Төхөм Тунгалагийн хүрэн, Ламын гэгээний улаан, Галбын говийн улаан, Ханы хэцийн хүрэн тэмээ орно.Энэхүү шоунд оролцох бүтээгдэхүүнийг Говь Алтай аймгийн Төгрөг, Шарга, Халиун сумын Төхөм тунгалагийн хүрэн тэмээ, Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг сумын Ламын гэгээний улаан тэмээний нэг настай торомны самнаж бэлтгэсэн ноосоор урласан юм. 
ХХААЯ, АҮЯ, ШХА, Ногоон алт төсөл, Монголд үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яамдын төлөөлөл, төсөл, хөтөлбөрүүд, малчид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл энэ арга хэмжээнд оролцлоо. 

Монгол Алтайн нурууны салбар уулс, Богд уул, Хасагт Хайрхан, Хантайширын нуруу, Дарвийн нуруугаар хүрээлэгдсэн хүйтэн өвөл, халуун зунаараа алдартай, онцлог уур амьсгалтай говийн бүсэд амьдардаг эдгээр омог, үүлдрийн тэмээний торомны ноос нь маш уян зөөлөн, нарийн, уртлаг шинж чанартай тул хийсэн бүтээгдэхүүн нь сэвсгэр зөөлөн, дулаан хадгалах чадвар нь өндөр байдаг.Малчдын хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээн бэлтгэсэн түүхий эдийг үндэсний үйлдвэрт боловсруулан хийсэн эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авсанаар та малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэмээн сүрэг, говь нутгийн бэлчээрийг хамгаалахад үлэмж их хувь нэмрээ оруулж байгаа болно.

Энэхүү арга хэмжээний үеэр олсон орлогын тодорхой хувийг малчдыг сургах, бэлчээрийг нь хамгаалахад зарцуулах болно.

info@greengold.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан